-Өөрөөс тань юун түрүүнд “Ардчилсан намын залуус хаана байна вэ” гэж асуумаар байна. Ардчилсан намын залуу нарийн бичгийн дарга л энэ асуултад хамгийн оновчтой хариулт өгнө гэж бодоод тэр л дээ?
-Бүгд дор бүрнээ ажлаа хийж байгаа. Улс төрийн хийрхлээс илүү итгэл үнэмшилдээ үнэнч байх зарчмаа хадгалахыг чухалчилдаг залуусын хувьд чанга хашгирахаас илүүтэй ажлаа сайн хийхийг л чухалчилдаг гэдгийг юун түрүүнд хэлэх хэрэгтэй байх аа.
-Өөрийн тань хувьд ч энэ зарчмыг баримталдаг уу. Энэ асуулт танай намын бусад нарийн бичгийн дарга нарт ч бас хамаатай шүү?
-Тийм ээ. Манай намын нарийн бичгийн дарга нар нэг үеийнхэн. Бид 2008 оны наймдугаар сараас Ардчилсан намын нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Дор бүрнээ өөрсдийн гэсэн хариуцсан хэлтэстэй. Р.Гантулга Намын байгуулалтын хэлтсийг, М.Жадамба Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийг, Б.Ургамалцэцэг эгч Хүний нөөцийн хэлтсийг хариуцдаг. Биднийг хэн бэ гэдгийг мэдэх нэг хэсэг байхад мэдэхгүй хэсэг бий.