2011-07-20

Аврага С.Мөнхбат: Уулын оройд гаръя гэсэн бодол толгойд минь бат суучихсан байсан

Ярилцлага, С.Мөнхбат
“Ярилцъя” булангийн өнөөдрийн зочин тэгш дөрвөн ой тохиосон  түүхт их баяр наадмын үндэсний бөхийн түрүү магнай, отгон аварга Сүхбаатарын МӨНХБАТ. Түүнтэй уулзахыг уншигчид маань тэсэн ядан хүлээж байсан биз ээ. Ингээд аваргатай хөөрөлдсөнөө толилуулъя.

-Юуны өмнө Монгол түмнийг бахдалтай сайхан наа­дуулж, аварга цол хүртсэн тантай уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлмээр байна. Манай сонины урил­гыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа?
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Түүхт их ойн баяраа тэмдэглэж байгаа Монголынхоо нийт ард түмэнд танай сониноор дамжуулж баяр хүргэе.

-Миний хөтөлдөг “Ярилцъя” буланд ихэвчлэн улс тө­рийн­хөн зочилдог. Гэхдээ эргэн санахад зочдын маань дотор дархан аварга Д.Дам­дин, дар­хан аварга, зууны манлай бөх Х.Баянмөнх, дархан аварга Ж.Мөнх­бат, даян аварга А.Сүх­бат, авар­га О.Балжинням гээд олон сайхан аваргууд уригдаж, санаа сэтгэлээ уудалж яв­сан байна. Та тэдний маань тоог нэгээр нэмлээ?
-Аварга гэдэг хүндтэй сайхан цолыг хүртсэндээ их л баяртай байна даа. Би бас сонин хэвлэлд тэр бүр ярилцлага өгч байгаагүй. Ярианы тал дээр жаахан тиймхэн хүн. Та тэрийг маань бас бодол­цоно биз дээ.

-Саяхан би улсын арслан Д.Ганхуягтай ярилцсан. Нэг сонин юм хэлсэн нь “Наад­мын өглөө яагаад ч юм нэг л тийм дарамттай өглөө бай­даг юм даа” гэсэн үг унагаж байсан. Таны хувьд ямар байдаг вэ. Ялангуяа энэ наадмын өглөө ямархуу босч ирснээ сонирхуулж болох уу?
-Бөх хүн болгоны ард дэмжиж явдаг, сэтгэл зүрхээ шингээн амжилт хүсч, залбирч суудаг ар гэр, анд нөхөд, пүүс компа­нийнх­наас өгсүүлээд нутаг усныхан, ард түмэн нь байдаг. Тэр дундаа монгол наадам жилд ганцхан удаа тохиодог. Нэг алдаа гаргаад л унахад тэр жилийнх нь бүх хөдөлмөр, бүх хөлс хүч, бодсон төлөвлөсөн бүхэн үгүй болох учраас цэнгэлдэх рүү очиж яваа бөх хүнд ямар нэгэн байдлаар дарамт мэдрэгддэг л дээ. Гэхдээ тэр дарамтыг аль болох өөр дээрээ гүн биш үүрч, ухаан бод­лоосоо үргээхийг хүсдэг. Тийм бо­лохоор би бол яг наадмын өглөө өөртөө төрөөд байгаа тэр дарам­таа аль болох хөнгөн авахыг хичээдэг. Хэтэрхий их хүнд бод­лоор өөрийгөө дарахгүй чөлөө­лөхийг хичээдэг. Тэгэхгүй бол барилдаж болохгүй шүү дээ.

-Мэдээж тэгэлгүй яахав. Яг энэ жилийн өглөө таны сэт­гэл санаа ямархуу байсан бэ?
-Энэ жилийн хувьд миний сэт­гэл санаа тайван байсан. Уржнан жилийн наадмын өглөөг бодоход би харьцангуй тайван байсан. За, нэг начин болчих юмсан. Начин начиндаа муу начин биш, начин шиг начин болчих юмсан, сайн барилдаан үзүүлчих юмсан гэж бодож явлаа.  Тэрэндээ ч хүрсэн. Энэ жилийн хувьд бол хоёр жил дараалан улсын цол хүртлээ, гурав дахь жилдээ сайн ба­рил­дана шүү гэж л бодож байсан. Дээрээс нь манай нутгийн ах дүү нар маш өндөр ач холбогдол өгч, манай Увсын бөхчүүдийг бэлтгэлд хамруулж, энэ өвлийн турш бэлт­гэл сургуулилт хийлгүүлсэн. Тийм болохоор урьд жилүүдийнхээс нэлээн илүү бэлтгэл сургуулилт хийчихсэн, бэлтгэлийн ир нэлээн сайн таарчихсан учраас сандрах, олон юм бодож хүндрэх, айх бэргэх юм ер нь байгаагүй.

-Ямар нэгэн айдас байгаагүй юу?
-Айдас бол байгаагүй.

-Ер нь бол заан цол санаанд багтаад л?-Багтах гэж хэлэх нь хаашаа юм. Би яг үнэнээ хэлэхэд зөвхөн урд урд талынхаа давааг л бодож барилдсан. Гэхдээ цаанаа бол цолоо баталчих юмсан. Цолоо ахиулчих юмсан гэсэн хүсэл бол байлгүй яахав. Гэвч хүн болгон хатуу чанд бэлтэл сургуулилт хийдэг, хүн болгон зорилго тэмүүллээ бодож нягт ханддаг болтол хөгжчихсөн, хүн болгон өдий төдий барилдаан хийж нэг нэгийн­хээ барилдааныг мэддэг болчихсон ийм үед бол бүх юм тийм амар биш шүү дээ. Ёстой нөгөө наадмын тэнгэр нь мэддэг ч юм уу. Одоо тэгээд аварга гэсэн хүндтэй цолонд хүрлээ. Дараа дараагийн наадам бүр л их дарамттай болж эхлэх байх даа. Аварга хүн яаж барилдах ёстой юм. Түрүү түрүүний наадмуудад бол начин хүн яаж барилдах ёстой юм, харцага хүн ямар төвшинд барилдах ёстой юм тэр хэм хэмжээгээ үзүүлээд л сайхан барилд­даг байсан бол аварга хүний хувьд бол өөр шүү дээ. Улсын харцагынхаа хэм­жээнд барилдаад унах нэг өөр. Аварга хүн тэр дор унаад байх ямар байх уу. Энэ бүхнээс үүдээд энэ нэр хүндийг авч явах өндөр хариуцлага л нуруун дээр маань ирлээ гэж ойлгож байна. Дараа жилийн наадмын өглөөний дарамт миний хувьд өөр л байх болов уу. Гэхдээ сэтгэл санаагаа төвлөрүүлж, бэлтгэл сургуулилтаа базааж, аварга хүн шиг л сайхан барилдана гэж бодож байна даа.

-Та ер нь анхны цолоо аваад ну­лимс унагаж байсан уу. Д.Бумбаярын заан болоод асгартал уйлж байсан нь дурсагдаж байна. Тэр бол мөрөөдөл биелэх агшин биз дээ?
-Би анх Сүхбаатар аймгийн наадамд очиж барилдаад аймгийн заан цол авч байсан. Үзүүр түрүүнд П.Ганхуяг гэж залуутай үлдсэн. Би өөрөө түрүүлнэ гэж их бодож байсан л даа. Гарахдаа л би түрүүлнэ, энэ бөхийг би хаяна гэсэн бодолтой л гарсан. Анх Сүхбаатар аймаг руу явж байхдаа бол түрүүлэх барих тухай огт бодоогүй. Аймгийн наадамд барилдаж үзье, ямар байдгийг нь үзье л гэж явсан. Тэр үед чинь аймгийн цолтой залуу бөхчүүдийг хараад ямар сайхан юм бэ гэж боддог байлаа. Яг сайн барилдаад үзүүр түрүүнд үлдэхдээ бол түрүүлнэ л гэж бодсон. Тэгээд үзүүрлэ­чихээд уйлж байсан.

-Түрүүгээ алдчихлаа гээд үү?
-Мэдэхгүй байна. (инээв) Түрүүгээ алдчихлаа гээд уйлж байсан юм уу. Айм­гийн заан болчихлоо гээд уйлж байсан юм уу бүү мэд. Тэр нэг тийм баяр гуниг хосолсон л юм болсон. Ингэж хамгийн эхнийхээ цолыг Сүхбаатар аймгаас, наран ургах зүгээс аваад ирж байсан.

-Бэлгэшээлтэй юм болж байж?
-Бэлгэшээлгүй яахав. Аавын маань нэр Сүхбаатар. Анхны цол авсан газар маань Сүхбаатар. Дараа нь цэргийн арс­лан цол аваад их баярлаж байсан даа. Аймгийн наадмаас том чансаатай том ч барилдаан болдог. Тэр барил­даанд тү­рүүлж цэргийн арслан болоод л их баяр­лаж байсан даа. Ёстой бүх юм л санас­наар болчихсон юм шиг баярлаж байсан.

-Аймгийн заан цолыг 2005 онд авсан бил үү?
-Тийм.

-Улсын харцага гэдэг бол бас гоё цол биз дээ. Та бүтэн жил зүүж явлаа?

-Гоё цол байлгүй яахав. Энэ олон сайхан хүчтэй начингуудын дээд талд зогсоно. Харцага цол бол агуу сайхан цол. Том ч цол.    

-Тэгвэл одоо аварга болчихлоо. Аварга цолтны мэдрэмж яг ямар байх юм бэ?

-Ёстой хэлж мэдэхгүй байна. (инээв) Ногоон дэвжээн дээр төрчихсөн тэр сайхан аваргуудыг хараад аварга гэж ямар агуу сүрлэг улсууд байдаг юм бэ гэж айж, сүр бараанд нь сүрдэж л явсан болохоос өнөөдөр өөрийн биеэр авчи­хаад сууж байна гэж бодсон биш. Үнэн­дээ мэдрээгүй л явна даа. Юу хэлэхээ сайн мэдэхгүй байна.

-Таны ээжийн хэвлэлд өгсөн яриаг уншсан. Долоон бурхандаа дээжээ өргөөд залбирч байтал таныг миний ээж юуны төлөө залбирч байна вэ гэж асуусан тухай. Тэгээд “Ээж нь хүүгээ заан болоосой гэж залбирч байнаа гэхэд нь нэг мөсөн аварга болгоод өгөөч гээд залбирчих” гээд та инээж байсан гэсэн?
-Аан, тэр үү. (инээв)

-Бас Ч.Санжаадамбатай барилда­хаар гарахдаа цаадахь чинь бяртай байна шүү гэсэн үгийн хариуд “Одоо­хон гараад хуничихаад ирнэ ээ” гээд гарсан гэсэн. Бөх хүнд өөрийгөө хурцалдаг олон арга байдаг. Бөхчүүд аа гэж ярьдаг даа. Бөх хүний өөрийгөө хөглөдөг хөг, түлхүүр ч гэж хэлж болох юм. Танд тийм аа бас байх шиг ээ?

-Аатай араншин мэдээж бөх хүнд байлгүй яахав. Чадахгүй ч гэсэн би чадна л гэдэг байх ёстой. Эхлээд сумын заан болох юмсан. Сумын заан яасан гоё цол вэ гэж боддог байсан. Дараа нь аймгийн заан цол авчихаад улсын цол авах юмсан. Улсын цолтой бөхчүүд ямар гоё юм бэ гээд л боддог байсан. Тэгээд улсын начин боллоо. Улсын харцага гэдэг сайхан цолонд хүрлээ. Манай багш нар хэлдэг байсан л даа. Бөхчүүд бүгдээрээ нэг том аварга уулын орой руу өгсч яваа хүмүүс. Чи яагаад тэр оройг харж болохгүй гэж. Чи бэлд зогсох ёстой гэж үү. Чи яагаад аварга болж болохгүй гэж гээд. Ингэж надад хэлж сургаж байсан. Чи уулын орой руугаа харж явна шүү. Уулын дундаас буугаад ирэх юм уу, оройд гарчихаад буух юм уу гэсэн тэр үг миний толгойд гүн шингэсэн.  Тэгээд л би зориг орсон. Би яагаад тэр орой руу зүтгэж болохгүй гэж гэсэн тэр хүсэл эрмэлзэл дээр өөрийгөө хурцалсан. Би ингэж бодохгүй юм байна. Би дээшээ өгсч бодох ёстой юм байна гэдэг зүйлийг толгойдоо хийсэн.

-Үүн дээр суурилсан аа байсан гэж үү?
-Тийм. Өөр юун дээр ч биш. Зорилго тэмүүлэл дээр суурилж өөрийгөө хурцлах нэг хэлбэр юм уу даа.

-Өөрийнхөө хэмжээг юу юугүй хааж, тогтоож, барьж болдоггүй юм байна. Ерөөсөө мөрөөдөл гэдэг чинь өөрөө резин шиг л сунаж байдаг зүйл. Тэрийг сайн ажиглаж байх ёстой бололтой?
-Тийм гэж бодож байна.

-Нэгэнт сэтгэл зүйн ийм хэмжээний бэлтгэлтэй барилдсан хүнд сая бол наймын даваанаас л аварга цол харагдсан юм байна, тийм үү?
-Энэ жилийн хувьд бол би заан болчихоод бас л баярлаж л байсан. За, чадлаа шүү гэж. Гэхдээ л за би болоогүй шүү гэж өөртөө хэлж байсан. Урьд нь за би боллоо гэж бодоод алдаж л байсан. Яагаад гэвэл толгойд “Би яагаад уулын оройд гарч болохгүй гэж” гэсэн тэр бодол хатуу суучихсан байсан болохоор өөрий­гөө тайвшруулж, бодлоо цэгцрүүлж байсан. Дараагийн даваанд унасан ч гэсэн өөрийнхөө бодсон юмыг хангалт­тай хийж, дуустал нь л үзнэ гэсэн бодол­той барилдсан.

-Таны даваа болгоны барилдаан их нягт явсан. Тэнд л жаахан луу-тай ба­рилдаан болчихлоо доо гэх нэг ч барил­даан байхгүй. Энэ хийгүй, одтой, дайчин барилдаанууд тань өнөөдөр таныг улам хайрлуулахад хүргэж байна. Хүчний бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэлийг тань хийдэг багш хэн бэ?
-Онолын тийм багш гэж алга даа. Би ламын нэг хоёр багштай. Тэд маань л хэлж сургаж байдаг. Би уул усаа л шүтэж барилддаг.

-Та бол өнөөдрийн “од”. Палхийтэл олон түмний анхаарал руу ороод ирсэн. “Од”-ыг төрөнгүүт өдий төдий судалгаа зэрэг хийгдээд  явчихдаг. Удам судраас тань эхлээд л тэр судалгаа хөвөрөнө. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлээд та бол домог бүтээж амьдарна. Тэр домгийн эхний хуудсууд эргэж байна. Би таны яс үндсийн талаар асуумаар байна. Та Увсад цөөхөн гэгддэг тэр элжгэн халх ястнуудын нэг мөн үү. Баяд, дөрвөд, урайнхай ястнуудын аль нь вэ. Таны иргэний үнэмлэх дээр яг юу гэж бичсэн байна?
-Миний паспорт дээр яг халх үндэстэн гэж бичээстэй байдаг.

-Элжгэн гэж ямар нэг үг байхгүй юу?
-Элжгэн гэж байхгүй. Манайхан чинь зүгээр халх гэж явдаг юм ш дээ. Элжгэнүүд гэж Увс дотроо л нэрлэдэг болохоос гадагшаа бол халх гэж нэрлэгддэг.

-Ер нь бол элжгэн халх хүн, тийм үү?-Тийм.

-Таны ээж аав хоёр тань яг аль сумынх нь улс болж таараад байна вэ?

-Манайхан бүгд Баруунтуруунынхан шүү дээ. Манай аав бол яг Баруунту­руунд төрсөн хүн. Ээж Цагаанхайрханд төрсөн.

-Одоо нэгдээд л Баруунтуруун?
-Тийм.

-Та өөрөө бас тэнд төрсөн үү?
-Яг тэнд.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Тавуулаа. Би айлын хоёр дахь хүүхэд.

-1984 он гэдэг чинь эмнэлэгт төрсөн биз дээ?
-Эмнэлэгт төрөөгүй. Би гэртээ төрсөн.

-Өө, тийм үү. Сонин баримт байна?
-Би ганцаараа л гэртээ төрсөн. Бусад нь эмнэлэгт.

-Яагаад тэгсэн юм бол?
-Эмнэлэг рүү явах гээд л юм хумаа базааж байсан юм билээ. Хонь гаргачих­сан. Ээж гэдэс асгах гэж явж байгаад нэг урт хайрхантай таарчихсан юм билээ.

-Тэгвэл цочилгүй яахав дээ?
-Тэгээд тэрнээсээ болоод гэнэт өвдөөд, шөнөжин өвдөөд өглөө нар мандаж байхад би төрсөн гэсэн. Тэгээд л аав маань бэлгэшээгээд нар мандаж байхад төрсөн юм чинь Нармандах гэж нэр өгнө гэсэн юм билээ. Тэгтэл намайг эх барьж авсан хүмүүс хүү төрсөн юм чиь бөх хүн ирж байгаа байх. Баянмөнх аваргын нэрийг өгнө, Мөнхбат аваргын нэрийг өгнө гэж маргалдаж байгаад Мөнхбат аваргын нэрийг өгсөн гэсэн.

-Монголын бас домогт аваргын нэрийг өгсөн юм байна. Ж.Мөнхбат аваргатай ямар харилцаатай байдаг вэ. Уулзаж үзсэн үү?
-Уулзаж учирч үзээгүй ээ. Ямар ч харилцаа байхгүй.  Бага цолтой бөхийн хувьд би таарсан газраа очиж мэндэлдэг.

-Баруунтуруун бол бөглүү жижиг­хэн сумыг бодоход Сангийн аж ахуй байсан болохоор тухайн үедээ хөгж­сөн, хүн зон олонтой газар байсан юм билээ. Атрын анхны аянаар байгуу­лагдсан. Тэгэхээр тариа гэдэг ойл­голттой ойрхон өсчээ дээ?
-Тэр тэгэлгүй яахав. Манай аав угаасаа комбайнч хүн. Манайх эргэн тойрон тэр аяараа тариан талбай дунд амьдардаг айл байсан. Хаашаа л харна тариан талбай. Хаварт нь шороо бужигнасан, намарт нь тариа халиурсан. Машин техник сүлжилдсэн, шөнө нь та­риан талбайгаас комбайны гэрэл улалз­сан гоё нутаг шүү дээ. Баруунтуруун бол газар газраас ирсэн залуус байгуулсан Сангийн аж ахуй. Тийм болохоор хүмүүс нь бусад газраас арай илүү хөдөлмөрч. Хөдөлмөрч ард түмэн цуглаж тэр сумыг бүрдүүлсэн болохоор ажил хөдөлмөр л буцалж байдаг. Манай хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ нутгаас төр­сөн. Аав нь манай аавын найз. Ээж нь манай ээжтэй найз. Бид хоёр нэг уулын наана цаана төрсөн. Ийм их ой­рын ул­сууд байгаа юм. Алдартай өчнөөн олон улс энэ газраас төрсөн. Араас нь залгаж байгаадаа би баяртай байгаа. Бүгдээрээ л тэр хөдөлмөрчдийн хүүхдүүд.

-Та тариан дунд зогсох дуртай юу?

-Дуртай.

-Хавар уриншийн цаг илүү сэтгэгдэл төрүүлдэг юм уу, намар ургацын үе илүү мэдрэмж өгдөг юм уу?
-Хамгийн гоё нь тариагаа хурааж байх агшин шүү дээ. Үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Тариа ч халиураад л...Цаанаа л сайхан шүү дээ.

-Танайхан газар тариалангийн бизнес эрхэлцгээдэг байх?

-Тийм. Тариан талбайтай. Гурилын үйлдвэртэй. Тэгж л анх ажлаа эхэлж байсан. Түүгээрээ л амьдардаг.

-Юнрэн гэж аймгийн арслан өөрийг тань анх “Энэ алсдаа юм дуулгах хүүхэд” гэж хэлж байсан гэдэг. Энэ үнэн үү?

-Аав маань намайг бага байхад улсын ч бай, аймгийн ч бай цолтой бөх л хүн ирвэл миний хүү бөх болох уу, нэг шинжээдхээч гэж асуудаг байж билээ. Хүн болгон л янз янзаар хэлнэ. Зарим нь жижигхэн л биетэй юм даа гэнэ. Гэхдээ л хүний хүүг яаж эцэгт нь чиний хүү бөх болохгүй ээ гэж хэлэх вэ дээ, тээ. Манай нутгийн Юнрэн гэж сайхан хөгшин байсан л даа. Бумбаяр зааны авга ах. Тэр сайхан хөгшин хэлж байсан юм гэсэн.

-Та ер нь анх хэдэн настайгаасаа барилдаж эхэлсэн бэ?
-Хөлд орсноосоо хойш л ноцолдож эхэлсэн болов уу гэж боддог ш дээ. Манай аав өөрөө сумын заан хүн. Жоохон байхад оройдоо л аавтайгаа нийлж аваад пижигнэчихдэг байсан. Би дээрээ нэг эгчтэй. Доороо гурван эрэгтэй дүүтэй. Тэгээд бүгдээрээ л хоёр талынхаа баганан дээрээс дэлээд л дэвээд л гардаг. Тэгээд л барилдчихдаг байсан. Оройжин тэгж гэрээ буулгаж, гэрийхээ хоймор ноцолддог байсан. Ухаан орохдоо л санаж байгаагаар би айлд ороод л дэвж үзүүлж байгаад чихэр авч иддэг хүүхэд байсан.

-Аравдугаар анги төгсөөд ШУТИС-ийн хуваарь авч байсан гэсэн үү. Сурлага гайгүй хүүхэд байжээ дээ?
-Би 10 төгсөөд Хилийн цэргийн дээд сургууль авч байсан. Цэргийн хүн болох их сонирхолтой байсан.

-Тэгээд яагаад шууд болиод “Шонхор” сургуульд орчихсон юм бэ?

-Яахав дээ, бөх болох дур нь хөтлөөд л.

-Тэр болтол Х.Баянмөнх аваргатай уулзаагүй байсан уу?

-Би Х.Баянмөнх аваргатай анх есдүгээр ангидаа хотод орж ирж уулзаж байсан. Эрдэнбилэг начинтай хамт “Шонхор” биеийн тамирын дээд сургууль дээр очиж уулзаж байлаа. Тэгж анх ХБаянмөнх аваргын гараас атгаж үзэж байлаа даа. Аймаар том биетэй, сүрлэг аварга. Гар нь ямар ч том юм. Миний гар тал дунд нь л нэг жаахан юм байгаа юм чинь. Аварга хүн гэж ийм байдаг юм байна. Ямар гоё юм бэ гээд л...

-Саяын наадмын өмнө аваргатай уулзав уу?

-Наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Д.Бумбаяр заантай хамт очсон. Наадамд барилдах гэж байна. Үг хэлийг нь сонсъё, бас бөх хүний хийморь лундаа гэж байдаг шүү дээ. Тэр сайхан цагийг эзэлсэн их аваргатай учирч хийморио сэргээе гэж бодож зорьж очсон.

-Манай аварга бол бас л цэцэн саруул хүн шүү дээ. Ойд шингэсэн үг хэлсэн л байх даа?

-За, юу байцгаана гэж мэнд мэдэхэд нь Д.Бумбаяр заан манай С.Мөнхбат барилдах гэж байгаа. Тэгээд танаас зааж зурах юм хэлүүлэх гэж л явна даа гэсэн. Аварга хариуд нь “Би одоо яг чамтай тулж дасгал сургуулилт хийлгэхгүй байгаа. Юу хэлэх билээ. Гэхдээ барилдаануудыг чинь харж байгаа. Чамаас илүү хүн гэж байхгүй. Хамгийн гол нь бодол санаагаа л нэгтгэ. Дараа дараагийн давааг харж болохгүй. Урдах даваагаа л харж барилд. Илүү юм хийж хүнд мэхээ ашиглуулж болохгүй. Чи өөрийнхөө хийх мэхийг дүүрэн барьцтай, дүүрэн итгэлтэй, бүх юм боллоо гэсэн цагтаа л хий” гэж хэлсэн. Би өмнө нь гараад л салхилж яваад л, янз янзын мэх хийж байгаад л уначихдаг байсан. Аваргынхаас гараад хэлсэн үгийг нь нэг бүрчлэн бодоод л явсан.

-Чамаас илүү хүн гэж байх­гүй...­ ингэж л бодох ёстой байх нь ээ дээ. Том үг хэлжээ?
-Аваргын маань л захиас.  

-Сая танайхан Харзтайд бэлтгэлд гар­сан юм билээ. Та нэг удаа бэлт­гэ­­лээ хаяж иржээ дээ. Тэгээд О.Бал­­­­­жин­ням аваргад шийтгүүлж, 15 км гүйсэн гэж дуулсан?

-Тэр сонин ташаа ойлгосон байна лээ. Тийм юм болоогүй байх аа.

-Тийм үү. Бэлтгэлээ хаяж огт ирээгүй юм уу?
-Хоёр, нэг удаа ирсэн л дээ. Гэхдээ дор дор нь чөлөө аваад явж байсан. Юманд зорьж байгаа хүн юу гэж тэгээд л та­салж гүйгээд байх вэ дээ.

-Та дүү нараа барилдуулах дур­гүй гэсэн. Яагаад тэр вэ?

-Манай дүү нар барилдах сонир­холтой. Бас авъяастай л даа. Гэхдээ өөрөө өнөөдөр бөхөөр яваад л, англи хэл, юу юу байдаг юм бусад мэдлэ­гүү­дийг олж авахаас илүү энэ спортод бүх тархи толгойгоо зориулаад явж бай­гаа болохоор тодорхой хэмжээний зов­лон л тээж яваа шүү дээ. Тийм бо­лохоор дүү нараа өөр замаар яваг гэж боддог.

-Та бол Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй юү?
-Тийм.

-Ангийн багш тань хэн гэж хүн байв?

-Дамдин гэж Баянхонгорын аймгийн арслан хүн байсан.

-Ангийнхнаас тань улсын цол­той бөх бий юү?

-Одоогоор надаас өөр хүн байхгүй бай­на. Гэхдээ сайн барилдаж байгаа залуу­чууд байгаа.

-Г.Эрхэмбаяр арслантай та ер нь хэр танил вэ. Өмнө нь улсын наа­дамд нэг барилдсан байх?
-Ноднин жилийн улсын баяр наад­маар л таарсан даа.

-Их хурдан барилдаан хийсэн. Бодож л гарсан байх даа?
-Ер нь миний өөрийн сурсан барил­даан маань хүнийг хүлээд удаан зогсч чад­даггүй. Гараад л өрөөд л явчихвал мэх хиймээр санагдаад л, унасан ч дав­сан ч хурдан барилдахыг боддог.

-Хоёулаа л аварга болохыг мө­рөө­дөж байсан. Хоорондоо бол юм ярих­гүй юу?

-Юугаа ярих вэ дээ.

-Г.Эрхэмбаяр арслан бол үнэ­хээр сайн ч, сайхан ч бөх байх тийм үү?

-Сай­хан бөх. Ноднин бид хоёр ба­рилд­­сан. Надаас өмнө том бөх бол­чих­сон байсан. Надаас өмнө амжил­туу­даа гар­гаад эхэлчихсэн байсан. Нод­нин на­майг тавын даваанд аваад уна­чихаад уй­лаад явж байсан. Энэ жил хоёулаа үзүүр түрүү булаалдлаа. Уна­чихаад инээж босч ирээд л “За бө­хийн маань но­­гоон дэвжээ миний хөдөл­­мөрийг үнэлж чадлаа” гээд л хэлж бай­хад нь би бас л мундаг хүн бай­на даа гэж бодож байсан.

-Наадмаас хойш уулзалдав уу?

-Таарч байгаа. Уяачдын наадам дээр таарсан. Сая Хууль зүй дотоод хэр­гийн сайд хүлээж авахад таарлаа.

-Та эхнэрээ танилцуулахгүй юу?

-Манай эхнэр манай Баруунтуруун су­мын хүн л дээ.

-Нэг ангийнх юм уу?-Нэг үеийн, нэг ангийн хоёр.

-Сумын даргын охин гэсэн. 10 жилийн үерхэл юм уу?

-Тийм. Одоо Улсын прокурорын ерөн­хий газрын Хан-Уул, Сонгино­хайр­хан дүүрэг хариуцсан нягтлан хийдэг. Бид нэг охинтой. Энэрэлт гэдэг.

-Та зургадугаар сарын 7-ны өдөр хаа­на байсан бэ. Хамрын хийдийн ха­жууд байдаг Хүслийн уулан дээр бай­сан юм уу. Хар уул гэх тэр уулан дээр таныг гарахад бороо орсон гэж дуулсан?
-Та яаж мэдсэн юм бэ.

-Би их олон хүнтэй уулздаг. Мэдээлэл дунд байдаг хүн шүү дээ. Нэг хүн хэлсэн юм аа?
-Үнэн. Би Монгол эх орныхоо гайхамшигтай увидастай уул усыг их шүтэж явдаг. Монгол хүний хувьд. Тийм газруудаар очих дуртай.

-Бороо орсон нь үнэн юм уу?
-Бороо ороогүй удсан байсан л даа. Гэхдээ яг надад зориулж орно гэж юу байхав дээ.

-Гэхдээ тэгж бодох өөрөө гоё шүү дээ. Намайг яг орой дээр нь гарахад бороо орсон шүү гээд?

-Тэр бодол бол гоё. (инээв) Өөрий­гөө хурцлахад бол гоё л доо.

-Гурвын даваанд аймгийн заан Г.От­гонбаяр гэдэг залуутай ба­рилд­­сан. Хэр барилдаантай залуу бай­сан бэ ?
-Манай Увс аймгийн Зүүнговь су­мын залуу. Амлаж авч барилдсан.

-Улсын цол мөрөөдөөд л бас зодоглож байсан байх даа?
-Тэгээд дөрвийн даваанд С.Мөнх­сүх гэж Хөвсгөлийн аймгийн арслан за­луу­­тай таарч барилдсан. Бид нар бас нэг дор бэлтгэл сургуулилт хийж л бай­сан улсууд.

-Дараа нь А.Сүмбээтэй?

-Дараа нь аймгийн арслан А.Сүм­бээг авсан . Ёстой яах ч аргагүй авсан.

-Яах ч аргагүй гэсэн үгэнд тань жаахан харуусал нуугдаж байна. А.Сүмбээг улсын цол аваасай гэж яг над шиг хүсдэг юм уу?
-Би А.Сүмбээ ахыг ч, энэ үед барилдаж байгаа бусад сайхан залуу­чуудаа ч бүгдийг нь л зорьсондоо хүрээ­сэй гэж хүсдэг. Бас энэ бөхийн тө­лөө олон жил зүтгэж байгаа, хөлс хөдөл­мөрөө шингээж байгаа улсууд шүү дээ.  Тэ­гээд барилдаан юм хойно нэг нь давж нө­гөө нь унадаг.

-Дараа нь Ч.Цогбаяртай ?
-Шинэ начин болсон Ч.Цогбаярыг  ам­лаж барилдсан. Бас их бяртай, чац­тай, сайн бөх.

-Таны улсын заан Д.Рагчаатай хий­­сэн барилдааныг сонирхмоор бай­­на. Тэр бас дээшээ л харж байсан байх даа?
-Тэгсэн байх. Ноднин бид хоёр долоогийн даваанд тунаж барилдаад би хий хутгаж яваад унаж байсан. Тэгээд энэ жил тэр алдаагаа л давтахгүй юмсан гэж бодож байсан.

-Хамгийн сонирхолтой учраа Ч.Санжаадамба. Бага наадмын од­той. Бүх хүнд танигдчихсан. Хүчир­хэг, дуулиантай бөх дөө?
-Ч.Санжаадамба бол бидний энэ цаг үед бол бяртай, хүчтэй сайхан бөх.  Гэх­дээ би энэ хүнийг ялна, дийлнэ, дий­лэх ёстой л гэсэн сэтгэл зүйтэй гарч барилдсан.

-Тэнгэр харуулаад өгнө өө гээд л гарсан уу?

-Тэр нь ч юу юм бэ. (инээв) Давна, ялна л гэж өөрийгөө хурцалсан.

-Ж.Бат-Эрдэнэ бол бас энэ наад­мын од байлаа. Г.Өсөхбаяр аваргыг хая­сан шүү дээ?-Ж.Бат-Эрдэнэ бид хоёр бол багаа­саа л барилдаж байсан. Бие биеэ мэднэ. Хамгийн сүүлийн барилдаанд би хөлөө алдаад Ж.Бат-Эрдэнэд уначихсан байсан. Ер нь бол ийм барьцан дээрээс ингэж барилдана гэдгээ бол төлөвлөсөн байсан. Сайн өрсөлдөгч. Хурдтай.

-Таны хамгийн анх барилдаж үзсэн аварга хэн бэ. Аваргуудтай барил­даж үзсэн биз дээ?
-Би Д.Сумъяабазар аваргатай л анх барилдаж үзсэн. Г.Өсөхбаяр аваргатай тав барилдаж тав унасан.

-Барилдаан таардаггүй юм уу?
-Нэг тийм сонин маргаантай л хамт  уна­даг. Би Б.Бат-Эрдэнэ аваргатай, А.Сүхбат аваргатай барилдаж үзэхийг мө­рөөд­дөг байсан. Таарсангүй.

-Аваргуудаас таны хамгийн шүтэж явдаг аварга хэн бэ?
-Х.Баянмөнх аваргыгаа шүтэлгүй яа­хав дээ. Шүтээн болсон агуу аварга шүү дээ. Тэгээд А.Сүхбат аваргыг шүт­дэг байсан. Миний хамгийн их ба­рил­даан, бичлэгүүдийг нь үздэг бай­сан бөх бол Ц.Цэрэнпунцаг гарьд. Энэ хүн үнэ­хээр сайхан бөх юм даа гэж хардаг бай­сан. Миний барил­даа­нуу­дыг бас хүмүүс гарьдынхтай төстэй гэж хэлдэг.

-Та “Монголросцветмет”-ээр овог­­лодог бил үү?
-Тийм. “Монголросцветмет” нэгдэл бол том айл. Энэ сайхан газраар овог­луулж, нэр дээр нь барилдсанаас хойш улсын энэ өндөр сайхан цол­нуу­дад хүр­лээ. Үнэхээр баярлаж, хүндэлж яв­даг. Ц.Бямбажав цэргийн арслан, би айм­гийн заан байхдаа анх эдний тамир­чин болж байсан. Бид хоёрыг анх Ц.Ням­­дорж сайд аваачиж өгч байсан. Тэр мөчөөс хойш сайхан амжилтууд гар­­га­­лаа. “Монросцветмет” нэдлийн бүх хамт олонд сайн сайхныг хүсч, баяр­лаж, хүндэтгэж байгаагаа илэрхий­лэхийг хүсч байна. Хилийн цэргийн нийт бие бү­­рэл­дэхүүнд, Монгол нутаг даяар ажил­лаж амьдарч байгаа бүх ногоон “мөр­­дэст”-нүүддээ баярлалаа гэж хэлье. Хууль зүйн яамны хамт олонд, нут­­­гийн зөвлөлдөө, Увс нуур бөхийн га­лын хамт олондоо, Монголынхоо бө­хөд хайр­тай зон олонд баярлалаа гэж та­­най сониноор дамжуулж дахин хэл­мээр бай­на. Аварга гэдэг энэ сайхан цол­ны нэр хүндийг дааж, тавиланг нь хүн­дэлж би­ширч, үзэгч олноо цэнгүүлж ява­хын төлөө зүтгэнэ ээ л гэж хэлье дээ.

Сэтгүүлч: Ганчимэг
Эх сурвалж: http://ganchimeg.niitlelch.mn/content/3268.shtml

0 Сэтгэгдэл:

Post a Comment