2011-03-25

Б.Болдсайхан : Намайг гэж сонгоод зорьж ирж байгаа хүнд зүрх л биш бол би үзэхгүй, мэдэхгүй гэх эрх надад байхгүй.

Ярилцлага, Болдсайхан
-Эмч нар уг нь хувийн эмнэлгээ байгуулдаг юм билээ. Харин таны хувьд яагаад заавал бэлэн эмнэлгийн, тэр дундаа Сонгдо-гийн хувьцааг худалдаж авах болов. Сонгдо-г та сонгов уу, эсвэл энэ эмнэлгийнхэн танд санал тавьсан юм уу?
-Сонголтыг би хийсэн. Монголд байгаа хувийн эмнэлгүүд дотроос Сонгдо тасархай л даа. Ойр зуурын тариа хийдэг, барьдаг, эмчилгээ нэрээр амраадаг, эмнэлэг нэртэй сувилал олон ш дээ. Тэдэн дундаа яг нарийн мэргэжлийн төвшинд үзлэг, эмчилгээ, хагалгаа, оношлогоо хийдэг, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй нь Сонгдо. Ер нь л хувийнхнаас эмнэлэг гэдэг утгандаа хамгийн их ойртсон, улсын эмнэлгүүдээс зарим талаар хамаагүй илүү нь Сонгдо. Энэ эмнэлгийг анх байгуулж, өөрөө зуун хувь эзэмшдэг, Солонгостоо их нэртэй Ли эмч хувьцаагаа зарах гэж байна гэж сонсоод, найз нөхдийн хамт нэлээд хувийг нь худалдаж авсан. Миний хувьд асрагч, сувилагч аль алийг нь хийж үзлээ. Сумын эмнэлгээс эхлээд бүх шатны улсын эмнэлэгт эмчээр олон жил ажиллалаа. Буяны эмнэлэг байгуулж ч ажиллаж байлаа. Харин хувийн эмнэлэгт ажиллаж үзээгүй юм билээ. 

-Ажиллаж үзээгүй учраас хувийн эмнэлэгт очъё гэдэг бол сонголт хийх бодитой шалтгаан биш байх. Эмнэлгийн бизнес хөөхөөр шийдсэн хэрэг үү?
-Эмнэлгийн бизнес эрхэлье гэсэн бодол бол байсаан, нуух юм байхгүй. Өөр шалтгаанууд ч  нөлөөлсөн.  Сүүлийн жилүүдэд  Монголын эдийн засаг гурван жил тутамд хоёр дахин тэлж байгаа. Цаашид үүнээс ч илүү хурдтай өсч магадгүй. Эдийн засгийн өсөлтийн энэ том талбарт цагаанаараа үлдэж байгаа нь эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийнхээс бусад салбар маш сайн хөгжиж байгаа. Ийм нийгэмд эмч, эмнэлгийн ажилтнууд ч гэсэн сайн орчинд хүн шиг ажиллаж амьдармаар байна. Хүмүүс ч тэр, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, тав тухтай, ямар нэгэн аюул, болзошгүй эрсдэлийн гадуур авдаг болмоор байна. Хүний ая тухыг хангасан тансаг дэлгүүр, ресторан Монголд олон. Гэтэл эмнэлэг алга. Шүдээр, эсвэл Оюун эмчийн гоо сайхны эмнэлэг гээд дагнасан ганц нэг сайн эмнэлэг бий л дээ. Харин цогц үзлэг үйлчилгээтэй, нарийн мэргэжлийн төвшинд, орчин үеийн тоног төхөөрөмжөөр оношилдог нь хувийн эмнэлгүүдийнхээ тоотой харьцуулахад бараг байхгүй гэж болохоор хэтэрхий цөөхөн. Тийм учраас байгаа ганцыг нь тордоод, багахан үнэ төлөөд би бүр Бээжинг давуулж хэлье,  Солонгос, Тайланд, Сингапурын дэлхийд алдартай эмнэлэгт очсон юм шиг үйлчилгээ оношлогоо, тав тухыг миний үйлчлүүлэгчид аваг дээ гэж бодсон.

-Эмнэлгийн бизнес ер нь ашигтай биз?
-Ашиг байна аа. Тэр тусмаа эрүүл мэндийн салбарын шинэчлэл нь цагаанаараа байгаа Монголд одоо бол бүр ч ирээдүйтэй. Бидний хувьд одоогоор ашгаа олж эхлэх болоогүй. Бодож ч эхлэх болоогүй. Үйлчилгээгээ өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө улам сайжруулах, чадварлаг эмч нарынхаа тоог нэмэх зэргээр амьдрал дээр чанар, сэтгэл ханамжийн баталгаагаар үйлчлүүлэгчдээ татаж чадсанаар бизнесийн ашгийн тухай ярина. Дээр нь Сонгдо-г анх байгуулахдаа нэлээд зээл тавьсан юм билээ. Бид хувьцааг нь өндөр үнэтэй авсан хэрнээ л Ли эмч цаанаа зээлтэй үлдэж байна лээ. Ер нь бол Ли эмчийн, үйлчлүүлэгчдийн, миний болон бусад эмчийн, магадгүй төрийн хувьд ч бидний хэсэг монгол залуус  Сонгдо эмнэлгийн ихэнх хувьцааг авсан нь хамгийн зөв, хаана хаанаа хэрэгтэй  хувилбар л гэж бодож байгаа ш дээ. 

-Хувьцаа авсан найз нөхөд гээд байгаа хүмүүс чинь улстөрчид үү, эсвэл эмч нар уу?
-Яг хувьцаа худалдаж авсан хүмүүс дунд надаас өөр эмч байхгүй. Гэр бүлд нь эмч бол байгаа байх. Ерөнхийдөө л эмнэлгийн бизнес ирээдүйтэй, Монголоо жишиг болсон хувийн эмнэлэгтэй болгоё гэсэн сэтгэлтэй бизнесийн голдуу хүмүүс бий. 

-Хувьцааны нэлээд хувь гэдгийг Сонгдо эмнэлэг монголчуудын өмчлөлд иржээ гэж ойлгож болох уу?
-Болно, Ли эмч бас тодорхой хувьтай үлдсэн. Тийм учраас энэ хүний мэргэжлийн оролцоо нь ч цаашид үргэлжилнэ.

 -Сонгдо эмнэлэгт ирснээр Б.Болдсайхан эмчийн хувьд юу өөрчлөгдөх вэ. Гуравдугаар эмнэлэгтээ давхар ажиллах уу, энд эмчээ хийх үү, эсвэл дарга болчихсон уу?
-Сонгдо-д би даргыг нь ч хийнэ, цэргийг нь ч хийнэ. Хүссэн, хүсээгүй эмчийн ажлаа хийнэ. Бас гуравдугаар эмнэлэгтээ ч давхар ажиллах санаа байгаа. Хөдөлмөрийн хууль заалтыг харахаар болмоор юм билээ. Мэдээж хэдийд, яаж ажиллахаас эхлээд нарийн гэрээ байгуулах байх. 

-Тэгвэл өмчлөлийн ихэнх хувь нь монголчуудад ирснээр Сонгдо-д юу өөрчлөгдөх вэ?
-Одоо байгаа үйл ажиллагаа, хагалгаа, эмчилгээний чиглэлд нэг их өөрчлөлт орохгүй. Солонгос эмч нар үргэлжлүүлэн ажиллана. Ли эмч өөрөө хагалгаа хийж байгаа. Бас эмэгтэйчүүдийн өвчнөөр Солонгост төдийгүй, дэлхийд алдартай, Харвардын их сургуульд ажиллаж байсан, тэндээс шагнал авчихсан өндөр мэргэжлийн эмч ч бий. Бид эдгээр эмч нарыг илүү үр дүнтэй, илүү олон хүнд үйлчлүүлэх талаар шинэ шинэ юмнууд хийнэ. Зарим төрлийн оношлогоог Солонгос руу явуулж давхар батлуулдаг үйлчилгээ ч үргэлжилнэ. Удахгүй, ирэх долоо хоногоос ирчих байх, Канадаас нарийн мэргэжлийн эмч урьж авчирч ажиллуулах гэж байгаа. Цаашид янз бүрийн улсаас, буурай хөгжилтэй орноос ч хамаагүй, туршлагатай сайн эмч нарыг урьж ажиллуулна. Ингэж мөр зэрэгцэн ажиллаж байж монгол эмч нарын чанар, чадвар сайжирна, их зүйл сурна. Одоо ч гаднын эмч нараас илүү болчихсон монгол эмч нар Сонгдо-д олон байна. Бүдүүн шулуун гэдэсний оношлогоо, эмчилгээгээр дэлхийн аль ч эмнэлгээс хоцрохооргүй болчихсон юм билээ. Зүрхний оношлогооны бүх тоног төхөөрөмж байна. Манай гуравдугаар эмнэлэгт ч байхгүй оношлогооны аппаратууд байна. Катетар, компьютер томограф, зүрхний ЭХО, ачаалалтай зүрхний бичлэг гээд манай гурвынхаас ч илүү өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжүүдтэй юм байна. Энэ бүгдийг илүү үр дүнтэй, байгаа хүчин чадлаар нь төгс ашиглахын тулд нэлээд зүйл хийхээр төлөвлөж байгаа.  

-Сайн тоног төхөөрөмж байлаа гэхэд түүнийг ашиглах, унших чадвартай эмч нар нь таны багт бий юү. Зарим хүн Сонгдо-г тоног төхөөрөмж сайтай, эмч нар муутай гэдэг л дээ?
-Янз бүр л дээ. Бүдүүн, шулуун гэдэс гэхэд тоног төхөөрөмж, эмч, оношлогоо, эмчилгээний хувьд Сонгдо Монголдоо номер нэг. Тийм ч учраас өнгөрсөн жил улсын хэмжээнд ийм төрлийн хамгийн олон хагалгааг Сонгдо-д хийсэн байна. Зарим эрхтэний хувьд өөрийн чинь хэлж байгаад үнэний хувь бий. Сайн эмч нар бол бий, харин байгаа тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ашиглах, ажиллуулахад тэдгээр эмч нар цөөдөж байгаа. Тийм учраас сайн эмч нар нэмж авна. Манай эмнэлгийг зорьж ирсэн үйлчлүүлэгчдээ эмчлэхээс гадна бусад олон эмнэлгийн өвчтөнүүдэд оношлогоо эмчилгээний дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах бүрэн бололцоо, орчин үеийн тоног төхөөрөмж Сонгдо-д бий.

-Үнэ тарифын хувьд өөрчлөлт орох уу. Сонгдо-г мөнгөтэй хүмүүс л үйлчлүүлдэг эмнэлэг гэх ойлголт нийгэмд байдаг л даа?
-Одоо мөрдөж байгаа үнэ тарифыг яаран хөдөлгөхгүй. Нэг хэсгтээ хуучин үнээрээ явна. Үнэнийг хэлэхэд би ч бас гадуур нь явж байхдаа Сонгдо-г үнэтэй эмнэлэг л гэж боддог байсан. Гэтэл ирээд үзэхээр огт өөр юм билээ. Үзлэгийн үнэ гэхэд 6000  төгрөг. Нэг, гуравдугаар эмнэлгийн үзлэг 10 мянган төгрөгийн үнэтэй. Миний төвшний эмч нар бол хорь, гучин мянган төгрөгийн үнэтэй. Хямдхан гэдгийг нь түрүүлж мэдсэн хүмүүс манайхаар үйлчлүүлээд сурчихаж. Өнөөдөр гэхэд үдээс хойш надад арваад хүн үзүүллээ. Тэдэн дунд овойж оцойсон мөнгөтэй байх даа, хувьдаа компанитай уурхайтай байх даа гэмээр нэг ч хүн алга. Архангайгаас ирсэн малчин, хувиараа гутал засдаг залуу, “Бөртэ” компанид ажилладаг оёдолчин, Толгойтод ээж аавтайгаа амьдардаг охин ирж үзүүллээ. Тэд манай эмнэлгийн тарифын дагуу надад зургаан мянган төгрөг төлөөд л үзүүлсэн. Ийм хэмжээний мөнгийг Монголын ямар ч иргэн гаргаад үзүүлчих боломжтой л гэж бодож байна.   Манай Сонгдо-гийн лабораторийн шинжилгээнүүд, дүрс оношлогоонууд, дуран гэхэд улсын эмнэлгээс хамаагүй хямд тарифтай. Хамаагүй гэдэг нь арав, хорин хувь биш шүү, хоёр, зарим нь гурав дахин хямдхан юм билээ. Хэвтэх нь хүртэл хямдхан. Дөрвөн хүнтэй өрөөний ор хоногийн мөнгө 12 мянган төгрөг. Гэтэл бариа хийж баахан глюкоз шахдаг эмнэлгүүдийнх хоногийн 20 мянга, зарим нь дөч тавин мянган төгрөг байдгийг би сайн мэднэ. Тэрний дэргэд 12 мянган төгрөг гэдэг  хямдхан биз дээ. Тэгсэн мөртлөө сайн эмч нартай, оношлогооны маш сайн тоног төхөөрөмжтэй. MRI СТ-гээ, зарим шаардлагатай оношлогоог Солонгос руу явуулж солонгос эмч нарын саналыг давхар авдаг. 

-Улсын эмнэлгүүдэд үзүүлэхэд даатгалаас эхлээд янз бүрийн хөнгөлөлт байдаг. Сонгдо-д энэ үйлчлэх үү?
-Манайх Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэлээ авчихсан. Тийм учраас даатгалтай иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг болно. Тун удахгүй л даатгалд хамрагдах байх гэж найдаж байгаа. Ер нь яаж ч бодсон, Үндсэн хуулиар ч даатгал бол хувийн байна уу, хувьсгалын ч бай, адилхан л эрүүл мэндийн үйлчилгээ явуулж байгаа бүх эмнэлэгт ижил тэгш үйлчлэх ёстой. Эрүүл мэндийн даатгал бол төрийн юм уу, хэн нэгэн улстөрчийн халааснаас гарч байгаа мөнгө биш. Эрүүл мэнддээ зориулж сар бүр цуглуулдаг ард түмний хуримтлал.

-Монголчууд Сингапур, Тайланд, Бээжин рүү олноор явж эмчлүүлдэг. Хэдийгээр эрүүл мэндийнхээ төлөө ч, хэр хол явж, ямар эмчилгээ хийлгэснээс хамаарч маш их мөнгө зардаг. Монголчуудын энэ их урсгалыг зогсоодоггүй юм аа гэхэд сааруулахад Сонгдо эмнэлэг яг хэдийнээс хувь нэмрээ оруулж эхлэх бол?
-Би бол оруулаад эхэлчихсэн гэж бодож байгаа. Сонгдо-гийн MRI, СТ гэхэд Монголын өөр эмнэлгүүдэд байхгүй. Нарийвчлал, хүчин чадлын хувьд хэлж байна шүү дээ. Бусад эмнэлгүүд Сонгдо-гийнх шиг ийм нарийвчлалтай MRI, СТ оруулж ирэх бараг боломжгүй.  Манай эмнэлгүүд ийм өндөр нарийвчлалтай MRI СТ-г ашиглахад үйлдвэрлэгчид болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөл, стандартыг арай хангаагүй байгаа. Сонгдо эмнэлэгт яагаад байна гэхээр Ли эмч өөрөө Солонгост хэд хэдэн эмнэлэгтэй, тэдэндээ хэрэглэх юм гэж дөрвийг аваад, манайхны хэлдгээр бараг арын хаалгаар шахуу нэгийг нь Сонгдо-д авчирсан юм билээ. 

-Та эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх талаар их юм ярьдаг. Одоо хувийн эмнэлэгтэй боллоо. Ядаж өөрийнхөө эмнэлэгт тэдгээр өөрчлөлтүүдээсээ хийх үү. Тийм боломж бий юү?
-Байхгүй. Нэг эмнэлгийн төвшинд хийх боломжгүй л дээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгалд тэр чигээр нь реформ хийх тухай би ярьдаг. Олон эмч ярьдаг.  Зөвхөн даатгал дээр гэхэд тухайн хүний эмчилгээнд яг гарсан зардлаар нь даатгалаас хувь хувьсгалын гэж ялгалгүй бүх эмнэлэгт мөнгө өгдөг болох тухай ярьдаг. Даатгалын гүйцэтгэлд бодитой хяналт тавьдаг болох тухай ярьдаг. Уг нь мөнгө төлж байгаа хүн авч байгаа барааныхаа чанарт, тэр байтугай бараа авч байгаа эсэхэд хүртэл хяналт тавьдаг байх ёстой шүү дээ. Эрүүл мэндийн салбарт ингэж тавьдаггүйн гор нь сүүлийн үед хэвлэлээр шуугиад байгаа өвчний түүхийг хуурамчаар бичиж даатгалаас мөнгө авсан гэх үйл явдал шүү дээ. Ер нь эрүүл мэндийн санхүүжилт даатгал нь хүнээр бол эрүүл мэндийн салбарын хувьд биеэр гүйж байгаа цус, түүний урсгал. Одоо бол эрүүл мэндийн салбар цус нь гүйхээ байчихсан, царцанги байдалтай, бараг комд орчихсон хэвтэж байна. Цусыг нь гүйлгэхийн тулд санхүүжилт, даатгалын системийг цогцоор өөрчлөхөөс өөр сайн жор, эмчилгээ байхгүй. Энэ хавар УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг хийж магадгүй байгаа. Хэрвээ хэлэлцээд эхэлбэл, төслийг өргөн барьж байгаа яамнаас нь эхлээд эмч эмнэлгийн ажилтнууд, бүр жирийн иргэдийн үгийг сайн сонсоосой. Зарим хууль шиг улс төрийн агуулгаар хандаж ерөөсөө болохгүй. Жил бүр хэдэн зуун сая доллар иргэдийн халааснаас гадагшаа урсч байгаа гэдгийг эргэцүүлээсэй. Ядаж л улстөрчид өөрсдийгөө бусадтай адил хүн, бусадтай адилхан л өвддөг, хавддаг, тэр тохиолдолд эмнэлэгт ханддаг, эмчлүүлдэг гэдгээ бодоосой. Түүнээс бус, өвдвөл гадагшаа нисчихдэг юм чинь бидэнд хамаагүй гэж үзэж огт болохгүй. Эрүүл мэндийн санхүүжилт, даатгалтай холбоотой эрхзүйн зохицуулалт бол Монгол Улс эрүүл иргэдтэй байхын суурь, тулгуур нь.  Эрүүл иргэнгүй бол улс орон хөгжихгүй гэдгийг хаана хаанаа ойлгомоор байгаа юм.

-Даатгал, санхүүжилтээс гадна хувийн эмнэлгүүдийн чанар үйлчилгээ, эмийн сангуудын оруулж ирж байгаа эмийн баталгааг хянадаг төрийн бүтцийг ажиллуулах, эрүүл мэндийг дагасан бизнесийг цэгцлэх болсон юм шиг санагддаг?
-Болохоор барах уу, цаг нь бүр өнгөрчихөөд явж байна. Өнөөдөр Монголын зах зээл дээр байгаа эмийн 20 хувь нь хуурамч. Эмнэлэг нэртэй бариа хийдэг, ямар ч шаардлагагүй хүнийг арав хоног хэвтүүлж, хэрэгтэй хэрэггүй дусал хийдэг эмнэлэг нэртэй сувиллууд маш олон. Тэдний ор хоногийн мөнгө л гэхэд 30 мянгаас дээш байгаа. Ийм газрууд эмнэлэг гэдэг нэрээ өөрчилмөөр байгаа юм. Жишээ нь, манай Сонгдо-д гэхэд цөсний хагалгааг дурангаар хийгээд 2-3 хонуулаад л гаргадаг. Тэр хүнийг олон хоног хэвтүүлж ор хоногийн ахиухан мөнгө авъя гэсэн бодол ерөөсөө байхгүй. Энэ нь өвчтөндөө ч амар, санхүүд нь ч хамаагүй хэмнэлттэй. Ер нь эрүүл мэндтэй шууд холбоотой бизнест төр засаг ч, мэргэжлийн холбоод ч анхаарч, цэвэр мэргэжлийн шалгуур тавих үнэхээр цаг болсон. Дахиад хэлье, цагаасаа бүр хожигдоод явж байна.

-Бас харьяаллын эмнэлэгтээ л үзүүлэх ёстой гэдэг нэг шаардлага байна. Ялангуяа орон нутгийнхан гэхэд аймаг аймгаараа ялгараад өөр өөр эмнэлэгт үзүүлэх хэрэг гардаг. Энэ хэр зөв зохицуулалт вэ?
-Энэ хамгийн буруу. Заавал тэр эмнэлэгт үзүүлэх ёстойг заасан ганц хуудас маягт бол тухайн хүний хувь заяаг хөтөлж сонголтыг нь шууд заадаг. Өөрөөр хэлбэл, даатгалаа төлсөн өвчтөнийг эмчээ, эмнэлгээ сонгох эрхгүй болгодог. Жишээ нь, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эмнэлэг бараг зэрэгцээ байдаг. Нэг нь сайн эмч нартай, их идэвхтэй ажиллаж байхад нөгөөд нь эмч нар хүрэлцэхгүй, хариуцлага султай бол үйлчлүүлэгч сайныг нь сонгож болдоггүй. Эсвэл нэг юм уу, гуравдугаар эмнэлэгт үзүүлмээр байдаг. Гэтэл харьяалалгүй гэдэг. Орон нутагт суманд ч адилхан. Хоёр сумын зэргэлдээ эмнэлэг байхад нэг нь эмчгүй байхад л харьяалалгүй гээд эмчтэй эмнэлэгт нь үзүүлж болдоггүй. Энийг өөрчилж даатгалаа төлсөн өвчтөн эмчээ, эмнэлгээ сонгодог болчихвол муу эмчилгээтэй, тааруу эмчтэй, хариуцлага султай эмнэлгүүд нь үйлчлүүлэгчгүй болж зах зээлийн хуулийнхаа дагуу дампуураг л дээ. Сайн эмч, сайн үйлчилгээтэй нь дампуурсан эмнэлгийн орон зайд салбар эмнэлгээ нээг л дээ. Эрүүл мэндийн салбарыг боомилж, хоолойг нь боож байгаа ган троссны нэг нь харьяалал тогтоодог энэ явдал. Үүнийг халбал эрүүл мэндийн үйлчилгээ зах зээлийнхээ жамаар чанаржаад явна. Хэрвээ даатгал нь чөлөөтэй, өвчтөн нь эмч эмнэлгээ сонгодог болчихвол манайх 103 шиг дуудлагын үйлчилгээ нээхэд ч бэлэн байна.

-Танай эмнэлэгт ч гэсэн өрсөлдөгч байх ёстой биз. Тэгэхгүй бол үнэ тарифаа нэмээд л, мөнгөтэй хүмүүсийн л үйлчлүүлдэг эмнэлэг болчихно?
-Тэр үнэн. Мэдээж өрсөлдөгч байх ёстой. Америк, Европ хоёр сүүлийн 200 жил хүчтэй байгаагийн үндэс нь ерөөсөө тав зургаахан механизм байдаг. Тэрний нэг нь чөлөөт өрсөлдөөн. Тийм учраас манай эмнэлэг ч гэсэн эрүүл байхад, олон үйлчлүүлэгчийн итгэлийг олоход, үнэ тариф нь боломжийн байхад өрсөлдөгч хэрэгтэй. Гэхдээ удахгүй гарах юм шиг байна лээ. “MCS”-ийнхэн гэхэд германуудтай хамтраад эмнэлэг байгуулахаар төслөө бэлдэж байгаа гэсэн. Бас Хятадын эмнэлгүүд орж ирж байгаа юм билээ. Хятадын гэснээс төр засгийн зүгээс энэ тал дээр бодох ёстой. Дэлхийн аль ч улсад үндэсний эмнэлэгтэй байхыг л илүүд үздэг.

-“MCS” компанийнхан л танд энэ эмнэлгийг авч өгсөн юм биш үү, хэвлэлд тэгж гарсан. “MCS” компанийг Монголд эмнэлэг оруулж ирэхэд анхнаас нь та оролцож явсан гэдэг биз дээ?
-Үнэн үнэн, би бараг зургаа, долоон жил “MCS”–ийн эмнэлгийн төсөл дээр ажилласан. Эхэндээ их идэвхтэй явсан. Тэгж байтал дэлхийн эдийн засгийн хямрал болоод эднийхэн төслөө түр зогсоосон, би ч хөндийрсөн. Одоо дахин сэргээж байгаа юм билээ. Бүр хамтрагчаа олчихсон төслөө бэлдэж байгаа гэсэн. Харин Сонгдо бол “MCS”-тэй ямар ч холбоогүй. Хэвлэлд гарсан шиг эмнэлэг бэлгэнд  авах гавьяаг тэдний өмнө би байгуулаагүй. Манай гэр бүлийн хүн “MCS”-д ажилладаг нь л шалтгаан болдоггүй юм бол тэд ч надад эмнэлэг авч өгөх өргүй.  Эхнэр маань ажилладаг учраас би “MCS”-ийн ихэнх захирлыг танина, найз нөхдийн холбоотой. Нарийн яривал миний энэ үйлдэлд “MCS”-ийнхэн харин ч дурамжхан л байна лээ. Шавар хаалаа, түрүүлээд эхэлчихсэн бэлэн эмнэлэг рүү орчихлоо, манай эмнэлэгт ажилласангүй гэх үгсийг тоглоом шоглоомоор хэлж л байна лээ. Гэхдээ бид найз нөхөд, хэн хэн маань Монголоо дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ, үйлчилгээтэй орчин үеийн эмнэлэгтэй болгох чин хүсэлтэй, цагаанаараа байгаа эмнэлгийн бизнесийг хөгжүүлэх зорилготой учраас цаашид ойлголцоод явна л даа. 

-Та одоо улсын эмнэлэгт ажиллана. Давхар хувийн эмнэлгээ авч явна. Тэгэхээр цаашид эмчийнхээ ажилд түлхүү анхаарах нь ээ дээ. Өмнө нь бол нийтлэл бичээд, улстөрд яваад л, янз бүрийн олон нийтийн ажилд оролцдог идэвхтэй нэгэн байсан?
-Би өмнө нь ч гэсэн нийтлэл бичих, олон нийтийн ажилд тэгж их цаг зав зардаггүй, тусгайлан гаргадаггүй байсан юм аа. Нийтлэл бичнэ гэхэд толгойдоо бодоод өдөөгдчихсөн юмыг цаасан дээр буулгахад нэг их цаг зардаггүйг чи өөрөө мэднэ ш дээ. Үсрээд л нэг цаг зарцуулна. Олон нийтйин ажилд нэг их цаг гаргадаггүй. Ямар ч хүн дуртай ажилдаа л хамаг цаг заваа зарцуулдаг биз дээ. Би ч тийм. Би хүмүүст үйлчлэх гэж, хүмүүст туслах гэж л эмч болсон. Энэ ажилдаа ч дуртай. Тийм учраас хоёр эмнэлгийн аль алинд нь эмчээ хийнэ. Чадахаа больтлоо эмчээ л хийнэ. Энэ бол миний хатуу зарчим.

-Та гуравдугаар эмнэлэгт зөвхөн зүрхээ л үздэг байсан байх. Гэтэл манай сониноор танд  ирж байгаа асуултуудыг харахад танаас бүх л өвчний тухай асуудаг. Үүнээс үүдээд Болдсайхан эмч бүгдийг мэддэг юм уу гэдэг шүүмжлэл ч гардаг. Сонгдо-д та бас зүрхээ л үзэх үү, эсвэл хүмүүсийн асуудаг, ханддаг шиг бүхий л төрлийн өвчнийг үзэж оношлох уу?
-Би гуравдугаар эмнэлэгт зүрхний хагалгаа хийдэг ч,  янз бүрийн л хүнийг үздэг, зөвлөгөө өгдөг. Зөвхөн зүрхний, эсвэл баруун гарын, хөлний, нүдний эмч би биш. Эмчийн ажлыг би сумаас эхэлсэн. Бүх шатанд ажилласан. Туршлага судалж, бас өөрийнхөө туршлагаас суралцуулах гэж дэлхийн олон том эмнэлэгт ажиллаж байсан. Дээр нь би хүний эмч байхын тулд анагаахын сүүлийн үеийн ололт шинэ шинэ нээлтүүдийг алдахгүй, анаж судалж уншиж байдаг. Намайг гэж сонгоод зорьж ирж байгаа хүнд зүрх л биш бол би үзэхгүй, мэдэхгүй гэх эрх надад байхгүй. Яагаад гэвэл би хүний эмч. Зөвхөн өөрийгөө гэлтгүй бусад эмчийг ч гэсэн ганцхан бие махбодийн гэлтгүй хүний эмч байгаасай л гэж боддог.  Тийм учраас намайг гэж итгэж найдаад асууж, хандаж байгаа хэнд ч болов сурсан, судалсан, ажилласан туршлагынхаа төвшинд хариулж зөвлөж байгаагаа буруутгадаггүй. Харин яг нарийн юман дээрээ тулбал ямар сумын эмнэлэг биш өөрөө гардахгүй, нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхийг зөвлөдөг.

3 comments:

  1. Сайн мэргэжилтэн, эрүүл сэтгэгч хүн санагддаг.

    ReplyDelete
  2. 2 ын хооронд байснаас нэг юмаа хөөсөн дээр. худлаа эмчилгээ бичиж өгчөөд хүн алах шахсанаа яагаад ярихгүй байна аа. Ядаж Уучлал гуйдаггүй юм байх даа.

    ReplyDelete
  3. sain emch shuu busad gazar emchilj onoshilj chadahgui bsan uwchniig mini onoshlood emchilgeen dyostoi saihan taaraad namaig hul deer mini bosgoson emch gej bi haa ch helne

    ReplyDelete