2012-12-20

Д.Батбаяр: Эцсийн эцэст урлаг уран зохиол ухаан төгөлдөржүүлэхэд л зориулагддаг байж магадгүй.

Уран зохиол бичихийн учир шалтгааныг зохиолч хүнээс асууна гэдэг нэг талаар утга учиргүй ч байж магадгүй. Гэхдээ үнэхээр яах гэж зохиол бичиж байгаа юм бэ гээд яриагаа эхлэх үү?
Олон учир байдаг байх. Түүний дотроос хамгийн түгээмэл нь хүн өөрийгөө илэрхийлэхийн тулд уран зохиол бичдэг байх. Тийм учраас залуу цагтаа, хүүхэд байхдаа шүлэг бичээгүй хүн тун ховор. Өөрийгөө илэрхийлэхүй нь цаашаа явсаар эрх чөлөөг эрмэлзэхүй болно. Эрх чөлөөтэй байхын хүслэн, эрх чөлөөг олох, эрх чөлөөг эрмэлзэх эрмэлзлэл болж хувирна. Эрх чөлөөг эрмэлзэх эрмэлзлэл цаашаагаа явсаар ухаанаа төгс төгөлдөржүүлэхийн зүг одно. Эцсийн эцэст урлаг уран зохиол ухаан төгөлдөржүүлэхэд л зориулагддаг байж магадгүй.

Тэгэхээр урлаг, уран зохиол зүгээр өөрийгөө илэрхийлэх л зорилготой гэж үү?Аливаа юмыг ач холбогдлынх нь үүднээс авч үзвэл хэрэгтэй хэрэггүй гэсэн зүйл гараад ирдэг. Энэ үүднээс аваад үзэхээр хэрэгтэй хэрэггүй зүйл маань хэрэглээг үүсгэнэ. Уран зохиол нэг талдаа хамгийн хэрэгтэй, нөгөө талдаа огтоос хэрэггүй мэт харагдана. Хэрэглээний ач холбогдол нь уран зохиол хүнд таашаал өгөх ёстой, хүнийг цэнгүүлэх ёстой гэснээс үй олны буюу массын уран зохиол, элитийн буюу цөөнхийн уран зохиол гэсэн хоёр чиглэлийг бий болгодог.

Уран зохиолын хэмжүүр юу юм бэ? Алдар нэр, гавьяа шагнал, эсвэл эрэлт хэрэгцээ гээд энэ бүхэн уран зохиолын үнэлэмж болох уу?
Тэгэхээр уран зохиолыг үй олны буюу массын эрэлт хүслээс үүдсэн тэр үнэлэмжээр үнэлэх юм уу, эсвэл цөөнхийн үнэлэмжээр үнэлэх юмуу гэсэн асуулт гараад ирнэ. Гэвч аль алинаар нь уран зохиол үнэлэгддэггүй. Уран зохиолын үнэлэмж гэдэг сонгодог хэмжүүр. Хүн төрөлхтний бүтээсэн, уран зохиолын эрдэнэсийн санд орсон гайхамшигтай бүтээлүүд тодорхой нэг хэмжээний зүй тогтлоор бүтсэн байдаг. Тэрхүү зүй тогтлоор бүтсэн уран зохиол бол сонгодог уран зохиол юм. Жишээ нь "Анна Каренина", “Бовари хатагтай" хоёр өөр өөр роман боловч ав адилхан зүй тогтолтой. Эндээс жинхэнэ урлаг уран зохиол гэсэн үнэлэмж гарна. Энэ л урлаг уран зохиолын үнэлэмж. Нобелийн шагнал авсан л бол тэрнийг дэлхийн уран зохиолын дээд мэтээр ойлгодог ойлголт манайханд байдаг. Харамсалтай нь тэр болгон Нобелийн шагналыг оноогоод өгчихдөггүй. Сайн зохиолчдод ч өгсөн л дөө. Набоковт, Бродскийд, Фолкнерт гээд... Гэтэл Борхес аваагүй, Танизаки аваагүй. Акутагава ч аваагүй. Тийм учраас Нобелийн шагнал ч юмуу ямар нэгэн шагнал бол уран зохиолын үнэлэмж болж чадахгүй.


Өнөөгийн Монголын уран зохиол, Дэлхийн уран зохиолын зааг ялгааны тухай та санал бодлоо хэлээч?
Уран зохиолд нэг айхтар чухал шинж чанар байдаг. Тэр бол ямар ч хүнд ойлгогдох, таалагдах шинж чанар. Ямар ч үндэстний ямар ч хэлээр орчуулахад ойлгогддог чанар. Жишээ нь XVI зууны Английн зохиолч Шекспирийн зохиолыг өнөөдөр Монголын үзэгчид дуртай үзэж, Японы зохиолч Кобэ Абэгийн "Элсний хүүхэн" романыг сонирхон уншиж байна. Монголын уран зохиолд гаргаж байгаа зүйлээрээ, дэлхийн төвшнөөс дэндүү дор байна гэж хэлэхийн үндэс байхгүй. Яагаад гэвэл манай зохиолуудыг хүн төрөлхтөн мэдэхгүй, манай уран зохиол орчуулагдаагүй. Гэтэл Дундад Европын уран зохиол бүгд л нэг хэлтэй, бүгдээрээ Англи,Францаар уншиж, бичиж байна. Тэдний зохиолууд дотор чинь манай уран зохиолоос уран сайхны төвшний хувьд хэдэн хувь дор юмс байж л байдаг. Манайд дэлхийн төвшинд хүрэх сайн шүлэг яруу найраг, өгүүллэгүүд бий болж л байна. Гол нь яруу найраг, шүлгийг орчуулахад хэцүү. Монгол хэл онцгой ер бусын хэл. Монгол хэлний яруу тансаг утга уянгыг өөр бусад хэлэнд тэр хэвээр нь буулгана гэж бараг л байхгүй. Орчуулагдлаа гэж бодоход ойлгохгүй.

Зохиолч хүн боловсролтой байх ёстойг хаана хаанаа ойлгож эхэлж байх шиг байна? Зөвхөн авьяасын тухай ярихаа больж дээ...

Одоо барууны зохиолчид өөрсдөө өөрийнхөө зохиолыг орчуулж байна. Жишээлэхэд Бродский гэхэд шууд англиар бичдэг байсан. Набоков унаган англи хэлтэй байсан. Зохиолч өөрөө өөрийнхөө зохиол бүтээлийг хүнд хүргэхийн тудд зайлшгүй хэлний боловсрол олж авах нь чухал. Ер нь боловсролтой байх шаардлагатай нь мэдээж.

Мэдлэг ямар хэрэгтэй юм бэ? Дарь үнэрлээгүй байж дайны тухай бичих хэрэггүй гэж Хэмингуэй хэлсэн байдаг шүү дээ?

Энэ бол зөвхөн Хэмингуэйн л үг байх. Заавал дайныг үзсэн хүн дайныг сайн бичнэ гэж байхгүй. Уран зохиол бүтдэг зарчим нь өөр. Заавал үзсэн харснаа бичих албагүй, үзсэн байвал сайн л биз.

Өнөөгийн манай уран зохиолын өнгө аяс, чиг хандлагын тухай та ямар бодолтой байна? Зарим хүмүүс яруу найрагч их олон болсныг гайхах, төвөгшөөх янзтай ярих болсон.

Өнөөгийн  залуучуудын өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвар сайн. Үүн дээр юу хэрэгтэй байна вэ гэвэл ур, урлахуй л дутаад байгаа юм. Зөвхөн өөрийгөө илэрхийлэх биш уран дүр дүрслэлээр илэрхийлэх хэрэгтэй. Одоогийн гарч байгаа яруу найргийн номууд ихэнх нь зүгээр л би тийм хүн, би тэгж бодож байна, би ингэж хүсч байна гэх мэтийн л зүйл байдаг. Яруу найргийн маш олон түүвэр гарч байна. Миний ажигласнаар уран зохиолын төрөл жигд явдаггүй. Нэг үе яруу найраг өндөр авч байхад хүүрнэл зохиол чимээгүй, хүүрнэл зохиол түлхүү гарч ирэхээр яруу найраг нь чимээгүй болдог. Одоо бол Монголын уран зохиолын хүүрнэл зохиол нэлээд дэвжих байх.

Уран зохиолд хөгжил байна уу?
Уран зохиолд хөгжил гэж байхгүй. Сонгодгууд бүгд нэг л төвшнийх

Ер нь хөгжил дэвшил гэж юу вэ?Өнөөдөр бид хөгжлийн тухай их ярьж бичиж байна. Барууны орнууд шиг, Америк шиг болно гэх юм уу, эсвэл Азийн барууд шиг болно гэх мэт. Ийм зүйлийг л хөгжил гэж ойлгоод байгаагийн хэмждэг хэмжүүр нь хэрэглээ л байгаа шүү дээ. Зөвхөн хэрэглээ. Гэтэл үүгээр хөгжил илрэхгүй. Ер нь хүн төрөлхтөн хөгжлийн замаасаа гараад аль 17 дугаар зуунд хэрэглээгээ хөөгөөд явчихсан. Хүн өөрийгөө, өөрийнхөө бие хэл, сэтгэл, оюун ухаанаа төгс төгөлдөржүүлэхийг л хөгжил гэнэ шүү дээ. Хүнд өөр хөгжүүлэх юм байхгүй. Модыг яаж хөгжүүлэх юм бэ? Уулыг яаж хөгжүүлэх юм бэ? Ус голыг яаж хөгжүүлэх юм бэ? Байгаль дэлхий юу ч хөгжүүлэхийг шаарддаггүй. Хүн өөрөө энэ ус, ургамал, ногоо, газар, шороо шиг байхын тулд өөрийгөө төгөлдөржүүлэх замд орох ёстой.

Би Улаанбаатарыг Парис шиг урлаг соёлын том хот болоосой гэж боддог. Таны хувьд?

Би бол бүү тийм болоосой гэж боддог. Бид өнөөгийн байгалийг, энэ нүүдэлчдийн ахуй амьдралыг хадгалан үлдэх хэрэгтэй. Энэнээс өөр сайн сайхан зүйл бидэнд байхгүй. Нүүдэлчин соёл иргэншил шиг гайхамшигтай юм байхгүй.
Бүх л дэлхий суурьшиж байна. Хүн бол хөдлөх тайван байх буюу нүүдэл суурьшил хоёрыг хослуулж л явах нь хүний иж бүрэн төгс амьдрал. Улаанбаатар хэзээ нэгэн цагт зайлшгүй Парис шиг болно. Харин боллоо гээд сайн сайханд хүрэхгүй, тэр үед хүмүүс бие биеэсээ улам л холдох болно. Гадаа гудамжинд явж байхад их олон хүн гав ганцаараа бүр ой модонд явж байгаа юм шиг, дэргэд нь хүн хальтирч унаж байхад, согтуу уначихсан хөлдөж үхэхийн даваан дээр байхад тоохгүй дэргэдүүр нь алхаад өнгөрч байдаг. Хүн тийм муухай харь болж байна. Энэ бол чухамхүү аймшиг мөн.

Өнөөгийн улс орныг харахад огт өөр байна шүүдээ?

Хэдийгээр би нүүдлийн соёл иргэншлийг гэж ярьж байгаа боловч би малчдыг гэрэл цахилгаангүй, зурагтгүй, гар утасгүй, харанхуй хоцрогдсон байгаасай гэж бодохгүй байна. Чухам нүүдлийг хадгалаад энэ суурьшлын хэрэгцээтэй юмнуудыг хөдөө рүүгээ аваачих хэрэгтэй. Гэтэл өнөөдөр манайд яг үүний эсрэг байгаа нь харамсалтай. Нүүдлийн мал аж ахуй бол байгалдаа зохицсон ахуй. Аливаа амьтан байгальд зохицон амьдардаг. Зохицох ч тийм зохилдлогоо байдаг. Зохицлыг л байхгүй болговол бүх юм байхгүй болно гэсэн үг.

Ахмад үеийнхэн залуу үеэ чамлах, залуучууд тэднийг төвөгшөөх үзэгдэл үеийн үед байсан. Өнөөгийн монголчууд, ялангуяа монгол залуучуудын тухай таны бодол ямар байдаг вэ?
Надад их өөдрөг бодол байдаг. Манай залуучууд ялангуяа сүүлийн жилүүдэд асар өөр болж байна. Олон сайхан залуус гадаадын том том их сургуулиудад сурч байна. Дэлхийд оюун ухаанаараа өрсөлдөж чадаж байна. Энэ бүгдээс харахад монголчууд одоо газраа, малаа идэхээ болиод ухаанаа, оюун ухаанаа идэх цаг болж гэдгийг харуулж байгаа хэрэг.

Бидэнд дэлхийн зиндаанд хүрэхэд юу дутаж байна вэ?

Юу дутагдаж байна вэ гэхээр нэг хэсэг нь монгол хүн, монголчууд бид залхуу, юу ч хийхгүй байна, баялгаа ашиглаж чадахгүй байна, цаг барихгүй байна гэх мэт хүн бүрт байдаг дутагдлуудыг маш соргогоор ажиглан хэлдэг байсан. Нэг хэсэг нь "Өө бидэнд боломж байна. Монгол хүний энэ их оюуны чадавхи, Чингис хаан гээд л энэ гайхамшигт түүх, монгол хүн гэдэг чинь бахархмаар юм байгаа юм”  гэхчилэн өөрсөддөө байгаа боломжоо хэлээд байдаг. Гэвч үнэндээ бидэнд юу дутагдаж байна вэ гэвэл өөрийнхөө алдааг  хардаг, өөрийнхөө боломж бололцоог олж хардаг хоёр чанар нэг хүнд байхгүй нь бидний дутагдал юм. Хүн бүхэнд энэ хоёр чанар байвал зүгээрсэн. Ихэнх нь нэг тал руугаа туйлшраад байх юм даа.

Хүмүүс ном уншихаа больсон нь юутай холбоотой вэ?

Ном уншихаа больжээ гэж их ярих болсон. Уншихгүй байгаа нь завсрын үе. Монголчуудаар ч зогсохгүй Америк, Европ гээд бүгд л уншихаа больчихсон. Ном уншихын оронд интернэт рүү ороод л номын тухай, зохиолын тухай юм уншдаг болсон байна. Номыг зайлшгүй унших ёстой. Уншихаас өөр арга байхгүй. Энэ рүү дэлхий дахинаараа эргэнэ. Ном гэдэг огт өөр зүйл. Хүн төрөлхтөн нэг нэгэндээ өөрийн оюун ухааныг дамжуулах сонгодог арга бол ном. Хэдэн зуун мянган жилийн өмнөх үйл явдлыг, хүний бодол санааг хүн номноос л уншиж байна. Өнөө үед хэрэглээний үүднээс номыг хялбарчилдаг болсон. Жинхэнэ уран зохиол гэдэг чинь үг өгүүлбэрээс бүтдэг. Хялбарчилдаг арга бол жимсний тухай яриулаад, жимс идсэн юм шиг боллоо гэсэнтэй яг төстэй зүйл юм.

Сайн дуучин хүн хоолойгоо гамнадаг, сайн зохиолч байхын тулд яах хэрэгтэй вэ?

Зохиолч хүн авъяасаа гамнах ёстой. Авъяастай хүн, гайхалтай авъяастай хүн зөндөө. Гагцхүү түүнээ юүхэн хээхэнд үрэн таран хийх нь даанч их. Авъяасыг хэрэглэхгүй бол зэвэрнэ. Хэтрүүлбэл дуусчихна. Тийм учраас бичих ч хэрэгтэй, гамнах ч хэрэгтэй.

Монгол хүн сэтгэлээ ариун байлгахын тулд өдөрт есөн удаа ээжийгээ бодож бай гэдэг. Та энэ тухай юу боддог вэ?
Ээжийгээ бодно гэдэг чинь ачийг нь санана гэсэн үг. Ачийг санана гэдэг өөрийгөө бодохоо болино гэсэн үг. Нэг удаа ч гэсэн чи өөрийгөө битгий бод. Бусдын чамд тус болсон ачийг бод гэсэн үг. Хүн сэтгэлээ ариун байлгахын тулд шашин л шүтэх хэрэгтэй. Шашны зорилго нь сэтгэл ариун байлгахад л оршдог. Сэтгэлээ ариун байлгана гэдэг нь сэтгэлээ номхтгохыг хэлнэ. Номхон сэтгэл амар амгалан байна. Амар амгалан сэтгэл бол ариун сэтгэл. Богд Зонхов айлдсан байдаг. Тэр нь "Өөрийн сэтгэлийг огоот номхтгох нь бурхны шашин мөн”  гэж. Сэтгэлийн догширлоос л хамаг муу муухай үүднэ. Сэтгэлийн догшрол нь атаа жөтөөнөөс гадна, эргэлзээ тээнэгэлзлүүд. Өөрөөр хэлбэл сэтгэл савчихыг хэлж байгаа юм. Жаргал гэдэг бол сэтгэл нь амгалан, бие нь эрүүл, ухаан нь саруул байхыг хэлнэ. Жаргал, жаргалтай байхын үндэс нь сэтгэл номхон байх, сэтгэлээ засах явдал. Хүн бол өөрөө энэ орчлон ертөнцийн нэгээхэн хэсэг. Нэгээхэн хэсэг гэдгээ ухаарч төгс төгөлдөржиж байж орчлонгийн тэр бүхэл бүтэн  “Цул"-тай нийлнэ.  Тийм   учраас   бүрэн   бүтэн түүнтэй нэгдэж   орохын тулд гэгээрэх хэрэгтэй. Гэгээрлийн дээдийн дээд нь магадгүй гэрэл ч байж болно. Хүн гэрэл болоод орчлонгийн их гэрэлтэй нийлдэг байх. Их гэгээрсэн хүмүүс гэрэл болоод алга болчихдог гэдэг. Өнөөгийн хүн орчлонгоос таслагдчихаад  байна. Орчлон ертөнцтэйгээ нэгдэхийн тулд гэгээрэх, гагцхүү гэгээрэх хэрэгтэй.

Ярилцсан С.Билигсайхан
Эх сурвалж: time.mn

0 Сэтгэгдэл:

Post a Comment