2012-03-19

Ү.Хүрэлбаатар: Хайр гэдэг өөрийгөө мартатлаа өрөөлд уусахын нэр

Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу ?
Сайхаан сайхан. Онд мэнд тарган сайхан оров уу, хаваржаа тавлаг уу?

Д. Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэнд баяр хүргэе. Энэ хаанаас олгодог ямар утгатай шагнал юм бэ, та хэд дэх нь вэ?
БСШУЯ-наас олгодог Засгийн газрын шагнал юм. Д. Нацагдорж бол монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч суут зохиолч. Тэгэхээр энэ хүний нэрэмжит шагнал гэдэг бол зохиолч хүний хувьд мэргэжлийн хамгийн дээд үнэлгээ байж таарна. Тэр тусмаа надад “Д. Намдагийн туршиц туурвил зүй” бүтээлийг минь нэрлэж олгосонд үнэхээр баярласан. Д. Нацагдорж, Д. Намдаг хоёр “Би биш” жүжгийг хамтарч бичиж, “Учиртай гурван толгой” жүжгийг зохион, найруулж тоглуулсан уран бүтээлийн андууд төдийгүй хэлмэгдлийн хар шуурганд хамтдаа өртөгсөд байсан нь хожимын олон учралын зангилаа болсон. Миний энгэр дээр их Нацагийн бүрх малгайтай хөрөг наран мэт гэрэлтсэнд Донровын Намдагийн гарын шавь хүний хувьд тэр хоёр их хүний учирлын нэгэн зангилаа энэ байж гэж бодсон шүү. Хэд дэх хүн болж шагнагдсаныг хэлэхэд хэцүү гэмээр нэгэн учир байна. Ё. Отгонбаяр сайдын гарын үсэгтэй үнэмлэх дээр 55, энгэрт минь зүүж өгсөн тэмдэг дээр 47 гэсэн дугаар байсан. Чухам аль нь зөв болохыг мэдэхгүй.

Их зохиолч хоёр хүнийг уулзуулсан энэ шагнал мэдээж таны уран бүтээлд их урам зориг, онгод хийморийг авчирах нь дамжиггүй юм. Таны олон сайхан дуу байдаг. Тэр бүхнийг үзэхэд хайр сэтгэлийн сэдэвтэй дуу их байх юм. Таны бодлоор хайр гэж юу вэ? 

Хайр гэдэг бол өөрийгөө мартатлаа өрөөлд уусахын нэр юм. Уусна гэдэг нэгдэнэ, нэгэн бие болно гэсэн үг биз дээ. Тиймээс хайр сэтгэл гэгч нь тэнгэр газар хоёр тэврэлдэн үнэсэлцэх тэр агшин мэт, наран саран хоёр ертөнцийг ээлжлэн гэрэлтүүлэх тэр гэгээн уулзварын эгшин мэт, аав ээж хоёрын минь миний биед нэгдэн шингэсэн тэр арга билгийн зохирол мэт санагддаг. Би хайр сэтгэлийг ингэж “хүнд” хүлээж авдаг учраас заримдаа шүлэг маань хүндэрчихгээд байдаг. Гэтэл хайрын дуу гэдэг гүн ухаанчилсан хандлагаас илүү алган дээр байгаа мэт их ойрын бишрэл, хүндэтгэл, халуун сэтгэлийн торгон мэдрэмж шаарддаг. Чухамхүү энэ мээдрэмж л хайр сэтгэлийн дууны шавхагдашгүй эх булаг болдог байх аа.

Тэгэхээр хайр сэтгэлийн энэ “хүнд” зүйлийн гэгээн сайхан нь чухам юунд оршдог бол. Яруу найрагч хүнд яаж мэдрэгддэг вэ?
Сайхан юм сайхандаа, гэгээн юм гэгээндээ өлгийдөн байршиж байж оршдог тогтдог гэж боддог. Хайр сэтгэлийг хайр сэтгэл л нялхамсаг болгодог. Тэгэхээр хайрыг хайр л олж таньж, солонгын өнгө нумран цугларах шиг бүрдүүлж, бас аргамжин тогтоодог. Их зохиолч Ч. Лодойдамба “Сайхан хайр гэж байдаг юм шүү. Олвол алдаж болохгүй” гэсэн алдарт үгээ жүжгийнхээ баатраар л илэрхийлсэн. Уран бүтээлч хүн өөрийнхөө санааг энэ мэтээр уран бүтээлдээ шингээдэг. Миний хувьд ч ялгаагүй. Хүн хамгийн ойрхон зүйлээ, хамгийн сайн мэддэг зүйлээ л бичдэг. Миний хайрын дуунууд миний хайр сэтгэлийн тусгал байж таарна. Тэгэхдээ хайрын сэдэвт дуу бүхнийг зохиогчийн өдрийн тэмдэглэл, болсон үйл явдал гэж ойлгож болохгүй. Хайр сэтгэл гэдэг нь хүмүүн заяатны сэтгэл, мэдрэмжийн гоо сайхан учраас тэр нь хүн бүхний шумбан сэлдэг аз жаргалын урсгал юм.
Яруу найрагч хүнд хайр сэтгэлийн гэгээн сайхан нь яаж мэдрэгддэг вэ гэж Та асуулаа. Энэ маш сонирхолтой асуулт байна. Яруу найрагч хүний онгодын цагаан хүлэг ямагт хайр сэтгэлийн уяан дээр үүрсэн зогсч байдаг. Тэр хүлэг морины ган дөрөөний ханхийх чимээ бүсгүй хүний онгон зүрхийг хэрхэн цочоон баясгаж байгаа тухай Бэгзийн Явуухулан ямар уран сайхан бичсэнийг бид мэднэ. Яруу найрагчийн мэдрэмж гэдэг үүнийг л хэлдэг. Гэвч тэр мэдрэмж нь дандаа гэгээн сайхан байдаггүй. Хайр сэтгэлийн халуун янагийн зэрэгцээ хагацалын нулимс, харууслын сүүдэр яруу найрагчийн зүрхийг дайран өнгөрдөг.

Миний хайрын дуунууд миний хайр сэтгэлийн тусгал гэж Та хэллээ. Ханьдаа зориулсан дуугаа нэрлэнэ үү. Нууц биш бол зарим нэг сонирхолтой зүйлийг дэлгэхгүй юу?
Гэгээн хайрын тухай дуунуудын маань ихэнхийн нь эх дүр яахын аргагүй эхнэр маань учраас тэр бүхнийг нэрлэхэд гар хөлийн хуруу лав багадна. Эхнэрийг маань Эрдэнэ гэдэг. Миний дуунуудад энэ үг их олон янзаар давтагдсан байдгийг зарим нэг гярхай хүн ажигласан л байдаг юм билээ. Зууны манлай дуучин Б. Сарантуяагийн гайхамшигтай сайхан дуулсан “Чам руу над руу урсана” гэдэг дуу бий. “Санан санан санан байна, саран нар шиг тодхон байна, саяхны юм шиг илхэн байна” гэж эхэлдэг энэ дууны дахилтанд “Өдөр нь санан шөнө нь зүүдэлсэн хайрт минь миний эрдэнэ, өглөө нь золгож үдэш нь залбирсан хань минь дэлхий эрдэнэ” гэж байдаг. Эрдэнэ гэсэн үг бүрийг эхнэрийн маань нэртэй холбоод байж болохгүй боловч ихэнх тохиолдолд би энэ үгийг хэрэглэхдээ сэтгэлийн дотоод чанадад ханиа хайрлан байж бичсэн нь бас үнэн юм.
Үнэнхүү гавъяатын дуулсан “Нүд хөмсгийг чинь харъя л даа” гэдэг дуу бий дээ. Тэр дууг бичсэн түүх сонин. Нэг өдөр хөгжмийн нэрт зохиолч Баттөмөр ажил дээр ирж “Эмнэлгээс дөнгөж сая гарлаа. Нүд хөмсөг болсон нэг сайхан сувилагч бүсгүйтэй танилцлаа. Түүнд дуу зориулна гээд амлачихсан. Яахав” гэдэг юм байна. Тэгээд бид хоёр дуу зохиох юм болов. Би тэр дор нь нэг нарийхан цаасан дээр балын харандаагаар эхний бадгийг дахилттай нь бичээд өгчихөв. Маргааш нь Баттөмөр маань утасдаж байна. Ая хийчихсэн, дараагийн бадаг хаана байна гэж нэлээд тулгах аястай нэхэж байна. Юмаа санаандаа тултал хийчихсэн хүн бардам байлгүй яахав. Тэгээд бид хоёр Хөгжим бүжгийн дунд сургууль дээр очиж Насанбатын өрөөний төгөлдөр хуур дээр “Нүд хөмсгийг” анх удаа сонсдог юм байна. Дараагийн бадаг ч яв цав таарчээ. Тэр үед дуучин Үнэнхүү ёстой л үнэнхүү моодонд орж байсан цаг. Энэ дууг Үнэнхүүгээр дуулуулъя гэсэн саналыг бид хоёр нэг хүн шиг зэрэг шахам гаргав. Юм эзнээ олох сайхан л даа. “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу”, “Нүд хөсмгийг чинь харъя л даа” хоёр дуу түүнийг гавьяатын өндөр босгыг давахад их дэм болсон доо. Хоёрдугаар эмнэлэгийн нэгэн сувилагчид зориулсан энэ дууг Баттөмөр, Үнэнхүү, бид гурав бас эхнэртээ ихэд саймширч “Чамд зориулсан” гэж хэлсэн билээ. Тэр тухайгаа бид хоорондоо ярьж хөгжилдөн инээлдээд өнгөрсөн бөгөөд эхнэрүүд маань ч тэгж л бодсон. Үнэндээ үүнд буруу юм байхгүй. Миний л хувьд гэхэд нүд хөмсөг болсон сувилагчийн оронд эхнэр маань л сэтгэлд харагдаж байсан. Угаасаа миний эхнэр нүд хөмсөг болсон сайхан бүсгүй л дээ.

Би таниас нэг дууны дахилтын учрыг асууя гэж боддог байсан. “Ойртох тусмаа холддог орчлон, оройтох тусмаа нялхардаг хайр аа” гэсэн энэ үг олон хүний сэтгэлд их ойрхон буусан. Үүний учрыг тайлж өгнө үү ?
Утгыг нь тайлчих юм бол утгаггүй болчихно. Чам шиг ингэж бодож яваа олон хүн байх тусам сайхан байхгүй юу. Ерээд оны дундуур зохиогдсон “Үггүй хайр” гэдэг дууны дахилт л даа, энэ чинь. Дуучин Ч. Амаржаргал өөрөө аяыг нь зохиож дуулсан. Тэр үедээ ёстой “хит” болж байлаа. Амраа маань ч эхэн үедээ “Хүмүүс энэ үгийг асуугаад байх юм, юу гэж хэлэх вэ” гэдэг байсан. Тэгэхээр нь би “үггүй хайр гэсэн үг гээд хэлчих” гэдэг байсан. Үнэндээ энэ дууны агуулга нь миний уран бүтээл, тэр тусмаа дууны яруу найргийн үзэл баримтлалын нэгэн чухал улаан шугам минь байгаа юм. “Үгүй гэвч үгүйсгэж болдоггүй үйлийн үр”-ийн тухай дуулна гэдэг хүний дотоод мөн чанарын гүн рүү нэвчинэ, нэвтэрнэ гэсэн үг. Сэтгэл чимчирсэн ийм шорвог нулимс л амьдрал, аз жаргал, хайр дурлалын жинхэнэ амтыг мэдрүүлдэг. Тэр тумсаа “ойртох тусмаа холдог орчлон”-г залууст мэдрүүлэхэд тэдний хайр дурлалын халуун түүх их нөлөөтэй байдаг. Гэрээсээ ажил руугаа алхсан нэг алхам газар гэрээсээ нэг алхам холдсон бус иргэж ирэхэд нэг алхам ойртсон гэж ухаарах үед л “ойртох тусмаа холддог орчлон”-гийн тухай ойлгож эхэлнэ. Шинэ жилийн баяраар нэг нас нэмлээ гэж хөөрөх үе алсарч нэг нас хасагдлаа гэж бодлогоширох үе ирдэг л юм даа. Хайртай болох амархан. Анхны харцаар ч дурлаж болно. Харин тэр сайхан хайраа насан туршдаа хадаглаж, хайрлаж, түүндээ жаргаж явна гэдэг хавьгүй хэцүү зүйл. Хайрын шалгах шалгуур нь хайртай гэж хэлэх тэр үг бус хайртай гэдгээ нотлох он жилүүд л юм. Үнэндээ хүний хайр гэдэг асаж буй лаатай яг адил. Лаа өөрийн биеэр гэрэл болж, өөрөө хайлан урсаж бусдад гэрэл гэгээ түгээдэг. Тиймээс би хайр гэдэг нь өөрийгөө мартатлаа өрөөлд уусахын нэр гэж хэлээд байгаа юм.

Хайрын тухай сайхан яриа болж байна. Хайрын дуу гэдэг таны хувьд орчлонг танин мэдэх арга юм байна гэж ойлголоо. Энэ зөв үү?
Яг тийм. Дуу гэдэг нь өөрөө урлагийн хураангуйлсан хэлбэр юм. Утга зохиол, урлагийн элементүүд нэлээд төгс хэлбэрээр бие биедээ уусан найрсаж байж нэгэн цул уран бүтээл болж дуу төрдөг. Дууг зохиоход яруу найраг, хөгжмийн ая эгшиг арга билэг мэт хоёр багана болдог бол түүнийг хүнд хүргэх зам нь түүнээс дутуугүй хүнд замыг туулдаг. Дуучны уран чадварт зөвхөн авъяас төдийгүй жүжиглэлт, дотоод сэтгэлийн илэрхийлэлийн их ур ухаан шаарддаг. Хөгжимчид, хөгжмийн найрууллага өнөө цагт дуу амьдрах гол амин сүнс нь болж байна. Энэ бүхний эцсийн үнэ, үнэлгээг тавьдаг хэрэглэгч нь үзэгч, цаг хугацаа хоёр юм. Үзэгчид бас савалгаатай. Тухайн үеийн үзэгч гайхалтай сайхан хүлээн авсан олон дуу мартагдаж, бас огт хүлээн аваагүй уран бүтээл дараа үедээ алдарших тохиолодол ч бас байдаг.. Харин цаг хугацаа гэдэг яалт ч үгүй харгис шүүлтүүр юм. Цаг хугацааны “есөн эрүү”-г давсан уран бүтээл л ардын дуу болон эзэн юүгээ шилгээн онголсон хүлэг мэт давхидаг. Тэгэхээр дууг хэн зохиосон нь гол бус олны сэтгэлд хадагдаж, аманд хүлхэгдэж ямагт шинэ мэт уламжлагдах тэр чадвар л чухал юм билээ. Тэгэхээр дан ганц хайрын дуу ч бус цаг хугацааг туулан гарч ирсэн дуу бүхэн орчлонгийн хэрэг явдлыг танин мэдсэний дуун түлхүүр байж таарна.

Уг нь таньтай Мартын наймны тухай ярилцах гэсэн юм. Гэтэл хайр сэтгэл, дууны тухай яриа болчихлоо. Энэ сайхан яриаг өөр бусад сэдэвтэй холиод ч яахав дээ?
Юу гэж байгаа юм. Энэ чинь нэг зүйлийн хоёр тал шүү дээ. Мартын наймны тухай би ярилцах дуртай байна. Юу асуух гэсэн юм, асуу л даа.

Нэг хэсэг Мартын наймныг хориглож зургадугаар сарын нэгэн рүү шилжүүлж Эх үрсийн баярын өдөр болгоход ихээхэн эсэргүүцэж байсан хүний нэг нь та байсныг би мэдэх юм. Энэ тухай ярихгүй юу?
Тийм ээ. Тэр үед би “Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан юм. Би сайн санаж байна. 1995 оны эхэнд УИХ хууль гарган Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж жил бүрийн 3-р сарын 8-ыг Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээр амардаг байсныг болиулж 6-р сарын 1-нд шилжүүлж Эх үрсийн байр болгон өөрчилсөн юм. Энэ нь амьдралд нийцээгүй шийдвэр байсан тул нийгэм хүлээж аваагүй. Харин ч хэдэн жил Эмэгтэйчүүдийн баярыг хоёр удаа тэмдэглэдэг болчихсон. Тэгээд л түүнийг залруулахыг хүсч сониндоо Ил захидал хүртэл нийтэлж байсан. Олны энэ байдал хуучин хэлбэрт эргэн шилжихэд хүрсэн юм. Олон улсын эмэгтэйчүүдийн тэмцлийн өдрийг баярын өдөр болгон анх шийдвэр гаргаж нийгэмд хэвшүүлсэн нь өөрөө сонин шийдэл байсан. Нэгэнт хэвшсэн тэр зүйлийг өөрчлөх нь олон сөрөн зүйлийг агуулсан бүр ч ойлгомжгүй зүйл байсан юм.

Мартын найманд эхнэрээ хэрхэн баярлуулдаг вэ?
Онцгой юм үгүй л дээ. Бусдын жишгээр л байдаг. Тэр өдөр гэр бүлээрээ хамтдаа байж сайхан гэгч амардаг. Би чинь гал тогооны өрөөнд бараг ордоггүй хүн. Харин Мартын наймнаар яалт ч үгүй нэг орно доо. Шар тос хөвсөн, борцтой хариулсан цай хийнэ. Манай хүн, бас хоёр охин маань үүнд дуртай. Миний хүү одоо гадаадад сурч байна. Тэр маань байхдаа бүр ч илүү сонин сайхан зүйл олныг сэдэж ээж, эгч, дүүгээ баясгадаг. Бэлэг сэлт авахдаа үнийг нь бус үнэн сэтгэлийг чухалчилдаг. Харин мартын найман бүхэнд сайхан бүсгүйн тухай шүлэг бичдэг.

Бусад бүсгүйчүүдэд хандан энэ өдрийн тухай юу хэлмээр байна ?
Энэ өдөр зөвхөн чиний л өдөр. Бүсгүй чи энэ өдөр ертөнцийн гоо сайхны тэнхлэг болж, зөвхөн чамайг тойрч нар сар эргэж байна гэж бод. Яагаад эцэг дэлхий гэдэггүй эх дэлхий гэдэг юм. Эмэгтэй хүн, эх хүн гэдэг чинь өөрөө эх дэлхийн эх ургамал болохоор л тэр юм. Аминаасаа амь тасалж биеэ хуваан хүн төрүүлнэ гэдэг гайхамшиг. Тиймээс энэ өдөр бол бүсгүй хүний гоо сайхны баяр юм шүү гэж хэлмээр байна. Аз жаргал гэдэг чинь зөвхөн тансаглал биш, архидалт бүр ч биш. Энэ өдөр сэтгэлийн амар амгаланг бүсгүй хүн өөрөө өөртөө бий болгож чадна гэдэгт би итгэж байна. “Болно болно, бүгд болно. Болохгүй юм гэж орчлонд хаа байна” гэж Мишигийн Цэдэндорж хэлсэн биш үү.

Та сүүлийн үеийн уран бүтээлээ сонирхуулахгүй юу, уран бүтээлийн тоглолтоо хэзээ хийх вэ ?
Уран бүтээлийн тоглолтын тухай сүүлийн үед надаас сурвалжлагч бүхэн асууж байна. Тоглолт хийх тохироо нь бүрдэж байгаа, хүлээлт бий болсон гэсэн үг л дээ. Уран бүтээлийн сайхан тоглолт хийх нь миний сэтгэлийн дагуул болсон мөрөөдөл. Тиймээс хийнэ. Харин хавар уу, намар уу гэдэг нь цаг хугацааны асуудал болчихоод байна. Сүүлийн үеийн уран бүтээлийн тайлан энэ болох байх. Мэдээж шинэ дуунууд бичиж байна. Хамгийн сүүлд “Хатан Туулын нулимс” дуу бичсэн. Нүдэн дээр минь шингэрч ширгэж байгаа ижий Туулынхаа тухай харуусан харуусан бичсэн. Аяыг нь хөгжмийн зохиолч Б. Цэрэндондов зохиосон. Уран бүтээлчдийн нийгмийн үүрэг гэж бий. Байгал орчны сэдэв үнэхээр сэтгэл түгшээж байна. Шимжирч хайрлана гэдэг бас их чухал. Эх байгалийнхаа тухай их бичнэ ээ.

Ярилцлага хийсэн Н.Туяагэрэл

0 Сэтгэгдэл:

Post a Comment