2012-03-15

С.Сүхбаатар: Дэлхийн хамгийн бага цалинтай манай Монгол хамгийн өртөг өндөртэй улс болжээ.

Сэвжидийн Сүхбаатар гэх энэ эрхмийн өдрийн талыг хажуугаас нь мэдрээд өмнөөс нь толгой эргэчихсэн. Концерт найруулаад хэн нь хаашаа яаж харах, хаанаас гарах, юу өмсч, яаж бүжиглэх гээд 300 хүнтэй микрофон барьчихсан үзэж тарж байх юм. Өдгөө 60 насны сүүдэр зооглож, эцгээсээ өвлөсөн монгол бүжгийн эх түүхийг өөрийнхөөрөө бүтээлцэж яваа түүнийг өд хатгасан бүрх малгай, дэгжин ороолт, сэнгэнэсэн сүрчиг нь одоо ч тодорхойлсоор…
20 жилийн тэртээ холын Америкт зүгийг нь зааж, дөрөөг нь мялааж үдсэн шавь нарынхаа урилгаар С.Сүхбаатар гуай cap гаруй аялаад иржээ. Холын сонинг нь хуваалцахаар түүнтэй ярилцлаа.



Таныг Америкаар их адал явдалтай яваад ирсэн гэсэн. Холын сониноос хуваалцаж болох уу? 
20 жилийн өмнө анх тухайн үеийнхээр хөрөнгөтөн орон Америкт МУ-ыг төлөөлж АЖ, төрийн шагналт, зуунь манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит чуулгын бүжигчид циркийнхэнтэй хамтран аялан тоглож байлаа. Тухайн үеийн улс төр, Монголын ахуй байдал ороо бусгаа цаг үе байсан. Энэ цагаас хойш Монголын урлаг соёл, Япон, Солонгос, Европын орнуудад тоглон сурталчлагдах зам нээгдсэн юм.Үүний өмнө Италид “Монгол бүжгийн гайхамшиг” аавын маань удирдлагаар тоглож байсан. Сая Америкт 20 жил уулзаагүй шавь нартайгаа уулзлаа. 20 настай явсан нь 40 настай, 40 настай явсаннь 60 дөхчихсөн байна. Харь оронд 20 жил ажиллаж амьдарч байгаа тэдэнтэйгээ уулзаж, Монголынхоо ахуй амьдрал, бүжгийн хөгжил урлаг соёлын талаар ярьж хөөрч яваад ирлээ.
Тэд маань ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Монголдоо цуглаж ажиллаж амьдарцгаая” гэсэн уриалгыг маш их догдлон хүлээн авчээ. Харь гүрэнд ажиллаж амьдрахдаа олж мэдсэн сурснаа Монголдоо нэмэрлэхэд бэлэн байна. Тэнд авдаг хөдөлмөрийн хөлсний хэмжээгээ бас эндээс авч чадвал эх орондоо очиход бэлэн байна гэж ярьж байна.Бүжигчид маань АНУ-ын 6 хотоор намайг аялахад маршрут, үзвэрийг маань бүгдийг нь бэлдчихсэн байсан. Америкийн алдартай цирк, театруудад Монголын уран бүтээлчид чадварлагаар үнэлэгдсэн байна. Тэндэхийн урлагийн 5 том театрын тоглолтыг үзлээ. Монголд тэр сайхан театр нь байвал тийм хэмжээнд тоглох ур чадвар манайханд бий.
15 жилийн өмнө би Америкийн шоу бизнес, урлагийн чадавхийг ярихад хөрөнгөтний нийгмийн сонин сэтгэхүйг чи Монголд сурталчилж яах нь вэ гэж зэмлэж байсан. Би бол гэрэл техник, урлагийн хөгжил, хөрөнгө хүчийг л гайхан шагшиж байсан юм. Монголын төр урлагаа дэмжээсэй, тэгж чадвал манайд хаа ч гологдохгүй урлаг байна.
20 жилийн өмнө залуу охидыг тэнд үлдээж байхад С.Сүхбаатар зарчихлаа шахуу хэл үг босч байсан байх аа? 
Тийм ээ. Анх Америк явахад нэлээн нарийн шалгуураар явж байсан. Хань нөхөр нь ч явуулах дургүй байсан. Японд явлаа гэхэд л чи хүүхэн худалдлаа гэж байсан. Миний эгдүү хүрээд “Тэгвэл эхнэрээ хүртэл худалдаж чадсан намайг сайн худалдаачин гэж бодоорой” гэсэн. Тийм бурангуй атаач удирдлагууд өнөөг хүртэл байсаар ирсэн.
Хань, үр хүүхдээсээ хол хүний нутагт зовж яваа урлагийнхан энд үлдсэн ар гэрээ тэжээж тэтгэж байгаа. Сүхбаатар тэргүүтнүүд янхан бэлдэж явуулаагүйг гадаадад байгаа урлагийнхан маань 20 жилийн дараа нотолж байна. Тэнд байгаа урлагийнхан энд ирээд бүхэл бүтэн байгууллага удирдаад менежментийг нь аваад явчих туршлага хуримтлуулж, сайн бизнес, сайхан амьдралыг бий болгож чаджээ.
Лас Вегаст очоод дэлхийн зартай зугаа цэнгээний хот казиногийн орон гэхээсээ дэлхийн сонгодог уран бүтээлчдийн, хөгжингүй урлаг соёлын төв болохыг нь мэдэрлээ. Тэр зэргийн жижиг хотыг дэлхийн хэмжээний хот болгож чадаж байхад бид яагаад чадахгүй гэж? Манай томчууд их очдог юм билээ. Газар шороон дээрээ эртний ахуй амьдрал соёл урлагаа харуулсан тийм хот байгуулвал дэлхий нийт наашаа эргэнэ гэх сэтгэгдэл надад төрж явлаа.

Өчигдөр өдрийн тал концерт бэлтгэхийг чинь харахад наадмын талбайд 5000 хүнтэй яаж нервээ барсан бол гэж эрхгүй бодогдсон? 
300 гаруй хүүхэдтэй ажиллаж ийм концерт найрууллаа. Нэлээн хүч хөдөлмөр зарж ажиллаж байна. Найруулагч хүн гэдэг тайван бодно, унтаж байхдаа ч ажлаа зүүдэлнэ. Хүнтэй ажиллана гэдэг чинь их нерв бардаг ажил. Тархины мэдрэхүй, уур уцаар, нервээ барна. Үүнтэй адил олон төрийн концерт, наадмыг найрууллаа.
Тэр олон хүнийг нэг зүгт эвлүүлж бүтээл гаргах нь нөр их хөдөлмөр. Заримдаа би “Хүн маллаж байснаас малчин байсан нь арай дээр байж” гэж хэлдэг. Мал дотроос жимээрээ сайн явдаг нь үхэр байдаг. Идэш хоолоо олж идчихээд бэлчээрээсээ буцахад ч удирдагч байдаг. Хүний өмнөөс амар тайвнаа алдах, эвсэж хийлгэх хувь тавилан надад оноогдсон учраас энэ ажлыг би хийх ёстой.
Энэ жил 4 их ой давхацсан төрийн наадмаа уламжлалт урлагаа орчин үеийнхтэй хослуулж хийж чадлаа. Монгол эхийн сүүний мялаалгыг бид агуулгаар нь илэрхийлж хийсэн. 10 жилийн өмнө би 80 жилийн ойг 5000 хүнтэйгээр хийе гэхэд “Чи дандаа болох бүтэхгүй юм сэтгэж байх юм” гэж гайхаж байсан. Онгоц нисгэх зардал хаа байна? “Чи сэтгэнэ сэтгэнэ гэхэд хэтэрхий сэтгэж байна. Галзуу солиотой” гээд л байсан.
Би чинь “Уяхан замбуу тивийн наран” дууг дуулуулж онгоцноос буулгана, М үсэгтэй бөмбөлөг хөөргөнө” гээд солиорч байлаа. Энэ жил зориод хийсэн. Миний жинхэнэ зөвлөгч, урлагийн тогоонд зовж шаналж, хүнд муу хэлүүлж хамтдаа зүтгэж ирсэн журмын нөхөр Д.Сосорбарамтайгаа баруун зүүний магнайд төрийнхөө наадмын хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж чадлаа.
Дараагийн наадмын сценарыг би биччихсэн байгаа. Хийнэ гэж би хэлэхгүй. Миний шавь нар гэж агуу бүжиг дэглээчид, найруулагч нар төрчихсөн байгаа.

Таны 60 насны ойд зориулсан DVD-г шавь нар чинь сюрприз болгон бариа юу?  
ҮДБЭЧ миний чуулгадаа бүтээсэн бүтээлүүдээр DVD гаргасан гэсэн. Би бол үзэж амжаагүй байгаа. Надад гол нь хүний нас бол чухал биш. Надад 80 настай, 10 настай ч найз бий. Хүн төрөлхтөн насаараа биш, оюун ухаанаараа бие биедээ хань түшиг болж нөхөрлөдөг. Би урлагт 40 жилийн амьдралаа зориулжээ. Тиймээс уран бүтээлийн тайлангаа хийнэ гэсэн бодол байсан боловч чадсангүй.Энэ нь тайз олдоогүй гэх юм уу? Атаач хүмүүсийн нөлөөгөөр болов уу гэсэн асуудал яригдаад байгаа. Гэхдээ би бол “Даравч дардайна. Булавч бултайна” гэгчээр улам бүтээж, зүтгэсээр байх болно. Уран бүтээлч байж үзээгүй, юу ч хийж үзээгүй хүмүүс уран бүтээлч биднийг дарж чаддаггүй юм. Ямар ч байсан би ард түмэндээ өртэй. 40 жил бүжиглэсэн их цэнгүүнээ би тоглох болно, үзүүлэх болно. Энэ бол миний том зорилго.

Монгол бүжгээр таны өмнө хөндөлсөх, сөргөөцөлдөх хүн байдаг юм уу? 
 Миний аав монгол бүжгийн хаан гэж ард түмэнд үнэлэгдэн мөнхөрлөө. Сүхбаатар миний бие тэр хүний үргэлжлэл, төрсөн хүү нь хэдий боловч МУ-ын гайхамшигтай удирдагч Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатова төрийн концертонд 1976 онд “Шигширэгт” гэх бүжиг хиихииг үзээд дэглэсэн залууг нь Москвад театр урлагийн дээд сургуульд явуул гэдэг үүргийг өгснөөр би бүжгийн найруулгын школыг том гүрэнд эзэмшсэн.
Миний олон шавь нар чуулгыг шинэчлэхээр онгодоор дүүрэн байна. Шинэ үе бол тэд. Би монгол бүжгийг хөгжүүлэхийн тулд авьяастнуудтайгаа хамтран тэмцэж, сайхан бүтээлүүдийг хийдэг. Үүний эсрэг ямар ч уран бүтээл хийж үзээгүй дарганцарууд биднийг ад үздэг. Бид шударга үнэнч хийдэг. Тэд эсрэгээр нь худал бичиг баримтаар авьяастай уран бүтээлчдийг ажлаас нь хөөж халж нам дарах ажлыг хийдэг.
Үүнээс болж Монголын олон чадварлаг уран бүтээлчид урлагийн тайзнаас хасагдсан байдаг. Би энэ талын тодорхой мэдээллийг өгөх нь зүйтэй юм байна гэж бодож байна. Яагаад гэвэл зөвхөн С.Сүхбаатар миний бие уран бүтээл хийгээд яваад байх биш төрөө харж, нийгмээ мэдэрч эв нэгдлээ шингээж хийж чаддаг. Одоо би дарга гэдэг хүн гарын үсгээ зураад хөрөнгөө гаргаад хийхэд бэлэн бүтээлээ жил нухаад дуншиж байна.
“Монголын ноёдын зуун” гэж АУЗ Б.Лхагвасүрэн гуайн цомнолоор хийсэн бүтээлээ хийж чадаагүй алдсан.

Таны ууган хүү Амараа “Би Монгол хүн” тоглолтоо хийж таныг өмнөө сөгдүүлсэн. Таны сэтгэл тэр үед их хөдөлсөн байж таарах нь? 
”Би Монгол хүн” гэдэг үгийг агуу эх орончид сэтгэл зүрхнээсээ хэлдэг. Эх орон, ард түмнээ хамгаалж олон сайхан баатарлаг эрс амиа өгсөн. Орчин цагт миний хүү энэ үгийг омог бардам зарлан тунхаглаж чаддаг болсон нь миний удмын гайхамшиг. Тийм учраас би хүүдээ аавын хувьд сөгдсөн. Хүний өмнө сөгдөхөд насны хязгаар байдаггүй. Хүмүүс намайг хүүдээ сөгдлөө гэсэн.
Өвдгөн дээрээ сөхөрч суугаагүй би мөргөсөн. Мөргөнө гэдэг би өөрийн адисаа хүүдээ өгч байгаа юм. Энэ бол миний бодлын нэгэн ухаан. Үүнтэй адилаар жижиг Амраа “Аав аа би зүгээр нэг уран бүтээлч байхгүй. Ирээдүйн Монголын урлагийг хөгжүүлэхэд менежмент дутагдаж байгаа учраас би гадаадад сурна” гэж тулгаад хэлчихсэн байгаа.
Би бол тэр хүүхдийг морин хуурч, хөгжмийн зохиолч болгоно гэж бодсон. Гэтэл менежмент дутагдаж байгааг олж харна гэдэг бол үнэлүүштэй, эх оронч сэтгэл юм. Би бол улсын хөрөнгөөр сурсан хүн. Би чинь 9 найзтайгаа хөрөнгөтний замаар явъя гэж шийдэж байсан. П.Очирбат, Ш.Отгонбилэг агсан нар уг нь дэмжиж байсан ч би авьяасаа дагаж амьдарсан. Бага хүү маань “Хатариш” гэж дууг саяхан дуулсан. Багаасаа бараг тайзан дээр мөлхөж өссөн хүүхэд.

Танайхыг гэр бүлийн тоглолт хийнэ гэсэн яриа байгаа. Та эхнэр хүүхдүүдтэйгээ ярьсан уу? 
Би чинь их өнөр гэр бүлтэй. Бүжиг гэдэг агуу том гэр бүл байдаг. Сэвжид багшийн маань цогцлоосон агуу эвсэг гэр бүл дэлхийд амьдарч байна. Хүн төрөлхтний амьдралыг мөнхийн хөдөлгөөнөөр илэрхийлж байгаа Монгол бүжгийнхэн маань хамтдаа хөлс, цусаа урсгаж гэмтэл бэртлээ ч үл тоодог. Энэ хэсгийн хэлтэрхий сая намайг АНУ-д хүлээн авлаа. Миний өөрийн гэр бүл энэ том гэр бүлийн эс.

Та хоёр хүүгийнхээ хамт дуучин Д.Болдын клипэнд тоглосон? 
Төрийн соёрхолт Д.Болдын “Миний хоёр эрдэнэ” дууны клипэнд тоглосон. Түүнийг төрийн соёрхол авахад олон хүн дургүйцэж байсан ч дэмжиж байсан хүний нэг нь би. Миний хүүтэй хамт нэгэн үед монгол поп урлагийг хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн хүн. Монгол дээлээ өмсөж орчин үеийн урлагтай уран бүтээлээ хослуулсан нь олон залуусыг үндсэрхэг үзлээр байлдан дагуулсан. Бид гурвыг клипэнд тоглохоор очиход тэнд байсан хүмүүс “Аль нь “Хар сарнай”-н Амраа, аль нь жижиг Амраа, аль нь Сүхбаатар вэ?” гэж асууж байсан л даа.
Энэ бол Сүхбаатарыг үрчийчихээд орж ирж байхад танихгүй байна гэсэн үг биш л дээ. Нэгэн удмын цус гүйж байгааг л мэдрүүлсэн хэрэг. Биднээс шадар гурван цэрэг гэдэг шиг бүтээл гарах байх аа. Онгироо, сагсуу, хүнлэг, галзуу, эх оронч гэдгээрээ олонд хэлэгддэг Дэлгэрмөрөн, “Харанга”-ын Лхагваа, Амраа гурвын уран бүтээл гарлаа шүү дээ. Манай уран бүтээлчид огцом хурц сэтгэгдлээ илэрхийлдэг. Эмоцитой, гомдоно, уйлна, уурладаг, үнэнийг хэлдэг хүмүүс.

Амраа таныг оройтож өвөө болголоо. Ач охиноо хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ Аав болоод хэр өөрчлөгдөж байна? 
Их сонин учрал байдаг юм байна. Амраа маань залуу насандаа гэрлэж амжсангүй. Идэр насандаа гэрлэж аав боллоо. Миний ач охин 3-р сарын 1-нд төрсөн. Амраа маань найз нөхдийнхеө хамт яаж догдлон хүлээж байгааг би төрөхийн гадаа тэр орой очиж мэдэрсэн. Ач охин маань миний туулай жилд төрсөн учраас Бүжин гэж нэр хайрласан.
Бас л миний удмын үргэлжлэл гэдгээ тэр охин төрөхдөө хэлж байна. Би эхийн цагаан сүүгээр амлаж өсөөд Хатан Туулынхаа усаар ундаалж амьдарч байна. Бэрийг маань Туул гэдэг. Туулай жилд бурханчлан тахиж явах нэгэн Бүжин төрлөө. Амраа аав болоод хүн өсгөнө, тэжээнэ, боловсролтой болгоно гээд хариуцлага гээч юмыг мэддэг боллоо.
Яамай даа гэж би бодож байгаа. Хүн өсгөхийн жаргал, зовлонг Амраа гуай мэдэрчихсэн Монголын алдартай эцэг болох гээд охиндоо юм л бол хөгжим сонсгоод мөрөн дээрээ суулгачихсан эцэг хүний намба зааж байгаа.

Та үндсэрхэг үзэлтэй хүний хувьд хэрхэн шинэлдэг вэ? Ууцгүй цагаан cap гээд уриалга хүртэл гарч байна? 
Би наадмаа хийхдээ хэлсэн. Эхийн цагаан сүүний мялаалга гэж. Эхийнхээ сүүгээр амлуулж өссөн Монголчууд эвтэй бай гэсэн бодол ухааныг би монгол хүн бүр тээж яваасай гэж би хэлмээр байна. Ерөнхийлөгч маань “Сүүтэй уриалга” гаргасныг би бас наадмын нээлтэнд хийсэн юм. Зарим хүмүүс ядаргаатай цагаан сарыг болимоор байна гэдэг.
Тэгвэл тэр ядаргаатай харь орны Валентины өдөр, 12сарын 31-нд баяр тэмдэглэхээ больё. Европын баахан дурлалаа, хайллаа гээд бэлэг өгдөг, өвлийн евгөн ирлээ гээд хийсвэр сэтгэхүйд нь бас л хөрөнгө мөнгөө гүйлгээд байдгаа болих хэрэгтэй. Эхийн цагаан сүүгээр амлаж өсчихөөд цагаан сараа больё гэдэг нөхдүүд өөрсдийгөө буудаад алчихсан нь дээр.
Цагаан cap бол алдаа оноогоо дэнслэн, гомдол гунигаа тайпж, идээ будаагаа дэлгэж энх мэндээ илтгэж байдаг ах ихсээ хүндэлдэг баяр. Ахмад залуу үеийн холбоосыг бий болгосон 12 жилийн агуу сэтгэхүй дэлхий ертөнцийн эргэх холбоог бэлгэдсэн баярыг үгүй хийе гэж байгаа бол өөрсдийгөө буудаад алсан нь дээр. Кимчи гээд Солонгосын өмхий байцааг идсэн Монгол эрчүүд өвдөг тойг нь өвддөг өвчтэй болсон байгаа.
Монгол хүний бие организмд кимчи их хөнөөл учруулж байгаа учраас үүнийг сурталчилдаг байгууллагууд боль гэж хэлмээр байна. Америкт би сая нэг зүйлийг анзаарлаа. Дэлхийн хамгийн бага цалинтай манай Монгол хамгийн өртөг өндөртэй улс болжээ. “Ханбүргэдэй” гэж дэлгүүрээс би нэг костюм авахад сая төгрөг болдог. Гэтэл Америкаас 300 долларт авч байх жишээтэй.
Манай улс төрч, эдийн засагчид энийг бодох ёстой. Америкчууд маш энгийн хямд хувцас өмсөх юм аа. Гэтэл манай монголчууд их эрэмгий, дундаж ажилтан гэхэд л булган шуба өмсчихсөн. Агуу үнэтэй гутал ч өмсдөг хувцасны чамин соёлтой хүмүүс. Америкчууд монголчуудын хөөрүү цагаан сэтгэл биднийг их татдаг гэж ярьж байна. Би америк монгол хүргэнийдээ зочилж явахад хүнлэг, ажилсаг занд нь болж монгол бүсгүйчүүдтэй гэрлэснээ ярьж байсан.
Америк кинон дээр гардаг шиг нийгэм биш байна. Өнөөдөр Монгол хамгийн замбараагүй нийгэмтэй, хууль нь амьдралд хэрэгждэггүй. Тэнд 21 настай хүнийг л бааранд оруулдаг юм байна.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”

0 Сэтгэгдэл:

Post a Comment