2012-09-25

Б.Лхагвасүрэн: Чаддаг юмаа хийх, мэддэг зүйлээ ярих тэмцлийн өмнө хэзээд эр зоригтой байж чадна

Яруу найрагчид гэж сэтгэл зүрхээ бүгдийн өмнө ном шиг дэлгээд тавьчихсан хэрнээ өөрийгөө бүхнээс нууцлаг, далд ертөнц хэмээн боддог хүмүүс байх. Тиймээс ч тэдэнтэй бусдын яриагүй сэдвээр ярина гэдэг хэцүү. Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэнтэй уулзахын өмнө түүний хөндөөгүй сэдвийн талаар удаан бодлоо. Эцэст нь түүнтэй “Амьдралтай хийсэн тэмцэл хийгээд эр хүний нулимс”-ны талаар ярилцъя гэвэл тэр уриалгахан зөвшөөрсөн юм.

Тэмцлийн талаарх бодлоосоо манай уншигчид­тай хуваалцаач?
Би тэмцэл гэдгийн цаад талд нь заавал шалтаг байх ёстой гэж ойлгодог. Өрсөлдөгч, зорилго, мөрөөдөл, үзэн ядалт, тэр байтугай цагаан атаархал хүртэл тэмцлийн шалтаг болдог. Бид юутай тэмцээд амьдраад байгаа юм бэ гэсэн чинь эцсийн дүнд амьд байх л гэж тэмцсэн байна.
“Сайн сайхны төлөө тэмцье” гэж хэлэх зохидоггүй юм. Яагаад ч юм, энэ өгүүлбэр их харь сонсогддог. Сайн сайханд хүрэх үйлдэл нь тэмцэл байж болдог ч тэмцэл гэдэг үгээр бүх зорилго нь илэрхийлэгдэх надад таатай санагддаггүй.
Тэмцэх гэдэг үгийг монголчууд хоёр айхтар утгаар хэрэглэдэг. Амьдрах, амьд байх, юм бүтээх, аливаа нэг үйлсийг бүтээхийн төлөө тэмцэх гэж хэрэглэхээс гадна амь тэмцэх гэдэг үгэн дээр ашигладаг. Амь тэмцэх гэдэг бол үхлийн шалтгаан.
Бас зарим хэтэрхий шуналтай, улангассан хүнийг байж ядсан, амь нь тэмцсэн амьтан гэж ад үзэж ярьдаг л даа. Олон үйлдлийн утгыг илэрхийлдэг үг юм шиг санагддаг.

Та амьдралынхаа тур­шид юуны төлөө тэмцсээр ирсэн байх юм?
Уран бүтээлээ сайн хийхийн төлөө чармайсан. Энэ нь яваандаа сайн зүйл бүтээхийн төлөөх тэмцэл гэдэг тодорхойлолтод орохоор болчихож.
Миний хамгийн их тэмцсэн зүйл бол өвчин, хагацал хоёр. Үр хүүхдээ амар мэнд, ханиа эрүүл энх байлгаж, аав, ээжтэйгээ хамт удаан амьдрах юмсан гэж их тэмцсэн. Тэрнээс биш өөрөөсөө илүү хүн байхыг дургүйцэх юм уу, илүү амьдралтай хүнд атаархах, “Би тэрнээс илүү байна” гэсэн тэмцэл бүтээх бодгал сэтгэлийг ижий, аав минь надад өгөөгүй. Удам судрынхаа зарлигаар би илүү юмны төлөө атаархаж тэмцдэггүй. Тийм ч учраас би бусдын хэрэгт оролцох, аливаа нэгэн юманд хэл, хошуу дүрэх дургүй.
Манай уран бүтээлчид болон улстөрийн зүтгэлт­нүү­дийн амьдралд хаш­гичиж, ард түмний эмзэг­лэлээр тоглож, шударга хүн болох гэж, эх орон, тусгаар тогт­нол гэж хашгирч, яг нидэр дээрээ хамгаалж чадахгүй мөртлөө тэмцэж байсан хөөрхий нэг үзүүлэх тэмцэл олон бий. Би үзүүлэх юм уу, хүнд харуулах жүжгийн хэсэг шиг тэмцэлд дургүй.
Би юуны төлөө тэмцээд байсан юм бэ гэвэл олуулаа, бүтнээрээ байх юмсан гэж их тэмцсэн. Гэвч хорвоо бүтэн биш шүү дээ.
Үүнээс өөр тэмцлийн тулаанд дуудсан үйл явдал надтай таарсангүй.

Өвчин зовлон, үхэл хагацлыг хүний хүчээр ялна гэж үгүй. Гэтэл та ялж болохгүй тэр зүйлтэй л тэмцээд байжээ?
Тэр бол сэтгэлийн их том далд тэмцэл юм. Тэмцэл бүхэн минь жам гэдэг хатуу хуульд л тулж зогсдог байлаа. Тиймээс ч би дандаа ялагддаг байсан.
Тэмцэл бүхэн ялалт авч ирэх албагүй шүү дээ. Хүмүүс тэмцлийн үр дүн нь ялалт гэж боддог юм шиг байна лээ. Зарим тохиолдолд ялагдал ч байж болно. Ялагдлын үр дүн нь сургамж, гашуун үнэн. Ялалтууд нь цаашид хэрэгтэй, хэрэггүй зүйлийн төлөө тэмцэхийн удиртгал болдог. Би ийм тэмцэлд дургүй.

Хорвоогийн жамд ялагдсан хамгийн том ялагдалтайгаа хэзээ нүүр тулсан бэ?
Ижий, аав хоёроосоо хагацах л байлаа. Би өтөлтлөө тэдэнтэйгээ хамт байх юмсан гэж бодож, их тэмцсэн. Үйлдлээр тэмцээгүй ч гэсэн миний дотоод сэтгэл, боддог, санадаг бүхэн минь тэр л зүйлийн тухай тэмцэж байсан. Гэвч энэ маань “Тэртэй тэргүй хорвоо тийм юм чинь дээ” гэсэн үр дүнтэй л тэмцэл байлаа.

Тэр ялагдлаас танд ямар нэгэн сургамж үлдэв үү?
Ертөнцөд хамгийн сургамжгүй зүйл бол үхэл шүү дээ. Хүн төрөлхтөнг ялладаг хамгийн том цааз бол үхэл юм.
Амьдралд ёс бусын, давж болшгүй бэрхшээлүүд, туйлдал, ядуурал зэргээс гарах тэмцэл бол өөрөө ургаж ирдэг, тэмцэхийн шалтгийг ургуулж өгдөг. Зөв тэмцэхийн шалтаг гэж бас бий. Зовлон, бэрхшээл хоёрт ялагдаж байгаа бол тэр хамгийн өчүүхэн хүн гэж би боддог. Хүмүүс давж гарахын тэнхээ, эр зориг гээд л мундаг зүйлсийн тухай ярьдаг даа. Энэ бүхэн худлаа. Тэрнээс гаргадаг ганцхан зүйл бол ухаан юм.
Архинд орчихсон хүмүүсийн тухай бодоход ялих, ялихгүй шалтгийн өмнө бууж өгсөн байдаг.
Тэнэг хүн л архинд ордог юм биш шүү дээ. Зарим тохиолдолд хамгийн их ухаарсан хүмүүс архинд орчихдог. Ертөнцийн мөнх бусыг ойлгоод, түүндээ төгс төгөлдөр итгээд, түүний хооронд үүлэн чөлөөний нар шиг амьдрал дунд амьдрах ёстой гэдгээ “Ерөөсөө дэмий” гэдэг үгээр сольчихдог тохиолдол зөндөө бий. Үүнийг би үл тэмцсэн, өөрийгөө аливаа муу зуршил, элдэв зүйлээс аврахын тулд хийгээгүй тэмцэл, өөрөөсөө урвасан хэрэг гэж үздэг.

Өөрийгөө өчүүхэн юм гэдгийг хэзээ хамгийн ихээр мэдэрч байв?
Амьддаа нэг хэсэг болж салаад, дараа нь өсч өндий­чихөөд нэгнээ үхүүлж хагацах нь хамгийн том хагацал. Том юмнаас том юм сална гэдэг их том хагацал шүү.
Ижий, аавыгаа санах, тэднийгээ хайрлах, дурсах зэрэг их бодол, үхэн хатан санадгаа би ер гаталж чадахгүй. Гаталж чадах, бэрхшээлийг туулж, бодохгүй санахгүй явж чадах хүн биш. Үндсэндээ би үүний л өмнө бууж өгдөг. Дутуугийн бэрхшээлийг давах тийм эр зориг надад байхгүй.

Гэхдээ ямар нэгэн тэмцлийн өмнө хэзээд эр зоригтой байж чадна биз дээ?
Чаддаг юмаа хийх, мэддэг зүйлээ ярих тэмцлийн өмнө хэзээд эр зоригтой байж чадна. Тархиндаа жаахан зай гаргачих л юм бол тэнэглэл орогночихно шүү дээ. Тиймээс болж өгвөл уншиж гэгээрч, үзэж харж явах тэмцэл хийсээр ирсэн. Хүмүүс аар саархан юм л гэх байх. Энэ бол надад агуу том тэмцэл байлаа.
Биеэ баглаад юм удаан унших нь биеэ барих тэмцэл л гэж би боддог. Энэ тэмцэл монголчуудад минь битгий их дутаасай гэж хүсдэг. Зорьсон юмандаа хүрэхийн төлөөх тэмцэл нь аливаа алиг, шалигхан зүйлээс болоод замын голоосоо битгий буцаасай л гэж боддог юм.

Амьд байгаа минь л том ялалт

Хүмүүс муу зуршилд их амархан автдаг. Таны хувьд элдэв муу зуршлаас өөрийгөө хамгаалах тэмцлийг сайн хийжээ гэж бодогддог?
Тэр бол тэмцэл байгаа­гүй. Хажуудаа байгаа хүн, эцэг, эх, ах, дүү, нутгийн буурлуудаасаа авсан жудаг л байсан.
Муу зуршил гэдэг угаасаа хүн рүү нүүж ирдэг эд. Нүү­гээд л нөмрөөд ороод ирдэг. Тэр бүхнээс зайлж бултана гэж үгүй. Нэг бодолтой, түүндээ үнэнч байсан хүн л манан дундаас гарч явна. Ерөөсөө монголчуудын жудаг л намайг авардаг юм.

Өөрийгөө олж авахын төлөөх тэмцэл гэдгийг та хийрхэл гэж боддог уу, аль эсвэл?
Хийрхэл. Өөрийгөө таньж үхсэн хүн нэг ч үгүй. Орчлонд хүний хамгийн таньдаггүй зүйл бол өөрөө юм. “Би хэн бэ” гэдгийг би өөрөө мэддэггүй юм.
Хүнд сайн, муу хэлэгдэж байгаа хэмжээгээр өөрийгөө үнэлнэ гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй.
Хүн өрөөлийг худлаа таниад л дуусдаг. Хүн бол ердөө танигддаггүй бодгал. Маш их гэрэл гэгээ, чанадын бодол санаатай, таагдашгүй оньсого.

Яруу найрагчид өөрс­дийгөө хамгийн нууцлаг хүн, далд ертөнц гэж хэлэх дуртай. Гэвч тэдний уран бүтээлээр дамжуулан түүний талаарх бүхий л нууцыг мэдэж болдог?
Тодорхой уншиж болох сэтгэл, эмзэг нимгэн арьстай, амархан хөөрч, амархан гомддог, хүн төрөлхтний уншиж болох хамгийн амархан үсэглэл бол яруу найрагч, зураач, уран бүтээлчид шүү дээ.

Олны танил хүмүүсийн хувьд өөрийг нь чиглэн ирэх атаа хорсолтой тэмцэх тэмцэл гэж бас бий?
Хүмүүсийн атаархаж байгаа нь надад мэдрэгдээгүй, эсвэл би мэдрээгүй байх. Өөрийгөө хүнээс илүү гэж бодсоныхоо дараа атаархлыг ярих ёстой. Би бусдаас илүү гэж бодож байсан өдөр нэг ч байхгүй. Тиймээс надад атаархал ирэх шаардлага байгаагүй. Би анхны шүлгээ хэвлүүлчихээд 20 жил номоо хэвлүүлж чадаагүй. Өөрийнхөө муугаас болж хэлмэгдэж, хавчигдаж л явлаа.
Тэр атаархал, хорлол гэдэг чинь надад мэдэгдэхээр ирдэггүй юм байна лээ. Уучихсан эм шиг үйлчилгээ нь мэдэгддэггүй. Би одоо хэнд гомдох билээ гэхээр өөртөө гомдохоос өөр юм олддоггүй юм.

Та сүүлийн жилүүдэд ч бас шүлгийн ном хэв­лүүлсэнгүй?
12 жил ном гаргасангүй. Дэвтэр бүрт л шүлэг байна. Би их гоё дэвтэр дээр, их гоё үзгээр бичих дуртай. Энэ бол миний ганц шунал. Дэвтэр бүхэнд шүлгийн ноорог бий. Ганц, хоёр мөр тавихгүй өдөр цөөхөн.

Тэгээд?
Насны бөгсөнд муу ном гаргамааргүй байна. Ядахдаа өөрийнхөө хэмжээнд “Энэ болж шүү” гэсэн хэдэн шүлгээрээ ном гаргамаар байна. Миний тэр шүлгүүдийг уншаад хүмүүс “Лхагвасүрэн сөнөжээ. Амьдаараа үхэж” гэж хэлнэ үү, яана вэ, надад хамаагүй. Миний бодож байгаагийн хэмжээнд таарсан, дүйсэн шүлгүүдтэй ном гаргах ёстой гэж их удаан нухлаа.

Дотоод хүн тань “Ном гарга” гэдэг. Харин та “Чи болоогүй байна” гээд л сууна уу?
Миний сэтгэлийн доторх сармагчин намайг яаж үймүүлдэг нь бид хоёрын дотоод хэрэг. Цээжин доторх сармагчин маань миний бодсоныг татгалзах, хүлээн зөвшөөрөх эсэх нь бидний л хэрэг. Цээжин доторх сармагчин маань гадаад Лхагвасүрэнгээсээ илүү ааштай учраас бид хоёр их зөрчилддөг. Бид хоёр таарамж муутай ч тэмцэлдэж байгаагүй.

Амьдралын аливаа тэмцэлд ялагдсанаа гаднаа хэрхэн илэрхийлдэг вэ?
Би олон ялагдлын тухай мэдэхгүй юм. Ялалт гэдгийн тухай ч ойлгодоггүй. Шагнал авсны хэмжээгээр би ялж байна гэж ойлговол биш л дээ. Шагнал гэдэг ялалтын бэлгэ тэмдэг биш. Дайнд орсны дараа баахан тэмдэг өгдөг. “Та ялалтад оролцлоо” гэснээс биш “Та бүхнийг яллаа” гэсэн шагнал биш шүү дээ.
Амьд байгаа минь л том ялалт. Би үүнээс илүү ялалтын тухай зүүдэлж ч байгаагүй.

Амьдрал үхэл хагацлыг, харин хүмүүс аюултай үгэн сумуудыг илгээдэг шүү дээ. Энэ бүхэн таныг тойроогүй л байх?
Зарим эрхтнээ хэрэглэж болохгүй цаг хүнд байдаг. Зарим үед хэлгүй, чихгүй, бодож чаддаггүй юм шиг явах нь хамгийн өлзийтэй. Энэ бол миний биений дархлаа байх. Зарим зүйлд хүчирхэг эрхтнүүдээ хэрэглэхгүй байж болно шүү дээ. Болдог юм.

Тэдгээрийг мэдрэхгүй байгаа юм шиг л өнгөрөөдөг гэсэн үг үү?
Мэдэрснээ дардаг. Өөрөөсөө гарч байгаа юмыг би өөрөө л хариуцна шүү дээ. Би биедээ бол хаан. Эрхтэн болгон маань түшмэл, өрлөгүүд. Надаас гарч байгаа бүхэн миний захиргаанд байх ёстой.

 Би сул үлдсэн хань, дэмий тэнэсэн хүүхэд хоёрт дургүй

Эрчүүд, тэр дундаа монгол эрчүүд нулимс цөөтэй хүмүүс. Та ч бас ховорхон уйлдаг уу?
Тийм ээ. Нулимс гэдэг бол сэтгэлийн зарлигаар гадагшаа асгарч байгаа тархины угаадас шүү дээ. Би үүнийгээ асгахгүй байдаг хүн биш л дээ. Гаргаж байх ёстой.
Нулимс ч бас хувийн өмч. Би ганцаараа уйлах дуртай. Миний нулимс хэн нэгний сэтгэлийг эвдэх, сэтгэлийн үерт автуулах, хэн нэгнийг уруу татах вий. Эсвэл баяр дээр унагасан нулимс минь хүн дэврээж, олон хүнийг дагуулах вий гэхээс эмээдэг.
Худлаа инээдэг хүмүүс л байдаг юм байх гэж бодсон чинь худлаа уйлдаг хүмүүс бас байдаг юм байна. Би худлаа нулимсыг үзэн яддаг.
Хүнд уйлах цаг байлгүй яах вэ. Ер нь эр хүн нулимс ховортой явах нь дээр. Миний муу аав нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө намайг дуудаад “Миний хүү, чи эр ганц хүн. Нулимс ховортой л яваарай” гэсэн шүү.

Хэзээ хамгийн их уйлсан бэ?
Нулимс бол хэмжээд байх зүйл биш. Асгарах цагаа болбол биеэ эгштэл асгарна. Асгарахгүйгээ хүрвэл биеэ дэвттэл тэвчинэ.
Би ижий, аав хоёрыгоо нас барахад хэсэг, хэсэг зогсоод л, их удаан, далд уйлсан даа. Яг л намрын бороо шиг. Гэхдээ миний төлөө унагасан тэр хоёрын баяр, гунигийн нулимсны хэмжээнд хүрээгүй л байлгүй.

Амьдралынхаа туршид нулимсаа олон удаа дотогшоо залгив уу?
Гадагшаа уйлснаасаа дотогшоо уйлсан нь олон шүү.
Би аавынхаа үгийг “Нулимсаа нууж яваарай” гэсэн үг болов уу гэж ойлгосон. Би аавынхаа үгэнд л орно. Орох ч ёстой. Үхтлээ л орно. Би сайд дарга нарын үгэнд орох дургүй шүү дээ. Аав, ээж, ханийнхаа л үгэнд ордог.
Удаан жил хамт амьдрахаар нэгэн биений төлөөлөл шиг ханиараа дамжуулж ертөнцийг ойлгох хэмжээнд тулдаг юм байна шүү дээ.

Гуниг, зовлонгоо бусдаас нуудаг ч баярын нулимсаа өрөөлөөс нуудаггүй биз дээ?
Барьж чадалгүй алдчихсан нулимс байлгүй яах вэ. Гэхдээ цөөхөн. 
Хүмүүс наадамд түрүү­лээд ирсэн морьдыг хараад уйлдаг. Би бол зурхайн дээрээс морьд эргэхээр тэсэлгүй уйлчихдаг юм. Миний аав морь эргэж байгааг харах дуртай. Аавтайгаа үзэж байсан болоод тэр үү, морьд эргэх л их гоё. Тэр үед л нулимсаа барьж чаддаггүй.

Бусдын хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг таныг хэр эмзэглүүлдэг вэ?
Яагаад ч юм, хүмүүс надаас эмээнгүй байдаг. Халдвартай амьтан шиг бэргээд байдаг юм. Хүндлээд ч байгаа юм уу. Тэгэхээр тэд намайг гомдоох үгийг миний нүүрэн дээр яаж хэлж чадах вэ.
Харин далд юу ярьдаг нь надад хамаагүй. Хүн өөрт нь хэлж чадаагүй үгээ л явсан хойно нь өөр хүнд хэлдэг шүү дээ. Тэр л ёсоороо болдог биз.

Өрөөлийн хийсэн алдааг хараад, харамссандаа уйлж байв уу?
Алдаа гэдэг уйлмаар зүйл биш. Харин ч уурламаар зүйл юм биш үү. Буруу зүйл хийсэн хүн буруугаа ойлгосон цагтаа өөрөө уйлах ёстой. Би өмнөөс нь уйлаад яах юм бэ.
Би бурууг нь хэлэх ч дургүй. Өөрөө буруугаа мэдрэх нь илүү болохоос, хүнээр хэлүүлж мэдэрнэ гэдэг хиймэл шүү дээ.

Таныг зэмлэж зүрхэлдэг хүн байдаг болов уу?
Намайг загнах эрх ханьд маань бий. Амьдралд ам мурийх, үзэл бодол зөрөх юм зөндөө бий. Хүний хань нөхрөө загналгүй яах вэ. Миний эцэг ижийг минь үглэж байхад дуугарч байгаагүй. “Хэ цэсс” гээд л суудаг байсан. Түүн дээр би аавыгаа сайн дуурайсан. Харин хүүхэд бол намайг загнах эрхгүй. Надаас үүссэн улс, үүсгэл рүүгээ нулимах эрхгүй.

Эцэг, эхийнхээ ачийг хариулж чадахгүй хэрнээ тэднийгээ захирч, зандардаг хүүхдүүд бас их олширчээ?
Үр хүүхдээсээ ач горьдож суудаг эцэг, эх бол хамгийн тэнэг эцэг, эх. Хүүхэд эцэг, эхийнхээ ачийг хариулдаггүй, хэзээ ч бардаггүй юм.
Хүүхдүүд маань өндөр их эрдэм сураад, бизнес хийж, ашиг олоод, намайг тэтгээсэй гэж би хүсдэг ч үгүй. Миний хүүхдүүд тэгэх ч үгүй. Би мөрөөрөө байхыг сургана уу гэхээс хүнээс илүү байхыг сургаж чаддаггүй эцэг.

Анх үрийн зулай үнэрлээд, баярын нулимс унагаж байсан уу?
Жигтэйхэн баярласан. Гэхдээ уйлаагүй. Ямар нэр өгье дээ гэж бодоод л зогсож байлаа. Эмнэлгээс гарсны дараа нялх биетэй эмэгтэй хүний сүү, хүүхдийн үнэр гэр дүүрэн түгээд л. Гэр гоё үнэртэй болсон гэж жигтэйхэн. Өөрийн эрхгүй хөл алдаж эхэлсэн дээ. Хүүхдийн даавуу алга болчихно гээд гэртээ хатаадаг байлаа.
Би жаахан юман дээр эмзэглэдэг муухай авиртай хүн. Ширээн дээр тавьсан баллуур алга болчихвол хэдэн өдөр ч гасалж мэднэ. Тамхиар дутах бүр ч дургүй.
Бас өөрийн юмандаа их харам. Үр хүүхдээ их өмөөрнө. Ханьдаа ч харам. Энэ алдаагаа мэддэг юм. Би сул үлдсэн хань, дэмий тэнэсэн хүүхэд хоёрт дургүй.


Хүүхдүүдийн маань хэн нь ч миний дэргэд хундагатай архи барьж үзээгүй

Амьдралын жамаас алд биеэ, өвчин эмгэгээс эрүүл мэндээ хэрхэн харамладаг вэ?
Би хань, үр хүүхдийнхээ хажууд “Ёо ёо” гэхээс л айдаг. “Өвдлөө, зовлоо” гээд нүдийг нь том болгоод байх дургүй. Надад оногдсон зовлон бол миний л юм. Хэчнээн хайртай хань, үр хүүхэд байлаа гээд миний зовлонг хуваахгүй. Өвчин, зовлон хоёр бол нэгэн биеэр л эдэлдэг зүйл. Харин тэрнээс үүдэлтэй санах, өрөвдөх, хайрлахын зовлонг хажуудах улс нь амсдаг.
Зарим шөнө зүрх өвдөөд ярагладаг юм. Хань маань дорхноо сэрчихдэг. Олон сэрээхгүй юмсан гээд сүүлдээ ёолохоо хүртэл багасгах үе бий.
Бид хоёр залуудаа зэрэгцээд хэвтдэг байлаа. Одоо бол толгой нь нийлсэн хоёр орон дээр, амьсгаа дуулдах газар хэвтдэг юм.
Би эрүүл мэнддээ бага анхаардаг. Эцэг минь тийм хүн байсан юм. Би үхэх болов уу гэж огт боддоггүй. Бага өвдсөн хүний зан байх л даа.

Намайг бурхан болохын цагт үр хүүхэд минь их шаналах байх даа гэж боддог л биз дээ?
Би хувь хүнд гуниг зовлон яаж тусдагийг мэддэггүйгээс гадна түүнийг ямар хэмжээгээр хүлээж авахыг бас мэдэхгүй. Хүүхэд гэдэг надаас өөр гараг ертөнц.
“Би яах бол” гэж бодож байгаагүй юм байна. Ямар ч байсан миний үхэл тэдэнд том хагацал байна гэдгийг ойлгодог. Тэр үед тэдэнд харамлах нулимс, гуниг байхгүй байх аа гэж бардам боддог.

Амьд явахын төлөөх тэмцлийг огт хийдэггүй гэж ойлгож болох уу?
Би өдөрт гурван хайрцаг тамхи татаж байна. Энийг л амьд явах тэмцэл гэж хэлэхгүй бол өөрөөр тэмцсэн юм алга даа.

Хөдөлж л байвал тэмцэж байна гэсэн үг гэлцдэг шүү дээ?
Би хөдлөх дургүй. Намайг хөдөлгөөнгүй хөшиж үхэхийн шалтгийг хань маань хийсэн гэж боддог юм. Ханьдаа өгдөг ганц буруу. Цайнд ч хүргэдэггүй, аягалаад л өгчихнө. Шүдэнз байхгүй байсан ч дөхүүлээд л өгчихнө.
Лав л “Надаас өмнө үхээсэй” гэсэн бодлого биш байх. Аминдаа надад амарчилж, эрхлүүлсэн царай нь энэ. Үүний цаана хайр л байгаа юм.
Хөдөлгөөн хүнийг, тэр ч бүү хэл орчлонг авардаг. Үүнийг би айхтар ойлгодог мөртлөө чаддаггүй.

Ахмадууд “Лхагвасүрэн ч хүүхдүүдээ хэтэрхий их эрхлүүлэх юм аа” гэж ярихыг цөөнгүй сонсож байлаа?
Би хүүхдүүддээ дэндүү эрх чөлөө өгдөг. Хүүхдүүд миний дэргэд тамхи татаж, согтуу орж ирж болно. Гэхдээ эмээдэг. Хүүхдүүд гэдэг чинь арилгачихсан сонгино шиг өөгүй цэвэрхэн амьтад биш шүү дээ. Жаахан амсчихдаг хүүхэд бий.
Гэхдээ хүүхдүүдийн минь хэн нь ч миний дэргэд хундагатай архи барьж үзээгүй. Хүргэн маань хүртэл тэгж чаддаггүй юм. Яагаад гэвэл, би насаараа архи уугаагүй. Архи уудаггүй хүний дэргэд том загнах хэцүү шүү дээ.

Таныг хүндэлсэндээ халдахаас ч эмээдэг хүн олон. Харин та хэн нэгнээс эмээдэг үү?
Гайгүй хэдэн журмын нөхөд болон ханиасаа эмээдэг. Миний төлөө зарсан он цаг, зүтгэсэн, хуваагдсаныг нь бодохоор эмээхээс ч өөр аргагүй.

Номоо удахгүй хэвлэлтэд өгөх гэж байгаа гэсэн. Тиймээс хоёулаа яриагаа таны хамгийн сүүлд бичсэн шүлгээр төгсгөх үү?
Болно оо, болно.

  “Мартахуй”

Хаана ч дураараа исгэрэх
Салхинд би атаархдаг
Салхи эцдэгийг мартаад...

Хаашаа ч хамаагүй урсдаг
Усанд би атаархдаг
Ус ширгэдгийг мартаад...

Холын холд дуурьсах
Цуурайнд би атаархдаг
Эргэж ирдэггүйг нь мартаад...

Хоёр үзүүр нь энүүхэнд
Солонгонд би атаархдаг
Хоосон гэдгийг нь мартаад...

Арван тавны саран мандахад
Тунгалагт нь би атаархдаг
Үүлэнд хиртдэгийг нь мартаад...

Эх сурвалж: "Өглөөний сонин"

2 comments:

  1. Dahin dahin unshaad l bmaar uhaaral avah saihan yariltslaga, minii hamgiin ih hundelj deedelj yavdag yaruu nairagch. Saihan niitlel oruulsand bayarlalaa.

    Muugii

    ReplyDelete
  2. Үнэхээр сайхан байлаа. Нэг л сэтгэл онгойгоогоод явчихлаа...Энэ сайхан хүний хэлсэнийг бодоод л явна даа...
    Пүүжээ

    ReplyDelete