2012-09-10

Ардын жүжигчин Л.Цогзолмаа: Түмэн олон минь хүрээлж төр соёрхсон гэр бүл болсондоо төр түмний минь буян заяа түшсэн гэж сүсэглэж явдаг

Жүжигчин Л.Цогзолмаа, Н.Сувд нарыг ард түмэн биширч хүндэлж явдаг билээ. Халхын сайхан бүсгүйчүүдийн манлайд явсан Цогзолмаа гуайг эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бүрдсэн сайхан эмэгтэй гэж Монголчууд маань хайрлаж хүндэлж “Зууны сайхан эмэгтэй”- гээр тодруулж өргөмжилсөн. Эдүгээ 87 насыг зооглож яваа Цогзолмаа гуай 73 жил урлагт зүтгэж, “Эртний сайхан чуулга”- даа уран бүтээлээ туурвиж, ануухнаараа үр хүүхэд, ач зээгээ тойруулаад сайхан амьдарч байна. Олон түүхт ой тохиож байгаа энэ үед Үндэсний их баяр наадмын өмнөхөн алдарт дуучин,жүжигчин Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин ТШ Л.Цогзолмаа гуайтай уулзаж туулж өнгөрүүлсэн амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрээр эмэгтэй дуучдаас “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн хоёр хүний нэг юм.

Таны бие тэнхээ сайн уу? Нас сүүдэр хэд хүрч байна даа.
Бие тэнхээ гайгүй шүү. Би ер нь өвдөж зовоод эмнэлэгээр нэг их явдаггүй юм. Бурхны аврал, үр хүүхдүүдийнхээ буянаар сайхан л амьдарч явна. Одоо ч миний үеийнхэн ховордоод байна шүү. Урлагийнхнаас хамгийн ахмадын тоонд Лха.Долгорын дараа л би орж байх шиг байна. Энэ жил олон түүхт ойнууд давхцсан өргөн дэлгэр наадам болж байгаа болохоор төрийнхээ сүлдэнд залбираад л сууж байна. Удахгүй баяр наадам өнгөрөөгөөд хүүхдүүд, ач зээ нартайгаа Архангай аймаг руу явж амрах төлөвлөгөөтэй байгаа.

Таны ойр дотны ах дүүсээс олон хүн байгаа юу?
Би чинь төрсөн эцэг эхээсээ дээрээ 2 ахтай айлын ганц охин байгаа юм. Намайг эхээс дөнгөж төрөхөд Сэргэлэн сумын Лувсанжамц гэж хүнд өргүүлсэн юм билээ. Төрсөн ээж минь намайг төрүүлээд удалгүй 1 сарын дараа өөд болсон гэсэн. Хоёр ахтайгаа олон жилийн дараа 1940-өөд онд 16 настайдаа анх нүүр учирч танилцсан. Том ах маань цэргээс халагдаж ирээд хотод Барилгын 3-р баазын даргаар олон жил ажилласан. Бага ах Дорж маань хожим улсын нэртэй ерөөлч болж “Наадмын ерөөл” зэрэг бүтээлээрээ алдаршиж Чойбалсан гуайгаас шагнал хүртэж байсан. Одоо ах нарын маань үр хүүхэд ач зээ гээд цөөнгүй хүмүүс бий.

Таны хань Намсрай гуай “Үнэн” сонины эрхлэгчээр олон жил ажилласан Монголын нэртэй сэхээтнүүдийн нэг байсан. Ханийнхаа талаар дурсахгүй юу? Та хоёр анх яаж танилцаж гэр бүл болсон бэ?
За даа бидний үүх түүхийг хүмүүс сайн мэднэ дээ. Гэхдээ ханийнхаа талаар ярихдаа баяртай л байна. Үр хүүхдүүд ач зээ нар нь буурай аавыгаа байнга дурсаж явдаг юм. Миний хань чинь Баянхонгор аймгийн Жаргалант /хуучнаар Байдрагийн САА/ сумын уугуул хүн байсан юм. Би ханийгаа аав гэж дууддаг байсан. Хар багадаа өнчирч хоцорсон надад бурхан дэндүү ховорхон хань заяасан юм. Тэр хүний буянаар хэдэн үеэрээ манайхан сайн сайхан амьдарч яваа гэж боддог. Бүсгүй хүнд сайн хань эцэг эхийг нь орлодог. Хүмүүс намайг их азтай эмэгтэй гэдэг байсан. Бүсгүй хүн бүхэн над шиг ханийн тэнгэртэй,аз жаргалтай яваасай гэж залбирдаг юм. Намайг театрт байхад 1942-1943 оны үед ТХ-ны үзэл суртлын хэлтэс соёл урлагийн байгууллагуудын ажлыг шалгаж хянадаг байлаа.
Тэгэхэд Намсрай маань Төв хороонд ажилладаг нүдэндээ шилтэй, их боловсон, дэгжин залуу театраар хааяа ирдэг байсан. Тэгэж бид анх зүс зүсээ харалцсан юм. Тэгээд 1944 онд цирк дээр болдог нэг үдэшлэг дээр хамт бүжиглэж арай дотно танилцсан. Танилцаад удаагүй байтал 1945 оны чөлөөлөх дайны үед өвгөн маань Өвөр монгол руу Монголын засгийн газрын төлөөлөгчөөр явсан. Тэнд байхдаа радиогор миний дуулсан “Хиен хуар” дууг сонсоод догдолсноо ирээд ярьж байсан. Бид хоёр 1946 оны 1-р сарын 5-нд дүн өвлөөр хуримаа хийсэн.

Тухайн үед торт гэдгийг хүмүүс бараг мэддэггүй байхад Цэдэнбал дарга орос тогоочоороо том торт хийлгэж өгснийг хүмүүс их сонирхож байлаа. Бидний хуримд тэр үеийн улс төрийн товчооны гишүүд Цэдэнбал, Ширэндэв Лодойдамба гээд их олон зочид ирсэн. Тэр өдөр би тоглолттой байсан болохоор хуримаа дөнгөж эхлүүлчихээд зочидоо орхиод Долгорсүрэн бид хоёр явж тоглолтондоо оролцчихоод ирээд хуримаа үргэлжлүүлж байлаа. Хурим өндөрлөхөд нөгөө хэд маань заншил ёсоор манай гэрийн өрхийг бүтээгээд хаалгыг том хар сүхээр даруулаад явсан. Энэ нь сүх шиг бөх бат гэр бүл болоорой гэж бэлэгдсэн хэрэг л дээ. Дараа нь маршал Чойбалсан гуай бид хоёрыг хүлээн авч баяр хүргэж бэлэг өгсөн. Тэрнээс хойш удалгүй ханийг маань Гэгээрлийн яамны сайдаар томилсон. Энэ цагаас хойш бид хоёр 5 сайхан хүүхдийн эжий аав болж 44 жил аз жаргалтай сайхан амьдарсан даа.

Намсрай гуайн төрсөн ах Баттөмөр гэж хүн өмнө нь Гэгээрлийн сайд байсан гэдэг. Төрсөн ах дүү хоёр нэг албыг хашина гэдэг бас л ховор тохиолдол шүү.
Тэгэлгүй яахав. Миний хань чинь ганц ахтай, 9 эмэгтэй эгч, дүүтэй айлын эрх танхи хүүхэд байсан юм. Баттөмөр ахынд нь Д.Нацагдорж Пагмадуламтайгаа, Сүхбаатар жанжин гээд тэр үеийн нэр төртэй хүмүүс их цугларч, орж гардаг байсан гэдэг. Их зохиолч Д.Нацагдорж тэднийд ирэхдээ баавгайтай чихрийн цасан дээр шүлгээ бичээд л сууж байдаг байсан гэдэг. Баттөмөр ахыг Лхүмбийн хэрэг гэгчид холбогдуулж 33-хан настай байхад нь цаазлачихсан гэсэн. Баттөмөр ах Гэгээрлийн яамны сайдаар хоёр удаа томилогдож ажилласан юм билээ.
Цаазлуулсаных нь дараа өөр хүн сайдаар ажиллаж байгаад манай Намсрайг томилогдоод ажлаа хүлээж авахаар албан өрөөндөө ороход талийгаач ахынх нь сууж байсан ширээ сандал, бийр янтай бүх зүйл нь яг тэр хэвээрээ байсан гэсэн. Тэр үед хань маань ахыгаа бодож сэтгэл нь эмтэрч их уйлсан гэдэг. Аргагүй ч үгүй шүү дээ газар дээрх ганц ахыг нь хэлмэгдүүлж буудсан болохоор нэг хэсэг сэтгэл санаагаар их унасан даа. Хань маань 1930 онд энэ ахыгаа бараадаж анх хотод хөл тавьж ач ивээлийг нь их хүртсэн хүн байгаа юм. Хожим 1962 онд ахынхаа нэр төрийг сэргээж, цагаатгасан шийдвэр гарахад нь бичгийг хүлээж аваад бага ч аттугай сэтгэл нь амарсан даа.

Ханийг чинь Цэдэнбал даргатай их дотно үерхдэг, алдаа дутагдлыг нь нүүрэн дээр хэлдэг ганц хүн байсан гэдэг юм билээ.
Цэдэнбал дарга аав хоёр маань Улан-Үдэд рабфактад хамт сурч үй зайгүй үерхэж байсан болохоор дотно найзууд байсан юм. Хэлэх гэснээ нүүрэн дээр шууд хэлчихдэг байсан нь үнэн шүү. Даргыг эхнэр аваагүй ганцаараа амьдарч байхад нь бид хоёр гэр орноор нь очиж хонож өнждөг байсан. Филотова чинь анх хойноос ирэхдээ царай муутайдуу, туранхай жижигхэн шар хүүхэн байсан юм. Сүүлдээ таргалаад өнгө зүс ороод дажгүй сайхан эмэгтэй болсон. Цэдэнбал даргад их сайн, эхэндээ үгнээс нь гардаггүй байсан гэсэн. Манай нөхөр яагаад ч юм эхнээсээ Филотовад их дүргүй байсан. Сүүлдээ гэрт нь очих нь ч цөөрсөн. Авгай бид хоёрыг гэртээ байнга уриад очихгүй болохоор ирсэнгүй та хоёр гээд гоморхдог байсан.
Сүүлдээ авгайг Цэдэнбал даргын ажил төрөлд оролцож давилуун зан гаргаад эхлэхээр аав их дургүйцдэг байсан. Нэг удаа даргатай хамт Төв аймаг руу явахдаа тэнд очоод өрөөнд нь тухлаж суухдаа “Эхнэрээ дэндүү толгой дээрээ гаргаж байна. Тэрний оролцохгүй ажил бараг алга болж. Одоо бушуухан дарж ав” гэж зэмлэсэн гэсэн. Гараад иртэл үүдэн дээр зогсож байсан комиссарууд нь “таньд их баярлалаа Намсрай гуай” гэж байсан гэдэг. Тэр үед манай ааваас өөр үг хэлдэг хүн даргад байгаагүй гэж хүмүүс ярьдаг байсан. Дарга зарим үед сэтгэл санаагаар унасан үедээ аав руу утсаар ярьж “нэг юм аваад ирээрэй” гээд ганц лонх юм дундаа тавиад хамаг юмаа ярьдаг байсан юм. Тэр үед комиссарууддаа хэнийг ч оруулж болохгүй гэж захиад сэтгэлээ онгойтол ярьж суудаг байсан гэдэг.
Хожим даргыг бүгд шахуу муулаад сүйд болоход аав учиргүй уурлаж “Цагтаа бөгсийг нь арчсан цаасаар амаа арчиж байсан муусайн собакууд одоо ингэж байгаа юм даа“ гэж их бухимдаж өмөөрдөг байсан. Дарга манай Хуягааг төрөхөд “Намсрай маань хүүтэй боллоо” гээд баярлаж эвлүүлдэг тоглоомнууд, гоё хүүхэлдэй гээд зөндөө бэлэг сэлт өгүүлэхэд манай хүүхдүүд их баярлаж байлаа. Намсрайг маань 50 нас хүрэхэд Нүхтэд манай гадаа тусгай асар бариулж хүүхдүүдийг маань өдөржин тоглуулж, эрхлүүлж нэг нэгээр нь дуудаж дуулуулаад, хичээл номыг нь асууж “Улам сайн сураарай” гэж урамшуулж бэлэг өгч өдөржин хөгжөөж байсан. Хааяа дарга Намсрайгийнд очно гэж байна гэж сонсогдоно.
Би дургүйцэж “битгий оруул, битгий оруул” гэнэ. Тэр том даргынхыг гэртээ оруулахгүй гэж байсан айл манайхаас өөр байсан ч юм уу. Нэг зун манайхыг Яргайтад зусч байхад дарга авгайтайгаа тэрүүгээр явж байгаад манайхааар орно гэсэн гэхээр нь “Яршиг цаашаа, битгий оруул” гээд буцаачихаж билээ. Тэр мэтээс болж Филотова бидэнд дургүйцдэг байсан байх. Тэрнээс биш өөрт нь сайн хандаад долигноод гүйгээд байсан бол би аль эрт “Ардын жүжигчин” болчих л байсан гэж боддог.

Цэдэнбал дарга гадаадад явахдаа таныг дагуулж явдаг байсан гэж яригддаг байсан. Танд сүүлдээ Филотова гуай таагүй ханддаг байсан гэдэг үнэн үү?
Филотова гуай урлагт ойр болоод манай Сувд, Хуягаа бид нарт сайн биш ханддаг байсан. Хань минь өөрийг нь үл тоосон байдалтай ханддаг, бас олны дунд түгсэн Цэдэнбал дарга Цогзолмаатай суух гэж байсан ч бодлогоор орос авгай авсан гэдэг худлаа цуу яриа нөлөөлсөн байх гэж боддог. Эмэгтэй л хүн хойно тийм ярианд яаж таатай хандахав дээ зайлуул. Намайг тэр битгий хэл “Тэрний красавица ямар хамаатай юм. Олон хүүхэд цувуулахаас өөр юм мэдэхгүй амьтан” гэж хэлсэн гэж хүнээс дуулж л байлаа. Уг нь анх монголд бэр болж ирэхдээ Филотова гуай надтай хамгийн анх танилцаж дотносоод бэлэг сэлт өгөөд их сүрхий байсан юм.
Филотова гуай монголд маш их юм бүтээсэн хүн шүү дээ. Тэр хүний гавьяаг бид мартах ёсгүй. Ард түмний дунд Цэдэнбал дарга гадаадад явахдаа Цогзолмааг дагуулж явдаг гэсэн яриа гардаг байсан гэсэн. Үнэндээ тийм юм ерөөсөө байгаагүй шүү дээ. Хэн нэгний гаргасан цуу яриа л байсан байх. Би нэг удаа ч даргатай гадагшаа явж байгаагүй. Орос эхнэртэй болохоор даргыг Монгол эхнэр авсангүй гэж хүмүүс янз бүрээр ярьдаг байсан болохоос бидний хооронд тийм байхгүй шүү дээ. Харин аав минь л даргатай найз нөхрийн ёсоор уулзаж учирдаг байсан болохоос би тэр болгон тэдний гэр бүлтэй ойр дотно байгаагүй. Цэдэнбал даргын үед би алдар цол авч байгаагүй шүү дээ. Бодвол авгай өгүүлэхгүй байсан байлгүй дээ гэж боддог.
Танайх хэдийд орон сууцанд орсон бэ? Энэ байрандаа удаж байгаа байхаа.
Манайх анх Их сургуулийн ард Төв хорооны 23 айлын байранд орж байсан. Тэнд 5 хүүхэд маань төрсөн. 1964 онд энэ байрандаа орсноос хойш 47 жил болж байна. Би энэ байрнаасаа нүүхийг хүсдэггүй юм. Арай илүү агаар салхитай газар байранд орж болох ч олон жил амьдарсан дассан газраасаа явах дүргүй хүн дээ би. Манайхтай Сувд, Шүр хоёрынх ойрхон болохоор орж гарч байхад амар байдаг юм.

Таныг Монголд анх удаа дуучдаас бие даасан тоглолтоо хийж Төрийн шагнал хүртсэн гэдэг. Шагналын мөнгөө юунд зориулж байсан бэ? Тэр үедээ л их мөнгө байсан байлгүй.
Тэгэлгүй яахав. Анх шагналын мөнгөө авчихаад яаж барна даа л гэж бодож байсан. Хань маань 1947 онд орчуулгын бүтээлүүдээрээ Төрийн шагнал авсан. Дараа нь 4 жилийн дараа би бие даасан тоглолтоо хийж 1951 онд Төрийн шагнал хүртсэн. Сувд маань 38 жилийн дараа 1989 онд Төрийн соёрхол хүртэж энэ их хувь заяаны эзэд болсон. Түмэн олон минь хүрээлж төр соёрхсон гэр бүл болсондоо төр түмний минь буян заяа түшсэн гэж сүсэглэж явдаг. Биднийг шагнал авч байх үед Төрийн шагналыг 15 мянган төгрөг дагалдаж ирдэг байсан юм. Бид хоёр ихэнх мөнгөөрөө хонь худалдаж авч идээд л бараг дуусгасан даа.
Манайхаар найз нөхөд, ажлынхан гээд хүний хөл тасардаггүй байсан болохоор 7 хоногт л нэг хонины мах дуусчихдаг байсан. Тэр үед одоогийнх шиг янз бүрийн хачир холих биш голдуу л бүхэл мах чанана. Намсрай маань махаа дуусахаар малын зах руу яваад хонь хөтөлж ирдэг. Нэг танил өвгөн маань хонь төхөөрч өгнө. Ямар сайндаа “Хонь иддэг Намсрайнх“ гэж нэртэй болохов дээ.
  
Таныг монголын анхны эмэгтэй саксфон хөгжимчин гэдэг. Дайны хүнд бэрх үед Орос руу явж тоглож байсан гэсэн.
1942 оны намар манай циркийн уран бүтээлчид Орос руу явж Зөвлөлтийн улаан армийн дайчидад тоглохоор явсан. Тэгэхэд би анх удаа хилийн дээс алхаж байсан юм. Эндээс бид ачааны машинаар явж байлаа. Тэнд бид 1 сар тоглолтоо хийж цэргүүдийг хүнд үед нь сэтгэл санаагаар дэмжсэн. Бидний буцахад хэдэн хүнийг Буриадын дээд Зөвлөлийн “Хүндэт жуух бичиг”- ээр шагнахад би багтсан юм.

”Цогт тайж” кинонд таны бүтээсэн Дулмаагийн дүр ард түмний сэтгэлд гүн хоногшсон шүү дээ. Энэ дүрд өөр хүн тоглох байсан гэдэг бил үү?
Би 1944 оны сүүлчээр “Цогт тайж” кинонд Дулмаагийн дүрд тоглож залуу насаа мөнхөлсөн юм. Миний бүтээсэн дүрд гавьяат жүжигчин Рэнцэнноров тоглох байсан ч гэнэт хагалгаанд орох болоод амжаагүй юм. Тэгээд азаар би тоглосон доо. Алдартай олон мундаг жүжигчидтэй тоглосондоо бахархдаг. Манай кинонд тоглосон Ц.Цэгмид, Дамдинсүрэн, Цэрэндэндэв бид нарт БНМАУ-ын “Гавьяат жүжигчин” цолыг маршал Чойбалсан гуай гардуулж байлаа.

Саяхан “Цогт тайж” киног Францад аваачиж засварлах нэрээр хилээр гаргах гэж байгаад баригдсан гэсэн яриа гарсан. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байгаа вэ? Ж.Бадраа гуайн ач хүүг холбоотой гэж дуулдсан.
Энэ сайхан түүхэн кинонд тоглосон хүмүүсийн ихэнх нь хорвоогийн жамаар буцаж дээ хөөрхий. Би энэ талаар нарийн юм мэдэхгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр л сонссон. Арай ч үгүй хийчихгүй байлгүй дээ. Манай Бадраа гуайн ач хүүг холбоотой гэж сонин дээр гарсан байна гэсэн. Би өөрөө үзээгүй л дээ.
Төр засаг маань түүхийн үнэт соёлоо дур мэдэн устгахгүй нь мэдээж. Яг хэн холбоотой, юу болсон талаар одоогоор тодорхой юм мэдээгүй л байна. Би энэ кинонд тоглохдоо хуучнаар филормоний байран дээр очиж зураг авахуулж байлаа. Би олныхоо хайр ивээлээр “ХХ зууны манлай сайхан” жүжигчнээр тодорч, миний оролцон тоглосон “Цогт тайж” кино “Зууны манлай кино”-гоор шалгарсанд их бэлэгшээж явдаг.

Та олон орноор явж түүхэн хүмүүстэй цөөнгүй уулзсан байдаг. Хамгийн анх хаанахын ямар хүнтэй нүүр тулж уулзаж байв.
Урлагийнхаа буянаар би дэлхийн олон оронд очсон. Хамгийн анх 1953 онд Хятадад айлчлахдаа Хятадын удирдагч Мао Зэдүн гуайтай уулзаж цэцэг барьж байсан. Дараа нь Энэтхэгийн Ж,Неру, Индра Ганди, Вьетнамын удирдагч Хо Ши Мин гээд цөөнгүй түүхт хүмүүстэй нүүр учрах хувь тохиосон юм. Хо Ши Мин гуай их жижиг биетэй, зөөлөн гартай хүн байсан. Манай аав хурал зөвөлгөөнд гадагшаа байнга явдаг байсан.
Холбооны Бүгд Найрамдах Нигери улс, Итали, Финляндад ОУ-ын томоохон хуралд оролцож монголоо төлөөлж илтгэл тавьж явсан. Ирэх болгондоо надад монголд байхгүй гоё дэгжин хувцас авчирч өгнө. Урлагийн хүн болохоор намайг гоёх гэж их мэрийдэг байсан. Аав маань 1971 онд ОУ-ын парламентийн хуралд суухаар манай гэр бүлээс анх удаа Америкт хөл тавьсан түүхтэй. Нью-Йоркт очиж их юм үзээд ирсэн. Бас 1957 онд Исландад,1964 онд Израйльд, 1966 онд Куба улсын нийслэл Гавана хотод болсон шатрын олимпиадад оролцож байсан.

Та олон алдартай дуучдыг урлагийн замд нь хөтөлж оруулсан гавьяатан. Сүүлийн үеийн дуучдыг бусдаасаа ялгарах гоц гойд чадваргүй, нэгэн хэвийн хэвшмэл дуучид олноор төрж байгаа гэж үзэгч сонсогчид шүүмжилдэг. Ахмад дуучны хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?
Дээр үеийн дуучид үнэхээр өөр өөрийн өнгө тембртэй хэн ч сонссон өвөрмөгц хоолойтой байгалиасаа заяасан сайн дуучид байсан. Одооны дуучид голдуу хоолойны тавилттай болчихоор ижил төстэй дуулдаг юм уу гэж боддог. Гэхдээ сайн сайн дуучид зөндөө гарч ирж байна.Урлаг хөдөлмөрлөсөн хүнийг л гаргаж ирдэг. Хөдөлмөрлөх дургүй урсгалаар явдаг хүнийг хэдий сайн хоолойтой байсан ч хаячихдаг юм шүү дээ.Норовбанзад, Түмэндэмбэрэл, Дорждэрэм, Банзрагч, Оросоо, Нансалмаа, Хоролсүрэн, Адарсүрэн гээд өөрийнхээ авьяас чадлаар гарч ирсэн олон сайхан дуучид бий.
Манай Норовбанзад анх Дундговийн Өлзийт сумаас жижигхэн шар охин ирж байлаа. Үнэхээр байгалиас заяасан гайхамшигтай хоолойтой дуучин байлаа. Би тэр үед МУИС-ийг төгсөөд Ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдаач байсан болохоор урлагийн үзлэгээр тодорсон сайн ирээдүйтэй дуучдыг чуулгадаа авч гадаадад их наадамд бэлтгэж тайзны соёл, орж гарах ёсолгоо гээд бүгдийг заадаг байсан. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан Дорнодоос анх ирж их наадамд яваад медаль авч бидний нүдэнд өртөж байсан. Одоо ч том дуучин болж дээ.

Эмэгтэй дуучдаас Норовбанзад гуай та хоёр л одоогоор “Хөдөлмөрийн баатар” хэмээх хүндтэй цолны эзэн болсон. Норовбанзад гуай шиг дуучин ойрын үед дахиж төрөхгүй гэдэгтэй та санал нийлдэг үү?
Манай Норовоог аугаа дуучин гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Дахин давтагдашгүй авьяастай тийм хүн тэр болгон төрөхгүй шүү дээ. Ямарваа гоц авьяастан дахин давтагддаггүй болохоор яг Норовбанзад шиг дуучин дахиж төрөхөд хэцүү л дээ. Сүүлийн үед уртын сайн дуучид төрж байх шиг байна. Дуучин хүнд хоолойноос гадна маш их зүтгэл, уйгагүй хичээл зүтгэл хэрэгтэй. Гэхдээ Норовбанзад шиг том дуучинг бурхан багш, байгал эх л төрүүлдэг байх гэж боддог. Сод ухаантай суут хүн зуунд цөөн төрдөгтэй адил Норовоо шиг дуучин зуунд ч ховор төрнө гэж боддог. Тэр аугаа дуучнаар багш гэж хүндлүүлж явсандаа өөрийгөө би азтайд тооцдог юм.

Дуучин хүний хувьд хүний дуу дуулж нэрд гарсан дуучдын талаар ямар бодолтой явдаг вэ? Зарим хүмүүс шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Банзрагч агсны дууг дуулж олонд танигдсан залуу дуучин Банзрагчийн дууг та сонсдог уу?
Сайн уран бүтээлийг залуу хойч үе нь өвлөж, сэргээж дуулж, тоглодог жамтай. Дэлхийн сонгодог бүтээлүүдийг зуун зуун дамжуулж сэргээж тоглож байна. Тэрэнтэй л адил шүү дээ. Банзрагчийн дуулсан тэр олон сайхан дуунуудыг өнгөрснөөс нь хойш хэн ч дуулахгүй байж болохгүй л дээ. Уран бүтээл бол ард түмний өмч. Тэрнээс ганц хүнд зориулсан юм биш. Тухайн үед зохиогчид нь тэр хүнээр дамжуулж ард түмний сонорт хүргэж, олны хүртээл болгосон болохоор ямар ч уран бүтээлтийг анхны хүнээр нь хүлээж авдаг.
Ер нь ижил төстэй тембртэй дуучид байдаг л юм. Яг хуулж дуулж болохгүй л дээ. Өөртөө тааруулж өвөрмөгц болгож ая данг нь алдагдуулахгүй дуулж бололгүй яахав. Зарим нэг хүмүүс залуу дуучин Банзрагчийг муулдаг л юм гэсэн. Энэ хүү анх дуулж гарч ирэхдээ Банзрагч агсны хэдэн дууг дуулж олонд танигдсан байж болно. Сүүлдээ өөрийнхээ замыг олоод л авна. Би Банзрагчийн дууг хааяа сонсдог л юм. Их хөдөлмөрч хүүхэд юм гэж боддог.

Та төр засгаас олгодог бүх л том шагналыг хүртсэн хүн. Зарим нэг эзнээ олоогүй шагналын талаар хүмүүс ярьдаг. Авьяас хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй хорвоогоос буцсан хүмүүсийн гэр бүлийнхэн их гомдолтой явдаг юм билээ. Ялангуяа урлагийнхнийг маш амархан шагнал авдаг гэж шүүмжилдэг. Эмч багш нарыг арай л дутуу үнэлээд байдаг юм шиг санагддаг. Ер нь шагнал азтай одтойд нь олддог юм болов уу, та юу гэж боддог вэ?
Бидний үед шагналыг маш өндөр шалгуураар өгдөг байсан болохоор янз бүрийн яриа гардаггүй байсан. Шагнал авах гэж арын хаалгадаж, мөнгө төгрөг өгнө гэсэн юм байсангүй. Ажиллаж байгаа хамт олон нь тодорхойлолт гаргаж хамт олны хурлаар хэлэлцэж санал авч явуулдаг байсан. Би залуу хүмүүст шагнал өгөхийг буруутгадаггүй. Онцгой амжилт гаргасан урлаг, спортын алдартнуудыг цаг тухайд нь төр үнэлж урам хайрлах ёстой. Гэхдээ аль ч салбарт дор хаяж 10-аас дээш жил ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнадаг байх ёстой дэндүү эрт өгч байна гэж хүмүүс их шүүмжилдэг. Эмч, багш нар их сургууль төгсөөд ганц хоёр жил ажиллаад хэзээ ч гавьяат цол авдаггүй нь гэдэг үнэн.
Урлагийнхан ялангуяа дуучид хэдэн дуу дуулаад л алдар цол авчихлаа гэсэн яриа гардаг болсон. Яахав үнэхээр түмэн олныхоо талархлыг хүлээсэн Жавхлан шиг хүнд цол өгөхөд буруу юм байхгүй гэж боддог. Зарим уран бүтээлчид заавал алдар цол авах ёстой мэтээр бодож өөрсдөө хөөцөлддөг болсон, мөнгө төгрөг өгдөг гэсэн яриа гадуур байдаг л юм билээ. Тэрийг нүдээр харж өгч авсныг нь үзээгүй болохоор худлаа яриад яахав. Манай ард түмэн сайхан дуулж байгаа дуучидаа гавьяат болоосой гэж боддог. Болгох гэж нутаг орныхон нь хөөцөлддөг нь буруу юм байхгүй л дээ. Бид чинь хамт олныхоо дэмжлэг тусаар өдий хүрсэн хүмүүс шүү дээ. Олны хүч оломгүй далай гэдэг сайхан үг байдаг. Шагналыг хийж бүтээсэн хүнд өгдөг болохоос зүгээр сууж байгаад аз од нь гийгээд авчихдаг юм биш байхаа. Одоо ажлын байр ховор болохоор мэргэжлийн дуучид голдуу чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна шүү дээ. Тэр хүмүүс өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргаад уран бүтээл хийж, ард түмэндээ урлагаар үйлчилж байна. Дэмжихээс яахав.

Танай хоёр хүргэн Ц.Балдорж агсан, зураач Мөнхжин хоёр гавьяат цолтон шүү дээ. Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны охидууд аавынхаа үзэг бийрийг гундаалгүй сайн авч яваа. Ач зээ өнөр олон болсон биз дээ.
Одоогоор манай гэр бүлээс 3 гавьяат зүтгэлтэн төрөөд байна. Хадам аавынхаа араас хоёр хүргэн маань гавьяат цол хүртсэн. Балдоржийн маань хоёр охин аавынхаа ажил үйлсийг үргэлжлүүлж нэр төртэй авч яваад баярладаг. Авьяастай чадалтай аавын охидууд бүтээж босгосон ажлыг нь сайн авч явах ёстой. Намсрай маань Балдоржийнхоо том охин Нандинтүшигийг багад нь нэг улаан хүүхдийн тэргэнд суулгаад гадуур их салхилуулдаг байсан юм. Шүр маань “Аав та өдөржин гадаа суугаад бүр борлочихож, ядрахгүй байна уу гэхэд юундаа ядрахав дээ” гээд гадаа өнждөг байсан.
Тэр үед тэтгэвэрт гарчихсан байсан болохоор зав зайтай, зээ охиноо харж байгаа нь тэр байхгүй юу. Манай Сувдын том хүү Бат-Оргил надад анх гучийн маань зулайг үнэрлүүлсэн. Тэрнээс хойш олон зээцэнцэртэй болж байна. Балдоржийн маань том хүү Солонгос бүсгүйтэй гэр бүл болж Монголдоо ирж хуримаа хийсэн. Одоо 3 хүүхдийн ээж аав болж Москвад ажиллаж амьдарч байна. Тэдний дунд хүү нь эмээ, буурай эмээ хоёр дээрээ очно гээд монголд ирэх их дуртай. Тэд нар маань амралтаараа эх орондоо ирж амардаг юм. Манай Солонгос худууд багш мэргэжилтэй их сайхан хүмүүс бий.

Нэг хүргэн чинь ихэр төрсөн болохоор нөгөөтэй нь андуурдаг байсан уу? Ялгахад бэрх биз.
Манай Мөнхжингийн ихэр нь Энхжин Төрийн шагналтай зураач хүн бий. Аав нь Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, УГЗ хүн байсан. Ээж нь “Гавьяат багш” ануухан хөгшин байдаг. Анх би хүргэнээ нөгөө ихэрээс нь ялгахад бэрх л байсан. Сайн мэддэг хүн дээ тэр хоёр маань ялгаатай шүү дээ. Одоо улам л адилхан болоод байгаа юм даа. Манай хүргэнийнх нэг охинтой. Удахгүй доктор цол хамгаалах гэж байгаа.

Загвар өмсөгч, бүжигчин Баярзул танай бэр. Бие нь чилээрхсэн дуулдсан одоо гайгүй юу?
Манай Баярзул маш чадалтай бүжигчин шүү дээ. Балдоржийн маань бага хүүгийн эхнэр байгаа юм. Эднийх ганц хөөрхөн хүүтэй. Баярзулын маань бие зүгээр болсон. Залуу хүн чинь ажрахгүй шүү дээ.

”Зууны манлай эстрадын дуучин” УГЖ Б.Сарантуяа ганц хүүгийн чинь эхнэр байсан. Та нар одоо ямар харьцаатай явдаг вэ?
Би ер урлагийнхантайгаа бүгдтэй нь сайхан харьцаатай явдаг. Сарантуяагийн хувьд чадалтай хоолойтой, сайн дуучин гэдгийг бүгд мэднэ. Миний хүүтэй ханилж явсан болохоор хүндэлж явдаг. Хуягаа Сараа хоёр хэдэн жил хамт амьдарч бие биенээ хөглөж, сайхан уран бүтээлүүд хийж явсан. Би Сараатай тааралдахаараа мэнд устай сайхан харьцаатай явдаг. Үр хүүхдүүд маань хүний өөрийн ялгаагүй эрүүл энх, сайн сайхан явбал бидний магнай тэнийнэ шүү дээ.

Та бас Америк бэртэй болсон шүү дээ. Зээ нараа гадны хүнтэй гэр бүл болоход нь дургүйцдэг үү?
Би ер нь үр хүүхдүүдийнхээ хувийн амьдралд оролцдоггүй юм. Бие биенээ хайрлаж хүндэлж амьдарч чадвал үндэс угсаа хамаагүй шүү дээ. Зээ нар маань анх ээждээ хэлээд ээж нь надад дуулгаж байсан. Сувдын маань бага хүү Америкт хөгжмийн мэргэжлээр сурч байгаа. Энд ирж хуримаа хийгээд буцсан. Бэр маань их эмч мэргэжилтэй, өндөр боловсролтой сайхан охин байна лээ.

Та төрсөн нутгаараа очдог уу? Хамгийн сүүлд хэзээ явсан бэ?
Би анх 6 настайдаа төрсөн нутгаасаа гарсан хүн шүү дээ. Залуудаа тоглолтоор л их очдог байсан. Хамгийн сүүлд аймгийнхаа 70 жилийн ойгоор очиж сумдаар тоглолтоор явсан. Би чинь одоо төрсөн нутагтаа амьдарч байна гэж л боддог ш дээ.
Ярилцсанд баярлалаа!
Намдагийн УДВАЛ

0 Сэтгэгдэл:

Post a Comment