2011-02-16

Г.Аюурзана: “Бөөгийн домог” романы тухай

Таны “Бөөгийн домог” роман хэвлэгдэж гарлаа. Бөө мөргөлийн сэдвээр бичигдсэн Монголын анхны роман гэлцэж байна. Ном бүтсэн түүхээс сонирхуулахгүй юу?
- 2002 онд бил үү дээ, манайд шатахуун экспортолдог байсан ЮКОС гээд Оросын том компани байв даа. Ерөнхий захирал нь шоронд ороод бөөн дуулиан болоогүй юу. Буриадууд тэр явдлыг бөө нарын оролцоотой хэрэг байсан гэж одоо хэр ярьцгаадаг юм. ЮКОС-ынхон Зүүн Саяны нурууны хойно байх Түнкийн хөндийг дайруулан нефть дамжуулах асар том хоолой барихаар болоод байж. Хоолойг тавихын тулд бөө нарын онгод шүтээний олон газрыг эвдэж дэлбэлэх болсон юм билээ л дээ. Нутгийнхан эсэргүүцэж бүр жагссан боловч олигархуудыг дийлсэнгүй. Эцэст нь баахан буриад бөө цуглаад Түнкэд том тайлга хийж. Дараахан нь Ходорковскийг баривчлаад шоронд хийчихсэн, нөгөө хоолой тавих ажил ч зогссон, цаашаа юу болсныг дэлхий даяараа мэднэ дээ. Анх намайг Байгал нуурын Ольхон аралд очиход энэ яриа намжаагүй байсан юм. Тэгэхэд л бөөгийн тухай зохиол бичье гэсэн санаа анх төрсөн.

Романаа бичих сэдэл тань Байгал нууртай холбоотой байх нь ээ?
- Тэнд Бурхан хад гээд далай руугаа түрж орсон, өвөрмөц тогтоцтой хад бий. Эртнээс нааш бөөгийн гол шүтээн гэгдэж ирсэн газар. Очсон хүн бүр ямар нэгэн сайхан эрчим хүчийг мэдэрдэг, тэр хадыг тойрч гороолчихоод унтахад этгээд юмс зүүдэлдэг тийм сонин газар гэгддэг л дээ. Бөөгийн тухай романы үйл явдал өрнөхөд хамгийн тохиромжтой газар гэж би сонгож авсан. Улаан хувьсгалаас өмнө бол энэ арал Төв Азийн бөөгийн сүүлчийн амьд голомт байсан юм билээ.
Г.АюурзанаЯагаад дархадыг биш, Байгал нуурын буриад бөөг сонгож авсан юм бэ? Уг нь Хөвсгөлийн бөө нар илүү ойрхон биш үү?
- Буриадуудын амьдралыг, тэр тусмаа баруун буриадуудыг манайхан сайн мэддэггүй. Тэд бол шарын шашинтай Ага, Хорийнхноос их өөр, ярих аялга нь ч зөрүүтэй. Цорын ганц шүтлэг нь бөө мөргөл байсан, тэр нь хоригдож хавчигдаад, сүүлдээ загалмай зүүцгээсэн, Монголоос маш эрт таслагдсан хүмүүс. Тосгоны сургуулиудад буриад хэлийг ёс төдий заадаг, хөгшчүүл нь ч гэсэн бүрэн оросжчихсон, үндсэндээ бөө мөргөлөөс өөр үндэс угсааг нь хадгалж сануулах юу ч үлдээгүй улс. Тиймээс энэ нутгийн бөөгийн амьдралаар дамжуулж тэр хавь нутгийн уугуул буриадуудын сүйрлийг, цаашилбал их гүрний бодлогод золиослогдсон жижиг үндэстний хувь тавилангийн тухай эргэцүүлэх сэдэл уншигчдад төрөөсэй гэж бодсон хэрэг.

За, тэгэхээр бөөгийн хүч чадал гэж үнэхээр байдаг уу? Бөөгийн ид шид гэж үнэн юм уу?
- Чадалтай, шидтэй бөө гэж үнэхээр байдаг. Гэхдээ мундаг бөө нар бол ихэнх хүмүүсийн ойлгодогчлон илбэ жатга шиг юм хийж, мод руу үсэрч гардаг ч юм уу, хөл гараа мулт татаж, хэлээ зүсэж, нэг дор арван шил архи уучихаад огт согтдоггүй гэх мэтийн шоу хийдэг хүмүүс огт биш. Бөөгийн хамаг шид нь бие махбодийн ертөнцөд биш, оюун санааны ертөнцөд болдог юм. Тэнгэр рүү нисч байгаа бол тэр нь биеэрээ биш, оюунаараа нисч байгаа юм. Тиймээс хажууд нь суугаа хүмүүс тэр нислэгийг харах боломжгүй. Бөө хүний гол чадвар нь онгодтой холбогдоход оршдог. Онгодоороо дамжуулж л зэрэгцээ, өөр хэмжээст ертөнцүүд рүү зорчиж, тэндээс хэрэгтэй мэдээлэл олж ирдэг. Оюун санаагаараа өөр орон зайд нэвтрэхийг л бөөлөх гээд байгаа юм.
Онгод гэж тэгэхээр яг юу юм бэ? Сүнс үү?
- Сүнс бүхэн онгод биш ээ. Маш өндөр чадамжтай, оюуны дээд түвшинд гарчихсан, гэгээрчихсэн оюун сүнснүүд орон зай, цаг хугацааны хил хязгаарт захирагдахаа больчихдог. Тэд цаг хугацаа, зэрэгцээ далд ертөнцүүдээр мөнхөд чөлөөтэй аялж явдаг. Тэд ирээдүй, өнгөрсөн бүхнийг мэдэж байдаг. Гагцхүү тэдэнд бие байхгүй, бие хэрэг ч үгүй л дээ, гэхдээ бидний ертөнцийнхөнд мэдээлэл дуулгахын тулд хүний биед орох ёстой болдог. Ийм маягаар онгодод биеэ хэрэглүүлэхийг бөө хүний онгод орох гэж нэрлэдэг.
Энэ бүхний тухай таны романд тодорхой гардаг уу?
- Хөндлөнгийн хүний зүгээс л бичсэн л дээ. Яг үнэндээ жинхэнээсээ онгодтой холбогддог бөө маш цөөхөн байдаг. Гэхдээ л хараад жинхэнэ бөө юу, худлаа жүжиглээд байна уу гэдгийг мэдэж болно. Миний хувьд бөөгийн хамгийн чухал шинж бол ард түмнийхээ уламжлалыг хадгалж үлдсэн элч төлөөлөгч нь болдог гайхамшигт чадвар санагдсан. Сөнөж буй, колоничлогдсон ард түмэн үүх түүхээ гагцхүү бөөгийн онгод, тэдний ярьсан домгоос л мэдэж авдаг байсан тухай судалгааны зохиолуудад тэмдэглэгдсэн бий. Зөвхөн буриадад ч биш, Африк, Далайн орнуудад яг ийм үзэгдэл түгээмэл байдаг юм билээ.
“Бөөгийн домог” романыхаа хажуугаар өөр нэгэн ном орчуулж гаргажээ?
- Тийм ээ, ХХ зууны хамгийн сод зохиолч гэгддэг Фолкнерын шилдэг өгүүллэг, туужийн түүвэр “Өвгөд” нэрээр гарсан байгаа. Хүүрнэл зохиол гэж юу байдгийг мэдье гэсэн хүн бол эдгээр зохиолыг зайлшгүй унших ёстой гэж үздэг л дээ. “Өвгөд”, “Баавгай” хоёрыг уншихад л уран зохиолын мөн чанар тодорно гэж Гарсиа Маркес хэлсэн байдаг. Америкийн өмнөд нутгийнхны амьдралыг, түүгээрээ дамжуулан хүн ёсны харьцааг дүрсэлсэн эдгээр зохиолоороо Фолкнер Нобелийн шагнал хүртсэн юм.

Эх сурвалж:  huhzurh.wordpress.com

0 Сэтгэгдэл:

Post a Comment