2011-02-17

Г.Аюурзана: Би өөрөө өөрийгөө бий болгох гэж чармайж яваа хүн

Ярилцлага, Аюурзана
- Унасан газар, угаасан ус, бага насны дурсамжаас тань яриагаа эхлэе.
- Унасан газар гэвэл Номгон хайрханы ар, Хөх толгойн зүүн урд бэлд, аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн. Угаасан ус минь тэгэхээр яалт ч үгүй Түйн гол л болж таарна даа. Баянхонгорын хоёрдугаар сургуулийг төгссөн. Эргээд бодоход, миний хамгийн удаан амьдарсан газар бол Баянхонгор. Тэнд би амьдралынхаа 18 жилийг өнгөрөөжээ. Хотод бол харин одоо 15 дахь жилдээ амьдарч байна. Мэдээж хэрэг, хүний хамгийн сайхан дурсамжуудтай бага нас минь энд өнгөрсөн болохоор одоо хэр нь би өөрийгөө хотын хүн гэж ер боддоггүй. Дурсах зүйл бишгүй байна. Хамгийн түрүүнд санаанд орж байгаа зүйл гэвэл “Байдраг” кинотеатр ч юм уу. Саяхан би энэ кинотеатрын тухай эсээгээ эргэж уншсан юм. Нүдний өмнүүр бага нас минь урсаад өнгөрөх шиг болсон шүү.

- Байдраг кино театр тэр үед хэрхэн ажилладаг байсан юм бэ? Миний үеийн болон хойших хүүхдүүд тэр талаар сайн мэдэхгүй байх. Одоо бол тэр байранд “Байдраг төв” нэртэй үдшийн цэнгээний газар үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ?- Ердийн л кинотеатр байсан. Гэхдээ миний үеийнхнийг гадаад ертөнцтэй холбодог цорын ганц тохилог театр байж. Миний үеийнхэн тэнд Зөвлөлтийн голдуу, бас зүүн Европын соц орнуудын киног үзэж, хүмүүс бас ийм амьдардаг юм байна гэж мэдэж авдаг байлаа. Хөх толгойн, Амичуулын гээд бүгчим, тухгүй, оготнын нүх шиг улаан булангуудад кино гардаг ч, “Байдраг” л жинхэнэ кинотеатр байсан юм.

- Та хамгийн сүүлд хэзээ нутгаараа очсон бэ? Өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалт гээд нүдэнд өртөх зүйлс хэр байв?
- Хамгийн сүүлд ноднин даншгаар очсон. Баянзүрхийн хонхорт Майдар эргэхийг, Дуурсахын хөндийдөө морь уралдахыг үзсэн. Дараа нь ээжийнхээ нутаг Гурванбулаг руу очиж, Хөх нуурынхаа хөвөөнд гэр бүлийнхэнтэйгээ хэд хоносон. Хөх толгойн орой дээр гараад харж байхад манай аймгийн төв харьцангуй цэмцгэр, бас их том харагдаж байна лээ шүү. Бүх юмандаа ойрхон, засмал замтай, Арвайхээрээс л лав хол илүү хөгжиж байгаа шинж ажиглагдсанд их баярласан.

- Баянхонгор аймаг “уул уурхай, аялал жуулчлал, мал аж ахуй”-г хөгжлийн тэргүүлэх гурван чиглэлээр тодорхойлоод байгаа. Таныхаар эдгээр нь хөгжилд хүрэх гарц мөн үү? Нутгийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
- Уул уурхайгаар ч манай аймаг хэзээнээсээ алдартай, Дөвөнтийн алтны сорьц их өндөр гардаг юм гэнэ лээ. Гэхдээ л миний бодлоор бол, алт ухна гэдэг адгийн ажил шиг байгаа юм. Байгаль их сүйддэг, хүмүүс өөрсдөө алтны дажинд их эвдэрдэг. Газар дэлхийд байх ёстой ховор элэментүүдийн нэгийг нь өм цөм хоосолчихоор чинь бүрэн бүтэн биш л болж таарна шүү дээ. Зүй нь байгаль анхнаасаа доороо алттай, газрын дээр нь өвс ногоо ургаж байхаар л бүтээсэн шүү дээ. Байгаль бурхан мунхаг юм сэдэж бүтээнэ гэж байхгүй л дээ. Нарийндаа бол монгол хүнд алтнаас илүү авдар маань хэрэгтэй. Тиймээс уул уурхай бол хамгийн ашиггүй, хожимдоо хамгийн их гарз хохиролтой бизнес юм уу даа л гэж боддог. Алтнаас болж гол горхи ширгэж, монголчууд уламжлалт мал ахуйгаа эрхлэх нөхцөлгүй болж байгаа нь бэлээхэн нүдэнд ил тул би энэ талаар нэг их нуршаад яахав.
Харин аялал жуулчлал, нүүдлийн мал аж ахуй бол гарцаагүй монголчуудын бахархал байж, үеийн үед тэжээж чадах шавхагдашгүй нөөц баялаг л даа. Мал аж ахуйгаа бодвол аялал жуулчлал бас л байгалийн унаган төрхөд халтай. Жишээ нь, манай Хөх нуурын хөвөөгөөр нэг жуулчны баазууд эгнэчихвэл тэр онгон дагшин газар сүйрнэ шүү дээ. Гэхдээ л жуулчлал яаж ч гажуудлаа гэсэн байгалийг арай ч уурхайнууд шиг сүйтгэхгүй болов уу.

- Сүүлийн үед хотын соёл, хэв маягийг хөдөөнийхөн “бусниулж” байна гэж их ярих болж. Энэ талаар таны бодол? Хот, хөдөөгийн ялгааг юу гэж ойлгодог вэ?
- Энэ бүхний эцсийн буруутан нь нөгөө л мөнгө, нөгөө л уул уурхай шүү дээ. Нутгийг нь ухаад усыг нь ширгээгээд хаячихаагүй бол хэн л малаа зараад Баянхошууны үерийн далан дээр гэр бариад, хог сав түүж сууя гэх билээ дээ. Хотын соёлтой дарга нар мөнгөний төлөө хөдөөг золиослосоны уршгаар л эргээд нийслэл хот нь аварга том тосгон болж хувирлаа шүү дээ. Тэгээд бодохоор Монголд угаасаа хотын соёл төлөвшөөгүй, хот гээч нь өчүүхэн мөнгөний сонирхолд л хамаг юмаа тавиад туучихад бэлэн нөхдийг, тансаг хялбар амьдралын төлөө яахаас ч буцахгүй, бусдын амин зуулгыг ч гишгэчих сэтгэлтэй амьтсыг л бэлтгэж байсан газар болж таараад байна.

- Жишээ нь та Баянхонгорын уугуул, Улаанбаатарын суугуул. Танд орон нутагтаа зохиол бүтээлээ хийж туурвиад, хөдөөдөө амьдрал цэцэглүүлэх боломж хэр байсан бэ. Сонголтод тань юу нөлөөлөв?
- Байгаагүй ээ. Би уламжлалт, нийтийн соёлын төвшний юм бичдэггүй. Улаанбаатараас өөр хаана ч бай намайг хүлээж авах орчин байгаагүй. Улаанбаатар хэдийгээр Монголын хувьд сэхээтний төвлөрөл болсон цорын ганц газар ч гэсэн өнөө хэр би өөрийгөө зөв үнэлэгдэж ойлгогдож чадаагүй л яваа уран бүтээлч гэж боддог.

- Та бол олон уншигчтай, хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч шүү дээ. Зөв үнэлэгдэж ойлгогдохыг та аль төвшинд ярьж байна вэ?
- Номнууд минь гайгүй зарагдана, хүмүүс миний нэрийг мэддэг байна гэдэг тийм ч хангалттай хэмжүүр биш. Яг жинхэнэ төвшиндээ би юу хийх гэж зорьж явааг мэдэрдэг хүмүүс тийм ч олон биш. Үнэндээ миний шүлэг, зохиолуудыг сүүлийн үед цөөвтөр залуус л ойлгож шимтэж уншдаг болсноос биш, надаас дээш үеийнхэн бараг л мэдэрдэггүй юм шиг санагддаг. Миний зохиолууд хэтэрхий уламжлалт бус бичлэгтэй гэцгээхийг сонссон. Тэдний ихэнхэд нь Лодойдамба илүү наалдацтай юм шиг байна лээ.

- Үндсэрхэг үзэл гэх ойлголтын мөн чанар нь юу юм бол? Нарийвчилбал, нутгархах үзлийг юу гэж ойлгодог вэ?
- Баянхонгорчууд угаасаа жалгын үзэлгүй хүмүүс шүү дээ. Баянхонгорынхон уудам сэтгэлгээтэй, тэд Түйн голынхоо ай саваар л ярьдаг хүмүүс биш. Харин үндсэрхэгийн хувьд бол гарцаагүй халуун эх оронч шүү. Хэл соёл, үүх түүх, үндэс угсаа гэж чин голоосоо боддог хүмүүс өөр аймагт байдаг л байх, гэхдээ Баянхонгорт хавьгүй түлхүүг би олон удаа мэдэрсэний хувьд ингэж хамаа намаагүй ярьж байна л даа.

- Бид нийгмийн бүтээгдэхүүн. Таны бухимдал, баяр хөөр тань юу вэ?
- Нийгмийн бүтээгдэхүүн байх албагүй шүү дээ. Ялангуяа уран бүтээлч хүний хувьд, нийгэм тийм ч чухал зүйл биш. Ухаан нь, Баянлигт суудаг нэг малчин яруу найрагч байлаа гэж саная. Түүний хувьд ган зуд болохгүй, мал нь өвчин тахлаар хиарчихгүй, бэлчээрийг нь ямар нэгэн үл таних хүмүүс лицензээр эзэмшээд энд тэндгүй ухаж сэглээд хаячихгүй бол тэр хүн уулан дээр сууж байгаад сайхан шүлэг биччихээд бууж ирээд яваад байхад өөр юу ч хэрэггүй биз дээ. Жинхэнэ сайн яруу найрагчид ийм амьдрал бол дээд завшаан юм. Харин тийм бололцоо Монголд хэзээ ч бий болохгүй байхаар нийгмийн бүх харилцаа зохицуулагдаад байна шүү дээ. Одоо тэгээд юунд нь хөөрч, юунд нь бухимдах вэ. Омогшоод, эсвэл бухимдаад нэмэр байна уу. Тиймэрхүү юм ярьж сууснаас хэний шүлэг үнэхээр сайн, хэнийх алдартай мөртлөө хог вэ гэж яривал хавьгүй дээр.

- Таны ажил мэргэжлийн талаар яриагаа үргэлжлүүлье. Таны ажил мэргэжлийн онцлог нь юу? Яагаад сонгох болсон?
- Надад сонголт байгаагүй. Уран зохиол бол хүнийг нэг сороод авчихвал залгиж байж л сая амьдрал ахуйн тухай бодох сэхээ өгдөг, тэр үед нь аль хэдийнээ буцах замгүй болчихсон байдаг тийм зүйл юм. Одоо надад жинхэнэ төвшний сайн зохиол бичихээс өөр ямар ч зүйлийн тухай бодох зам үгүй. Ийм замаар би 20-иод алхаж байна.

- Анхны уран бүтээлээ туурвиж байсан үеэ дурсаач. Утга зохиолын салбарын оргилыг сүмбэр уултай зүйрлэвэл та уулын аль хэсэгт нь явж байна вэ?
- Уран бүтээл гэж нэрлэж тэнцэхүйц зүйлээ би 25 орчим нас хүрч байж л бичсэн байх. Яахав, сурагч байхаасаа шүлэг оролддог, дунд сургуульд байхдаа “Утга зохиол урлаг”, “Залуучуудын үнэн” зэрэг тухайн цагтаа гайгүй нэр хүндтэй байсан хэвлэлд ганц хоёр юм гаргасан л даа. Гэхдээ уран зохиолыг би Москвад дээд сургууль төгсөх үедээ л дөнгөж ойлгохчоон болж эхэлсэн. Уран зохиолын ууланд мацаж яваа ямар ч хүн яг хаана нь яваагаа мэддэггүй байх. Учир нь тэр уулын оргилд хүрсэн хүн бараг байдаггүй. Хомэр, Шэкспир, Монтэнь, Сэрвантэс дөрөв нэг нэрлэгдэж магадгүй юм.

- Өнөөдөр яруу найргийг бүрэн утгаар нь туурвиж байгаа, жинхэнэ яруу найрагч гэж та хэнийг нэрлэх вэ?
- Робэрт Хаасыг хэлнэ. Одоо амьд байгаа яруу найрагчдаас миний хамгийн дуртай нь.

- Тэгвэл Монголоос нэрлэчих хүн хэн байна вэ? Эсвэл…?
- Ний нуугүй хэлэхэд, манай яруу найраг маш доогуур төвшинд яваа. Саяын “Болор цом” дээр л гэхэд ямар аймшигтай хоцрогдсон нь, бүр ой гутмаар нь тод харагдаж байгаа биз дээ? Түүнийгээ олж харахгүй, тэр баярлаж хөөрцгөөж байгааг нь харахгүй юу!

-  Ер нь таныхаар Монголын Утга зохиолын салбарын хөгжил хэр төвшинд яваа юм бол? Дэлхийн тавцанд хүрэхэд хэр зай байна?
- Хол хоцрогдсон гэдэг нь бол үнэндээ илэрхий зүйл шүү дээ. ХХ зууны эхэн үеийн төвшинд ч хүрэхээргүй л байгаа. Гэхдээ Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн С.М.Казначеев гэдэг профессор миний “Цасны роман”-ыг Орост хэвлэгдэх үед уншаад “Өвгөн тэнгис хоёр”-ын түвшинд бичигдсэн зохиол гэж дүгнэсэнд урамшаад, монголчуудыг дорд үздэг барууны зохиолчдод ядахнаа бас ч гэж хятадуудаас дутуугүй үндэстэн юм байна шүү гэж ойлгуулах хэмжээний хэдэн ном биччих юм сан л гэж махарч, шаралхаж сууна.

- Танд номын багш, гарын шавь байдаг уу? Таниас суралцая гээд очвол нь яаж хүлээж авах вэ?
- Надад багш ч байхгүй, шавь ч байхгүй. Би өөрөө өөрийгөө бий болгох гэж чармайж яваа хүн. Тиймээс бусдыг бас л тийм замаар яваасай гэж боддог. Надаас суралцая гэвэл бэлээхэн миний номууд хэн бүхний өмнө нээлттэй шүү дээ.

- Зохиол бүтээлийнхээ санааг яаж олдог вэ?
- Өөрөө л ороод ирдэг.

- Та зохиол бүтээлээ онгодоор хөглөгдөн бичдэг үү? Эсвэл оюун санаандаа урласнаа буулгадаг уу?
- Өөрөө ороод ирсэн санаануудыг тэмдэглэж байгаад завчлан сууж байж эвлүүлж бичдэг. Бичмээр санагдаад л ирдэг юм, тэр үед нь л бичнэ. Бичмээргүй санагдаад л явчихдаг юм, тэгэхээр нь больчихно.

- Таны ном дэлхийн хэдэн хэл дээр орчуулагдаад байна вэ?
- Тоолоогүй юм байна. Шүлэг бол олоон. Би Олон улсын утга зохиолын арга хэмжээнд бараг л жил алгасахгүй оролцдог. Миний нэрийг англи галигаар бүтэн бичээд интернетээс хайхад нэлээд юм гарч ирэх байх. Хүүрнэл зохиолоос харин тоймтой хэдхэн хэлэнд гарсан. АНУ-д хоёр өгүүллэг хэвлэгдсэн. “Цасны роман” Орос, Англи, Солонгос, Япон, Польшоор орчуулагдаж хэвлэгдсэн. “Арван зүүдний өр” Орост, “Амь тавьж буй шувууны далавч” Солонгост хэвлэгдсэн. Сая “Бөөгийн домог”-ийг Солонгост хэвлүүлэх гэрээ хийгээд ирлээ.

- Зохиолч хүний нийгэмд хүлээх үүрэг гэж байх уу?
- Сайн зохиол бичих нь, эсвэл муу зохиол бичихгүй байх нь л зохиолч хүний үндсэн үүрэг юм даа.

- Та ажил, амьдралдаа ямар хэмжүүрээр ханддаг вэ? Өөрөөр хэлбэл таны туйлын хүсэл зорилго юу вэ?
- Саяын хэлснээ л давтаж хэлье. Сайн зохиол бичих, муу зохиол бичихгүй байх.

- Тэгвэл таны номын ертөнц дэх алсын харааг сонирхмоор байна. 10, 20, 30 жилийн дараах Г.Аюурзана зохиолчийн уран бүтээлийн дүр зураг?
- Ямар ч гэсэн “Монголчууд жинхэнэ дээд түвшний утга зохиолтой юм байна” гэдэг ойлголтыг дэлхийд таниулчихсан байх юм сан гэж л шамдаж явна даа.

- Сүүлийн үеийн уран бүтээл?
- Өнгөрсөн хавар “Бөөгийн домог” хэмээх романаа хэвлүүлсэн. Энэ л хамгийн сүүлд гаргасан бүтээл шив дээ.
Б.Батгэрэл
Эх сурвалж: http://local.news.mn/content/48354.shtml

0 Сэтгэгдэл:

Post a Comment