2011-01-30

Э.Оюумаа: Би Ээнээгийн хоёр хүүхдийг бодоод хамтын амьдралдаа цэг тавьсан

ОюумааХайрын дуугаараа ард түмнийхээ талархлыг хүлээгээд байсан Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа нар хамтын амьдралдаа цэг тавиад удаагүй байгаа. Ч.Бат-Эрдэнэ Итали руу суралцахаар явж харин Э.Оюумаа бие даан уран бүтээл хийж байгаа аж. Энэ талаар дуучин Э. Оюумаатай ярилцлаа.
Өдрийн мэнд. Бие даан уран бүтээл хийж эхлээд удаагүй байна. Ээждээ зориулж цомог гаргасан гэсэн үү?
Хүн бүхэн үр хүүхэд нь сайн явахад өөрөө сайн яваа юм шиг баярлаж байдаг. Ер нь хөгжмийн зохиолчид надад ихэнхдээ “Уянгын дуу дуулаач ээ” гэсэн санал тавьдаг. Тэгээд ч би ээжийн тухай дуу дуулахаас татгалздаггүй. Дуртай хүлээж авдаг. Ингэсээр байгаад ээжийн тухай дуунууд ч нэлээд олон болсон. Тэгээд билэгдлээ бодоод есөн дуутай “Ээждээ дуулах дуу” цомгоо гаргасан байгаа. Одоо бас тун удахгүй дандаа  хайрын дуунаас бүрдсэн, ганцаараа дуулсан дуунуудаараа цомог гаргах гэж байгаа.

Та чинь уг нь бол уртын дуучин хүн. Мэргэжлээрээ дуу дуулах уу?
Уртын дуучин гэдэг мэргэжлээр уг нь СУИС-ийг төгссөн. Гэхдээ манайд чинь уртын дууг үнэлэх үнэлэмж бага байдаг. Тэгээд ч биднийг яг сургуулиа төгсч байхад нийтийн дуу хүчээ авч байсан үе. Тийм болохоор яалт ч үгүй нийтийн дуу дуулсан. Нийтийн дуугаараа ч хүмүүст танигдсандаа баяртай байдаг. Гэхдээ сайхан уртын дуугаа дуулах цаг надад ирэх байх аа. Би уртын дуу, ардын дуугаараа тоглолт хийх бодолтой байгаа. Удахгүй уран бүтээлдээ орно.
Бат-Эрдэнэ та хоёр ер нь хэчнээн хайрын дуу дуулсан бэ. Нэг л тийм ижилхэн темптэй дуунууд олон байдаг санагдах юм?  
Бид хоёр хамт дуулах хугацаандаа нийтдээ 30 гаруй хайрын дуу  дуулсан байдаг юм. Ер нь Ээнээтэй хамтарч дуулж байсан болоод ч тэр үү, миний уран бүтээлийн ихэнхийг дуэт дуу эзэлдэг. Гэхдээ Монгол үндэстнүүдийнхээ ардын дуунуудыг ер нь гайгүй сайн мэднэ шүү.
Ардын дууг дуулахад яг жинхэнэ ая, үгээр нь дуулахад одоо бас хүндрэлтэй болсон. Мэддэг хүн ховордсон л  гээд байдаг юм билээ?
Ер нь манай ардын урлагийг яг сайн мэддэг хүмүүс ховордож байгаа гэдэгтэй би санал нийлдэг. Манай үеэл эгч МУГЖ Эрдэнэцэцэг гэж ардын дуу бүжгийн чуулгын дуучин бий. Тэр эгч маань “Боржигон” дууг маш сайн судалж өөрөө дуулдаг. Манай Дундговийнхон чинь ихэнхдээ Боржигон дуугаа их дуулдаг. Тиймээс ардын урлагтаа өөрсдийгөө зориулж яваа уран бүтээлчдээ төр засгаас бас урамшуулах хэрэгтэй байх аа. “Биет бус өв”-ийг хамгаалах гэдэг үүднээсээ дээр үеийн тэр дуунуудыг донж маягаар нь дуулдаг хүмүүсээ студ энэ тэрд бичүүлээд, судлагдчихсан дуунуудаа хойч үедээ өвлүүлэх тал дээр анхаарал хандуулаасай гэж би боддог юм аа. Арга барилыг нь аваад үлдэх л хэрэгтэй байгаа юм л даа. Дуулж байгаа хүмүүс нь үгүй болчих юм бол тэгээд л тэр сайхан урлаг бас үгүй болно л гэсэн үг шүү дээ.
“Хамтдаа дуулъя” гэсэн саналыг танд Ч.Бат-Эрдэнэ өөрөө тавьсан уу?
Оюутан байхад манай багш уртын дуунаас өөр дуу дуулахаар амьсгаа эвдэнэ гээд дуулуулдаггүй байсан юм. Сургуулиа төгссөний дараа би “Сарны чулуу” чуулгад уртын дуучнаар, Ч.Бат-Эрдэнэ Үндэсний дуу бүжгийн чуулгад уртын дуучнаар ажиллаж байсан юм. 2003 онд юм байна. Би нэг өдөр СУИС руу ангидаа ормоор санагдаад орсон чинь Ч.Бат-Эрдэнэ ганцаархнаа төгөлдөр хуур дараад дуулаад сууж байсан. Тэгээд надад анх Пүрэвхүү багшийн ая, Төрийндээдийн шүлэг “Учралын уянга” гэдэг дууг санал болгоод дуулж үзсэн чинь болох ч юм шиг санагдаад дуулсан. Ингэж л бид хоёрын хамгийн анхны уран бүтээл төрж байсан юм. Тэр дууг бичүүлээд тоглолтуудад дуулсан чинь хүмүүс ёстой сайн хүлээж авсан ба дахиулах гээд л алга ташаад. Бид хоёрт хамтран бэлтгэсэн дуу байхгүй байсан болохоор дуулах дуу олдохгүй сандраад л. Тэгээд дараа нь Ч.Бат-Эрдэнийн  хөгжим Баянмөнхийн шүлэг “Хайрыг хүндэтгэж яваарай”-г дуулснаас хойш хамтын уран бүтээлүүдээ үргэлжлүүлэн нийтдээ 30 гаруй дууг хамтдаа дуулцгаасан.
 Ээнээтэй хамтарсан цомог хэд байгаа вэ?
“Хайр гэдэг” гээд 15 дуутай цомог, нийтдээ дөрвөн цомог гаргасан.
Та хоёр  хамтын амьдралдаа цэг тавьсан гэсэн. Салах болсон шалтгаан юу байв. Нэгэнт л нэр холбогдчихсон юм чинь тэр амьдралаа аваад явах бодол байгаагүй гэж үү?
Би өөрөө эмэгтэй хүн. Хэзээ нэгэн цагт би өөрөө хүүхэдтэй болно. Тэр үед миний хүүхэд аавгүй байвал би яах вэ гэж удаан бодсон. Аливаа зүйлийг өөр дээрээ жишиж үзэж шийдвэр гарга гэдэг дээ.  Хэдийгээр бид хоёр бие биедээ хайртай байсан ч гэсэн эцсийн эцэст хоёр хүүхдийнх нь ирээдүйг бодсон. Тэгээд л Ээнээ бид хоёр ярилцаад хоёр тийшээ болохоор шийдсэн. Бидэнд өөрсдийн жаргалаас илүү Ээнээгийн  хоёр хүүхдийн ирээдүй илүү үнэтэй байсан. Хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ.
Ч. Бат-Эрдэнэ та хоёр чинь ер нь хэдэн жил хамтдаа амьдарсан юм бэ?
Бид хоёр 2003 оноос хойш л өдийг хүртэл хамтдаа л уран бүтээлээ хийсэн. Таван жил хамт амьдарсан.
Хүмүүс ярихдаа Ч.Бат-Эрдэнийн аав, ээж Э.Оюумааг хүлээн зөвшөөрдөггүй юм гээд байдаг байсан?
Хэн нэгнийг нь эцэг, эх нь хүлээж авахгүй байгаад байсан юм байхгүй л дээ. Гэхдээ  одоо тусдаа л амьдарцгааж байна.
Хүүхэд гаргасан бол өөрийнхөө л хүүхдийг бодох байсан байх даа.  Хамтын амьдралдаа итгэлгүй байсан юм уу?
 Итгэлгүй, хайргүй бол хамтдаа амьдрахгүй ш дээ. Итгэдэг, хайрладаг болоод л хамтдаа амьдарсан. Хүүхэд гаргах боломж бидэнд бүрдээгүй. Дандаа л тоглолт, аялан тоглолт, шинэ уран бүтээлтэй байдаг байсан. Уран бүтээлдээ л цаг заваа гаргаад хувийн амьдралаа  хойш нь тавьж байсан л даа.
Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумааг зоддог байсан. Тийм болохоор Э.Оюумаа гэрлэх дургүй байсан. “Инфинити” авлаа гээд тайзны ард хүртэл зодсон гэнэ гээд л яригдаад байдаг юм билээ?
Тийм юм байхгүй ээ. Юу ч болоогүй байхад нэг нь зодоод л, нөгөөх нь зодуулаад байна гэж юу байхав. Ч.Бат-Эрдэнэ намайг зодож цохиод байсан юм байхгүй ээ. Ёстой тийм юм байгаагүй.
Нэг гэр бүлийн хүмүүс хамтдаа уран бүтээл хийгээд, ер нь хаа ч явсан цугтаа байхаар уйдахгүй юу. Сайн тал нь юу юм. Муу тал нь юу вэ?
Яахав дээ. нэг л зүйлд дуртай байхаар нэг нэгийгээ сайн ойлгодог юм байна лээ. Ээнээ бид хоёр чинь явах зүг нэг, очих газар нэг гээд бодохоор амар л байсан. Хэрвээ өөр мэргэжилтэй хүнтэй ханилсан бол хэцүү л байх байсан байх. Мэдээж хэн эхнэрээ юм уу, нөхөр өө хэд хоногоор гадуур явуулах вэ дээ. бид хоёр бол амар л байсан. Бие биенийгээ сайн ойлгодог байсаан.
 Нээрээ та хоёрыг Америкт очиж тоглолт хийх гэж байгаад хилийн дээс алхаж чадалгүй буцаад ирсэн гээд л бичигдээд байсан. Юунаас болсон юм бэ?
Хилийн дээс алхаж чадаагүй, тийшээ оруулаагүй юм бол байхгүй шүү дээ.  Явах хоног нь л жаахан цөөхөн болчихсон юм. 10 гаруй хоног явах байсныг л гурван хоног болгочихсон. Вашингтонд тоглолт хийхэд зөндөө л олон хүмүүс үзсэн. Цагаан ордон мордонг нь үзсээн үзсэн.  /инээв/
Одоо нас 30 дөхчихлөө. Гэр бүлтэй болох төлөвлөгөө байна уу. Хуучныг мартахын тулд заавал шинэ зүйл хэрэгтэй байдаг шүү дээ?
Ойрын үед гэр бүл болно гэсэн төлөвлөгөө одоохондоо алга даа. Уран бүтээлээ л хийж байна. Тэгээд санаанд таарсан хүн таарвал гэрлэх байх л даа.
 Нийтийн дуу нэг л унтаа байдалд орчихлоо. Та нар хоцрогдоод байна уу. Уран бүтээл хийхээ байчихсан юм уу?
Цаг үеэ дагаад илүү натур урлагийг манайхан сонирхдог болж байна. Юм чинь эргэдэг ш дээ. Тэр нь л болоод байна. Манайханд чинь бас нэг жийлцэх асуудал байдаг ш дээ. Тэр ч нөлөөлсөн. Уг нь тэгж болохгүй л дээ. Нийтийн дуу бол хөдөөний энэ тэр гээд л яриа гараад байдаг. Би л гэхэд урлагийнхаа буянаар 20 гаруй орноор явж үзлээ. Ардын урлагаа сурталчилж байлаа. Францын Вили театр гээд ямар ч пнограмм эгшиглэх ёсгүй, дандаа амьд хөгжим тоглодог театрт дуулж байсан. Аливаа улс оронд урлаг нь урлаг руугаа жийлцэх асуудал байдаггүй. Бүхий л улсад ардын урлаг гэж байна, нийтийн, үндэсний урлаг, орчин цагийн урлаг нь байдаг. Манайхан л харин жаахан буруу ойлголттой байгаад байдаг юм. Нийтийн дуу бол цаашдаа байсаар л байх болно. Манай дуучид ч  гэсэн илүү сайн уран бүтээлүүд хийсээр л байгаа шүү дээ.
Гадаад руу явдаг гэснээс өөрийг чинь Японтой их харилцаа холбоотой ажилладаг гэдэг?  Бүүр бэр болох гэж байгаа ч гэх шиг?
Ер нь би оюутан байхаасаа л Монголыг сурталчлах ажилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Iкурст байхдаа л Оросын “Байкаль трейвэл” компанийг сурталчилж  Солонгос орноор явж байсан. 2001 оноос эхлээд Японд Монголыг сурталчлах групп гарч тоглолт хийж байлаа. Манай ардын урлаг, сайхан сайхан гээд л бид өөрсдөө магтаад байдаг ч  бас тийм ч олон орон хүлээж аваад байдаггүй юм ш дээ. Европын орнууд бол ер нь л ойлгохдоо муу. Харин Япон бол манай урлагийг маш сайн ойлгодог. Их үнэлэмжтэй байдаг гэж хэлж болно. Би жилдээ нэгээс хоёр удаа тоглолтоор явна шүү. 2005 онд би Японы маш том шилний үйлдвэрийн сүлд дууг 40 жилийнх нь ой дээр дуулж байсан. Гэрээ нь 2003 онд хийгдэж байсан юм байна. Сая 10 дугаар сарын 30-нд нэг томоохон арга хэмжээнд оролцож тоглохоор явах байсан чинь манай МИАТ-ийн онгоц ниссэнгүй. Тэр өдөр тав дахь өдөр байсан юм. Өглөө нисэх ёстой байсан чинь өдөр болсон гэсэн, өдөр болсон чинь бүүр даваа гаригт боллоо гээд. Ингээд нэг тоглолтоос минь хоцруулчихлаа. Ерөөсөө л дөрөвхөн хоног яваад ирэх байсан юм. Ганц удаагийн л тоглолт байсан.
Зардал мөнгө бүгд цаанаасаа байх уу?
 Тийм. Бүгд л цаанаасаа байсан. Угаасаа л тэгдэг юм.
Өөрийг чинь Япон өвөгний нууц амраг гээд л бичигдээд байдаг байсан. Шилний үйлдвэрийн эзэн үү?
Надад тийм Япон амрагтай, түүгээрээ дэмжүүлээд байсан юм байхгүй ээ. Хүнд бас нэг аз таардаг шүү дээ. Тийм л юм болсон юм. Би Японд зүгээр л нэг бизнесийн хурал дээр “Окинавагийн хана” гэдэг дууг дуулж байхад л энэ байгууллагаас “Япон хэл дээр өөрийнхөө сүлд дууг дуулаач ээ” гэсэн санал тавьсан. Тэгээд л энэ гэрээ хэлэлцээр эхэлсэн. Тэгсэн чинь л сонин хэвлэл дээр Япон залуутай амрагийн холбоотой гээд бичээд эхэлсэн сүүлдээ настайвтар хүн болоод, бүр өвөө болоод л дууссан. Тэгэхэд чинь Ч.Бат-Эрдэнэ бид хоёр хамт л амьдардаг байсан. Өөр хүнтэй ч амьдраад байгаа юм шиг л юм болсон доо.
Япон хэлийг хэр сайн мэдэх вэ. Дуу дуулах хэмжээний гэхээр хэлийг нь сайн эзэмшсэн юм шиг санагдаад ?
Гайгүй ээ, ер нь бол ярьчихдаг. Гэхдээ одоо Япон хэлний хичээлд сууж байгаа. Илүү сайн сурах хэрэгтэй байна л даа.
Япон дууг дуулахад Монгол дуунаас  амархан уу?
Яг яаж дуулахаа ойлгочихвол хоолойд маш эвтэйхэн байдаг. Ер нь бол микрафоны л дуу ш дээ.
Өөрийг чинь Л.Болдбаатартай  гэрлэх гэж байхад Ч.Бат-Эрдэнийг болиулчихсан гээд л бичигдээд байсан. Үнэн юм уу?
Бид бол зүгээр л нэг үеийн уран бүтээлчид шүү дээ. Хэвлэлүүд дээр бичигдээд байсан шиг зүйл огт байгаагүй.
Хамтын амьдралаа цэглэснээс хойш өөрөө бие дааж уран бүтээл хийж байгаа. Бүх ажил толгой дээр ирж байгаа биз дээ?
Ээнээгийн буян бас их шүү. Би буян нь их гэж ярих дуртай. Би ганцаараа уран бүтээл хийж эхэлсэн чинь хэцүү юмнууд бас их байдаг юм байна шүү. Ээнээ чинь хөгжмийн мэдрэмж их сайтай. Хөгжмийн зохиолчдоос дуу авахдаа жаахан жаахан засвар хийгээд, өөрөө санааг нь өгөөд дуулахад маш эвтэйхэн болгочихдог. Шүлэг энэ тэрийг бол өөрөө  засчихна. “Зүүдэнд ирдэг Урангоо” Намсрайноровын “Алсаас чамдаа”, Батсүх ахын “ Залуу нас ” гээд олон дууны хөгжмийг бичсэн. Ер ньпнограмм бичүүлэхээс эхлээд Ээнээ л бүх юмандаа гүйчихдэг. Би бол ард нь үлдээд л очоод дуулах болохоор нь л дуулдаг байсан. Гэхдээ яахав дээ хэцүү ч гэсэн өөрийнхөө санаагаар уран бүтээлээ хийгээд сайхан л байна.
Ээждээ хэр сайн  охин байж чаддаг вэ. Одоо ээжтэйгээ хоёулхнаа амьдарч байгаа юу?
Ээж маань насаараа л багш хийсэн хүн байдаг. Одоо ч гэсэн “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн төвд зөвлөх  хийж байгаа. 36 дахь жилдээ багшилж байна. Ээж маань өөрөө урлагийн хүний гэргий байсан болоод ч тэр үү, урлагт их мэдрэмжтэй, сайн шүүмжлэгч. Ээж минь миний дуунуудын хамгийн анхны сонсогч байдаг. Би айлын отгон охин болохоороо ээждээ их эрх. Манай ээж эгч нарыг маань хүүхэд гаргаж байхад “Би хүүхэд харж чадахгүй” л гээд байдаг байсан мөртлөө надад “Ээж нь чамайг хүүхэд гаргах юм бол  хурдхан шиг тэтгэвэртээ суугаад хүүхдийг чинь өсгөөд  өгнө шүү гэдэг юм. Хөөрхөн”.  Манай ээж чинь  зүгээр суухгүй. Хагас бүтэн сайнд гэртээ амрахгүй Өлзийт хороололд байдаг уяачдын морь унаач хүүхдүүдэд ямар ч үнэ төлбөргүйгээр зайны сургалт явуулдаг. Уяачид чинь тэр хүүхдүүдийнхээ боловсролд нэг их анхаардаггүй юм байна лээ. “Хий дэмий тийшээ явлаа боль” гэж намайг дургүйцэхээр  “Үр хүүхэдтэй болоод ирэхээр чинь л ажлаа зогсооё” гээд л байдаг. Ээж бид хоёр ийм л хүмүүс. Амь нэгтэй.
Миний мэдэхийн Э.Оюумаа машинд их дуртай. Одоо ямар унаа унаж явна?
Анх Солонгосын “Сорента” гэдэг дунд гарын жийп унадаг байсан. Дараа нь Японы нэг жижиг тэрэг унаад одоо Ниссаны “Infinity-FX-35” гэдэг дунд гарын жийп унадаг. Ер нь эмэгтэй хүнд том машин онцгүй ээ. Жижиг тэрэгнээсээ дунд гарын машинууд барихад их түшигтэй санагддаг юм.

Хэр сайн жолооч вэ?
2004 оноос хойш машин унаж байгаа. Би жолоочгүй өөрөө л машинаа барьдаг. Өөрийгөө гайгүй сайн жолооч  гэж боддог шүү.
Алтан эдлэлд нэлээд их ач холбогдол өгдөг гэж сонссон юм байна. Дуучин хүний дээл, даашинз бас их аятайхан байх хэрэгтэй байдаг. Хаагуур хийлгэдэг вэ?
Монгол маягийн хувцаснуудыг би дандаа “Торго “ салоноор хийлгэж өмсдөг. Их чадварлаг, бас гоё дизайн гаргадаг юм. Тоглолтонд өмсөх даашинзнуудаа би ихэнхдээ гадаадаас авдаг. Гар хийцийн даашинзыг би таашаадаггүй. Гоёл чимэглэлийн хувьд Сваровский хэрэглэдэг. Төмрийн харшилтай болохоор зүүж чаддаггүй. Чихэндээ төмөр ээмэг хүргээ л бол хавдана.  Саяхан би их дэлгүүрт явж байгаад нэг ээмэг үзэхгүй юу. Тэгсэн чинь худалдагч нь “Энэ хар мөнгө, шигтгээнүүд нь цэвэр сваровский” гээд байхаар нь зүүчихсэн чинь тэр дороо чих маань пэмбийтэл хавдчихсан.
Дуучин хүүхнүүд их таарамжгүй байх юм. Үргэлж нэг нэгийгээ муу хэлээд л. Эвтэй байхад тийм хэцүү юу?
Өрсөлдөх юман дээрээ өрсөлдөнө ш дээ. Гэхдээ хүмүүсийн яриад байдаг шиг биш ээ. Харин ч бид чинь их эвсэг. Ер нь манай дуучид их амь нэгтэй.
Дуучид тайзны араас гоёл чимэглэлээ  их алдах  юм. Нэг нэгнийхээ юмыг авна гэж байхгүй биз. Урт гартнаа барьсан уу?
Би тайзны араас юм аа алдаж байгаагүй л дээ. Сая шинэ жилээр нэг газар дуулчихаад нөгөө газар руу яараад гарахдаа ээмэг зүүлтнүүдээ мартаад явчихсан байна лээ. Тайзны араар нэгийг нь дагаж ирсэн юм шиг царайлж хүн бүхэнд тусалж, найрсаг сайхан загнаж байгаад хүний юмыг хулгайлдаг хэрэг гардаг. Камержуулчихвал ийм хэрэг гарахгүй байх аа.
Таны цаана ямар нууц нуугдаж байна вэ. Авъяас ч юм уу, хобби энэ тэр гээд л хүмүүст дэлгээгүй зөндөө л олон нууцууд байдаг даа, хүнд?
Би жилийн өмнө “Ододтой  бүжиглэе” гээд шоу тэмцээнд орсон. Уг нь өөрийгөө ерөөсөө бүжиглэж чаддаггүй  гэж боддог байсан чинь харин ч их сайн бүжиглэдэг байсан байна лээ. Үсрээд л хүний хүзүүн дээр гарч ч байх шиг. Энэ л миний цаана нуугдаж байсан хамгийн том нууц. Шинэ жилээр нэг группын арга хэмжээнд оролцоход бүжгийн тэмцээн болоод. Түүнд нь оролцсон чинь түрүүлсэн. Тэгэхээр авъяасаа нэлээд сайн нээсэн юм шиг байгаа юм аа.
Чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ. Одоо ганц бие болсон юм чинь гадуур гарч байгаа биз дээ?
Би ер нь л их гэрсэг хүн дээ. Зав гарах юм бол гэртээ л байх дуртай. Хааяа  нэг багынхаа найз нөхөдтэй жаахан ярилцах дуртай.
Хэр сайн эзэгтэй вэ?
 Би харин тэр тал дээрээ гайгүй шүү. Өглөөд нэг аятайхан хөнгөхөн маягийн хоол хийчихнэ. Оройд харин ээжийгээ хоол идэхгүй гэвэл хоол хийхгүй.
Эмэгтэй хүний гоё байх нууц юу вэ?
Урлагийн хүн гэдэг ер нь тайзан дээр ч, амьдрал дээр ч бусдад үлгэр жишээ болж байх ёстой хүмүүс гэж би ойлгодог. Ухааны сайхан, аашны сайхан байж гэмээнэ эмэгтэй хүн жинхэнэ төгс төгөлдөр харагдах болов уу...
Л.Оюу
Эх сурвалж : secret.mn

0 Сэтгэгдэл:

Post a Comment