2012-03-21

С.Гүржав: Алтайн нуруугаар шугам давуулсан аавын хүүхдүүд бол монгол эр хүний тэсвэр тэвчээрийг харуулсан хүмүүс

Монгол эрчүүдэд дийлэхгүй "юм", чадахгүй ажил гэж байдаггүйг тэд харууллаа. Алтайн их уулсыг давуулан анх удаа өндөр хүчдэлийн шон татаж тэнд амьдарч буй иргэдэд гэрэл цахилгаан түгээлээ. Ийм ажлыг олон улсад наад зах нь нисдэг тэрэг, орчин үеийн техник технологийн хүчийг ашиглан  хийдэг болжээ. Харин тэгтэл монгол залуус улаан гараараа, удмын эр зориг, тэсвэр тэвчээр, авьяас чадлынхаа хүчээр амжуулж байна. Монголд урьд нь хийгдэж байгаагүй энэхүү хүнд нүсэр ажлыг удирдан зохион байгуулсан Хилийн цэргийн орлогч дарга асан, хошууч генерал С.Гүржавтай та бүхнийг уулзуулъя.

Та эхлээд өөрийгөө танилцуулна уу?
Миний бие Завхан аймгийн Отгон сумын харьяат. Хилийн цэргээс төрсөн генералуудын нэг. Бага байхдаа аав ээжээсээ өнчирсөн нь амьдрал дахь хамгийн хүнд үе байлаа. Багаасаа сургууль соёлын мөр хөөсөн. 1977 онд Москва хотын Хилийн цэргийн дээд сургуульд явсан. Таван жил суралцаж ирээд Дорноговийн Улаан-Уулд офицероор томилогдсон юм. 1982-2000 он хүртэл хилийн цэрэгт зүтгэжээ.


Хошууч генерал цолыг хэзээ авсан юм бэ?
Хилийн цэргийн орлогч дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга байхдаа хошууч генерал цол авсан. 39 насандаа авч байлаа. Тэгээд 42 насандаа тэтгэвэрт суусан. Өнөөдөр л миний үеийнхэн генерал цолонд хүрч байна. Сая генерал болдог Д.Энхбаатар, Ганхүү хоёр чинь миний үеийнхэн. Тэтгэвэрт гарсан гээд зүгээр суугаагүй, ХЦДС-д эрдэм шинжилгээний ажилтнаар очсон.     Хилийн цэргийн командлагч байсан Арвай генерал бас тэнд очсон. Бид хоёрыг нэгэн дэд хурандаа даргалдаг байлаа. Цэргийн өндөр дээд цолтой хүмүүсийг дэд хурандаа даргалах нь хэцүү, амьдрал дээр байхгүй юм болсон л доо.

Яасан эрт тэтгэвэрт суугаа вэ?
Би уг нь аль эрт 1987 оноос л ардчиллын өнгө аястай нийтлэлүүдийг цэргийн хэвлэлд бичиж байлаа. Мэдэх хүмүүс нь бүгд мэднэ. Ахлах дэслэгч цолтой ингэж эхэлсэн (тухайн үед хэвлэлд бичиж байсан нийтлэлүүдээ үзүүлэв. сурв). Ажлаа өгөхөд юм юм л нөлөөлсөн дөө.

Энэ сэдвийг дараа үргэлжлүүлье. Таны өнгөрсөн онд амжуулсан нэгэн бахархам үйлсийн талаар ярилцах гэсэн юм. Монголын хамгийн өндөрлөг хэсэг болох Алтай нуруун дээгүүр өндөр хүчдэлийн шугам давуулж чадсаныг мэргэжлийн хүмүүс "Монголд урьд хийгдэж байгаагүй, хийх ч боломжгүй ажил байлаа" гэж ярьж байх юм.
Хөвсгөл, Завханы нутаг уулсын бүсэд шугам тавьсан туршлага манай "СММС" компани, манай хамт олон, залууст маань байсан юм. 2007 онд миний багын найз А.Содном гэж эрчим хүч, барилгын компанийн захирал нөхөр минь надтай хамт ажилла гэж санал тавьсан. Ингээд хоёулаа эрчим хүчний шугам барьж эхэлсэн дээ. Таны асууж буй чинь Ховдын Дуут сумаас Баян-Өлгийн Булган сум руу Алтайн нуруу давуулан татсан эрчим хүчний шугам юм. Хүний санаанд багтамгүй, нүсэр, сүрдэм, халгам ажлын ард хэдэн сайхан залуугийн хамт гарчихаад сууж байна. Энэ шугам 102 км урттай. Монголд анх удаа далайн түвшнээс дээш 3200 метр өндөрт эрчим хүчний шон татна, утас татна гэхээр  мэргэжлийн хүмүүсийн санаанд буухгүй байх шиг байсан. Гэвч монгол залуус чадсан.

 
Энгийнээр хэлбэл далайн түвшнээс дээш гурван км гаруй өндөрт шугам тавилаа гэсэн үг үү?
Тэгж л таарна даа. Дээр нь эгц өндөр, хад асгатай  гээд бэрхшээл ярина. Бид Хөвсгөлийн тайга, Завханы уулсад далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт шугам тавьж байхдаа амь наана, там цаана үзэж тарж байлаа. Гэтэл энэ удаагийн шугам илүү хэцүү бэрхийг үзүүллээ. Ховдын Дуут сум бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн далайн түвшнээс дээш хамгийн өндөрт байгаа сум юм. "Хэрэв энэ шугамыг татчих юм бол хамраа огтолж өгнө" гэсэн том дарга нар байсан шүү гэж шугамыг ашиглалтад өгөх ёслолын ажиллагаан дээр Баян-Өлгийн Засаг дарга Хавел ярьж байна лээ. Хүн хамраа огтолно гэж ам өгөхийг бодоход хэцүү ажил байсан нь тодорхой. Яамны дарга нарын зүгээс "Барах уу" гэсэн ганцхан үгийг л Содном захирал бид хоёроос асуудаг байсан юм.

Энэ шугамыг татах тендерт мэдээж олон компани өрсөлдсөн байх?
Монголын эрчим хүчний ихэнх компани орсон. Эцсийн бүлэгт тэдгээр компаниуд газар орных нь нөхцөлийг судалж үзээд "Энэ бол хэзээ ч бүтэшгүй шугам байна. Амь насаа алдаж ч мэднэ. Ийм өндөр бүсэд тавих шугамыг бусад улс оронд тухайлбал Оросын Сибирт нисдэг тэрэг ашиглаж тавьдаг" гэхчлэн баахан тайлбар яриад тендерээс сайн дураараа гарсан. Ингээд ганцаараа үлдсэн. Манай залуус "Үзээд алдъя л" гэсэн.

Газар дээр нь очлоо. Баахан зовлон бэрхшээл л угтсан байх даа? 
Анх уулын тагтанд зургаа гаргахаар очоод л зүдэрч эхэлсэн. Наад зах нь цасан шуурга нүүр нүдгүй шуураад. Нисч үхчих гээд. Шугамын зургийг гаргахаар очсон компанийнхан "Энэ ёстой бүтэхгүй юм байна. Бид зургийг нь хийх боломжгүй. Аминаасаа уйдсан хэн байх юм" гээд шууд буцах юм ярилаа. Содном захирлын таньдаг, хамтарч ажилладаг нөхөд нь байсан болохоор үнэндээ шууд л тулгасан. Уурлаж үзэж, гуйж үзэж, үнэ хөлсийг нь нэмж үзэж янз бүрээр оролдсоны эцэст зургийг нь гаргахаар боллоо. Мөн ЭБЭХЯ-аас ажлын хэсгийнхэн шалгахаар очлоо. Бүгдийнх нь даралт ихсээд, зүрх нь өвдөөд... юун шалгах, амьд дээрээ шалавхан буцацгаасан. Сүүлдээ яамнаас энэ шугамыг шалгахаар явах хүн олдохгүй түвэгтэй байгаа дуулдсан. Хэцүү л дээ, гэнэт цус харваж болно, зүрх нь өвдөнө. Бидний хувьд ажлынхаа хажуугаар албаны хүмүүст санаа зовох гэж хэцүү. Албаныхан хийгээд бусад хүмүүс ууланд ажиллаж байгаа залуус дээр очих гэж хичнээн мачийгаад чадахгүй болохоороо нэг л үгийг хэлээд буцацгаана. "За үүгээр шугам давуулна гэдэг бол түүхэнд байхгүй юм байна. Энэ бүтэхгүй ажлаа эртхэн боливол яасан юм. Хүмүүсийн амь нас үрэгдэж мэдэх юм байна" гээд Сибирийн жишээг ярина. Тэгээд "Та нар өөрсдөө яаж болдог юм бэ?" гэнэ. Манай залуус бол тоохгүй шүү дээ. Тэд тэсвэр тэвчээр, дасан зохицохын гайхамшиг болсон монгол эрчүүд.

Өдөр тутмынх нь ажлын өрнөлийг товчхон ярьж өгөөч?
Зургадугаар сарын 20-доор гурав дөрвөн хүн тэр ууланд хөлдөж нас барсан тийм газар. Шугам тавьсан 102 км-ийн хамгийн их зүдрээсэн хэсэг нь хоёр даваа юм. Хамгийн чанга нь цуутай "Улаан даваа" байлаа. Жараад оны үед хоригдлуудын амь насыг золиослон байж машин зөрөхөөргүй нарийнхан зам тавьсан юм билээ. Сая залуус тэрхүү бүдэг замыг баримжаалан шугамаа татаж, материалаа дээш нь зөөсөн. Энэ зөрөг замаас өөрөөр Улаан даваагаад зүтгэх ямар ч боломжгүй. Ядаж шугамын зураг төсөл нь замаасаа нэг км алсуур. Зам дээр арайхийн хүргэж хаясан 250-500 кг жинтэй цутгамал суурь, шонгуудыг залуус маань тросс, өөр хүлэг баглаа ашиглан хар бор аргаар зөөнө. Том том үхэр чулуун дээгүүр дамнуулан дүүжин даажин шиг тэнцүүлж нэг үзүүр нь газар буунгуут тэр эрчээр нь цааш давуулан дараагийн үхэр чулуун дээгүүр тэгнүүлэх маягаар явуулна. Хэн нэг нь хөл алдвал шондоо дарагдах юм уу, шонтойгоо хамт уулын уруу руу, ангал руу явна. Энэ бол ажлын зөвхөн нэгээхэн хэсэг нь байгаа юм. Ер нь явган явахад ч хэцүү газар. Нүдээр харсан хүмүүс л зовлонг нь ойлгох байх. "Яаж амжих юм бэ" гэж уулга алдах байх. Гэр шиг, хамгийн багадаа томоохон ширээний хэртэй ургаа хад, үхэр чулуунууд дүүрэн. Тэр их хадны зай завсар, хормой бэлийг нь хэлтлэн, өрөмдөн нүхээ ухна. Үндэсний телевизийнхэн зураг авахаар тэнд очсон юм. Тэгсэн шугам барьж буй тэр газарт хүрэх гээд чадахаа байгаад хальтирч нисчих гээд, эсвэл толгой тархи нь эргээд... ингээд бэлээс нь зураг авалт хийж яриа хөөрөө аваад буцсан даа.

Өвөл ажиллаж байсан юм уу?
Зуны гурван сар л ажиллах боломжтой. Зун хэрнээ зургаа, наймдугаар сард цасан шуурга тавиад байдаг газар. Наймдугаар сарын сүүл гэхэд цасан шуурга гурван өдөр дараалан нүүр нүдгүй нүдээд аргаа бараад бид бэл рүүгээ буцаад нүүх жишээтэй. Гэвч "СММС" ХХК-ийн залуус боломжоосоо давсан ажил хийж байсан. Арванхоёрдугаар сар хүртэл ажиллаж чадаж байлаа. Цасан шуурга шонгийн хоорондох 70 метр зайд ажиллаж байгаа хэн нэгнийг харахгүйд хүргэж байхад л ажиллаж байлаа. Дөрвөн метр 50 см цементэн хөлөн дээр залгасан есөн метрийн шонг газарт суулгах ажлыг нүдгүй шуурганаар амжуулсан. Хамгийн хэцүү нь шондоо даруулчих гээд, эсвэл шонтойгоо хамт ангал руу явчих гээд. Цементэн хөлний жин нь 500 кг, шон нь 250-300 кг, зам дээр буулгасан нэг шонг  10 гаруй залуу нийлээд чирэхэд сайндаа 20 метр явна. Амрахаас өөр аргагүй. Сүүлдээ 10 метр яваад амарна, таван метр яваад зогсоно, ингээд метр метрээр ахиулсаар байгаад аваачна даа. Дөчөөс дээш насны хүн тэр өндөрлөгт ажиллавал ухаан алдаад уначихна. Гурван жилийн хугацаанд зургаан хүн ухаан алдаж унаад буцсан. 20 настай залуугийн цусны даралт 170 хүрч толгой нь өвддөг тийм л уулсын дунд гурван жил ажилласан юм шүү дээ.

Эдгээр залуусыг та хаанаас олсон юм бэ. Амиа золиослох шахан ажилласан эдгээр залуусаар бахархах сэтгэл төрж байна шүү?
Манай компанийн л ажилчид. 15 настайгаасаа намайг дагасан, ажилд сургасан тийм залуучууд. Хөвсгөл, Завханы шугам дээр ясаа цайтал үзсэн, шалгарсан хүүхдүүд байгаа юм. Алтайн нурууны ажил анх эхлэх үед 50 гаруй хүн ажиллахаар ирсэн юм. Ингээд шалгарал явагдсан даа. Үнэндээ тэсвэр тэвчээр шаардсан ажил. Бие нь муудна, зүрх нь өвдөнө, даралт нь ихэснэ, хүйтэн нойтонд даарч хөөрнө, за тэгээд амь нас яаж ч эргэж болох учраас ихэнх нь замын дундаас буцсаныг нуугаад яахав.  Алтайн уулсаас өндөр, Алтайн уулсаас хэцүү цаг агаартай нутаг Монголын хаана байгаа юм. Байхгүй ш дээ. Манай залуусаас илүү гарч ажиллах эрчим хүчний мэргэжлийн ажилтнууд өнөөдөр байхгүй байх аа.

Шугам тавьж байхад хамгийн аюултай газрууд нь хаана байв?
Аюулгүй газар гэж Алтайн нуруунд байдаг юм уу. Наад зах нь шугамын 40 км нь мөнхийн цэвдэгтэй. Залуус өдөр шөнөгүй гал түлэх газар нь түлж, хуруу хумсаа хугалах хуйхлах шахан байж шонгийн нүхнүүдийг ухсан. "Улаан даваа" гэдэг эгц өндөр даваан дээгүүр шугам давуулахын тулд 10 гаруй км-т улаан гараараа ажилласан. Сүүлд биднийг ажлаа хүлээлгэж өгчихөөд Булган сумын гэрлийг асаачихаад буцаж явахад нутгийн хөгшин малын зах дээрээ таараад уйлахад нь сэтгэл хачин оргиж байна лээ. "Улаан даваа"-ны наана Хөндлөнгийн даваа гэж үйл үзсэн газар бас байна. Ингээд яриад байвал ер нь хэцүү бэрхээс өөрийг би ярихгүй юм байна даа. Өөрсдийгөө хөөргөөд байгаа ч юм шиг санагдах чинь.

Монгол эрчүүдийн үнэлэмж яригдах болсон энэ цаг үед харин ч яримаар байна. Монгол эр хүний бие мах бодийн тэвчээрээс урьд оюун санааны бяр чадлын тухай та бид хоёр ярилцаж байна?
Сэтгэлийн хат, тэвчээр юм даа. Мөнхийн цэвдэгтэй газарт шугамын нүхийг хоёр метр ухна. Даарна, хөрнө, нүдээд нүдээд 1 см ахихгүй байгаа газрыг яахав. Няцаад хойшоо суусан аавын хүү гараагүй л юм. Доод тал нь 5-6 удаа гал түлж байж ухна. Нэг нүхийг хоёр өдөр ухна. Хад асга чулууны талаар яриад ч хэрэггүй. Чулуу л нэвтэлнэ.  Зарим газар нүх ухах газар олдохгүй. Намаг шалбааг най байхгүй. Залуус маань өглөөний 6.00 цагт ажилдаа гараад шөнийн 2.00 цагт бууж ирнэ. Хорин хэдтэй шижигнэсэн залуус.

Тэр өндөр ууланд 10 гаруй метр өндөр шонг яаж босгох вэ. Кран бол тэнд очихгүй?
Кран очихгүй. Эрсдэлтэй л юм хийнэ дээ. Эхлээд нүхэндээ шонгийнхоо хөлийг хийчихэж байгаад олсоор татна. Ингээд яг гозойгоод босоод ирэхээр нь тал тал тийш нь тэвхдээд зэрэг татна. Нэг тал нь алдвал нөгөөгийнхөө дээр унах учир асар хариуцлагатай ажил. Арван зүгээс нь олсоор татаж тогтоосны дараа шугаманд оруулж эгцэлнэ, шонгоо чигчинэ, цементэлнэ...цаг минут, секундтай уралдсан ажил. Тэгэхгүй бол өнөө хэдийн маань гар цуцна. Тээр дээр, миний толгой дээр шахуу, хадны орой дээр дэндийтэл зогсчихсон, хөлөөрөө тэрүүхэн тэндээ жийгээд шон ороосон олсоо шүд зуун гэдийн татах залуусаа харахад их эвгүй. Шон нэг л хазайвал татагдаад доошоо ниснэ. "Бурхан минь..." гээд залбирах үе надад олон байсан.  Ер нь аймаар... амь дүйсэн ажил. Энэ хугацаанд, энэ ажлыг ганц хүүхдийн гарыг шалбалалгүй дуусгасандаа бахархаад л сууж байна.

Одоо залуус хаана байна?
Хотод ирсэн. Эцэг эхчүүд нь ярьдаг юм. Миний хүү ямар сайхан төлөвшиж байна вэ. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, баргийн юманд уурлаж бухимдахгүй, бүгдийг болгоно оо ааваа, ээжээ гэсэн нуруутай сайхан эр хүн болж байна даа гэж. Хүнд хүчир хөдөлмөр, түүний амт шимт гэдэг эр хүнийг ингэж л төлөвшүүлдэг юм байна. Өнөөдөр тэднийг маань өөр эрчим хүчний компаниуд ажилд урин ажиллуулж байх жишээтэй. Мөн Эрчим хүчний удирдах газраас манай хүүхдүүдийг багаараа Завханы Тэлмэнд баригдах дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтад оролцох урилга өгсөн. Мэргэжлийн ажилтнууд болцгоосон хэрэг. Ер нь бол орон нутгийн хүмүүс харж байсан, мэдэж ч байгаа, залуучууд маань хүний боломжоос давсан, бүр хэтэрсэн... ингэж ажиллаж болдог юмаа гэж толгой сэгсэрмээр ажилласан. Тэр ууланд шинээр авсан байсан "Зил 31" гэдэг машин маань л хөдөлнө. Өөр техник явах боломжгүй. Сая Алтай давуулсан шугамыг Ховд аймгийн эрчим хүчнийхэн ирж шалгахдаа "Ярих юмгүй сайн болжээ" гэж дүгнэсэн.

Ингэхэд та өөрөө яаж болдог байв. "Дөч гарсан хүн тэнд ажиллах аргагүй" гэж яриад байгаа хэрнээ та чинь өөрөө 50 нас гарчихсан хүн шүү дээ?
Сэтгэл зүйгээ захирах, удирдах гэж армиас сурсан нэг юм надад байна. Миний хувьд бие эвгүй байсан ч зүгээр юм шиг л залуучуудынхаа дэргэд зогсож байна. Бүр эвгүйтээд байвал эм, элдэв эмийн ургамал юмнуудаа ууна даа.

Ийм хүнд нөхцөлд хөдөлмөрийн хөлс, цалин хангамж ямар байх вэ?
Боломжийн өгнө шүү. Ганцхан цалин гэлтгүй ажилчдаа гэр оронтой болгоно. Гурван ч залуудаа унаа машин авч өгсөн байх жишээтэй. Ер нь компанийн зүгээс тал талаар туслахыг хичээнэ. Алтайн нуруугаар шугам давуулсан аавын хүүхдүүд бол монгол эр хүний тэсвэр тэвчээрийг харуулсан хүмүүс гэж хувьдаа бодож, дүгнэж байгаа. Очсон хүмүүс наанаас нь уулсыг хараад л ямар аймаар юм бэ гэдэг байсан. Дээр нь ийм том шугамыг арван хэдэн хүн тавьсан гэхээр итгэхгүй байгаа юм. Ер нь бол анх ажил эхлэхэд цэргүүдийн хүчийг хүртэл ашиглана гэж ярьж байсан юм. Гэвч чадварлаг хамт олон, цөөн хүчээр их ажлыг амжуулж болдгийг харууллаа.  2009 оны зургадугаар сард эхэлсэн 102 км урт, 1330 ширхэг шон орсон шугамыг далайн түвшнээс дээш 3200 метр өндөрт монгол аавын 15 хүү тэсвэр тэвчээрийн гайхамшгийг үзүүлэн ажилласаар 2011 оны арваннэгдүгээр сарын 20-нд хүлээлгэж өглөө. Хэзээ ч гэрэл цахилгаантай болохгүй гэгдэж байсан Алтайн цаадхи казах, урианхай түмнийг ийнхүү монгол зоригт хөвгүүд байнгын гэрэл цахилгаантай болгож өглөө гэдгийг бахархалтайгаар хэлэх байна даа, ах нь.

0 Сэтгэгдэл:

Post a Comment