Монгол эрчүүдэд дийлэхгүй "юм", чадахгүй ажил гэж байдаггүйг тэд харууллаа. Алтайн их уулсыг давуулан анх удаа өндөр хүчдэлийн шон татаж тэнд амьдарч буй иргэдэд гэрэл цахилгаан түгээлээ. Ийм ажлыг олон улсад наад зах нь нисдэг тэрэг, орчин үеийн техник технологийн хүчийг ашиглан хийдэг болжээ. Харин тэгтэл монгол залуус улаан гараараа, удмын эр зориг, тэсвэр тэвчээр, авьяас чадлынхаа хүчээр амжуулж байна. Монголд урьд нь хийгдэж байгаагүй энэхүү хүнд нүсэр ажлыг удирдан зохион байгуулсан Хилийн цэргийн орлогч дарга асан, хошууч генерал С.Гүржавтай та бүхнийг уулзуулъя.
Та эхлээд өөрийгөө танилцуулна уу?
Миний бие Завхан аймгийн Отгон сумын харьяат. Хилийн цэргээс төрсөн генералуудын нэг. Бага байхдаа аав ээжээсээ өнчирсөн нь амьдрал дахь хамгийн хүнд үе байлаа. Багаасаа сургууль соёлын мөр хөөсөн. 1977 онд Москва хотын Хилийн цэргийн дээд сургуульд явсан. Таван жил суралцаж ирээд Дорноговийн Улаан-Уулд офицероор томилогдсон юм. 1982-2000 он хүртэл хилийн цэрэгт зүтгэжээ.
Миний бие Завхан аймгийн Отгон сумын харьяат. Хилийн цэргээс төрсөн генералуудын нэг. Бага байхдаа аав ээжээсээ өнчирсөн нь амьдрал дахь хамгийн хүнд үе байлаа. Багаасаа сургууль соёлын мөр хөөсөн. 1977 онд Москва хотын Хилийн цэргийн дээд сургуульд явсан. Таван жил суралцаж ирээд Дорноговийн Улаан-Уулд офицероор томилогдсон юм. 1982-2000 он хүртэл хилийн цэрэгт зүтгэжээ.
Хошууч генерал цолыг хэзээ авсан юм бэ?
Хилийн цэргийн орлогч дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга байхдаа хошууч генерал цол авсан. 39 насандаа авч байлаа. Тэгээд 42 насандаа тэтгэвэрт суусан. Өнөөдөр л миний үеийнхэн генерал цолонд хүрч байна. Сая генерал болдог Д.Энхбаатар, Ганхүү хоёр чинь миний үеийнхэн. Тэтгэвэрт гарсан гээд зүгээр суугаагүй, ХЦДС-д эрдэм шинжилгээний ажилтнаар очсон. Хилийн цэргийн командлагч байсан Арвай генерал бас тэнд очсон. Бид хоёрыг нэгэн дэд хурандаа даргалдаг байлаа. Цэргийн өндөр дээд цолтой хүмүүсийг дэд хурандаа даргалах нь хэцүү, амьдрал дээр байхгүй юм болсон л доо.
Яасан эрт тэтгэвэрт суугаа вэ?
Би уг нь аль эрт 1987 оноос л ардчиллын өнгө аястай нийтлэлүүдийг цэргийн хэвлэлд бичиж байлаа. Мэдэх хүмүүс нь бүгд мэднэ. Ахлах дэслэгч цолтой ингэж эхэлсэн (тухайн үед хэвлэлд бичиж байсан нийтлэлүүдээ үзүүлэв. сурв). Ажлаа өгөхөд юм юм л нөлөөлсөн дөө.
Энэ сэдвийг дараа үргэлжлүүлье. Таны өнгөрсөн онд амжуулсан нэгэн бахархам үйлсийн талаар ярилцах гэсэн юм. Монголын хамгийн өндөрлөг хэсэг болох Алтай нуруун дээгүүр өндөр хүчдэлийн шугам давуулж чадсаныг мэргэжлийн хүмүүс "Монголд урьд хийгдэж байгаагүй, хийх ч боломжгүй ажил байлаа" гэж ярьж байх юм.
Хөвсгөл, Завханы нутаг уулсын бүсэд шугам тавьсан туршлага манай "СММС" компани, манай хамт олон, залууст маань байсан юм. 2007 онд миний багын найз А.Содном гэж эрчим хүч, барилгын компанийн захирал нөхөр минь надтай хамт ажилла гэж санал тавьсан. Ингээд хоёулаа эрчим хүчний шугам барьж эхэлсэн дээ. Таны асууж буй чинь Ховдын Дуут сумаас Баян-Өлгийн Булган сум руу Алтайн нуруу давуулан татсан эрчим хүчний шугам юм. Хүний санаанд багтамгүй, нүсэр, сүрдэм, халгам ажлын ард хэдэн сайхан залуугийн хамт гарчихаад сууж байна. Энэ шугам 102 км урттай. Монголд анх удаа далайн түвшнээс дээш 3200 метр өндөрт эрчим хүчний шон татна, утас татна гэхээр мэргэжлийн хүмүүсийн санаанд буухгүй байх шиг байсан. Гэвч монгол залуус чадсан.
