2012-03-09

Ц.Эрдэнэбат : Одоогийн залуучуудад сэтгэлийн ухаан дутаад байна

Эрдэнэбат
Хүн хүнээрээ байхын ухааныг олсон цагт өөрийн гэсэн үнэн ертөнцийг бий болгодог аж.  Шинэ оны анхны зочноор сайтынхаа үнэн хүмүүс буландаа Монголын тэр дундаа барилгын зах зээлд өөрийн  орон зайг бий болгож чадсан “Дельта констракшн” ХХК-ийн захирал, зөвлөх инженер Ц.Эрдэнэбатыг урьж түүний бизнесийн ололт болон өнөөгийн залуучуудын сэтгэлгээний цар хүрээний талаар хэдэн хором ярилцсан юм.

Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. “Дельта констракшн”-ы хувьд хуучин оноо хэрхэн үдэж, шинэ оноо хэрхэн угтан авч байна вэ? 
Шинэ жил, шинэ он гэдэг хэн бүхний хувьд дурсамж дуртатгалаас гадна хийж бүтээхийн их хүсэл тэмүүлэл дагуулж ирдэг . “ Дельта констракшн” ХХ компанийн хувьд ч мөн адил Сая  та нарыг орж ирэхэд бид инжененрүүдтэйгээ 2012 оны 8-р сард хийгдэх ажлуудыг ярьж суулаа

Хүн болж төлөвших, амжилтанд хүрэхэд мэдээж хэрэг суурь хүмүүжил чухал байдаг. таны бага насны төлөвшил эцэг эхийн зааж сургадаг байсан чиглэл юу байв?
Аан за. Би Архангай аймгийн Чулуут суманд төрж, бага наснаасаа буурал аав, ээж, нутгийн хөх өвгөдийнхөө энгэр нөмөрт үг сонсож өссөн Тухайн үед өвгөчүүд хүүхэд багачуудад үг хэлдэг, зэмлэдэг, буруу зөвийн дэнсийг ялгаж салгаад өгдөг байж, энэ ч утгаараа буурай аавын минь, буурай ээжийн минь үг сургаал сэтгэлийн хүч болж ирж байсан учраас хүн талдаа, төлөвшил талдаа сэтгэлийн хүмүүжлийг илүүтэйгээр амсаж өссөндөө азтай гэж өөрийгөө тоодог юм. Ер нь бол хүн гурван ухааны амьтан. Биеийн, сэтгэлийн, оюуны гэсэн ийм гурван тулгуур ухаан  байдаг. Бид нарын хүүхэд насанд хүнийг хүн болгох сэтгэлийн ухааны  хүмүүжил ноёлодог байждээ. 


 Тэгвэл одоогийн залуучуудад сэтгэл дутагдаад байна гэсэн үг үү? Хөдөлмөрийн амт гэж чухам таны бодлоор?
Намын үүд битгий сахь. Намын үүд сахина гэдэг бол яаж хямдхан, аятайхан аргаар эрх мэдэлтэй, мөнгөтэй  болох уу гэсэн хомсхон бодол. Өнөөдөр бизнесийн мянган боломж, түмэн нөхцөл байна. өөрийнхөө хөдөлмөрөөр өөрөө хэнээс ч  үл хамаарах эрх чөлөөг бий болгох хэрэгтэй. Энэ чинь жинхэнэ амьдралын гоо сайхан. Нэг намаас, нэг эрх мэдэлтнээс, эсвэл эдийн засгаас нэг бол хэн нэгнээс хамаарсан хөдөлмөр эрхэлж явах амьдралын гоо сайхан биш, жинхэнэ эрх чөлөө ч биш. Санхүүгийн болон дотоод сэтгэлийн эрх чөлөөтэй байя гэвэл өөрийн үнэнийг босгох хэрэгтэй. Өөрөө дэлхийн хүн болтол хөгжих боломж Монголд байгаа. Яагаад Монголд байна гэхээр нэг хэсэг манайд наймааны алтан үе хүч түрж байсан. Одоо бол бүтээн байгуулалтын алтан үе эхэлж байна. Ямарч залуу хүн ямарч төрлийн бизнес эрхлэх бололцоо боломж байна. Тухайлбал : зөвхөн манай компанид л гэхэд өдөрт 200 аяга халуун аарц нийлүүлэх хүн байна уу? энэ чинь юу гэвэл бизнес, асар том бизнес. Мөн манай компианид жилдээ 12000ширхэг бээлий хэрэгтэй байдаг. Хоёр хүн л бээлий үйлдвэрлье. Нэг бээлийнээс л 100 төгрөгний ашиг олно тэгвэл жилд 12 сая төгрөгний ашигтай ажиллана. Энэ мэтээр хязгааргүй боломж үйлдвэрлэл ихсээд, барилга угсралтын ажил, хөнгөн хүнсний үйлдвэрийн ажлууд, уул уурхайн ажлууд ихсээд ирэхээр  өргөн боломж нээгдэж байна гэсэн үг. Энэ бүхнийг олж харах хэрэгтэй. Одоо тэгэхээр залуу хүн зөвхөн толгойгоо ажиллуулах өөрийнхөө төлөө зүтгэх л үлдэж байна. Гэтэл яг шударгаар хэлвэл одоогийн залуучуудын хувьд бүх зүйлийг бэлэн авах гээд байдаг болсон. Бэлэн ажил, бэлэн барилга, бэлэн компани авах гээд байдаг. Ингэснээр тэр хүн шавар  намагт л байгаа хэрэг. Яагаад намагт байна гэвэл өөрөө хүсэл мөрөөдлөө олж хараагүй, хийж бүтээхийнхээ замыг мэдэхгүй. Тэгсэн мөртлөө  өндөр боловсролтой залуучууд зөндөө байна. Тэднийг намагт байна гэхээс өөр юу гэхэв. Сугарч гаръя гэвэл өөрийн ухаан бодол, булчин шөрмөсөө ажиллуулах хэрэгтэй. Нэг өдөр зүгээр өнгөрөөнө гэдэг 50 мянган төгрөг гаргаад цацсантай адилхан. Өдөр бүр хөдөлмөрлөхгүй бол өдөр бүр дундарч байдаг гэдгийг ухаарах хэрэгтэй.

Ажил амьдралынхаа гарааг юунаас эхэлж байв?
Анх би 2000 онд Улаанбаатар хотод ирж байсан. Тухайн үед компанийн захирал байсангүй, хэн ч намайг таньж мэддэггүй  жирийн л  барилгын инженер ирж байлаа. Гэхдээ би хамгийн сайн гэсэн барилгын зөвлөх инженерийн гар хөлийн үзүүрт зарагдах замыг эхний нэг хоёр жилдээ сонгосон. Үүнийгээ ухамсартай сонгосон. Яавал би Монголын барилгын зах зээл дээр хэрэгтэй эрэлттэй хүн болох вэ гэж бодсон.  Тиймээс жил хагасын хугацаанд таньдаг таньдаггүй бүх зөвлөх инженерүүдтэй танилцах аргыг л хайж байсан. Ингэхдээ би  нэг ч удаа цалин өгөөч гэж гуйж байгаагүй. Гэхдээ Зөвлөх инженерүүд хүнийг үнэ хөлсгүй ажиллуулах хүмүүс биш гэдгийг мэдэж байсан лдаа Ганц л юмыг гуйж байсан. Та намайг барилга дээрээ ажиллуулаач гэж. Эндээс л миний бизнесийн ажил эхэлсэн. Мэдээж хэрэг цаг нь ирээд нөгөө ажиллаж тусалж явсан зөвлөх инженерүүд маань  эргээд намайг дэмжсэн. Энэ компаниа байгуулахад минь маш их тус болсон. Би, намайг хэн нэгэн эрх дархтан татах байх гэж хүлээгээгүй. Надад хэн ч туслахгүйдээ гэж гуньж гутраагүй. Өөрөө зүтгэж хичээсэн учраас намайг татах хүнийг би өөрөө олоод татуулсан. 

Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Таны мэргэжлийн онцлог юу вэ?

Бидний хийж байгаа үйл болгон буян юм. Бидний үйлдэл тэр чигээрээ гэрэл гэгээ, баяр баясгалан ийм л зүйлийг хүмүүст хүргэдэг.  Үнэн хэрэгтээ хөдөлмөр нь өөрөө аз жаргал. Бусдын төлөө ажиллаад бусдын төлөө бий болгоод тэдний илчинд өөрөө жаргаж амьдарч байгаа юм. Мөн бодит секторт ажиллаж байгаа. Энэ утгаараа хийсэн бүтээснээ харна гэдэг маш их сэтгэлийн таашаал. Нөгөө талдаа бизнесийн маань, мэргэжлийн маань хамгийн том давуу тал, онцлог бол  олон хүний бүтээл учраас би маш олон хүний уур амьсгал, халуун дулаан энерги дунд ажилладаг. Мөн би удирдагч хүнийхээ хувьд юм бүхний тэргүүнд явж байдаг алдсан ч оносон ч миний нэр л түрүүнд нь нэрлэгдэнэ.

Мэдээж энэ олон хүмүүсийг удирдаж залаад явна гэдэг өндөр хариуцлага . Ямар зарчмаар удирдан чиглүүлж ажиллаж байна вэ?

Тийм шүү. Манай “Дельта констракшн” 50 гаруй инженер, 650-аад ажилтантай. Ерөнхийлэн ярьвал би өөрөө захиран тушаадаг нийгмийн хүн. Социолист нийгэмд 10 гаруй жил ажилласан.  “Чи үүнийг гүйцэтгэ, чадахгүй бол яв” гэсэн хандлагаар ханддаг байсан. Гэтэл өнөөдөр эсэргээрээ мөнгөний нийгэмд амьдраад байна. Тухайн хүний хөдөлмөрийг хэрхэн үнэлж байна гэдгээс л бүх зүйл хамаарна. Ийм нийгэм гэдгийг одоогийн бизнесийн  удирдагчид  одоо л ойлгож эхэлж байна. Үнэн хэрэгтээ одоо бид нар хүндээ, хүн ёсоор хандах хэрэгтэй. Социолизмын үеийн нийгмийн бодлогод зохицуулагдах, хөдөлмөрөө үнэгүйдүүлэх цаг өнгөрсөн.Энэ ч утгаараа манай компани инженерүүддээ хямдралтай орон сууцны төслийг эхэлж байна. Хүн унах унаатай, орох орон, сэтгэл хангалуун цалинтай бол тэр хүнээс хүссэн үр дүн, тэр хүний дотоод сэтгэлийн хүчийг уудалж гаргаж авч болно. Энгийн энэ гурван нөхцлийг  бүрдүүлээгүй байж хүссэн үр бүтээлийг гаргаж авч чадахгүй. Ихэнх том компаниудын хувьд менежмент нь үе дамжсан өөрийн хүмүүсийн үзэл бодлыг гаргаж ирэхэд чиглэгдэж байна. Ингэхдээ хэн нэгэн шууд гаргаад ирж байгаа юм биш. Гадаад орнуудын менежментийг харьцуулж өөрийн хөрсөн дээр суулгах, түүнийгээ бордох шаардлага бий болж байгаа. Тиймээс энэ жилээс цалин хөлсний тогтолцоот системийг зах зээлийн харилцаанд оруулъя. Хөдөлмөрийн харилцааны шинэ зах зээл рүү нь оръя. Яагаад манай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бодит секторын  салбарт тал бүрийн ажиллах хүч дутаад байна. Яагаад ажиллах хүчний залуус гэр бүл, эрүүл мэндээ золин золин Солонгосд очоод нохой шиг зүтгээд байна гэдгийг бодох хэрэгтэй. Ердөө л сая вон авах гэж. Тэдний хүчийг монголдоо эх орныхоо бүтээн байгуултанд зориулылдаа. Сая воныг нь сая 200 болгоё. Энэ бол бидний нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр.

Өөрийн ур ухаан, хүч хөдөлмөрөө шингээн барьсан барилгууд нь үр хүүхэд шиг нь санагддаг байх л даа. Ойролцоогоор хичнээн хүүхэдтэй болж байна?

Их гоё асуулт байна. 30 жил энэ салбарт ажиллахдаа Улаанбаатар хотод 47 барилга өлгийдэж авсан бол 100–гийн талыг наслахдаа Монгол улсын нутаг дэвсгэр дээр 200 шахам барилгын ажилд гар бие оролцжээ. Миний хувьд барилга гэдэг нэг насны үйл, бүхий л ажил амьдралаа зориулсан зүйл. Мэдээж хувийн өмч учраас цаашид үе дамжаад явна. Тиймээс Монголдоо ч үр хүүхэддээ ч бат суурьтай сайн зүйл үлдээхийг зорьдог. Сайн үйлд садаа мундахгүй гэгчээр барилгын салбарт олон асуудал байгаа. Ардчилал бидэнд сайнын ч  саарын ч өгсөн. Улс төрийн тогтолцоонд байгаа буруу зөрүү ойлголт, авилгалын систем зэрэг нь барилгын салбарт гарч байгаа хөрөнгө оруулалтын 10 хувийг үгүй болгодог. Эндээсээ үүдээд мкв–ын үнэ нь өсдөг. Зах зээл дээр 50 саяар зарагдаад байгаа барилга чинь өөрийн өртгөөрөө 20-30 саяд л босдог. Гэтэл яагаад 20,30 саяар нэмэгдээд байна гэдгийг би мэдэхгүй. Хувиараа хөрөнгө оруулалт хийгээд бизнес эрхэлж байгаа хүмүүст ч буруу өгөхгүй. Гол  дутагдал нь улс орны удирдлагууд Улс төр бизнесийн бүлэглэлүүдийн оролцоо хэтэрч байгаа явдал. Бизнесийн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлнэ гэдэг нийтийн эрх ашигт халдаж байгаа хэрэг. Залуучуудаа хямд орон байртай болгох үүрэг төрд байгаа. залуучууд маань шаардах хэрэгтэй. Төрийн буруу бодлогыг залруулахад оролцох ёстой. Төр нь хоёр л зүйлийг шийдээд өг. Газрыг нь шугам сүлжээг нь мөн хөнгөлттэй зээлийн  асуудлыг шийдвэрлээд өгвөл орон сууц бариад өгөх барилгын компаниуд байна ш дээ.

Маш сайхан ухаарал хайрлахуйц ярилцлага боллоо. Ярилцлагынхаа төгсгөлд залуучууддаа хандаад сайхан уриалга хэлээч гэж хүсэх байна.

Уриалга ч юу байхавдээ. Сэтгэл дундуур байгаа нэг зүйл гэвэл бүх хүмүүсийн өмнө бололцоо нээгдсэн байхад  хүмүүс шал өөр юм руу зүтгээд байгаа. Өөрийнхөө аягатай хоолыг бус хүний аягатай будаанд дурлаад байдаг.  Дээр ч хэлсэн дүүрэн боломж намрын навчис шиг хийсч байхад яагаад олж харахгүй байнаа. Хэтэрхий хөнгөн хийсвэр амьдралд дурлаад бүтээн байгуулалтын салбарт ажилладаггүй. Аль болох гар хөл хөдөлгөдөггүй, оюун ухаанаа сорьдоггүй ажилд санаархдаг. Энэ сэтгэхүйгээ өөрчилж чадаагүй байхад улс орон хөгждөггүй. Угаас хүмүүс бүтээн байгуулалтын салбарт ажлаагүй цагтаа  улс орон хөгжлийн тухай ярьдаггүй. Дандаа хөөсөн хөгжил байдаг. Хэзээ ч нураад унахад бэлэн. Бүтээн байгууллалтын салбарт ажиллана гэдэг дундаж орлоготой иргэд өөрсдөө төрөөс хамаардаггүй орлоготой иргэдийн тоог нэмнэ гэсэн үг. Ингээд ярианыхаа төгсгөлд хэлэхэд өөрт дутсанаа бусдаас битгий хайгаарай. Өөрөөсөө олоорой. Анхны бэрхшээлээс няцах хэрэггүй, тэвчээртэй, туйлбартай, шантрашгүй зүтгэл буян хишгээ заавал хайрлана гэж хэлье.

Сурвалжлагч: Э.Сайнбаяр

0 Сэтгэгдэл:

Post a Comment