2011-02-18

С.Ганбаатар: Уур бухимдлаа таягдаж хаяад, гэртээ инээгээд орж ирдэг

Ярилцлага, Ганбаатар
МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатарыг “Weekend cribs” буландаа урихаар ажил дээр нь очлоо. Түүнд тухтай суугаад ярих зав үнэхээр ховор юм билээ. Уулзалт, хурал, асуудал хэлэлцэх, итгэл тавих, зочин хүлээж авах гээд ар араасаа ажил ундараастай. Өрөөнд нь түр саатахдаа энэ бүхнийг нэг өдөр яаж амжуулдаг байна аа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.
Түүний хувьд хамгийн эрт харьж байгаа өдөр өнөөдөр. (пүрэв гариг) Үнэтэй цагаас нь хумслан байж, зарим нэг ажлыг нь хойш тавиулсандаа санаа минь зовж байснаа нуух юун. 20 цагийн үед бид түүнтэй хамт гэрийг нь зорилоо. Гэрийнхээ босгоор дөнгөж алхангуут охид нь “Аав ирлээ, гоё доо” хэмээн цангисан дуугаар эрхэлж угтлаа. Харахад ширүүн, хатуу үгтэй санагддаг тэрбээр төсөөлж байснаас харин ч зөөлөн нэгэн байсан шүү. Аавынхаа хүзүүнээс зүүгдсэн охидынх нь баяр хөөр, ханийнх нь халуун сэтгэлээс энэ гэр бүлийн аз жаргал мэдрэгдэж байв.


-Танд гэртээ эрт ирж байсан өдөр тун ховор бололтой. Охид тань “Аав эрт ирлээ” гээд бөөн баяр угтаж байх чинь?
-Ихэвчлэн 23 цагийн үед гэрийн бараа хардаг. Хааяа нэг эрт ирэхээр охид маань бөөн баяр болно. Эднийгээ эрхлүүлж, тоглож суух цаг надад үнэхээр ховор байдаг. Өнөөдөр та бүхэн гэрт маань зочилж, нийгэм, эдийн засаг, үйлдвэрчний эвлэл, улс төрийн сэдвээс өөр зүйл ярилцаж байгаад баяртай байна. Манайх жирийн монгол айл. Энэ байранд гал голомтоо бадраагаад найман жил болсон. Сайн ханьтай учирсандаа би өөрийгөө их азтай гэж боддог. Хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, аз жаргалыг мэдэрдэг юм шүү дээ.

-Та дарга, цэрэг нартай “тулсан” их ширүүн хүн шиг санагддаг. Гэртээ байхдаа төсөөлж байснаас минь огт өөр дүртэй харагдаж байна шүү?
-Би аль болох тайван, амгалан байхыг хүсдэг. Гэр бүлийнхээ баяр хөөрийг хараад ажлынхаа алжаалыг мартчихна. Ямар ч эр хүн гэр бүлдээ хайртай, ханьдаа халамжтай байх ёстой. Өрхийн тэргүүний хувьд амьдралаа бусдаас дутаахгүй сайхан авч явахыг эрмэлздэг. Ер нь эр хүний ухаанаас тухайн айлын амьдрал ямар байх нь шалтгаалдаг. Өдөр бүр инээдэг амьдрал гэж хаа байх вэ дээ. Хааяа бодож төлөвлөсөн ажил санаснаар бүтэхгүй, түмний төлөө тэмцэл маань амжилтад хүрэхгүй сэтгэл эмзэглэх үе бий л дээ.

-Гэртээ бөөн уур бухимдалтай орж ирсэн удаа бий юу?
-Бий, бий. Сэтгэлийн зовнил тээж гэртээ ирэхэд эд нар маань хэчнээн баяр хөөртэй байсан ч нөгөө асуудал бодогдоод зовдог тал бий. Ганбаатар гэртээ орж ирсэн л бол ажлын ачаалал, нийгмийн бухимдал, стрессийг мартах ёстой. Үүнд би суралцаж байгаа. Хүмүүсийн цалинг хүссэн хэмжээнд нь өгүүлье, хөлсийг нь хасуулахгүй гэж тэмцэж байгаач үр дүнд хүрч чадахгүй, сэтгэл дундуур байх надад их хэцүү байдаг.

-Өглөө бүр ажилдаа сэтгэл өндөр очиж чаддаг уу?
-Би өглөө жолоочоо дууддаггүй. Ажил руугаа явган алхчихдаг. Орой машинаараа харина. Юм бодоод алхах надад сайхан байдаг. Алхаж явахдаа өнөөдөр амжуулах ёстой ажлаа бодно, хойшдоо хийх ажлаа төлөвлөнө. Явган явсны ач тус гарна уу гэхээс биш гай болохгүй. Наад зах нь эрүүл мэндэд тустай, оюун ухаан задалж өгнө шүү дээ. Өглөөний таван цагт босож, тухайн өдөр хийж, амжуулах ажлаа төлөвлөдөг. Ид ажлын үед бол ар гэртээ анхаарал хандуулах зав ч гарахгүй шүү дээ. Олны итгэл, хүндлэлийг дааж явна гэдэг амаргүй. Зарим ачаалалттай өдөр үүр цайхаас өмнө гурван цагт босож ажлаа амжуулж байх жишээтэй.

-Танайх олон номтой айл юм аа. Бүгдийг нь уншчихсан уу?
-Ихэнх номоо уншсан. Дараа нь сэргээж хардаг. Онцолж хэлбэл “Аливаа улс, үндэстний өрсөлдөх давуу байдлыг хэрхэн бий болгох вэ” нэртэй ном сонирхол их татдаг. Би номоо улс төр, сэтгэлгээ, эдийн засаг, хөгжлийн гээд төрөлжүүлж байрлуулах дуртай.

-Энэ номонд юун тухай түлхүү өгүүлсэн байдаг юм?
-Ямарваа улс өөрийнхөө давуу тал дээр тулгуурлаж, бусад орны сул талыг түшиглэн, зах зээл рүү нь довтолж, бараа бүтээгдэхүүнээ зардаг. Хэрвээ бид бараагаа сайн шахаж чадвал ажлын байртай болно, орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Түүнээс биш дотроо байгаа жаахан алт, зэс, ноос ноолуураа зах дээр аваачиж зарснаа бизнес гэж бодоод байвал хэзээ ч хөгжихгүй. Швейцарь орны давуу талыг ярья. Эдийн засгийн хөгжлөөрөө миний сонирхлыг их татдаг орон л доо. Швейцарь өөрийнхөө үндэсний брэнд бүтээгдэхүүнээрээ олон оронтой худалдаа хийдэг. Тухайлбал, цаг.
Манайд бол Дарьганга хийцийн эмээл, баавар, Батноров хийцийн мөнгөн аяга, хэт, цахиур зэрэг хэн ч хуулбарлаж чадахгүйгээр урласан уран дархчуудын ховор, нандин бүтээлийг монголчууд швейцарь цаг шиг брэнд болгох хэрэгтэй. Энэ орны ард түмнээс суралцах зүйл бидэнд их бий. Швейцарьчууд мөнгө хурааж, цуглуулах дуртай тул банк, санхүүгийн байгууллага нь өндөр хөгжсөн. Энэ бол тэдний давуу тал. Монголчууд морио дээдэлдэг шиг Швейцарийн ард түмэн нь алаг үнээгээ хүндэлдэг. Тэд шоколад, какао хийдэггүй. Тэгсэн хэрнээ дэлхийн ихэнх оронд шоколад гаргадаг.
Гэтэл Африк, Латин Америкийн орнууд шоколадны ургамлыг тарьдаг хэрнээ өөрсдөө Швейцариас шоколад худалдаж авдаг байх жишээтэй. Саяхан нэг найз маань Испаниас ирээд надтай уулзлаа. Түүний аав, ээж, хүүхэд нь хөгжимчин. Тэрбээр дэлхийн чавхдаст хөгжмүүдийн утсыг монгол морины сүүлээр хийдэг тухай их сонирхолтой зүйл ярьсан шүү.
Австрали улс монгол морины сүүлээр хөгжмийн чавдаст утас хийгээд дэлхийн зах зээл дээр өндөр үнээр зардаг гэнэ. Хэрвээ монгол морины сүүл байхгүй бол дэлхийн чавхдаст хөгжим хөггүй зогсоно гэж өгүүлж байсан. Бид өөртөө байгаа зүйлээ хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж Монголд ажлын байр бий болно, ард түмэн минь сайхан амьдарна. Гэтэл өнөөдөр алт, зэстэй шороогоо уралдан зарж, тэрбумтан болох гэж улайрч байхад Монгол яаж хөгжих юм.

- Монголчууд бусдаас юугаар давуу байж чадах вэ?
-Өвгөд дээдэс минь Монгол хэмээх улсыг байгуулж, нүүдэлчдийн аж амьдрал, ухааныг бидэнд өвлүүлж үлдээсэн. Монголчууд амьдралын гайхалтай ухаантай, тэвчээр, зоригтой ард түмэн. Бид өөрсдийнхөө өвөрмөц аж амьдрал, сэтгэлгээ, соёлоо гадаадын зах зээл дээр бүтээгдэхүүн болгож чадвал Монгол хөгжинө. Бидний давуу тал бол нүүдэлчдийн аж амьдрал, амьдрах ухаан юм шүү дээ.

-Та ”Фэн шуй”, “Далд ертөнц”, “Хөх цэрэг” гээд нэлээд ном туурвисан. Ямар зорилгоор бичсэн юм бэ?
-Фэн шуй шашин бус, Монголоос гарсан ухаан. “Өлзий буян” хөдөлмөр аюулгүй ажиллагааны мэргэжилтэн, эрдэмтэн хүн надтай уулзаад “Фэн шуйд чинь хөдөлмөр аюулгүй ажиллагааны талын зүйл байна уу” гэж асуухад нь “Монгол хүн галын хайчаа хаана тавихаа мэддэг. Эмтэрхий аяганд цай уухгүй, ширээ өнцөгдөж суухгүй гэдгээ сайн мэднэ. Энэ бүхэн таны асуусан зүйлийн хариулт” гэж хэлсэн. Монгол айл уулын нөмөр бараадаж нүүдэллэдэг. Уулын үер, хойноос буудаг.
Тийм болохоор гэрийнхээ хойно тогоо хөмрүүлж тавьдаг шүү дээ. Энэ бол монголчуудын амьдралын ажиглалтын гайхалтай ухаан. Олон зуун жил байгаль дэлхийтэй зөв харьцаж ирсэн ухаан бидэнд бий. Үүнийгээ бид ашиглах хэрэгтэй. Монголчууд дуусашгүй эрдэм баялагтай гэдгийг энэ номоороо тодорхой ойлголт өгсөн. Монголд ирээд эдийн засаг, хувь хүний хөгжлийн тухай өгүүлсэн найман, англи хэлний 10 ном бичлээ. Ном бичих нь миний хообий. Санаа бодлоо хүмүүстэй хуваалцахыг буян гэж боддог. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдарна гэдэг сайхан зүйл биш.

-Англи хэл сурахын тулд таны зөвлөснөөр 150 үг цээжилсэн хүн олон доо…
-Англи хэл сонирхож, хэлний эрдэмтэн болох гэж байгаа хүнд би юу ч хэлэхгүй. Харин хэлийг өөрийнхөө мэдээлэл авах хэрэгсэл болгох гэж байгаа бол сайн зөвлөгөө өгч чадна. Бидний яриаг нягтлаад үзвэл сайндаа 150-250-гаруй үгэнд багтсан байгаа. Хамгийн их хэрэгцээтэй, хэрэг болох үгийг ашиглаж, өгүүлбэр болгож, ярьж сурах хэрэгтэй. Өчүүхэн миний ойлгосноор ингэж хэл сурах хамгийн дөхөм арга шиг санагддаг.

-Уучлаарай, улс төр асуухгүй юмсан гэж бодсон ч болохгүй нь ээ. Ард түмний амьдралыг дээшлүүлэх үүрэг, хариуцлагыг өөртөө үүрэх хэцүү санагддаг уу?
-Миний тэмцэл болгон ялалтад хүрдэггүй. Гэхдээ 80 хувь нь амжилт олдог. Надад итгэж, найдсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалж чадахгүй тохиолдол гардаг. Тэмцэх ёстой талбар их бий. Тухайлбал, Бороо гоулд, Оюу толгойн гэрээ, Боловсролын салбарын ажилтнуудын цалин, хөлсийг хасуулахгүй байх, хүмүүсийн эрх ашгийг хохироосон нийгмийн даатгалын асуудал гээд олон фронтод зэрэг “байлдаад” нэг хоёрыг хяналтаасаа алддаг тал бий. Ингэх надад их хэцүү байдаг.

-Таны хувьд эхнэр хүн ямар байх ёстой вэ?
-Ямар ч үед намайг халуун сэтгэлээр угтдаг ханьдаа баярлаж явдаг. Сайн эхнэртэй эр хүн ажилдаа дэвшил гаргаж ахидаг, өөдрөг явдаг. Эр хүн өөрийг нь ойлгож, хайрлаж, бас итгэдэг ханьтай байна гэдэг их чухал. Үүнийх нь хариуд эрчүүд ханьдаа үнэнч байх хэрэгтэй.

-Эхнэрийн тань дайлсан хоол амттай юм. Таныг гадуур хооллодог гэсэн бодол төрөхгүй байна шүү…
-Ажлаа тараад эхнэрийнхээ хоолыг идэх гэж яардаг шүү. Хийсэн бүхэн нь амттай. Хааяа “Эхнэрийн маань хийсэн хоол салахын аргагүй амттай шүү” гэхээр “За, надад таалагдах гээд битгий онгироогоод бай” гэдэг юм. Хань маань амьдралын ухаанаар надаас илүү.

-Ажлын ачааллаас болоод ханьдаа хатуу үг хэлчихсэн удаа байдаг уу?
-Хэлж байснаа санахгүй байна. Ханиа би ээж шигээ хайрладаг. Ажлын ачааллаас болоод гэр бүлээ анхаарахгүй орхиж, гомдоох вий гэж эмээдэг. Гэр бүлийн маань хүнийг Б.Тунгалаг гэдэг. Архангай аймгийн Чулуут сумын харъяат. Зун амралт эхлэхээр хүүхдүүдээ эмээ дээр нь амраана.
Би охидоо аль болох хөдөөгийн амьдралтай ойр байлгахыг хүсдэг. Хүүхдүүдийг монгол ахуй, ёс заншил, соёлтой багаас нь танилцуулж, хөдөөгийн аж амьдрал ямар байдгийг мэдрүүлж өсгөх ирээдүйн амьдралд нь хэрэг болно. Дөрвөн хананы дунд өссөн хүн хөдөөгийн амьдрал, нүүдлийн соёл, ардынхаа сэтгэлгээг мэдэхгүй шүү дээ. Охин маань өнгөрсөн зун ямаа сааж сурсан, ирэх жилийн амралтаар үнээ сааж сурна гээд байгаа. Саалийн савыг хэдийнэ зэхчихсэн шүү. (инээв)

-Та охиддоо их хайртай юм. Хараад байх нь ээ бүсгүйчүүдийн дунд амьдардаг хүн байна...
-Намайг гаднаас маань хараад хүмүүс ширүүн, догшин гэж боддог шиг байгаа юм. Үнэндээ бол зөөлөн хүн шүү дээ. Эр зориг баатарлаг үйлс, нэр хүндийн төлөө байдаггүй юм. Харин уярам зөөлөн, хайрлах сэтгэлээс гардаг. Ард олны эрх ашгийн төлөө тэмцэл хамгийн хүчтэй, хатуу чанга, эр зоригтой байхыг шаарддаг. Тэмцэл гэдэг бол нэр хүнд олж, олны өмнө зурагтаар гарахын нэр биш. Харин олныг чин сэтгэлээсээ хайрлах ухаан. Эр зориг хайрлах ухаанаас гардаг болохоос бус сэлэмнээс гардаггүй юм.

-Танай аавыг бас их заргач хүн гэдэг юм билээ?
- Аав минь надтай хүүхэд байхаас маань ярилцдаг байсан. Манай аав шударга үнэний төлөө заргалдаж, хэн нэгнийг ажлаас нь шууд халбал учир шалтгааныг нь тодруулаад хамгаалж, өргөдөл бичиж, шүүхэддэг байлаа. Үүнийхээ ч хэрээр гадуурхагдаж, ажилгүй гэртээ суух нь бишгүй л байсан.
Одоо ч аав маань надтай ярилцдаг. Хүн хүүхдүүдтэйгээ зөв ярилцах ёстой юм байна гэдгийг ааваасаа сурч авсан шүү. Сургамжтай үгийг нь санаж явдаг. “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг юм. Өнөөдөр чи шударга үнэний төлөө яваад ялагдаж байгаа ч цаад утгаараа бол ялж байгаа юм шүү” гэдэг юм.

-Таныг өнөр өтгөн гэр бүлээс гаралтай гэж дуулсан юм байна…
-Би долоон хүүхэдтэй айлын том хүү. Үүрэг, хариуцлагыг багаасаа ухамсарлаж өссөн. Аав ээж маань “Миний хүү яаж явна түүгээр чинь дүү нар тань замнана шүү” гэж хэлдэг байсан. Би муу явбал зургаан хүний амьдралыг хэцүү байдалд оруулна гэж бодож, долоо дахин хариуцлагатай амьдарсаар ирлээ.

-Гадаадад олон жил амьдарсан чинь танд нэг бодлын хат суулгасан байх аа?
-Үнэн. Харь газарт эх орноосоо хол эрдэм сурна гэдэг амаргүй. Хүний гар гарахгүй, боловсролтой болчихоод ажил, амьдралаа аваад явчих хэмжээнд байхын тулд тэнд амьдарч байгаа англи хүнээс хэд дахин хичээж, ухаан гаргаж байж амжилтад хүрнэ. Ингэж бодоод зүтгэсэн, хичээсэн, их ч тус болсон. Энэ чадвар надад амьдралд хүчтэй байх хүсэл, эрмэлзэл төрүүлдэг. Мэдлэг бол чухал зүйл, харин амьдрах арга ухаан мэдлэг юм байна. Амьдрах арга ухаанаа мэддэг хүн өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэлтэй хүн бусдад туслахын төлөө амьдардаг гэдгийг ойлгосон.

-Улс төрд та татгалзсан. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Би УИХ-ын гишүүн болохгүй, хүмүүсийн дуу хоолой болно гэж зүтгэсэн. Цаг нь болжээ, чи УИХ-д хөл тавьж, хууль тогтооход бидний эрх ашгийг хамгаал гэж хүмүүс хүсвэл өөр хэрэг.

-Зурагт үзэж суухад хааяа УИХ-ын гишүүдтэй сайн “тулж” байгаа харагддаг…
-Ганбаатар өөрийнхөө төлөө биш шүү дээ. Хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй тулж байхад янз бүрийн гүтгэлэг, доромжлол ар хударгаар тараадаг. Монголын ард түмэн ухаантай. Надад өөрсдийнхөө төлөө тэмцэх боломж, бололцоо, итгэл найдварыг өгсөн. Тийм болохоор сэтгэл зүрхээ би ард түмэндээ харамгүй зориулна. Бид өөрсдийгөө хамгаалъя гэвэл бие биетэйгээ эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ард түмнийхээ амьдралын хүнд хэцүүг харах тусам улс төрчидтэй ярилцах хэл минь хурц, үг минь цэгцтэй болдог. Олныг зүрх сэтгэлээрээ чагнаж, тэдний өмнөөс сэтгэлдээ уйлж байж тэмцлийг хийдэг юм шүү дээ, би.

-Бурхан шүтдэг үү?
-Өглөө бүр бурхандаа залбирч, шивнэдэг. Яагаад ч юм сэтгэл ариусаад, сайхан болдог юм. Гэрийн минь хойморт дээдэлдэг шүтээн минь байхад муу бодол надад төрдөггүй.

-Найранд гурван дуутай биз…
-Ээжийн тухай дуугаар голдуу ая барьдаг. Өвөрмонголын дуучин Тэнгэрийн дуулсан “Монгол хүн” дууг сонсох дуртай. Дахилт нь “Эх орондоо хайртай, би” гэдэг дээ . Дуулах, уйлах адил. Энэ хүн эх орноо хайрлаж, сэтгэлээсээ дуулж чадсан. Тусгаар тогтнол, эрх чөлөө, эр орон ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг мэдрүүлсэн. Хүн ээж, эх орноосоо холдсон үедээ ач тус, гайхамшгийг нь мэдэрдэг. Хүн ээжийгээ алдаж болно. Энэ бол хагацал. Харин эх орноо бусдад алдана гэдэг хамгийн хэцүү зовлон.

-Хэрэв танд эрх мэдэл байдаг бол хэнийг шагнах вэ?
-Адарсүрэн гуай монголдоо байтугай дэлхийд гайхагдах гайхамшигтай ховор авьяастай хүн байсан. Хүн амьдралдаа алдаж, энэдэж болно. Гэхдээ гавьяа, шагналыг нь харамгүй өгөх хэрэгтэй. Монголчууд ийм сайхан хүнээ хайрлаж, хамгаалж чадаагүйд харамсдаг. “Цэцэг нуур”-ын дугуйлан байгуулаад Монголын эрх чөлөөний төлөө харийнхантай тэмцэж явсан Ард Аюушийг өнөөдөр хэн ч ярьдаггүй. Манайхан зовоогүй учраас эрх чөлөө ямар их үнэ цэнэ, амь насаар олддог гэдгийг мэддэггүй. Хэрвээ надад эрх мэдэл байдагсан бол МҮЭ-ийн холбоог “Ард Аюуш”-ийн нэрэмжит болгох юмсан гэж боддог.
Энэ хүн анх ҮЭ-ийн анхны суурийг байгуулж байсан гавьяатай. Хэлмэгдлийн шуурганаас ганцаараа амьд үлдсэн Лоохууз гуайг Монголын ард түмэн яагаад мартчихав аа. Яагаад энэ хүнд хэдэн одон тэмдгээсээ өгөхгүй байна вэ. Социализмын хэцүү үед ард түмнийхээ тусгаар тогтнол, эрх ашгийн төлөө үг хэлсэндээ амьдралаа зольж, бяц гишгүүлээд үлдсэн хүн шүү дээ. Монголчууд бид ямар аминчхан, хар амиа бодсон улс вэ. Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржоос Хөдөлмөрийн баатар, Ардын баатар, Улсын баатар цолын аль нэгийг Лоохууз гуайд өгчихөөч гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Энэ хүн хэдий болтол амьдрав гэж дээ. Амьд байхад нь өгч баярлуулаач.

-Амралтын өдрийг яаж өнгөрөөх дуртай вэ?
-Ням гаригийн өглөө эрт босож, найзуудтайгаа Богд уул руу авирдаг. Би Богд ууланд өглөө бүр залбирч, цайныхаа дээжийг өргөдөг юм . Монгол хэмээх ямар сайхан орныг өвөг дээдэс минь бидэнд үлдээсэн юм бэ. Бахархаад бахархаад ханашгүй нь. Улаанбаатар хотод би гэр бүлтэй болж өнөр өтгөн амьдралаа бадраасан. Түмний итгэл хүлээж, олны төлөө зүтгэх сайхан боломж өгсөн их хотдоо баярлалаа гэж хэлье.

-Их хотын дуу чимээ, ажлын ачааллаас түр боловч холдох юмсан гэж боддог уу?
-Найзууд маань “сайхан амраач” гэж хэлдэг ч надад ийм бодол төрдөггүй юм. Би байнга хөдөөгүүр явдаг ажилтай. Энэ нь надад нэг бодлын амралт болдог гэх үү дээ. Завгүй ажил намайг эрч хүчтэй болгодог. Өглөө ажил руугаа, харин орой гэр рүүгээ яардаг. Энэ бол миний хамгийн сайхан амьдрал.

-Том охин чинь сургуулийн сурагч болжээ. Хичээл номоо давтахад нь анхаарал хандуулж чаддаг уу,Та?
-Манай охин 84 дүгээр сургуулийн I дүгээр ангид сурдаг. Cурагчдын амралт эхлэхээс өмнө багштай нь зав гаргаж уулзсан. Хааяа охин маань цэцэрлэгээ санадаг юм шиг байгаа юм. Заримдаа ядраад анги дээрээ шүлсээ гоожуулаад унтчихсан байсныг ээжээс нь сонссон. (инээв) Охин маань А сурдаг. 149 дүгээр цэцэрлэгт явдаг байхдаа Нараа гэдэг багшаар төгөлдөр хуур заалгаж, тоглож сурсан.

-Амьдралын хүнд хэцүү ачааг үүрч яваадаа бухимдаж, сэтгэлээр гундуу амьдарч яваа олон хүн бий.Тэдэнд хандаад урмын сайхан үг хайрлаач…
-Өнөөдөр нийгмийн амьдрал хүнд байгаа нь үнэн. Бид агуу үндэстэн байсан. Гэхдээ гуйлгачин ард түмэн биш ээ. Цөөхөн хүн амтай гээд агуу биш байна гэсэн үг биш шүү. Хүн болгон өөртөө итгэлтэй бай. Өөрийгөө хүндэлж, өөрөөрөө бахархаж амьдар. Хүүхдээ хөдөө байдаг хамаатан садандаа зун амруулж, аргал түүлгэж, үнээ саалган, ааруул хийлгэж, хурга ишиг хариулж, монгол ёс заншлаа сайн мэдрүүлээрэй.
Бид хотожсон ард түмэн биш, нүүдэлчин улс. Нүүдлийн сэтгэхүйгээ битгий гээгээрэй. Сэтгэлээр бүү уна. Зовлон, бэрхшээл тохиолдсон ч сөхрөхгүйгээр тэмцээд урагшла. Та заавал ялж л таараа. Өдөр бүр баярлаж, өнөөдөр бүхэнд жаргалтай амьдраарай. Монголын минь айл бүхэнд хүүхдийн дуу цангинаж, аз жаргалаар бялхах болтугай.

Эх сурвалж: Ням гариг сэтгүүл

0 Сэтгэгдэл:

Post a Comment