2011-02-19

Ж.Эрдэнэчимэг : Ажилдаа дуртай байх гэдэг аз жаргал

Ярилцлага, Эрдэнэчимэг
...Маш гоёмсог сайхнаар зассан том танхимд, алдарт Битлзийн гайхамшигт дуу хөгжим дор циркийн жүжигчдийн бүтэн хамтлаг дуулж, бүжиглэж, жүжиглэж циркийн хүнд хэцүү үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Битлзийн дуулсан дуу болгоны утга агуулга, тэрхүү алдарт дөрвөлийн амьдрал, амжилт, шаналал, өсч өндийн мандан бадрах бүх л түүхийг өгүүлсэн "LOVE" шоу Лас-Вегасын "Mirage Hotel" тaетрт тоглож буй буй нь энэ.

Ханан дахь асар том 2 дэлгэцнээ Битлзийн түүх болон тоглолтын зургууд гарч, тэр танхимд үзэгчдийн сэтгэлийг доргиох Битлзийн дуунуудын аянд агаарын гимнастик, үсрэлттэй акробат, тэнцвэр, илбэ, алиалагчид, жонглёр, дугуйт тэнцвэр бүхий үзүүлбэрүүдийг жүжигчилсэн хэлбэрээр рок болон сонгодог бүжгүүдтэй хослуулан үзүүлэх жүжигчдийг үнэхээр гайхан биширмээр. Хөгжим чимэглэл, гэрэлтүүлэг тайз засалт болон солигдолт, гайхамшигт найруулгыг бишрэхгүй байхын аргагүй. Энэ бол аргагүй л дэлхийд гайхагдах шоу байлаа.


Канадын "Нарны цирк" эзэн нь өдгөө "Bellagio Hotel", Лас-Вегас, Лос-Анжелос, Нью-Йорк, Орланда хотуудад нийтдээ 19 шоу тоглолтыг үзүүлдэгийн нэг нь энэ гэнэ. "Гудамжны, нүүдлийн гэж нэрлэгддэг байсан циркийн урлагийг бүжиглэлт, жүжиглэлттэй хослуулан гайхамшигт шоу урлаг болгон хөгжүүлж чадсан түүнийг би үнэхээр биширдэг. Тэгээд ч "Bellagio Hotel"-ийн "O"  шоунд 13 жил ажиллаж байгаадаа би маш их бахархаж, сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг" гэж Ж.Эрдэнэчимэг надад өгүүлсэн юм.

Өдгөө дэлхийн хэмжээнд ч нэрд гаран, гайхамшигаараа үзэгчдийг бишрүүлэн дагуулж буй "Bellagio Hotel" -ийн "O" шоунд нугардаг 5 монгол охины багшаар 13 жил ажиллаж, бас энэ хотод өөрийн уран нугаралтын студи ажиллуулж байгаа Ж.Эрдэнэчимэгтэй би Лас-Вегас хотноо уулзаж ярилцсан юм.

                                       
Нэг. Намтрын товчоон

Жамъяаний Эрдэнэчимэг
-1957 онд  Улаанбаатар хотноо төрсөн
-1975 онд Нийслэлийн 7-р сургуулийн10-р анги төгссөн
-1980 онд МУИС-ийг орос хэл-утга зохиолын мэргэжлээр төгссөн.
-1968-1990 онд Монголын циркийн жүжигчин
-1990-1997 онд Францад "гэрээт жүжигчин"
-1997-2010 онд Канадын "Нарны цирк"-ийн багшаар ажиллаж байна.

                                       
Хоёр. Уран нугараач болсон эхлэл

Г.Г- Уран нугарах  гэдэг хүн болгонд заяадаг авьяас биш байх.
Ж.Э - Би 7 настайдаа сургуульд орох гээд чадаагүй юм. 8 настайдаа нийслэлийн 11-р сургуулийн 1-р ангид орж байв. Дуулж бүжиглэж, шүлэг унших дуртай. Их л уян налархай байсан юм шиг байгаа юм. 1-р ангийн үсэглэлийн баяраар анх нугарсан гэдэг. Хүүхдүүд миний ард мандолин хөгжмөөр ая тоглож, би багшийн ширээн дээр нугарсан юм. Тэгж л анх авьяасаа нээв. Анги удирдсан Бямбаа багш, аав ээж хоёрт минь миний нугарах авьяастайг хэлж, циркэд шалгуулж, хөгжүүлэх хэрэгтэйг зөвлөсөн юм билээ.
Тэр үед би цирк гэдгийг ч огт үзээгүй байсан. Багшийн зөвлөснөөр ээж минь манай хамаатан болох Нацаг ахад /Монголын циркийг анх үндэслэсэн/ хэлж. Нацаг ах намайг Цэнд-Аюуш багшид үзүүлж шалгуулъя гэж л дээ.

Г.Г-Шалгуулаад хэрхэн үнэлэгдэв дээ?
Ж.Э-Би анх 1966 онд цирк үзээд "нугардаг хүн харсангүй" гэсээр ирсэн гэдэг. Харин цирк үзсэнээсээ хойш T. Цэнд-Аюуш гэдэг хүнийг нэг л их гоёмсог цав цагаан копронон платьетэй байх юм шигээр төсөөлнө. Яг л балетчин шиг.

Цирк дээр анх шалгуулахаар очоод учиргүй сэтгэл догдлон хүлээж байтал, миний сэтгэлдээ ургуулан төсөөлж байснаас огт өөр, хүрэм өмссөн өндөрдүү бор хүн ирсэн чинь дотор сэтгэлдээ "голж" байгаа юм аа. Т. Цэнд-Аюуш багш хүрч ирсэнээ " За чи юу чаддагаа үзүүл дээ"  гэлээ. Олон жилийн дараа эргээд бодож байхад, би тэр жаахан мөртлөө их дажгүй үзүүлбэр үзүүлсэн юм шиг билээ. Миний үзүүлбэрүүдийг үзсэний дараа Т. Цэнд-Аюуш багш "их уян, бас гоё өлмийтэй юм, би авъя" гэсэн. Тэгж л 8 настай бяцxан охин уран нугараач болох замаа сонгосон юм даг.

Г.Г-Сургуульдаа сурахын зэрэгцээ уран нугаралтаар хичээллэх нь амаргүй байсан уу?
Ж.Э - Би өөрөө их дуртай байсан. Өдөр бүр хичээлээ тараад баруун 4 замаас хуучин цирк хүртэл автобусаар явна. Тэр үеийн автобус байнга л чихэлдээстэй. Өдөр бүр 1 цагаас нугаралтын бэлтгэлтэй.

Гэхдээ хичээлдээ онц сурдаг, хажуугаар нь нийгмийн идэвхи их сайтай байсан. Байнга урлагийн үзлэг болон олон нийтийн янз бүрийн арга хэмжээнд оролцдог. Нэг удаа хичээлдээ "дунд" дүн авчихаад аавдаа үзүүлэхгүй гэхдээ тэр хуудсыг нь урж орхив. Аав миний дэвтрийг үзэж байснаа "энэ нэг хуудас нь хаачсан юм бэ?" гэж асуугаад баригдаж байв.

Г.Г-Чиний уран нугараач болох сонголтод аав ээж тань нилээд нөлөөлсөн байх. Аав ээжийнхээ тухай ярьж болох уу?
Ж.Э- Ээж минь Цэндсүрэн гэдэг. Жүжигчин хүн л дээ. Хүмүүс "Хүргэн хүү" киноны Жамц баяны эхнэрийн дүрээр нь андахгүй. Их ч олон кино, жүжигт гайхалтай дүрүүд бүтээсэн дээ. 2 жилийн өмнө "гавъяат жүжигчин" цол хүртсэн. Бүх насаараа л урлагийн төлөө зүтгэж, сэтгэл зүрх амьдралаа урлагт зориулсан хүн дээ.

Аав минь Жамьян гэж НАХЯ ны хурандаа цолтой хүн. Цагдаа, армид олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ээж минь байнга л хөдөө урлагийн бригадаар явдаг болохоор аав минь л ажлынхаа хажуугаар биднийг өсгөж, амьдралын ачааны хүндийг үүрнэ. Хоол хийж, юмаа угааж, бидний хичээлийг давтуулж шалгадаг байлаа. Тэр үед анзаараагүй хэрнээ, өөрөө амьдралд нухлуулсан олон жилийн дараа л "ямар сайн аав" байсныг ойлгох юм даа.

Тэр үеийн дундаж сэхээтний жишгээр л аав ээж 2 минь биднийг "хэнхэгдүү", алив ажлын төлөө чин сэтгэлээсээ л хандаж, үнэнчээр зүтгэхэд сургасан. Хийх ёстой зүйлээ яг л номоор нь хийж, шударга бус байдалтай эвлэрэлгүй, өөрийн гэсэн зарчмаар бүх зүйлд ханддаг болоход тэд л бидэнд нөлөөлжээ.

Г.Г- Хэр удаан хичээллэж байж циркийн манежэд гарав даа?
Ж.Э - 1968 оны жинэ жилээр "шинэ он" болж, анх циркийн тоглолтод оролцсон. Их л гоё байсан санагддаг юм. Урдаа улаан тууз зүүгээд, шүлэг уншиж тэр тоглолтыг эхлүүлж байв. Тэгээд бас нугарсан.

Харин 1969 оноос сард 300 төгрөгийн цалинтай дагалдан жүжигчин болж байв. Одоо ч би гэрийнхэндээ тоглоомоор " би их бага байхаасаа л та нарыг тэжээсэн шүү" гэж хэлдэг юм. 1969 оны хавар анх удаа хөдөө бригадаар явлаа. Юу ч мэдэхгүй жаахан охин " хөдөө явна" гэж баярлаад нойр ч хүрэхгүй. "Зил-130" машины задгай тэвшин дээр суугаад Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудаар явж тоглосон. Хамгийн анхны тоглолт минь Хэнтий аймгийн Биндэр суманд болж байсныг өнөө хэр ч мартдаггүй юм. Тэр үеийн циркийн "алтан үеийнхэн" болох Данзан гуай, Содном гуай, Цэнд-Аюуш багш нартай хамт ажиллаж, хамт аялж явсан би их азтай хүн.

Г.Г- Их л бага наснаасаа нугарч, циркийн дагалдан  жүжигчнээр ажиллаж байсан болохоор ур чадвар чинь сайжирч байсан байх.
Ж.Э -Тэгэлгүй яахав. 1971 онд МАХН-ын 16-р их хурлын хүндэтгэлийн концертод Норовсамбуу эгч бид 2 нугарсан юм. Норовсамбуу эгчийг нугарахад бүх л хөдөлгөөнийг нь дагаж, "сүүдэр" нь юм шиг харагддаг үзүүлбэр. Энэ үзүүлбэр их амжилт авчирсан. 1971 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын сарын ажлын хүрээнд ОХУ-ын Эрхүү, Братск, Улаан-Үдээр явж тоглов. Энэ бол миний анхны гадаад аялан тоглолт байлаа.

Г.Г- Байнга бэлтгэл, аялан тоглолт гээд явахаар хичээл сурлагад чинь нөлөөлж байсан уу?
Ж.Э - Гайгүй ээ. Би өөрөө их хичээдэг байсан. Өглөө хичээлдээ яваад , орой 5 цагаас ажилдаа явна. Монгол хэл-уран зохиолын хичээлд их дуртай. Шүлэг их уншдаг. Бас юм юм сонирхоноо.

Циркийнхээ багшаас нуугаад гимнастикаар хичээллэв. Бас муугүй 3-р зэрэг авч байсан шүү.
Даанч Т.Цэнд-Аюуш багш минь энэ тухай мэдчихээд " чи цирк, гимнастик 2-ынхоо аль нэгийг л сонго" гэж хатуухан хэлэхэд нь гимнастикаа орхисон доо.

Тэр үед миний мөрөөдлийн "загвар" нь Норовсамбуу эгч байлаа шүү дээ. Уран нугаралтаар 18 хан насандаа "гавъяат жүжигчин" цол авчихсан, МУИС-ийг англи хэлний мэргэжлээр "онц" төгсчихсөн ид л мандаж байсан үе. Тэр бага наснаасаа уран нугаралтаар хичээллэж, жүжигчин болсон байсан надад "Норовсамбуу эгч шиг л болох ёстой" гэдэг хүсэл байсан хэрэг. Тиймдээ ч 1975 онд 10-р ангиа төгсөөд МУИС-ийн орос xэлний ангис элссэн нь энэ л мөрөөдлийн нөлөө. Шинэ цирк 1972 онд ашиглалтад орж, Норовсамбуу эгч бид 2-ыг нэг өрөөнд оруулахад учиргүй баярлаж билээ.

Г.Г- Чамайг Монголын циркэд анхны "хос нугаралт"-ыг эхлүүлж байсан гэж сонссон.
Ж.Э- Уран нугаралт 2 төрөл байдаг. Урагшаа нугаралт, арагшаа нугаралт. Өнгөц харахад адил юм шиг хэрнээ их ялгаатай. Тэр үед нугарч байсан Оюунчимэг эгч урагшаа нугарахдаа сайн байхад, би арагшаа нугарахдаа илүү байх жишээтэй. Яг үүн дээрээс л Т.Цэнд-Аюуш багш, Л.Наранцэцэг бид 2-ыг хос нугаралтад бэлтгэсэн. 1973 онд анхны хос нугаралтын үзүүлбэр үзүүлж, үнэхээр шуугиан дэгдээсэн дээ. Энэ бол багшийн минь анхны том бүтээл, цаашид Монголын уран нугараачид дэлхийн тавцанд үнэлэгдэх эхлэл нь болсон юм шүү.

Г.Г- Ганцаарчилсан нугаралтаас хос нугаралт руу шилжсэн нь үнэхээр том дэвшил болсон байх. Энэ нь чамд амжилт, хариуцлагын аль алиныг нь авчирсан болов уу?
Ж.Э- Тийм ээ! Хос нугаралт тэр цагаас Монголын циркийн хамгийн үнэтэй үзүүлбэр болсон. Мэдээж амжилт, алдар хүнд аль аль нь ирж байсан. Тэр үед би МУИС-д суралцаж байлаа. Хэдийгээр олон тоглолттой байсан ч надад ямар нэгэн хөнгөлөлт байгаагүй. Тэр үед, бүх л зүйл яг л ном журмаараа байх ёстой гэдэг зарчим байлаа.

Улсын төлөвлөгөө биелүүлэх гээд 18 аймгийн бүх сумдаар явж тоглосон. Эхлээд "Зил-130" машинаар, дараа нь "ПАЗ" автобусаар, сүүлд нь галт тэрэг, онгоцоор хүртэл явж байв. Хаа ч тоглолтоор очсон эхлээд л билетээ зарна. "Хүүхэд 3 төгрөг, том хүн 5 төгрөг билетээ аваарай" гээд л хашгирч өгнө. Тэгээд үзвэр эхлэхийн өмнө билетээ тасална. Хүн бүр л эрвийх дэрвийхээрээ хийх ёстой ажлаа хийцгээдэг байлаа.

Бага байсан болоод нуруугаа хайрлах, хамгаалах ч гэж мэдэхгүй. Хэзээ ч өөрийгөө "зовж байна, зүдэрч байна" гэж бодож байсангүй. Хүн ер нь дуртай ажлаа хийж байхдаа л аз жаргалтай байдаг.
Тэр үед намайг МАХН-д орлогч гишүүнээр элсүүлсэн юм. Тэр үеийн зарчмаар уран бүтээлч хүнийг зөвхөн уран бүтээлээр нь биш, улстөрийн идэвхээр нь их дүгнэнэ. Лекц, сонсголын ирц, намын их бүгд хурлуудын товчлол, за тэгээд элдэв хяналт шалгалт мундахгүй. МАХН-д орлогчоор элсүүлсний дараа намайг циркийн урансайхны зөвлөлийн нарийн бичгийн дарга болголоо. Ажлынхаа хажуугаар байнга л бичиг цаастай зууралдаж, элдэв орчуулга хийнэ. Гэвч алив зүйлийг яг л ном журмаар нь хийх ёстой гэсэн хүмүүжил минь намайг энэ бүхэнд төвөгшөөлгөж байсангүй.
                                      
Гурав. Урмыг нь хугалахаар...

Г.Г-Мэдээж хүн дуртай ажлаа хийж байхдаа бага сага бэрхшээлийг тоодоггүй. Түүгээр ч зогсохгүй олон зүйлийг хүсч мөрөөдөж, түүн рүүгээ тэмүүлж байдаг.
Ж.Э - Тийм шүү. 1979 онд МУИС-ийн орос xэлний ангийн оюутнууд ОХУ-д дадлага хийдэг байсан жишгээр намайг Свердловскт суралцаж байхад, Москвад болох тоглолтод дуудлаа. Шалгалтуудаа урьдчилж өгчихөөд Москвагийн тоглолтод очиж оролцсон. Энэ тоглолтыг үзсэн Латин-Америкийн төлөөлөгч, зөвхөн хос нугаралтыг Латин-Америкт тоглох олон улсын циркийн тоглолтод урьсан байв. Харин энэ урилга бөөн асуудал үүсгэлээ. Социалист Монголын уран нугараачид анх удаа хөрөнгөтөн, империалист гүрэнд худалдааны шугамаар олон сар  тоглох болсон учраас...


Г.Г-Тэр үед ийм асуудал МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтэс, НАХЯ-ны хяналт доор шийдэгддэг байсан байх шүү.
Ж.Э - Тийм ээ! Бөөн л юм болсон. Бид 2-ын үзүүлбэрийг Соёлын Яамны уран сайхны зөвлөл, МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтсээр хэлэлцээд л, хөрөнгөтөн оронд социалист орны жүжигчин биеэ хэрхэн авч явах тухай, бусадтай хэрхэн харилцах тухай бөөн л зааварчлага. Тэр ч байтугай НАХЯ-ны төлөөлөгч, надтай ганцаарчлан уулзахдаа "Чи найз залуутай юу?Хэрэв хөрөнгөтөн орны залуу чамайг сонирхвол чи яах вэ?"  гэхчилэн асуусан.

Нилээд асуудал болж байж, бид 2-той хамт испани хэлний орчуулагчаар Эрдэнэчимэг гэдэг бүсгүйг хамт явууллаа.


Г.Г-Энэ тоглолт ямар орнуудад болсон юм бэ?
Ж.Э- 1981 оны хавар Уругвай, Аргентин, Бразилд нийтдээ 6 сар аялан тоглосон. Бид 2 -т өдрийн 20$-ын цалин өгнө. Харин улс болохоор бид 2-ын нэг тоглолтоос 200$-ын гэрээ хийсэн байсан юм билээ. Гэтэл өдөрт 2-3 удаа тоглох ёстой.

20$-оороо өдрийн хоол авах төдий. Анх удаа гадаадад тоглож, доллар авч үзэж байгаа хүн чинь хоолоо хэмнэж, хэмнэсэн мөнгөөрөө гэрийнхэндээ бэлэг авахыг л бодно. Их ч юм үзсэн, бас их ч гүрийсэн. Харин бид 2-ын нугаралтыг их сонирхож, маш өндрөөр үнэлж, шуугиж, бахархаж байлаа. Тэр үед Латин-Америкийн үзэгчдийн хувьд Монголын уран нугаралт үнэхээр л "гайхамшиг "тай үзүүлбэр байсан.

Бид 2 залуу байсан болохоор тоглолт дуусгаад орчуулагч "хянагч"-ийн хурц хараанд дор, шууд л өрөөндөө ордог. Хүмүүстэй бараг л харьцахгүй. Одоо бодоход их л өрөвдөлтэй, инээдтэй санагддаг юм.


Г.Г-Мэдээж хөрөнгөтөн орны үзэгчдэд үнэлэгдсэн болохоор Монголдоо буцаж ирээд магтагдав уу?
Ж.Э -Бид 2-ыг Латин-Америкаас буцаж ирэхэд хүмүүс янз бүрээр л үнэлж, ярьж байсан. Харин шагналын хувьд ямар ч чимээгүй өнгөрсөн л дөө.

Нэг өдөр циркийн дарга өрөөндөө дуудлаа. Яваад орсон чинь костюмтай 2 хүн сууж байна. Арай ахмад нь над руу хандаж "Чи Латин-Америкт тоглолтоор явж байхдаа Монгол Улсын нэр хүндтэй байгууллагын нэр хаягийг хөрөнгөтөн орны хүнд өгсөн байна" гэж буруутгадаг юм. Би үнэхээр гайхсан. Тэр үед ч, олон жилийн дараа, одоог хүртэл энэ гүтгэлэгийн учрыг олоогүй. Хожим сонсоход, тэр тоглолтыг үзсэн хөрөнгөтөн орны хэн нэгэн Монгол Улсын циркийн хаягаар ил захидал явуулсан юм шиг л ойлгомжгүй яриа сонсогдож байсан.

Би тэр хүнд " Бид тэр тоглолтод оролцохдоо Монгол Улсын циркийн жүжигчид гэж албан ёсны нэрээр явж, энэ л нэрээр зарлуулж байсан шүү дээ" гэж учирлаад ч тусыг эс олов. Хариуд нь баахан загнуулаад тэр өрөөнөөс уйлаад л гарч билээ.


Г.Г-Миний мэдэхийн тэр үед "социализмын үзэл суртал", "хөрөнгөтний үзэл суртал" хэмээх хагралдаан байж, энэ чиглэлээр НАХЯ их ч сайн ажиллаж, өө сэв бүхнийг "хувьсгалт лантуу"-гаар хайр найргүй цохиж байсан үе бий.
Ж.Э - Үнэхээр гомдолтой байсан. Тэгээд намайг буруутган зэмлэж, гадаадад тоглох эрхийг нь 3 жилээр хасах шийдвэр гаргасан даа. Яг үнэндээ ямар буруу хэрэг хийгээд, яагаад ийн шийтгэгдэх болсноо ч ойлгоогүй. Дотор бачуурч, гомдсондоо уйлахаас өөр яаж ч чадахгүй, "дарамт"-ын дор байлаа шүү дээ. Хамгийн аймшигтай нь энэ мөчөөс хойш би циркдээ "гадны хүн" болж хувирсан явдал. Хүн болгон л зай барьж холдоно. Дотно сэтгэлийн харилцаа, найз нөхдийн нөхөрлөл үгүй болсон. "НАХЯ-нд асуудалтай хүн" гэдэг ойлголтоор шүү дээ.

Нэг ёсондоо миний хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлийг энэ үе л жинхэнээр хугалсан даа. Надад таагүй хандаж, шинэ юм хийх хүсэл боломжийг хааж, өчүүхэн шалтаг бүхэнд буруутгах нь ямар аймшигтай гээч.  Энэ хандлага нь хүсэл мөрөөдөлдөө нисч явсан намайг, аймхай хулчгар хүн болгон хувиргасан юм.

Г.Г-Энэ үед аав чинь НАХЯ-ны чиглэлээр ажилаж байсан гэсэн. Энэ асуудалд аав тань яаж хандсан бэ?
Ж.Э - Эхлээд айгаад аавдаа энэ тухай юу ч яриагүй. Нилээд хэд хоногийн дараа аргагүйн эрхэнд аавдаа энэ тухайгаа ярилаа. Аав минь гайхан бухимдаж, учрыг нь тодруулахаар нилээд олон хүнтэй, тэр дотроо НАХЯ-ны сайд байсан Б.Дэжид гуайтай хүртэл уулзсан гэсэн. Яг учрыг хэлэхийн оронд "Ямар нэгэн асуудал байх нь байгаа" гэх хариултаас өөр юу ч олж мэдээгүй. Аргаа барсандаа аав минь "Миний охин яг юу болсныг нуулгүй үнэнээр ярьчих" гэж хүртэл хэлж байсан гээд бод доо.

Энэ бүхнээс би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. " Элдэв зүйлд анхааралгүй, уран бүтээлээ л маш сайн хийж байж, нэрээ гаргах хэрэгтэй" гэдгийг.

Г.Г-Ямар нэгэн дарамт, үл ойлголцолд гомдож цөхөрч суулгүй, өөрийгөө сайнаар нотлон харуулах боломж нь энэ юм даа.
Ж.Э - Тэгээд л би улам ч хичээж эхэллээ. 1983 онд  Кубийн олон улсын уралдаанд оролцож, тэргүүн байрын шагналыг авчирсан. Энэ амжилтын минь талаар хэн ч юу ч дуугарсангүй. Энэ үед би нөхөрт гарч хүүхдээ төрүүллээ.
Энэ үед Улаанбаатар хотын 50 жилийн ойн концертын бэлтгэл явагдаж байсан болохоор төрснөөсөө 14 хоногийн дараа би шууд л сургуулилтдаа орсон. 1985 онд Москвад болсон Дэлхийн Залуучууд Оюутны 12-р наадамд оролцов. Энэ наадмын дараа Германд 3 сарын тоглолтод явж, тэндээсээ шууд Монте-Карлогийн наадамд явсан.

Яг үнэндээ хүүхэд гаргасан нь үнэн болохоос би муу ээж байсан. Хүүхдээ нялхаар нь орхиод олон сар жилээр тоглолтоор явж байхдаа хүү минь хэзээ хэлд орж, яаж алхаж эхэлснийг ч мэдэхгүй. Тэр үед Улсын ажил, Улсын нэр хүндийн төлөө хувийн амьдралаа ч золиосолж байсан юм даа.

Г.Г-Тэр үед нийтлэг тийм хандлагатай байсан. Тэр хэрээрээ зөвхөн амжилт шаарддаг байсан байх. Миний ойлгож байгаагаар Монте-Карлогийн наадам тэр үед ч, одоо хэр нь ч дэлхийн циркийн урлагийн хамгийн шилдгүүдийн цугларалт байдаг. Энэ хэрээрээ ч их нэр хүндтэй байх.
Ж.Э - Тийм ээ! Энэ бол дэлхийн циркийн жүжигчдийн мөрөөдөл. Биднийг оролцож байх тэр үед Монакагийн хаан тоглолтыг үзэж байсан юм. Монте-Карлогийн тэмцээнд Монголын циркийн жүжигчид анх удаа оролцож байгаа нь хамгийн том нэр хүндийн асуудал байв. Л.Наранцэцэг бид 2 энэ тэмцээнээс тусгай шагнал хүртлээ. Энэ шагналыг маш том гоёмсог цом, казиногийн шоунд 6 сар тоглох эрх дагалдаж байсан.

Москвагийн циркийн дарга бид 2 т чин сэтгэлээсээ баяр хүргэж байв. Анх удаа ийм том тэмцээнд оролцож тусгай шагнал хүртсэн нь Монголын циркийн нэр хүнд төдийгүй, цаашдын хөгжилд нь их ч нөлөө үзүүлсэн юм шүү.

Харин Монголдоо ирээд магтагдах нь бүү хэл Соёлын Яамны уран сайхны зөвлөлийн хурлаар орж "Яагаад алт мөнгөн шагнал авч чадаагүй юм бэ? Юу нь болоогүй юм бэ?" гэхчилэн зэмлүүлдэг юм. Бидний авчирсан тусгай шагналыг ч тэгтлээ тоогоогүй.

Г.Г- Энэ ч арай дэндэнээ. Монте-Карлогоос авсан анхны тусгай шагнал нь Монголын циркийн нэр хүнд, хөгжилд их боломжийг авчирсан гэдэгтэй санал нийлж байна.
Ж.Э - Нийгмийн тогтолцоо нь тийм байсан хэрэг. Магтах нэгний өчүүхэн амжилтыг ч тэнгэрт гаргаж, дарах нэгний ямар ч амжилтыг үгүйсгэж чаддаг байсан. Загнуулсандаа урам хугарсан надад, илүү хүчтэй техниктэй шинэ трюк бэлтгэж тоглох санаа төрсөн. Үүний тулд хамтран тоглогчоо ч солих шаардлагатай боллоо.

Тэгээд л би шинэ трюк бодож олж, шинээр хийхээр шийдэн, нууцаар бэлтгэж эхэлсэн дээ.

Г.Г-Яагаад нууцаар бэлтгэх гэж?
Ж.Э - Яг үнэндээ циркийн уран нугаралтад өрсөлдөөн бий болсон байлаа. Цэнд-Аюуш, Мажигсүрэн, Норовсамбуу багш нар өөрсдийн шавь нараа бэлтгэж байв. Нөгөө талаас миний нас ч явж байлаа. Олон жил нугарсан туршлага дээрээ өөрийн гэсэн шинэ үзүүлбэртэй болох нь хэрэгтэй байсан. Шинэ трюкээ циркийн урансайхны зөвлөлөөр нилээд явдал болж байж батлуулж амжлаа. Хамтрагчаа ч сольж, шинээр Н.Тунгалагтай хамтран бэлтгэж эхэлсэн.


Г.Г-Шинэ трюкээ анх үзүүлсэн тухайгаа дурсвал?
Ж.Э - Шинэ трюкээ Н. Тунгалагтай хамтран бэлтгэж байтал Киргизстан, Новосибирск, Москвад болох аялан тоглолтод Тунгалагийг оруулсан байв. Хэрэв би үлдвэл, бид 2-ын бэлтгэл тасалдах байсан тул, аргагүйн эрхэнд циркийн даргадаа учраа хэлэн гуйж байж, би энэ тоглолтод туслах байдлаар явах болсон. Үнэндээ надад ичгэвтэр байсан хэдий ч, шинэ үзүүлбэрийнхээ төлөө ингэхээс өөр арга байгаагүй.

Аялан тоглолтын завсар чөлөөгөөр бид 2 бэлтгэлээ хийнэ, хүн гуйж тоглолтын хэрэгсэл болон ширээгээ бэлтгэх гээд ажил мундахгүй. Ингээд Москвад анх энэ үзүүлбэрээ үзүүллээ. Анхны тоглолт дээр жаахан алдаа гаргасаныхаа төлөө бид 2, Соёлын Яамны төлөөлөгчид зөндөө л загнуулав. Харин Москвагийн үзэгчид энэ үзүүлбэрийг маш сайнаар хүлээн авсан.  1978 оны "Советская цирк и эстрада" сэтгүүлийн 5 -р дугаарт "Монголын циркийн хөтөлбөрт тоглогдсон Ж.Эрдэнэчимэг, Н.Тунгалаг нарын хос нугаралтын үзүүлбэрийн төгсгөлийн техник трюк нь санаанд багтамгүй, давтагдашгүй үзүүлбэр байлаа...Энэ нь олон улсын циркийн урлагт хийгдээгүйгээс гадна, дэлхийн циркийн урлагийн түүхэнд гайхагдах, юутай ч зүйрлэшгүй хосгүй бүтээл болжээ" гэж бичиж байсан юм.

Г.Г-Тийм ээ! Энэ үнэхээр гайхалтай үзүүлбэр болсон юм байна. /энэ үзүүлбэртэй холбоотой зургууд болон хэвлэлийн мэдээллүүдийг би,өөрийнх нь зөвшөөрснөөр үзсэн юм/. Их сайнаар үнэлэгджээ.
Ж.Э - Москвагийн тоглолтын дараа биднийг Польшид уриад, тэндээс Германы дэлхийд алдартай Roncarl-ын цирк зөвхөн бидний үзүүлбэрийг 1 жилийн хугацаатай худалдааны гэрээгээр авсан юм. Бид нэг жил нугарсаны дараа, тэд гэрээгээ 2 жилээр сунгасан. Тэд намайг циркдээ үлдэхийг хүссэн боловч би зөвшөөрөөгүй л дээ. Харин миний хамтрагч Н.Тунгалаг тэнд үлдсэн юм.
Яг энэ үед Данид тоглох гэрээ хийгдэж, бид тэнд тоглох ёстой боллоо. Гэтэл надад хамтрагч байдаггүй. Монгол руу учраа ярьж байж, Швейцарт тоглож байсан нугараач охиныг Дани руу явуулж, бид тэндээ богино хугацаанд бэлтгэл хийгээд л шууд тоглосон.

Г.Г-Чамайг Германы Roncarl-н цирк үлдэх санал тавьж байхад, чи үнэхээр үлдье гэж бодоогүй юу?
Ж.Э - Яг үнэндээ би тэр үед Монголын талын хийсэн гэрээг дуусгах хариуцлагын тухай л бодож байсан. Хоёр Улсын хооронд байгуулсан гэрээ гэдэг их ч хариуцлага. Хэдийгээр бид, 2 -хон хүн байлаа ч бидний ард "Монгол" гэдэг бүрэн улсын нэр дагалдаж байгаа. Алив зүйлд хариуцлагатай байх ёстой гэсэн миний хүмүүжил л үүнд нөлөөлсөн. Данийн 3 сарын гэрээнд ч би бас л ингэж хандсан. Нөгөө талаар би өөрийнхөө ирээдүйд итгэж байлаа.

Г.Г- Олон жил гадаадад гэрээгээр тоглож байгаад эх орондоо буцаж ирэхэд ямархуу байв даа?
Ж.Э - Намайг буцаж ирэх үед 1990 оны ардчилсан хувьсгал ялж, бүх зүйл өөрчлөгдөж бужигнаж байсан л даа. Урлагийг хүмүүс тэгтлээ тоохоо больж, уран бүтээлчид ажлаасаа гарцгааж,  урлагийн байгууллагууд хүнд байдалд орж байв.

Циркийн удирдлагууд надад "20 жил ажилласан болохоор тэтгэвэртээ гарах тухай" битүүхэн сануулцгааж байв. Надад үнэхээр гомдолтой, хэцүүхэн санагдаж байсан.

Г.Г-Нээрээ! Урлагийнханд 20 жил ажиллаад тэтгэвэрт гарах жишиг байсан байх шүү. Их залуугаасаа урлагт орсон хүн 40 нас хүрэлгүй тэтгэвэрт гарна гэдэг амаргүй. Нас залуу, ажилдаа туршлагажсан, бас хийж бүтээх хүсэл нь байдаг.
Ж.Э - Тийм шүү! Энэ бол амаргүй асуудал болдог. Юу юунаас илүү, ид хийж бүтээх насан дээрээ "гологдоно" гэдэг даан ч гомдолтой. Яах ч учраа олохгүй байсан энэ үед Лондонгоос ирсэн гэрээнд зориуд нэр зааж "Ж.Эрдэнэчимэгийг хамтрагчтай нь авах" хүсэлт гаргасан байв. Надад Монголд ямар ч орон зай байхгүй юм байна гэдгийг мэдэрсэн учраас ямар ч эргэлзээгүйгээр явахаар шийдэж, "Лондонгоос буцаж ирэхгүй, гадаадад үлдэнэ" гэдгээ шууд л хэлсэн. Харин тэд үүнийг зөвшөөрсөн дөө.
                                  

Дөрөв. Өндийх гэж тэмцсэн он жилүүд


Г.Г- Тэгээд л Европт үлдсэн хэрэг үү?
Ж.Э - Би Лондонд үлдэж, хамтрагч маань Монгол руу буцсан. Яг үнэндээ би сохроор л аз туршсан хэрэг. Хууль дүрэм хатуу сахидаг оронд, албан ёсны бичиг баримтгүй, тоглолтын гэрээгүй би "хэн ч биш" байсан. "Хос нугаралт"-аар үнэлэгдэж, худалдагдаж байсан миний хувьд, энэ үзүүлбэрийн хэмжээнд хүрч үнэлэгдэх, ганцаарчилсан үзүүлбэрийг цоо шинээр бүрээж, урьд нь авч байсан эзэд болон агентлагуудад таалагдах амаргүй сорилт хүлээж байсан юм. Нэг таньдаг жүжигчнийхээ байранд бэлтгэлээ хийж, энэ хооронд өөрийнхөө видео бичлэгийг хийж, циркууд руу явуулсан. Тэгсээр ямартай ч Германд тоглохоор боллоо.

Г.Г-Энэ бол амаргүй сонголт. Хүмүүс ийм эрсдэлийг тэгтлээ тооцдоггүй. Авьяас чадвар байлаа ч хууль бус л бол бүх зүйл хаалттай.
Ж.Э -Германаас Малайзад тоглолтод оролцоод буцах гэтэл миний виз асуудалтай болж орхисон. Бүх арга боломжоо шавхан байж, Малайзаас Францад очсон доо. Францад очоод циркэд орж, нугарч эхэлсэн. 1990-1997 оны сүүл хүртэл Францад гэрээт жүжигчнээр ажиллаж байхдаа Европ Ази Латин -Америкийн орнуудаар циркийн, телевизийн, cabaret, тусгай тоглолтууддаа оролцон тоглолоо.

Г.Г-Францад олон жил болжээ. Энд ажил амьдралдаа сэтгэл хангалуун байсан уу?
Ж.Э - Яг үнэндээ энэ үе бол өөрөө л өндийж босох гэж тэмцсэн он жилүүд байлаа. Алдаа оноо, жаргал зовлон бүгд л байсан. Францад байх үедээ би Канадын "Нарны цирк"-д багшаар ажиллах хүсэлтээ байнга явуулж байв. Нас минь нилээд явж байлаа.

Харин 1997 оны сүүлээр надад Америкаас хариу ирсэн. Канадын "Нарны цирк" Лас-Вегас хотноо нээх гэж байгаа байнгын шоундаа 4 монгол охинтой нугаралтын үзүүлбэр оруулах болсон тул, багш хэрэгтэй болжээ. Tэд саналыг зөвшөөрвөл, намайг Канадын Монреальд ирэхийг урьсан байлаа.
                                   

Тав. Лас-Вегасын шоуны ертөнцөд


Г.Г-Энэ харин маш сайхан тохиолдол болжээ
Ж.Э - Би энэ саналыг зөвшөөрөөд л шууд Монреаль руу ниссэн. Надаас 2 цагийн дараа Монреальд онгоцоор буусан 4 нугараачдаа би Монголоос ирж байгаа гэдгийг ч мэдээгүй. Д.Энхжаргал, Д.Намчинханд, Г.Сараанаа, Т.Энхээ нартайгаа ингэж л уулзсан. Тэд 14-16 насны охидууд Монголоос шалгагдан "Нарны цирк"-д ирж байв. Тэр цагаас хойш 13 жил өнгөрчээ.

Г.Г- Маш сайхан учрал юм. Монголоос Францаас , Канадад багш шавийн барилдлагаар учирна гэдэг их л азтай тохиолдол.
Ж.Э - Тийм шүү! Их ч аз завшаан. Тэгээд л бид ажиллаж эхэлсэн. "Нарны цирк"-ийн "O" шоу усан дээр тоглодог болохоор эхлээд бүгдээрээ усанд сэлж сурцгаав. Мэдээж эд нар минь хүүхдүүд учраас миний хувьд багш нь байх төдийгүй, ээж нь байх үүргийг давхар хүлээсэн. Урьд нь хосоороо нугардаг байсан тэднийг нэгтгэж дөрвөлсөн нугаралт шинээр бүтээх болов. Хамтдаа хөдөлмөрлөж, бэлтгэж 6 сарын дотор үзүүлбэрээ бэлэн болголоо. Бид анх 1998 оны 1-р сард уулзацгааж байсан бол үүнээс 6 сарын дараа тоглолтод оролцож эхэлсэн.

Г.Г- Мундаг байнаа. Чи өөрөө нугараач байсан хэдий ч багшилна гэдэг амаргүй.
Ж.Э - Нэг талаас өөрөө нугарч байсан болохоор нугаралтын техник, ур чадварыг зааж сургах боломж байсан. Нөгөө талаас өөрийнхөө туулж өнгөрүүлсэн замаа бодоод эхний зорилго нь эв нэгдэлтэй, яг адил тэгш байлгаж сургахыг хичээсэн. Аль нэгэнд нь илүү боломж олговол, өөр хоорондоо зөрчилдөх нөхцлийг үүсгэдэг. Тоглолтод хүртэл яг л адилхан оролцуулна. Ямарч  тохиолдолд бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, ойлголцож байх нь хамгийн чухал. Бид яг ийм зарчмаар хамтдаа 13 жил явцгаалаа. Тийм болохоор бид хамтдаа л амжилтад хүрч байгаа.

Г.Г- 13 жил гэдэг бага хугацаа биш. Мэдээж энэ хооронд өөрчлөгдсөн зүйл байгаа байх.
Ж.Э - Одоо бидний Лас-Вегаст тоглож байгаа "O" шоуг 13 жилийн өмнө бэлтгэж тоглуулж эхэлсэн. 7 хоногийн 5 өдөрт 10 шоуг яг 13 жил тасралтгүй тоглож байгаа гээд бод доо. Энэ хугацаанд үзэгчдийн суудал дүүрээгүй нэг ч тохиолдол байхгүй. Зарим жүжигчид нь өөрчлөгдөж байснаас хөтөлбөр нь үндсэндээ өөрчлөгдөөгүй.

Анх тоглож эхэлж байснаас Т.Энхээ гарч, Т.Төрчимэг /7 жил/, Б.Одмаа /5 жил/, Д. Нарангуа /2 жил/ нар орж ирсэн. Харин Д.Энхжаргал, Д.Намчинханд, Г.Сараанаа 3 яг 13 жил нугарч байна.
Одоо бол энэ шоун дээр 5-уулаа нугарч байгаа.


Г.Г- Чамайг өнгөрсөн жилийн сүүлчээр болсон З.Хангалын уран бүтээлийн тоглолт дээр өөрөө нугарч байхыг хараад үнэхээр гайхсан шүү. Одоогоос бараг 20-иод жилийн өмнө тэтгэвэртээ гарч байсан хүн...
Ж.Э - Би энэ охидуудынхаа өмнө ямагт үлгэр жишээ үзүүлэхийг хүсдэг. Багш хүн бүх талаар л үлгэр жишээч байх ёстой. Тийм учраас би одоо ч хүүхдүүдтэйгээ хамтад дасгалаа хийдэг. Энэ тоглолтод Б.Ундармаа, Т.Төгсчимэг 2-той хамтдаа нугарсан л даа. Нэг талаас өөрийгөө шалгах шалгуур, нөгөө талаас "хэн ер нь хэдэн нас хүртлээ нугарч болох вэ?" гэдэг асуултын хариу, бас залуу нугараачдадаа, хичээж зүтгэвэл тэдэнд ямар их боломж байгааг мэдрүүлэх гэсэн хэрэг.
Ямар ч хүнд хүсэл зорилго байвал бүх зүйл болно оо. Бид энэ циркэд анх тоглож байсан техникээ хэзээ ч алдаж болохгүй. Үүний тулд өдөр бүр дасгал хийж, уйгагүй хөдөлмөрлөж байх учиртай.  Би охидууддаа " Та нар үзэгчдэд л бүхнээ зориулах ёстой. Тэдний өмнө тоглож байгаа тэр хугацаандаа юу чаддагаа дээд зэргээр харуулах ёстой" гэж хэлж, шаарддаг.


Г.Г - Өөрийнхөө ажиллуулж байгаа уран нугаралтын  студийнхээ талаар ярьж өгөөч.
Ж.Э - Одоогоос 10 жилийн өмнө 2 хүүхдийг аавынх нь хүссэнээр гэртээ уран нугаралтаар бэлтгэж эхэлсэн юм. Аажим аажмаар нэмэгдсээр 2005 онд энэ студиэ албан ёсоор нээсэн. Одоогоор 17 хүүхэд хичээллэж байгаа. Үүнээс 2 юм уу 3 нь жинхэнэ шоуны жүжигчин болж чадна. Бусдынх нь хувьд өөрийгөө хөгжүүлэх боломж нь юм даа. Ядаж л хөдөлгөөний эвсэлтэй, уян хатан болж чадна.

Г.Г-Студийнхээ амжилтын талаар ярьж болох уу?
Ж.Э - Манай студиэс 2 охин одоогоор нилээд том шоунд оролцож яваа. 3 хүүхэд нилээд сайн бэлтгэгдэж, гэрээ хийгдэхийг хүлээж байна. Манай студид зөвхөн нугараачид төдийгүй мэргэжлийн жүжигчид ирж мэргэжлээ дээшлүүлнэ, өөр бусад циркийн сургуулиудаас хүүхдүүд ирж зөвлөлгөө авна. Өөрийнхөө студи дээр 3 ч удаа уулзалт зөвлөлгөөн зохион байгуулж байлаа.

2007 онд Америкийн залуу циркчдийн фестивальд оролцож, манай хүүхдүүдээс 1. 2-р байр эзэлсэн. 2009 онд Олон Улсын уран нугараачдны тэмцээн Лас-Вегас хотноо зохион байгуулагдахад мөн л манай сурагчид 1,2 -р байрыг эзэллээ. Хэдийгээр ажлынхаа хажуугаар энэ бүхнийг амжуулж хийх амаргүй байлаа ч, Монголын уран нугаралтыг дэлхийд таниулж, бас боломжоороо сурталчилж, хөгжүүлж байгаа нь миний хийх ёстой ажил юм шүү дээ.

Г.Г-Уучлаарай! Би нэг зүйлийг илэн далангүй асууя. Монголын уран нугараачид өөрийн авьяас болон хөдөлмөрөөрөө их л залуу насандаа "гавьяат" цолыг авцгаасан. Энэ нь бараг жишиг шахуу зүйл л дээ.  Норовсамбуу 18 насандаа, Энхцэцэг 19 насандаа, Оюунчимэг, Эрдэнэтуяа нар бас л залуу байхдаа энэ алдрыг хүртэж байсан. Гэтэл чи Монголын циркэд бараг 20 гаран жил өөрийн авьяас, сэтгэл зүтгэлээ зориулж, одоо хэр нь дэлхийн хамгийн том шоунд ч Монголын уран нугаралтын гайхамшигийг мэдрүүлэн хөдөлмөрлөж явна. Харин чамайг одоо болтол "гавъяат" цолыг аваагүйд гайхаж байна.
Ж.Э - Монголын циркийн уран нугаралтад тийм жишиг байсан. Нэг удаа намайг "Гавьяат жүжигчин" -д тодорхойлоод "Хөдөлмөрийн хүндэт медаль" өгсөн юм. Хүмүүсийн өрсөлдөөн, элдэв асуудал нөлөөлдөг л байх. Нөгөө НАХЯ-ны хамаатай асуудал гээд яригддаг л байх. Гэтэл би өнөөг хүртэл тэр нэгэн жил намайг буруутгаж байсан НАХЯ-ны бодит шалтгааныг олж мэдээгүй. Яг ямар шалтгаан байдгийг би мэдэхгүй. Одоо үүнийг мэдэхийг ч хүсдэггүй.

Гэхдээ би нэг л зүйлд бардам байдаг. Намайг тэр л балчирхан 8 настай байхад минь өргөж авч, өдий зэрэгтэй явахад нөлөөлсөн, уран нугаралтын урлагтаа би өдий хүртэл үнэнч яваа. Үүний баталгаа нь өнөөдөр бидний тоглож байгаа "Нарны цирк"-ийн "O" шоу. Энэ шоуг мэдэхгүй, үнэлдэггүй хүн ховор. Гэтэл энэ шоунд 13 жил Монголын уран нугараачид, үнэ хүндтэйд тооцогддог үзүүлбэрийг үзүүлсээр яваа. Энэ л надад хангалттай.

Г.Г- Тийм ээ! Өөрийн зорилго, хөдөлмөр зүтгэл, зүрх сэтгэлдээ үнэнч байна гэдэг мундаг чанар. Өдгөө ч дэлхийн циркийн урлагийн оргилд нь яваа чамаар бас шавь нараар чинь бахархаж байна. Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Та нарт эрүүл энх, амжилт, аз жаргалыг ерөөе.
Ж.Э -Танд ч бас их баярлалаа. Энэ онд 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа Монголын циркийн хамт олондоо баяр хүргээд, энэ үүрнээс ниссэн шувууд, дэлхийн хэмжээний циркийн урлагт нэр хүндтэй яваа шүү гэдгийг ч хэлмээр байна. Энэ бол Монголын циркийн урлагийн хөгжлийн нэгэн гайхамшиг. Бид төдийгүй биднээс ч мундаг яваа олон авьяастнууд бий. Бид хаа ч явсан "Монгол" гэдэг нэр дагалдаж, бидний ард Монголын далбаа намирч байдаг юм.


...Лас-Вегасын "Bellagio Hotel"- д болдог, тэдний тоглосон "О" шоуг үзээд би үнэхээр бахархсан. Усан дээрх гайхамшигт үзүүлбэрүүдийн дунд, Монголын 5 нугараач охид нугарах мөчид өөрийн эрхгүй цээж огшиж, аньсага чийглэсэн. Харин тоглолтын дараа тэдний өрөөгөөр зочилж, хананд өлгөсөн Монголын Төрийн далбааны өмнө хамтдаа зургаа авахуулцгаалаа. Тэдгээр охидтой ч нэгэн орой хамтдаа зөндөө ярилцаж суухад, Монгол бахархал, монгол омогшил мэдрэгдэж байсан. Өнгөрсөн онд Америкийн нэрт кино найруулагч Жеимс Камерон зураг авалтаар тэдэнтэй уулзахдаа маш ихээр хүндэтгэж "live art"  гэж дуу алдан хүндэтгэж байсан тухай тэд хуучилж байв. Шоуны өргөн чөлөөнд монгол охины нугарч байгаа уран баримлыг мөн л Америкийн хамгийн алдартай уран барималч хийсэн гэсэн. Ямартай Ж.Эрдэнэчимэг болон түүний шавь нугараач монгол охид, дэлхийд алдартай Лас-Вегасын шоунд өөрийн орон зай, нэр хүнд, хүндэтгэлтэй явж байгааг, би өөрийн нүдээр харж, сэтгэлээр мэдэрлээ.
Энэ бол Монголын нэгэн бахархал юм даа гэж надад бодогдсон. Та нарын ажил амьдрал өөдрөг сайхан байг ээ.
                                      
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

0 Сэтгэгдэл:

Post a Comment