2011-01-08

С.Зориг : Улс оронд үүссэн нөхцөл байдал, улс төрийн хурц сөргөлдөөн, түүнээс гарах арга зам /гар бичмэл/

С.Зориг
Монгол улсад 1990 онд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсанаас хойш дөрөв дэх жилийн нүүрээ үзэж байна. Коммунист тогтолцоот нийгмээс ардчилсан, хүнлэг, зах зээлийн байгуулалд шилжихэд томоохон хоёр өөрчлөлт явагддаг:
- Улс төрийн болон нийгэм-эдийн засгийн
Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн үндэс суурийг Улсын бага хурал тавьж, шинээр дэвшүүлсэн зорилтуудыг амьдралд эргэлт буцалтгүй хэрэгжүүлэх томоохон алхам хийж, чухал хуулиудыг батлуулсан юм.

Харин улс төрийн өөрчлөлтийн эхлэлийг Монгол улсын шинэ Үндсэн хуулиар бататгаж өгсөн боловч цаашдаа хууль, тодорхой алхмаар гүнзгийрүүлж өгөөгүй нь 1994 оны хаврын хямралт байдалд хүргэлээ. Энэ хямралын үр хөврөл нь 1992 оны сонгуулийн үр дүнд хурцдалынхаа шинж тэмдгийг нэрмээс болгон олж авчээ.


Эдийн засагт өөрчлөлт хийх үйл явц Олон улсын валютын сан, Дэлхийн банкны шууд хяналтын дор, өөрөөр хэлбэл гадны жороор харьцангуй сахилга баттай, үе шаттай хэрэгжиж, хөгжингүй орны дэмжлэг хүлээн, бараг үлгэр жишээ “онц сурлагатан, дуулгавартай, чих зөөлөн хүүхэд “ гэж үзэгдэж байгаа бол улс төрийн өөрчлөлтийн асуудал социалист систем задарснаас хойш ямар нэгэн жоргүй болж, тухайн орон өөрөө сонголтоо хийх харьцангуй эрх чөлөөтэй болжээ...


Нэгэнт хатуу жор тулган өгөөгүй учир 1992 онд үүссэн нөхцөл байдлыг хэвээр нь хадгалах явдал эрх баригчдад нэг талаас бие амар, нөгөө талаас хармаагаа түнтийлгэж үндэсний хөрөнгөтний эгнээнд богино хугацаанд орох тун таатай арга зам болсон тул улс төрийн зогсонги байдлыг, бүр цаашилбал хэт их эрх мэдэлдээ согтон ардчилсан ололтоос ухрах хандлагыг МАХН-ын дээд албан тушаалтнуудын эгнээнд бий болгосон юм.
Энэ бүхний үр дагавар туйлдаа хүрч, дараахи хэлбэрээр илэрч гарсан юм.
  • УИХ Үндсэн хуулийг хэрэгжүүлэх багц хуулиудыг хэлэлцэж батлах чадваргүй байгаа /үүнээс хамгийн чухал нь Газрын тухай хууль, Орон нутгийн талаар багц хууль, Сонгуулийн шинэ хууль г.м/ Гэтэл үндсэн хууль батлагдаад даруй хоёр жилийн хугацаа болсон.
  • УИХ-д ямар нэг хэлбэрээр хуульчлагдсан улс төрийн сөрөг хүчин байхгүй бөгөөд хуулийн төсөл, бусад шийдвэрийг хэлэлцэх, санал хураахад жинхэнэ олон ургальч үзлээр санаа бодлоо уралдуулах нөхцөл үгүйсгэгдсэн. Сөрөг хүчний зургаан гишүүн нийт сонгогчдын 40 гаруй хувийг төлөөлж байвч УИХ-д санал хураалтын үр дүнд нөлөөлөх ямарч бололцоогүй. Уг нь УИХ бүх ард түмний улс төрийн зориг эрмэлзлэлийг хууль тогтоох үйл явцад тусгах, улс төр, эдийн засгийн тогтвортой хөгжил хувьслыг хангах үүднээс улс оронд улс төрийн тодорхой зөвшилцлийг бий болгох үүрэгтэй билээ. Харамсалтай нь, УИХ дахь хүчний харьцаа, эрх баригч МАХН-ын олонхийн улс төрийн чиг шугам зөвшилцлийг бололцоогүй болгосноороо хууль тогтоох дээд байгууллагын улс төрийн бололцоог хязгаарлаж, Монголын нийгэмд үзүүлэх нөлөөг ихээхэн багасгаж байна.
  • УИХ-д хуульчлагдсан сөрөг хүчин байхгүй учраас үндсэн хуулийн үзэл баримтлалын суурь болсон засаглалын хуваарилалт, түүний салаа мөчрүүд харилцан тэнцвэртэй байх зарчим зөрчигдөж эхэллээ. УИХ, Засгийн газрын хоорондох зааг ялгаа бараг үгүй болж, хоёр гуравхан хүний хүрээнд улс орны хэмжээний асуудал шийдэгдэх байдал үүсч, шүүх засаглал, түүний нэгэн салшгүй хэсэг болох Үндсэн хуулийн цэцийн эрх мэдэл рүү хүртэл довтлох боллоо.
  • Эрх баригч намын хэт давамгай байдал нь дураараа дургиж, ямар ч нийгэм хүлээхгүй гэсэн бодолд хүргэснээр төрийн байгууллагын тогтолцоонд бие биенээсээ хамаарах гинжин урвал үүсгэн, танил тал хамаатан садан бүлэглэлүүдийг үүсгэлээ.
  • Албан тушаал, албан харилцаагаа ашиглан хонжоо орлогын төлөө хөөцөлдөн, хувьдаа завших уур амьсгал бий боллоо.
  • Ардчилалын нэг гол шаардлага болох төр, засгийн шийдвэр гаргаж, батлах ил тодын зарчим үгүй болж, төрийн албан тушаалтнуудын тайлагнах зарчим алдагдсан.
  • Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөн хэдэн бүлэглэлийн, түүний дотор Засгийн газрын төлөөлсөн хэсгийн эрх мэдэлд орж, түүгээрээ дамжуулан өөр үзэл бодлыг үл тэвчих, улс төрийн бүдүүлэг сурталчилгаа явуулах, дургүй хүмүүсээ мөшгин хавчих бодлого явуулдаг.
  • Төрийн телевиз, радио, сонин хэвлэлд улс төрийн болон үзэл суртлын хяналт дахин сэргэсэн.
  • Эрх баригч МАХН-ын удирдах бүлэглэл хоёр нүүр царай гарган хилийн чанадад хүний эрх ардчлалын төлөө тэмцэгч мэтээр уран үг урсгах авч өөрийн орондоо хүний бодит эрхийг санаатайгаар үгүйсгэж / үг хэлэх, шашин шүтэх, улс төрийн итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө, эрх/ дөнгөж мэндэлсэн ардчилсан засаглалын бүтцээс ухарч байна /шууд сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх, үүрэг, ардчилсан парламентат ёсны зарчмууд, засгийн газрын ил тод, тайлагнадаг байх зарчим, бие даасан шүүх засаглал г.м/. Улс төрийн тоглоом нь хэт даварч УИХ-ын зарим байнгын болон дэд хороодын даргаар туйлширсан үзэлтэй хүмүүсийг сонгон томилсон байна.
  • Төрийн дээд албан тушаалтнуудтай холбоотой улс төрийн томоохон дуулиан өрнөх явцад улс төрийн наад захын ёс суртахуун, соёлыг уландаа гишгэсэн.

Дээр дурьдсан нөхцөл байдал монголын нийгмийг улс төрийн хүрээнд хэдэн алхмаар ухраах уршигтай юм.

Төр засгийн байгууллагууд хямралыг даван туулах чадваргүй байгаа нөхцөлд /Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал, МАХН-аас УИХ-д суугаа гишүүд суудлаа алдахаас үхтлээ айсан байдал, улс төрийн томоохон дуулианаас болж Засгийн газар нэр хүндээ алдсан/ тулгамдсан байдлаас гарахад улс төрийн намууд, ялангуяа улс төрийн томоохон намууд, улс төрийн томоохон зүтгэлтнүүд, олон нийтийн байгууллагууд гол биш юм аа гэхэд томоохон үүрэг гүйцэтгэх ёстой болов уу?

Энэ хямралыг шийдэх 3 арга зам байна.

1.Засгийн газар огцрох
2.МоАХ, МОХ тэмцлийн хэлбэрээ өөрчлөн улс төрийн өлсгөлөнгөө зогсоох

3. Дээрхи 2 хэлбэрийг аль нь ч хүлээж авах хүсэлгүй, эцэсээ хүртэл тэмцэхээр шийдсэн бололтой байгаа учраас 3 дахь зөвшилцөх хувилбарыг сонгох нь зүйтэй санагдана. Энэ хувилбар нь дараахи агуулгатай байвал сөргөлдөгч талууд хүлээж авах бололцоотой юм.
  1. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн шинэ хуулийг 1994 оны хаврын чуулганаар баталж 1995 оны 6 дугаар сард УИХ-ын болон орон нутгийн ээлжит бус сонгуулийг явуулах /УИХ, аймаг, сум, багийн сонгууль. УИХ аймгийн хурлын бүрэлдэхүүн дөрвөн жилээр сонгогддог гэхдээ аймгийн хурлын бүрэлдэхүүний Ѕ нь хоёр жилийн дараа шинэчлэгдэн сонгогддог. Сум, багийн хурлын бүрэлдэхүүн хоёр жилээр сонгогддог./1997 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдана. Мөн орон нутгийн сонгууль давхар явагдана. /Аймгийн хурлын 1/2, сум, багийн хурлын бүрэлдэхүүн бүхлээрээ шинэчлэгдэн сонгогдоно./ Ингэснээрээ хоёр хоёр жилээр тойрогт тэнцвэр, хяналтын механизм боловсронгуй болох юм.
  2. Засгийн газрын тайланг 1996 оны хаврын чуулганаар авч хэлэлцэн, дүгнэлттэй тогтоол гаргах.
  3. Үндсэн хуулийн цэцийн бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулах үүднээс Үндсэн хуулийн цэцийн тухай хуулинд өөрчлөлт оруулах.
  4. Үндэсний радио, телевиз, Ардын эрх, Засгийн газрын мэдээ сонин зэргийг чөлөөт бие даасан мэдээллийн хэрэгслийн зарчмаар төртэй гэрээтэй ажиллах шийдвэр гаргах.
  5. Хээль хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах явдалтай тэмцэх хуулийг 1994 оны хаврын чуулганаар хэлэлцүүлж батлах.
  6. Үндсэн хуульд харшилсан хууль, тогтоол аливаа шийдвэрийг даруй хүчингүй болгох.
  7. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрүүдийг ил тод байлгах үүднээс мэдээллийн эрх чөлөөний хуулийг батлах.
  8. Хүний, Монгол улсын иргэний эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах, эрх зүйн үндсийг бүрэлдүүлэх арга хэмжээг яаралтай авч, тэдэнд харш хууль тогтоомж, шийдвэрүүдийг ойрын үед хүчингүй болгох.
Эх сурвалж : bamons.com

0 Сэтгэгдэл:

Post a Comment