2010-12-15

Оюунгэрэл Жефф хоёр

Ц.Оюунгэрэл
Ч.Оюунгэрэл, Жефф хоёрынд өнжлөө. Монголчуудын хэлж заншсанаар бол Жеффийнх гэж нэрлэж болох ч  өрхийн тэргүүн гэх ойлголт энэ гэрт бусдаас өөр утгатай. Саяхан хүн амын тооллогоор "Өрхийн тэргүүн" гэсэн уламжлалт асуултад хариулахын тулд  хэлэлцүүлэг өрнөжээ. Жефф "Яг юу гэж асуугаад байгаа юм бол. Чи бид хоёр нэгийгээ даргаар  сонгох юм уу" гэж гайхсан аж.
Сонгох, сонгогдохын тухайд бол Ц.Оюунгэрэл хамаагүй туршлагатай нь мэдээж. Тэрбээр Ардчилсан эмэгтэйчүүдийн тэргүүний сонгуульд гялалзсан амжилт гаргасан. "Ногоон нүдэн лам" номын зохиогчийн хувьд гэр бүлийн хоёрын нэр бас хамтдаа явдаг. Жеффийг олон улсын хүний эрхийн хуульч гэдгийг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй болов уу. Хүний эрхийн талаар мэргэшсэн хүмүүсийн гэр доторх хүний эрхийн асуудал ч бусдаас өөр түвшинд яригддаг шиг байгаа юм.
Биднийг очиход Ц.Оюунгэрэл уншлага хийж байв. "Ногоон нүдэн лам" номынхоо хоёрдугаар дэвтрийг бичихийн тулд тэрбээр баримт цуглуулж байгаа юм билээ. Энэ удаа тэрбээр "Монгол Улсын маршал Х.Чойбалсан" хэмээх номыг харж суулаа. Заримдаа бүтэн жилээр ч архивын материал судлах хэрэг гардаг гэнэ. Нэгдүгээр сарыг дуустал уншилт хийгээд хоёрдугаар сараас номоо бичиж эхлэхээр төлөвлөжээ.  Харин Жефф "Ногоон нүдэн лам"-аа барууны зах зээлд гаргах ажил хариуцаж авч. Эднийх "Оргил" хотхонд амьдардаг.  Найрамдалт харилцаатай болон хэцүү хөршүүдийн талаар сонирхоход Ц.Оюунгэрэл "Манай хөршүүд дандаа завгүй улсууд байдаг" гэв. Оргил хотхон бизнесийнхэн болон улстөрчид ихтэй. "Хүүхдүүд нь найзласан айлууд  их хөөрхөн" гэсэн л дээ. Хотхоныхон  он солигдох мөчид хамт байдаг аж. Гэр бүлээрээ хотхоныхоо төв талбайд цуглаж, оргилуун дарс буудуулдаг байна. "Хотхоны хамгийн идэвхтэй нь. Оргил гэдэг залуу" гэсэн. Ч.Сайханбилэг гишүүн ч бас хотхондоо "идэвхтэй" гэсэн ангилалд багтана. Харин хүүхдүүдээрээ холбогдож,  гэр орноор нь орж гардаг хөрш гэвэл Л.Гүндалай гишүүнийх аж.
Харин эднийх гэрийн тэжээмэл амьтангүй юм билээ. Гэхдээ  оюутан "тэжээдэг".  Энэ удаа тэднийд аав, хүү хоёр оюутан амьдарч байгаа аж. Оюутнууд эдний охин Одмаатай хамт хоол хийх болон гэр цэвэрлэх ажлыг "шеф"-лэж авсан. Эднийх дөрвөн оюутан суулгаж байсан удаатай ч гэрт суудаг хүмүүсийн тоо өсөхийн хэрээр зохицуулалтын ажил ундарч, "дотуур байрны багш"-ийн үүрэг ногдох болсон тул ийнхүү оюутныхаа тоог цөөлжээ. Зун гадаадын оюутан хүлээж  авдаг байна. Гадаад зочдоо дагуулж зундаа Манзуширын хийд, Тэрэлж үзүүлдэг бол өвөлдөө "дотоод" оюутнуудтайгаа хамт гэр бүлээрээ дуурь, шоу үзэх нь гэрийн эздийн заншил. Зуны зочдод Жеффийн хүүхдүүд, хамаатан садан ч багтана. Энэ айлын гал тогооны өрөөний хаалганд байрлуулсан гэр бүлийн хуанли анхаарал татав. Жеффийн охины шинэ жилийн бэлэг юм байна. Тэрбээр шинэ жилээс  өмнө гэр бүл, хамаатан садныхаа зургийг цуглуулж аваад, хуанли хэвлүүлж илгээдэг зантай.  Хуанлиг эргүүлж харахад гэр бүлийн амьдралын түүх хөвөрнө. Нэгдүгээр сард Эрика төрсөн учраас түүний хөгжилтэй зураг эхний нүүрийг чимжээ.  Зургадугаар сард Жефф, Оюунгэрэл хоёр гэрлэсэн учраас энэ бол тэдний сар. Энэ сарыг тэд монгол хувцастай зургаараа чимжээ.  Гэрлэсэн өдрөө тэд оройн хоолонд орж хоёулхнаа тэмдэглэдэг гэсэн. "Жеффийн охидтой ямар харьцаатай байдаг вэ" гэж сонирхоход Ц.Оюунгэрэл "Сайн найз нөхөд шиг байдаг. Манай охин тэдний нялх дүү шиг нь л байдаг" гэсэн.
-Жефф охидтойгоо найзууд шиг л байдаг. Манайхан шиг амар хүмүүс. Элдэв ааш зан, ялгаварлан гадуурхалт байхгүй. Миний ажлыг ойлгодог. Аавыг минь ингэж тэгж халамжилсангүй гэж  үглэхгүй гэж тэр ярьсан юм Жефф Америкт жилийн гурван сарыг, үлдсэн хугацааг Монголд өнгөрүүлдэг.  Түүнээс "Юу хийж байна" гэж асуусан чинь:
-"Ногоон нүдэн лам"-ынхаа англи эхийг редакторлоход ихэнх цагаа зарцуулж байна. Миний гэрийн даалгавар бол Лондонд байгаа агент руугаа энэ сардаа багтааж номоо явуулах зорилготой ажиллаж байна. Сайн бичсэн бол хэвлэх газар руу явуулах байх. Муу болсон бол дахиад  засвар хийлгэхээр  буцаах байх гэсэн юм. Дахин дахин засвар хийхээс залхах үе байдаг уу гэхэд маань Жефф "Ямар ч байсан уйтгартай биш.  Хэзээ ч залхдаггүй. Гэхдээ аймаар их ажиллагаа шаарддаг. Гэсэн ч би өдрийн 3-4 цаг л идэвхтэй ажилладаг" гэв. "Уран зохиолын ном бичиж үзээгүй учраас хүнд байдаг. Бичиж сурахын тулд Хавай руу зохиолчдын хуралд явсан. Уран зохиолын ном бичих нь  хүүхэдтэй болохтой адил. Хүүхэд эцэг эхдээ  хамгийн хөөрхөн байдагтай адил бичсэн бүхэн маань хамгийн сайхан санагддаг. Тийм болохоор бусдаар шүүмжлүүлэх хэрэгтэй байдаг. Хүүхэд "баа баа" гээд хэлчихээр "Аав гээд хэлчихлээ" гээд том юм боддог. Хэсэг бичсэний дараа зогсох хэрэгтэй болдог.  Хэд хоног  өнгөрсний дараа өөрийнхөө алдааг харах чадвартай болдог" хэмээн Жефф  туршлага хуваалцсан. Монголд амьдрахын сайн болон хэцүү талыг түүнээс лавлав.
-Америк холын орон ч ковбой нар ч малчид. Морь унаад давхиж байсан нөхдүүд. Тийм болохоор  нэг их хол санагддаггүй. Айхавтар хүнд юм байгаагүй.  Монголчууд зоримог, өөртөө найддаг хүмүүс учраас харилцахад хялбар. Хоёр нүүр байхгүй. Бодсон санаснаа шууд хэлдэг нь таалагддаг. Зарим оронд очоод соёлын ялгаанаас болоод зөв хэлээд байна уу, буруу яриад байна уу гэж санаа зовдог бол Монголд өөрийнхөөрөө байж чаддаг гэлээ. Харин түүнд зарим жижиг асуудал хэцүү байж.
-Хамгийн хэцүү юм нь гудамжинд  зам хөндлөн гарах.  Америкт явган хүний гэрэл асвал явган хүн хаан.  Монголд явган хүний гэрэлтэй хамт  машин явахыг зөвшөөрдөг тэр дүрэм нь хэцүү. Явган хүний гарц нь хол учраас ихэнх хүмүүс гарцгүй газраар явдаг.  Уг нь гарц хол үед гүүрэн болон нүхэн гарц хийж өгөх нь дээр гэв. Бас нэг хэцүү нь  Жеффийг халтирч унавал Америкт бол "Та зүгээр үү" гэж асуудаг бол Монголд "Ха ха хэ хэ" гэж шоолдог аж. "Уг нь инээдтэй л харагдсан байх л даа" гэж Жефф хэлсэн. Жефф цас орохоор зургийг нь авч сүйд болдог дулаахан нутгийн хүн учраас Монголын хүйтэн өвөл  урт үргэлжилдэг байх л даа. Тэр монголчуудын бас нэг ялгааг ажиглажээ. "Бид малыг нялхад нь гаргаж, зөөлөн мах иддэг муухай хүмүүс юм байна. Харин монголчууд малдаа амьдрах хугацаа өгдөг. Америкт булчин шөрмөсгүй мах идэхийн тулд малыг зориуд хашиж, тэжээж, гормоны тариа хийж зөөлөн мах иддэг" гэсэн. Эхлээд тэр монголчууд яагаад  хатуу, бас өөхтэй мах иддэгийг гайхдаг байсан ч одоо бол "Танай өөх хортой биш юм билээ" гэсэн. Бас "Хорхог их гоё" гэнэ. Бүр "Хуушуур бууз бол гамбургер, хот догтой өрсөлдөхүйц брэнд" гэж магтсан шүү.
"Жефф дипломат юм аа" гэхэд маань Жефф "Дипломат  бус үг хэлбэл Оюунаа орчуулахгүй шүү дээ" гэж наргиа болгов. Монголчуудыг шүүмжилж байгаад эзэгтэйн уурыг хүргэсэн "гашуун" түүх байдаг юм билээ. Тэднийд зун зочилсон нэг гадаад оюутан наадмыг шүүмжилсэн чинь Ц.Оюунгэрэл аяга, тавгаа хангинуулж, "Яв яв, тэр зочид буудалдаа оч" гэжээ. Мөнөөх зочин "Танай соёлд хүндэтгэлгүй хандсанд уучлаарай" гэсэн захиа бичиж байж "өршөөгджээ".  Заримдаа хосууд хоёр орны Элчин сайд аятай "Чи миний  тэрүүнд хүндэтгэлгүй хандлаа" гээд нот бичиг солилцох дөхдөг аж.
Жефф сонгино хэрчингээ "Сонгино хэрчинэ гэдэг дандаа гунигтай ажил байдаг" гэнэ. Тэр бүр аяга таваг угааж байна лээ. "Байнга ингэж угаадаг уу" хэмээн хэрэгт дурлахад маань  эхнэр нь инээгээд өнгөрөв. Нөхөр нь "Яг ш дээ харагдаач гээч" гэнэ. Түүний "Сайн байна уу" гэдэгтэй хамт сурсан монгол үг тэр л дээ. Гэр бүлд гүйцэтгэдэг түүний үүргийг сонирхоход "Миний ажил дэлгүүр явах.  Хүнд юм өргөж зөөх бол дайчлагдах. Гэхдээ манайд  гэрийн ажлыг надад ашигтайгаар  ухаалгаар зохицуулсан. Жилийн ихэнх өдрүүдэд оюутнууд байдаг учраас  харилцан ашигтай хамтарч ажилладаг. Шаардлагатай үед би өөртөө өндөг шарж, ус буцалгаж чадна" хэмээн  хариулав.  "Миний бас нэг хүндтэй үүрэг бол гэрийнхнийгээ зоогийн газар оруулах" гэнэ.  Зун тэд өнөр бүлээрээ хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид болж, хаа сайгүй барьсан  асарт олонтаа зочилжээ. Жефф Испанийн багийг дэмжмээр байсан ч Нидерландын хоёр зочноо бодоод шаргал хувцас өмсчээ.  Гэхдээ хааяа хааяа Испанийн багт хулгайгаар алга ташиж суусан гэнэ.       
"Бидэнд зориулж гэрийн эзэгтэй гарынхаа хоолыг хийхээр шийдсэн тул яриа гал тогоонд өрнөв. Тэрбээр бүхэл мах чанаж, жинхэнэ монгол гурилтай шөл чаналаа. Жефф "I love labshaa" гэсэн ч ногоогүй хоолонд дургүй гэдгийг нь  Ц.Оюунгэрэл нуусангүй. "Жеффтэй анх амьдарч байхад соёлын зөрүү их гардаг байсан" гэж тэр хуучилсан юм. Нөхөр нь хоолондоо салат, ногоо, ихээр хэрэглэх дуртай. Харин монголчуудын төмс байцаа, лууванг тэр ногоонд тооцохгүй. "Ногоогүй хоол хийсэн юм уу" гэж урвайчихдаг байсан гэнэ. Жеффийн бас нэг үүрэг болох дэлгүүрээс хүнс цуглуулах  ажлаа тэр сайн гүйцэтгэж байлаа. Тэрбээр хоёр ч удаа дэлгүүрт очиж банан, бас мөхөөлдөс авчирч дайлсан юм.
Гэр бүлийн хамгийн том баяр шинэ жил болов уу гэж таамагласан ч "Цагаан сар" гэнэ. "Цагаан сараар сонирхолтой бэлэг өгөхийг хичээдэг" гэж Ц.Оюунгэрэл ярив. Жил бүрийн цагаан сарын бэлэг  тодорхой сэдэв агуулгатай. Хямралын жил тэд тооцоо хөтлөх дэвтэр, тооны машин, түрийвч бэлэглэсэн бол өнгөрсөн жил Олон улсын  шинжлэх ухааны жил байсан учир бэлгэнд танин мэдэхүйн ном голложээ. "Дэлхийн түүх" хэмээх том ном цагаан сарын хамгийн үнэтэй бэлэгт тооцогджээ. "Сэдэвтэй байхаар амар. Ганц, хоёр дэлгүүрээс бүх бэлгээ цуглуулчихдаг юм. Ноднин бүх бэлгээ "Интерном"-оос авсан. Энэ жил бодож байгаад сэдвээ сонгоно доо" гэж Ц.Оюунгэрэл бэлэг сонгох "ноу-хау"-гаа танилцуулав. Цагаан сараар энэ айл дор хаяж 2000 бууз чимхдэг гэнэ. Жефф монгол хувцсаа өмсөөд, сөн түших ажил хийнэ. Түүнд цагаан сараар өмсдөг монгол гутал, хантааз, малгай байгаа. Харин "Ногоон торгон дээлээрээ хичнээн жил гоёлоо доо" гэдэг шиг цагаар сараар өмсдөг ганц саарал дээлтэй гэж байгаа. Эднийд хэдэн зуун шагай бас хөлөгт тоглоомууд байдаг агаад цагаан сарын үеийн гол зугаа болно.
Гэхдээ л шинэ жил том баяр. Нэгэнтээ гэр бүлийн хоёр шинэ жилээр "Ачлал" сургуулийн хүүхдүүдэд бэлэг тарааж баярлуулсан удаатай. Тэгэхэд Сантагийн хувцас өмссөн Жеффийг хүүхдүүд жинхэнэ Санта гэж итгэсэн гэсэн. Шинэ жилээр тэд "Улаанбаатарын үдэш" гэх мэт шинэ жилд оролцох дуртай.
Гэр бүлийн үнэт зүйл гэсэн асуултад Ц.Оюунгэрэл "Нутгийн шийдэл" хэмээх гэр бүлийн сангаа нэрлэв. Гэр бүлийн сан нь ардчилал, эрх чөлөө, байгаль орчны асуудалд анхаарал тавьдаг. Гэр бүлээрээ хуралдаж шийд гаргадаг. Бас хүүхдүүддээ өвлүүлэхийг хүсдэг зүйл нь. Биднийг очих үед телевизээр "Нутгийн шийдэл" сангаас бэлтгэсэн нэвтрүүлэг явж байна лээ. Уснаас ямар өвчин үүсдэг, усаар дамждаг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөсөн нэвтрүүлэг юм билээ. Хүүхдүүдээ байгаль хамгаалах  үнэлэмжтэй болгоход нь жилд хоёр удаа хийдэг аялал ихэд тусалдаг аж. Саяхан ярилцаж байгаад зун Хөвсгөлийн ууланд аялахаар төлөвлөжээ. "Үүргэвчтэй аялал" хийхийн тулд байгаль цаг агаарыг судалж, хаваржин бэлтгэдэг байна. Америкийн ууланд аялахын өмнө гэхэд л баавгайтай тааралдвал яаж харьцах вэ гэх мэтээр зөндөө заавар мөрдөх хэрэгтэй болдог аж. Хүн айхаараа хашгирч чадахаа байдаг тул шүгэлдэх учиртай. Шүглээ харанхуйд гээвэл амархан олохын тулд фосфортой байх ёстой гэх мэтээр бэлтгэл ажил их ээ.
Эднийд эртний гэж болохоор эд зүйлс байдаг. Нэг давхрын том өрөөний буланд Жеффийн эмээгийн удам дамжсан тавиур байлаа. Өвөг дээдэс нь 1900-гаад онд Америкт цагаачилж ирсэн  англичууд аж. "Аавын талынхан бүгд далайчид, халим агнагчид байсан. Ээжийн талынхан ковбой" гэж тэр ярилаа. Тийм ч учраас Жеффид 17 буу өвлөгдөж үлджээ. Энэ тавиур дээр мөн  цагаан арьстнууд Америкт ирэхээс өмнөх үеийн гэх эдлэл ч байсан. Тавиур нь Жеффийн өвөг дээдэс Америкт нүүдэллэж ирснээс хойш 100 жил болсон эд аж. "Манай эмээгийн 140 нүүдэл даасан авдар" хэмээн өрөөний нөгөө буланд байрлуулсан хуучин эрээн авдрыг Ц.Оюунгэрэл танилцуулсан. Жефф Ази, Африкийн элдэв орнуудаас дурсгал болгож авсан заанууд өрөөстэй харагдав. Харин Ц.Оюунгэрэл ихэвчлэн  жижиг гар урлал эрхлэгчдэд хөрөнгө оруулдаг тул  Улаан тайгын цаатнаас авсан жижигхэн цаа, Америкийн уулнаас авсан хэрэм гэх мэт дурсгал их байна лээ. Энд бас нэг шинэхэн эрээн авдар байсан нь Харвардад сурдаг оюутны эд зүйл гэнэ. Тэрбээр эрээн авдрыг ихэд дурлан худалдаж авсан ч Америк руу зөөж авч явж чадаагүй юм байна лээ. Тэрбээр байгаль орчны асуудлаар Ц.Оюунгэрэлтэй хамтарч ажилласан оюутан гэнэ л дээ.
Эхнэр нөхөр хоёр аяга, футболка цуглуулах хоббитой. Шулмын хот хэмээх имижээр жуулчдын анхаарлыг татаж, аялал жуулчлалаас ашиг олох болсон хотынхны "salem" хэмээх бичигтэй аяганаас авахуулаад ээжийнхээ төрсөн өдрөөр охиных нь бэлэглэсэн "Ээжээ, би танд хайртай" гэсэн бичигтэй аяга хүртэл  бүх л аяга түүх өгүүлнэ. Хэзээ ч билээ "Баадантай юм" гэдэг үзэсгэлэн гарч байсан санагдана. Ц.Оюунгэрэлд харин баадантай юм зөндөө байна лээ дээ. Нэг баадан задлахаар бөөн футболка,  бөөн түүх. Л.Гүндалайг баривчлагдахад Ц.Оюунгэрэлийн өмсч байсан эрээн футболка хүний эрхийн төлөө тэмцсэн халуун өдрүүдийг сануулна. Харин Жеффийн "Би Эверестэд авираагүй" гэсэн бичигтэй футболка Эверестийг тойрч нисдэг Непалийн нислэгийн компанийн хөгжилтэй дурсгал.   
Өдгөө оюутнууд байрлаж байгаа гурван давхрынх нь дээврээс дусаал гоожих болсон аж. Дээврийн засвараар мэргэшсэн компани хайгаад олохгүй байгаа гэсэн. Кабелийн хүмүүсийг дээвэр дээрээ гарахыг зөвшөөрсөн нь ийм эрсдэл дагуулсан юм байж. Дээвэр засуулахаар ирсэн хүмүүс "Та манай дээврийг яах гэж байна" гэсэн  Жеффийн асуултад бүрэн дүүрэн хариу өгч чадахгүй бүдэрдэг гэнэ лээ. Жефф "Миний мөрөөдөл бол нарны зайгаар халдаг гэртэй болж,  гаднаас цахилгаан  авахгүй байх" гэсэн.          
Б.ЯНЖМАА

0 Сэтгэгдэл:

Post a Comment