2010-12-15

Ц.ОЮУНГЭРЭЛ: Хүн төлөвшөөд ирэхээр түүхээ сонирхдог

Ц.Оюунгэрэл, Ногоон нүдэн лам 
Монгол улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэдийн оролцооны бодлого хариуцсан Зөвлөх Ц.Оюунгэрэл, түүний нөхөр Жеффри Фолт нарын хамтран бичсэн "Ногоон нүдэн лам" роман Азийн шилдэг номоор шалгарчээ. Уран зохиолд чамгүй амжилт үзүүлж Монголынхоо нэрийг дэлхийд гаргаад байгаа улс төрч эмэгтэйтэй уулзаж ярилцснаа хүргэе.
-Таны бичсэн "Ногоон нүдэн лам" роман Дэлхийн шилдэг номуудын номинацид нэр дэвшсэн. Шилдэг номыг дэвшүүлэхэд ямар үзүүлэлт шалгуурыг хардаг юм байна. Ямархуу амжилтыг үзүүлэв?
- Юуны өмнө Ногоон нүдэн лам романыг маань Азийн шилдэг зохиолын шагналд нэр дэвшээд явж байхад дэмжиж, дээлийнхээ захыг мушгиж суусан уншигчиддаа талархал илэрхийлье. Ногоон Нүдэн Лам Азийн 150 гаруй номтой өрсөлдөөд шилдэг 24 буюу "Лонглист" хэмээх хагас шигшээд шалгарлаа. Цааш өрсөлдөх шилдэг тавд багтаж арай чадсангүй, тэмцээнээ өндөрлөлөө. Олон улсын уран зохиолын шагналд зохиолчид болон номын агентлагууд номоо өөрсдөө явуулдаг. Тэр жишгээр Жефф /түүний гэр бүлийн хүн/ бид  хоёр номоо өрсөлдүүлж үзсэн юм. Одоогийн гаргасан энэ даруухан амжилт бидний номыг барууны номын бизнесийнхний анхааралд өртүүлж чадсанд маш их баяртай байна. Бидэнд АНУ-аас нэг, Англиас хоёр агентлаг хандаж номыг маань уншиж үзэх, цаашилбал манай номыг дэлхийн зах зээлд төлөөлж ажиллаж өгөхийг хүссэн хүсэлтээ ирүүлсэн юм. Ингээд тэдгээр агентлагуудаас Лондонд төвтэй LAW agency хэмээх агентлагтай гэрээ хийхээр болоод байна. Ойрын өдрүүдэд бид гэрээнийхээ зүйл  заалтыг агентлагтайгаа хэлэлцсэний дараа гэрээнд гарын үсэг зурахаар зэхэж байна. Гэхдээ номыг төлөөлөх агентлагтай болсноор номоо хэвлүүлэх гэрээ хийгдэж байгаа хэрэг биш юм. Энэ агентлаг маань биднийг төлөөлөн номыг маань том зах зээлд хэвлэн гаргадаг паблишер олж өгдөг юм байна. Миний хувьд барууны номын зах зээлтэй нүүр тулгарч байгаа анхны тохиолдол учраас Ногоон Нүдэн Ламын маань хийж буй алхам бүр нь энэ салбар дахь дэлхийн зах зээлийн тухай цоо шинэ зүйлийг мэдүүлж таниулж байна гэж хэлж болно.
-Ямар замыг туулж энэхүү ном нэр дэвших болов. Нийтдээ хаанахын хэчнээн зохиолчтой өрсөлдсөн бэ?
Гадаадын уран зохиолын шагналд өөрийнхөө номыг нэр дэвшүүлэхийг хүсч байгаа зохиолчдод хандаж хэлэхэд нэлээд нэр хүндтэй тэмцээнд орвол  зүгээр юм байна шүү гэж захимаар байна. Бидний оролцсон Man Asian Literary Prize их нэр  хүндтэй шагнал байсны ачаар хагас шигшээ буюу шилдэг 24-т шалгарангуут л номын бизнесийн  ертөнцөд сураг маань дуулдаж эхэлдэг юм байна лээ. Тэр 150 номыг анх  шүүсэн хатуу шалгуураас цухалзаж гарч ирж чадсаны учир нь олон улсын номын яармагт ном маань танилцагдаж, гадаадын олон сонин хэвлэлд бичигдэж, бас агентлагаа өөрөө хайх биш  агентлагууд  өөрийг тань хайдаг тийм нэр  хүндтэй болгож  өгдөг юм байна. Ер нь зах зээлд анхны зохиолоо гаргаж байгаа танигдаагүй зохиолчийн туулах зам маш урт байдаг бололтой. Тэр замыг энэ шагналын Хагас шигшээ маш их товчилж өглөө.  Түүнээс биш над мэтийн үл таних, англи хэл дээр ямар ч ном гаргаж үзээгүй зохиогчийн номыг  төлөөлөх агент олдтолоо хэдэн жил ч болж болох байсан.
-Шилдэг 24 номын жагсаалтад шалгарах хүртлээ бид хаанахын хэдэн зохиолчтой өрсөлдөж байгаагаа мэдээгүй. Дараа нь эхний дүн гарахад л 150 гаруй зохиол бүтээл ирснийг мэдсэн. Харин шалгарсан 24 дотор ихэнх нь унаган англи хэлтэй Энэтхэг, Филиппины зохиолчид, орчуулагчид  байсан. Шилдэг тавд ч мөн дээрх орны хүмүүсээс гадна хятадын нэг зохиолч шалгарсан.
Ц.Оюунгэрэл, Ногоон нүдэн лам-Та номын агент, паблишер гэсэн шинэ ойлголтууд яриад байна.  Үүнийгээ тайлбарлаж өгөөч?
-Номын агентлаг болохоор мэргэшсэн олон компаниуд байдаг юм байна. Агентлаг болгон дотроо агентуудаас бүрдэнэ. Агент гэдэг нь номын бизнесийнхнийг маш сайн мэддэг, ямар хэвлэх газар ямар номыг авч хэвлэх вэ гэдгийг судалж явдаг, номын гар бичмэлүүдийг талх мэт өдөр бүр уншиж хэрэглэж, голж шилж заншсан мэргэжлийн ур чадвартай хүмүүс. Бас ямар ном энэ жил сайн борлох вэ гэдгийг мэдэрдэг зах зээлийн мэдрэмжтэй хүмүүс байдаг байна. Дэлхийн зах зээлд ном гаргана гэдэг номыг өөрийн зардлаар маш олон хувь хэвлэж чадах том компанийг хайна гэсэн үг юм. Тэр ном хэвлэн нийтлэгч компаниудыг паблишер гээд байгаа юм. Паблишер компаниуд зохиолчидтой хэзээ ч шууд харилцдаггүй. Тэд мэргэшсэн агентлагуудтай харилцдаг. Номын орлогыг агентлагууд руу л шилжүүлдэг. Агентлагууд харин орлогоос нь өөрийн үйлчилгээний хураамжаа авч үлдээд үлдсэнийг зохиолчид шилжүүлж байдаг. Нэг ёсондоо агент бол нэг талаасаа паблишер олох үүрэгтэй, паблишер олоод ном хэвлэгдвэл зохиолчдоо орлогыг нь цуглуулж авч өгөх үүрэгтэй маркетинг, нягтлан бодогчийн зохих мэдлэгтэй хүмүүс байдаг юм байна. Зарим агентлагууд жилдээ хэдхэн номыг сонгож аваад түүнийгээ бестселлер болтол нь араас чанартай явдаг байхад, зарим агентлагууд олон ном аваад цөөн хувь хэвлүүлдэг юм байна. Ашгийн төлөө явж байгаа учраас агентууд сонирхолтой, сайн борлох ирээдүйтэй ном олох гэж хоорондоо өрсөлдөнө, гэвч нөгөө талаас зохиолч нар агентуудыг олох гэж өрсөлдөнө. Мэдээж хорвоо дээр зохиолч нар нь агентуудаасаа хэдэн мянга дахин олон учраас жилдээ АНУ-д гэхэд л шинэ зохиолчийн бичсэн анхны гар бичмэл 75000 байдгаас 150 нь л ном болж гардаг гэсэн тоо байдаг юм байна лээ. Ийм л хатуу өрсөлдөөнтэй том зах зээлийн зах зух руу нь алхаж орох санаатай явна. Хэрэв нэг ч гэсэн Монгол зохиол тэр зах зээлийг нэвтэрч чадах юм бол манайхны тухай сонирхол эрс нэмэгдэх байх гэж мөрөөдөж байна. Нөгөө талаас уран зохиолын биш ч гэсэн бусад сонирхолтой ном, баримтат киногоор Монгол гэдэг нэр дэлхийн сонорт энд тэндгүй дуулдаж байгаа нь Ногоон Нүдэн Ламын цаашдын амжилтанд их нэмэр болж байна.
-"Ногоон нүдэн лам"-ыг мэдээжийн хэрэг англи хэл дээр орчуулсан байх.  Тэгэхээр та өөрөө романаа орчуулсан уу?
- Ногоон Нүдэн ламын хэвлэгдсэн хувилбарыг шууд англиар бичсэн. Харин Монгол хэл дээр дараа нь орчуулж гаргасан. Монгол руу хөрвүүлэх орчуулгаа би өөрөө хийсэн. Анх эхлээд монголоор бичиж эхлээд англи руу орчуулах гэж үзсэн юм. Тэгтэл огт болдоггүй. Хүнээр орчуулуулсан ч бүх үг өгүүлбэрээ Жеффт үг үсэггүй тайлбарлах гэдэг нэлээд цаг хөдөлмөр барж байв. Тиймээс тэр оролдлогоо хаяад бүхнийг эхнээс нь англиар бичсэн юм. Номоо угаасаа Жеффтэй хамтарч зохиож байсан учраас бие биенийхээ ажилд саад болохгүй, нэгэндээ орчуулга хийж өгч хамаг нервээ барахгүй шууд англиар ажиллах нь хамаагүй хялбар байсан л даа. Ингээд англиар бичээд ирэхээр зохиол маань хоёр талаасаа маш хурдан бичигдсэн.
-Ном бичих болсон анхны санаа юу вэ?
-Эхлээд их даруухан зорилготой байсан юм. Ердөө л хэлмэгдсэн хүмүүсийн ар гэр болж үлдсэн хөгшин ээжийнхээ тухай бичье, түүгээр дамжуулан түүний ар гэрт тохиолдсон хэлмэгдлийн түүхийг гаргая гэж бодсон юм. Бараг л гэр бүлийнхнийхээ хүрээнд зориулсан даруухан тэмдэглэл зохиолорхуу юм төсөөлж байсан. Гэтэл асуудлаа гүнзгийрч судлаад байтал Ногоон нүдэн Баасан лам гол дүр болж тодорч гарч ирсэн. Анх зохиолынхоо эхийг бичиж дуусахад Жефф бид хоёр номынхоо гол баатарыг мэдэхгүй байлаа. Тэгээд хоёулаа баахан маргасан. Энэ зохиолын гол баатар нь тэгээд хэн юм бэ гэж. Маргаж маргаж Жефф 「Ногоон Нүдэн Лам」 гэдэг дүгнэлт хийсэн. Тэгээд л номоо тэр нэрээр нэрлэчихсэн юм. Нэгэнт номын маань гол баатар тодорхой болсны дараа хоёулаа баахан үүх түүх цуглуулж бичигдсэн 4-5 бүлгийг номноосоо хассан. Тэнд гарч байсан дүрүүд маань гол баатарт маань нэг их холбогдолгүй болж байсан учраас анхны нооргоосоо бараг 200 хуудсыг хасахад хүрэв. Тэгж хасагдсан бүлгүүд дотор Жеффийн эрэл хайгуул хийж цуглуулж бичсэн 3 гоё бүлэг хасагдсан. Жефф өөрөө дайны түүх судлах дуртай, монголын түүхийг маш их сонирхдог, ялангуяа Халхын голын дайн, 45 оны чөлөөлөх дайныг их судалсан байсан болохоор түүхийн тэр хэсгийг харуулсан 4-5 бүлэг хасагдахад маш их харамсаж байсан. Гэвч гол дүрд маань холбогдол багатай байсан гэсэн ганцхан шалтгаанаар олон туслах дүрүүдэд тохиолдсон гоё гоё намтар түүхийг хасч байж ном маань уран зохиолын зарчмаа хадгалж үлдсэн л дээ. Тэгэхгүй бол түүхийн судалгааны ном шиг юм болчих гээд байсан юм.
-Энэхүү номыг мэргэжлийн хүмүүс өндрөөр үнэлж байсан. Хэдий хэр хугацааг энэ зохиолыг бичихэд зарцуулсан бэ?
Ц.Оюунгэрэл, Ногоон нүдэн лам-Мэргэжлийн хүмүүст таалагдсан зүйл ч байгаа, таалагдаагүй зүйл ч байгаа байх. Харин жирийн уншигч утасдаад таны номыг 2 хоногт уншлаа, таны номын хоёрдугаар дэвтэр хэзээ гарах вэ гэж хэлэх бүрт л надад зохиогч хүний баяр баясгалан мэдрэгдэж байдаг юм. Хүмүүс номыг маань хурдан уншигдаж байна гэж их хэлдэг. Хурдан уншигдана гэдэг бол уран бичигдсэн гэсэн үг биш, харин сонирхолтой бичигдсэн гэсэн үнэлгээ болохоор бидний ажлын үр дүн сайн болжээ гэж би боддог.  Энэ номыг бичихэд би 10 жилээ зарцуулсан, Жефф таван жилээ зарцуулсан. Англи эхийг нь Жефф одоо ч янзалж сайжруулсаар л байгаа. Англи эх нь ойрын хоёр жилд багтаж хэвлэгдэнэ гэж мөрөөдөх юм бол Жефф энэ номонд долоон жил зарцуулсны дараа хэвлэгдэнэ гэсэн үг болно. Ер нь ном хийнэ гэдэг маш удаан хөдөлмөр шаарддаг ажил юм байна лээ.
- Манай монголын залуучууд түүхээсээ холдож байгаа нь хэлэлтгүй нүдэн дээр ил байна. Таны номыг уншсан залуучууд өөрийн эрхгүй Монгол улсынхаа түүхийг сонирхон судлах хүслийг төрүүлсэн ном болсон гэж байсан. Энэ талаар таны бодол?
-Би залуучуудыг зэмлэх гэж яарахгүй байна. Яагаад гэвэл залуучууд залуу байна. Гэтэл хүн төлөвшөөд ирэхээрээ түүхээ сонирхохоос өөр аргагүй болдог юм. Түүх гэдэг чинь яг л ой мод шиг. Түүгээр аялаад байвал самар жимс, ан амьтан шиг үзэсгэлэнтэй, бахархмаар гоё зүйл гарч ирээд л байна, аялахгүй байгаад байвал гүнд нь, дотор нь юу байгаа нь үл мэдэгдэнэ. Түүхээрээ аялахгүйгээр өнгөц хандвал холоос ой модыг хараад өнгөрдөгтэй адил нэг л нүүгэлтсэн зүйл тэртээ хол байж л байдаг.
Харин Ногоон Нүдэн ламыг уншаад түүхээ сонирхож эхэлсэн залуустай маш олон тааралдаж байгаадаа их баяртай байна. Залуучууд биднийг олон арга хэмжээнд урьж ярилцан монгол орныхоо түүхийг сонирхож байлаа. Тэр ч байтугай зарим залуус өөрийнхөө гэр бүлийн түүхээс судалж тэмдэглэл хөтөлж, ном бичье гэж сонирхож зөвлөгөө авч байсан. Номыг яаж бичвэл сонирхолтой болох вэ, түүхийг яг ямар эх сурвалжаас яаж судалбал мэдээлэл олж авч чадах вэ гэж асуудаг хүмүүсийн тоо нэмэгдсэн. Гэтэл миний үеийн залуус ийм зүйлийг асуух нь бүү хэл боддог ч үгүй байсан шүү дээ. Биднийг оюутан байхад түүх гэдэг зүйлийг дээгүүр эрдэмтэд л судалдаг, тэдний судалж бичсэн зүйлийг бид цээжилж шалгалтаа өгдөг, цээжилж байгаа зүйлийнхээ цаад учир холбоог огт боддоггүй тийм л байлаа шүү дээ. Ногоон нүдэн ламын нэг онцлог нь болоод өнгөрсөн түүхийг тэр үед амьдарч байсан хүний жаргал зовлонгоор илэрхийлж харуулсан л даа. Үүний үр дүнд залуучууд түүхээ сонирхох нь ихсэж байгаа нь үнэхээр ажиглагдаж байна.
-Түүхэн сэдэвтэй өөр ном бичих үү?

-Бичнэ гэж бодож байгаа. Ногоон Нүдэн ламынхаа II дэвтрийг Жеффтэй хамтарч бичнэ. Яг одоогоор бид 1946-1960 оны түүхийг судалж байна. Судлах зүйл маш их байгаа учраас ном маань хэзээ эхэлж, хэзээ дуусахыг харин хэлж мэдэхгүй байна.

-"Ногоон нүдэн лам" маань одоо агентлагтай болж эхэлж байгаа юм байна. Харин ирээдүйд бичигдэх II дэвтэр нь ямар замаар зах зээлд орох бол? Бас л Монголдоо эхэлж хэвлэх үү?
Ц.Оюунгэрэл-Жефф бид хоёр "Зөвхөн Монголд" гээд амьдарч байтал харин  явж явж Ногоон Нүдэн Лам маань  зах зээлд нэг орвол бидний мэдлээс гарчихаж магадгүй байгаа шүү. Яг одоо бид агентлагтай хийж байгаа гэрээн дээрээ энэ асуудлыг хэлэлцэж байна. Агентлагууд Та хоёрын бичсэн бүх номыг төлөөлье гэж санал тавьдаг юм байна. Энэ дотроос бид Монголын олон нийтэд зориулж бичиж байгаа байгаль орчны гарын авлага, ажил эрхлэлтийн тухай ном, англи хэлний ярианы номнуудаа салгаж гэрээнд тусгуулахгүй байх талаар зөвшилцөж байгаа. Гэхдээ Ногоон Нүдэн Ламын дараа хичнээн ч цуврал гарсан тэдгээрийг бүгдийг нь гэрээнд хамруулна гэдэг дээр агентлаг маань хатуу байр суурьтай байгаа. Ийм учраас хоёрдугаар дэвтэр гарвал түүнийг шууд эхлээд англи дээр хэвлэж магадгүй. Гэвч энэ бол нэлээд алсын асуудал л даа. Ойрын хоёр гурван жилийн асуудал биш. Гэхдээ л бизнесийн гэрээ хэлэлцээрүүд удаан хугацаанд зориулагдаж хийгддэг учир ойрын 20 жилд болох үйл явдлыг тэр чигээр нь төсөөлж байж гэрээ хийх талаар саналууд ирж байгаа. Энэ сэтгэлгээнд нь дасан зохицохоос өөр аргагүй, ажлаа 20 жилээр төлөвлөхөөс өөр аргагүй болж байгаа. Энэ агентлагийн гэрээ гэдэг наддаа л Оюу Толгойн гэрээ шиг томоохон 「тогтвортой байдлын」 шаардлага тулгаж эхэлж байна.
-Тэгэхлээр та удахгүй улс төрөөс гарч уран зохиол руу нэлээд гүнзгий хөл тавина гэж ойлгож болох уу?
-Одоогоор 2007 оноос хойш гурван ном хэвлүүллээ, хоёр ном хэвлэлтэнд бэлэн болгочихоод байна, бас нэг шинэ номын талд нь ортол бичээд явж байна. Энэ бүхнийг хийхэд улс төр тийм ч их садаа болоогүй. Тэгэхлээр ном бичих ажлаа цэвэр хобби маягаар үргэлжлүүлсэн хэвээр байх болов уу.
-Уучлаарай, хувийн амьдралтай тань холбоотой нэг зүйл асууя. Таныг америк хүнтэй гэрлээд Америкийн байнгын оршин суугч болсон байх ёстой гэж үздэг хүмүүс олон байдаг. Та ногоон карттай юу?
-Ногоон карт авахын тулд хүн заавал өөрөө өргөдлөө гаргах ёстой байдаг л даа. Би анхнаасаа АНУ-ын ногоон карт авахгүй гэсэн хүсэлтэй байсан болохоор Жеффийг Монголын байнгын оршин суугч болсон нь дээр гэж ятгасан. Тэгээд одоо Жефф Монголоос гадаадын оршин суугчдад олгодог ногоон өнгийн хавтастай байнгын оршин суугчийн үнэмлэхтэй. Түүнийгээ монголын ногоон карт гэдэг юм.

-Судла, ажигла, хүнийг сонирх, тэгээд бич, бүү залхуур гэж зөвлөнө. Өдөрт хоёр хуудас бичвэл сайн, таван хуудас бичвэл бүр сайн. Урам зориг ихтэй бай. Бүү унтар. Хүн чамайг унтраавал өөрийнхөө хамгийн дотны хүмүүсийг дуудаж авчирч байгаад ч болов өөрийгөө урам ортол хуучил, өөрийг чинь чин сэтгэлээсээ дэмжиж байгаа хүнд номынхоо анхны нооргийг уншуул. Нэлээд их бичсэний дараа л унтраах, шүүмжлэх хүмүүст уншуул. Шүүмж аваад бүхнийг урж хаямаар санагдаж, тэр ч байтугай бүх зүйлийг шинээр эхлэхээс өөр аргагүй болж ч магадгүй тул өөрийнхөө дотоод энерги, эрч хүч, урам зоригоо сайн хайрлаж нөөцөл гэж захимаар байна. Ном бичихэд таны дотоод энерги, урам зориг хурууг чинь хөдөлгөнө, сахилга бат өөрийг тань сандал дээр тогтоон суулгана, харин үг гэдэг бичье гэж бодсон хүнд өөрөө урсаад ороод ирдэг.

0 Сэтгэгдэл:

Post a Comment