Улсын Мэдээлэл зүйн олимпиадын хошой аварга, 17н жилийн дараа нутагтаа Математикийн олимпиадын мөнгөн медаль авчирсан, өдгөө улсын олимпиадаас 6н медаль хүртээд буй, сүүлийн 5 жил түүний шавь нар Баянхонгор аймгийн Математик, Мэдээлэлзүйн өнгийг тодорхойлж, улсын олимпиадад ч чамгүй амжилттай оролцдог гээд түүний тухай яриад байвал дуусахгүй урт амжилтууд цуврана. Юутай ч чадварлаг багш, нутгийнхаа Математик, Мэдээлэлзүйн сургалтын чанарыг сайжруулахаар хичэн зүтгэж буй, Баянхонгор аймгийн "Алгоритм сургалтын төв"-ийн багш Сүхбаатарын Цагаан багштай ярилцлаа.
Нямдаваа
багшийн шавь болсноор эргэлт буцалтгүй
математикийн
замд гүн орсон
Хоёулаа яриагаа таны математик сонирхож байсан үеэс эхлэх үү?
Анх хэддүгээр ангиасаа математик түлхүү сонирхож эхэлсэн бэ? тэр үеийнхээ
дурсамжаас хуваалцаач?
Багаасаа л тоо бодох дуртай хүүхэд байсан. 1-р ангиасаа эхлээд л аймгийн олимпиадад оролцдог, 2-р ангидаа аймгийн аварга болж байсан гэхээр ерөөсөө тоо бодох дуртай хүүхэд байсан л гэж ойлгогдох байх. Зарим хүмүүс дунд ангид ороод олимпиад уралдаанд орж эхэлсэн, өөрийгөө олж нээсэн байдаг. Би бол анхнаасаа л тоо бодох дуртай хүүхэд байжээ.
Бага ангид байхдаа 3-р сургуулийнхаа багаас аймгийн математикийн олимпиадад
орохоор бэлдэж байгаад Доржнамжирмаа гээд насан туршийн хамтрагчтайгаа танилцаж
байсан нь хамгийн эхэнд санаанд орж байна. 6-р ангид байхад намайг 3-р
сургуулийн математикийн багш Очирхуяг багш маань гэртээ аваачаад бэлддэг
байсан. Тэднийх том хүүхэдгүй тул хавар гэхэд цагаан сарын боов нь
дуусаагүй байсан нь их гоё байдаг байсан даа. 7-р ангидаа Талст сургууль
байгуулагдаад тэнд очиж эргэлт буцалтгүй математикийн замд гүн орсон.
Талст сургуульд
Нямдаваа багшийн гар дээр ирээд л математикч болох зам тодорхой болсон гэж
ойлгож болно. Тийм ээ? Нямдаваа багшийн тухай яриач!
Намайг анх 7-р ангийн сурагч Талст сургуульд очиход багш маань дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн 23 настай залуу манай ангийг дааж авч байлаа. Манай ангид математик, мэдээлэл зүйн хичээл ородог. Өөрөө мэдээлэл зүйгээр бол мэргэшсэн их сайн залуу боловсон хүчин байсан юм. Математикаас гадна мэдээлэл зүй гэж цоо шинэ томоохон салбарт анх хөтлөн оруулсан хүн маань шүү дээ. Тухайн үед бол багш маань үнэхээр сайн багш байсан. Улсын олимпиадаас медаль авч чадах нь ойлгомжтой хэмжээний мэдлэг чадвартай, бид нарын төлөө маш их зүтгэсэн, Одоо ч зааж зөвлөсөөр байгаа сайхан хүн дээ. Багшийн маань шавь нараас Мягмарнаран гэж IT-гийн шилдэг мэргэжилтэн, Доржнамжирмаа гээд одоо оюутны улсын уралдааны бүх том амжилтыг хамсан шилдэг багш, Амаржаргал гээд IT зэрэг олон сайн мэргэжилтэн төрж одоо сайн сайхан ажиллаж яваа даа.
Талст сургуульд
Доржнамжирмаа ах та 2 нэг цэгт уулзжээ? Та 2ыг их сайн андуудаас гадна, сайн
өрсөлдөгчид байж нэгийгээ их хурцалсан гэж боддог
Магадгүй ээ. Гэхдээ Доржоогийн дээр орно, доор орно гэж ерөөсөө тооцоо хийж үзээгүй юм байна шүү, Доржоо ч мөн адил байх. Өдөр бүр цугтаа бэлтгэл хийж, бидний эсрэг өрсөлдөх гэж байгаа олон сайн хүмүүсийг дийлэхийг тулд хамтдаа хичээх хэрэгтэй гэдгийг л бид 2 мэдэж байсан.
7,8 жилийн турш өдөр бүр цуг бэлтгэл хийж бие биенийхээ тухайн үед хийсэн
бүгдийг мэддэг болсон хүмүүс дээ. Доржоо маань багш болсноос хойш 6 удаа улсын
програмчлалын олимпиадад оролцоод 4 удаад багаа түрүүлүүлж цом авсан, сүүлийн 3
жил дараалан түрүүлж, одоо дунд сургуулийн мэдээлэл зүйн олимпиаднаас амжилт
гаргасан ихэнх сайн хүүхэд тэдний сургуульд ордог болсон. Ийм зүйлийг л бүтээн
бий болгохын төлөө хөдөлмөрлөж үр дүнд хүрсэн, олон газраас шигшигдэж ирсэн
шилдэг оюутан залуучуудыг удирдаг Монголын төлөө ажиллаж байгаа сайн багш. Одоо
олон улсын давцанд гарсан амжилт үзүүлэхээр зорьж байгаа. Миний дэргэдээс,
бидний дундаас, Баянхонгорчуудын дундаас ийм сайн хүн төрж одоо Монголын шилдэг
сайн залуучуудыг чиглүүлж яваа нь үнэхээр сайхан.
Хүний амтлах, сонсох ... гээд үндсэн мэдэрхүйнүүдээс хамгийн төгс нь
оюун санааны таашаал авах юм
оюун санааны таашаал авах юм
Хүнд ч юмуу
сонирхолтой бодлого шийдхээр Математикийн ШУны амтыг мэдэрдэг. Ямар гоё бодлого
вэ? гэх бодол, өөртөө итгэх итгэл төрөөд л улам сонирхол төрөөд явчихдаг. Та
хамгийн анх, хамгийн сүүлд тийм мэдрэмжийг ямар бодлого шийдэж, хэзээ мэдэрч
байв?
Яасан гоё асуулт вэ ... бодлого мэдрэх
мэдрэмж, түүнд өгөх хариу үйлдлээрээ хамгийн сайн нь манай Далайжаргал байгаа
юм. "Хо ямар гоё бодлого вэ? ямар гоё бодолт вэ?" гээд хажуудах
хүнийхээ бахархалыг дэврээсэн үйлдэл байнга хийдэг юм.
Хамгийн эхнийх гэхээр санахгүй байх л даа. 2-р ангидаа аймгийн олимпиадад
нэг бодлого бодож чадахгүй ширээгээ дэрлэж хэвтэж байгаад найзынхаа надад зурж
өгсөн зурагнаас санаа авч гэнэт бодчихоод маш их баярлаж байснаа сайн санаж
байна. Сүүлд бол саяхан улсын олимпиадын бэлтгэл дээр их сайн бодож байсан.
Улсад бас сайхан бодолтууд хийсэн.
Өчигдөр Програмчлалын лигт нэг бодлого бэлдэж оруулсан, тэрийг
бэлдэхэд бас их гоё байсан шүү...
Хүний амтлах, сонсох... гээд үндсэн мэдэрхүйнүүдээс хамгийн лаг нь оюун
санааны таашаал авах нь юмаа гэж алдарт Ц.Дашдорж багш хэлсэн байдаг.
Нямдаваа багшийг
гадаадад сурч байхад нь түүний нэрэмжит олимпиадуудыг жил бүр зохион байгуулдаг
байсан. Би Нямдаваа гэж их хөгшин багш байдаг гэж боддог байлаа. Тэгсэн
залуухан багш, шавь нар нь 1,2р курсийн оюутнууд байхдаа аймагтаа 10н жилийн
бүх багш сурагчдын дунд олимпиад зохиогоод л.. бас л мундаг бахархууштай байсан
шүү. Ер нь Багшийгаа хамгийн ихээр хэзээ баярлуулсан гэж боддог вэ?
7-р ангидаа
мэдээлэл зүйн аймгийн олимпиадад ороод манай 10-р ангийн Мягмарнаран ах
түрүүлээд би 2-д орсон. Багш тэгэхэд л маш их баярлаж байсан, миний шавь ийм
жижигхэн байж гээд...
Багш маань бол үнэхээр жирийн биш сайн хүн. Их залуугаараа өөрийн сайн
чадвараа ашиглан сайн сайн шавь нар бэлдсэн. Шавь нартаа зөв зөвлөгөө өгч
чиглүүлсэн. Жишээ нь намайг "чи одоо математикаа л улам сайжруул тэгвэл
сайн алгоритм боловсруулж чаддаг болно" гээд математик сургахаар УБ хотруу
сургуульд явуулсан. Доржоог сайн мэргэжилтэн болох ёстой гээд л бэлддэг
байсан. Бид хожмоо багш шигээ сайн үйлс бүтээцгээнэ гээд багш болцгооход
Нямдаваа багшийн маань бидний ухамсарт суулгасан хүмүүжил их түлхэц
үзүүлсэн байх л даа.
Тэр олимпиадын тухай бол багш өөрөө санаачилж, бүх шагналыг нь хувиасаа
гаргаад биднээр хийлгэдэг байсан. Бүх санаа нь багшийнх л даа. Уг нь уламжлал
болгоод авч явж чадсан бол их сайн нөлөө үзүүлэх байсан байх. Даан ч миний
мугаас л тасарчихсан... одоо намраас эхлээд тэр ажлаа илүү сайжруулаад
үргэлжлүүлнэ дээ.