2012-07-08

МУГТ Ч.Цэвээнпүрэв: Хөдөлмөрлөж байгаа хүн үр дүнд заавал хүрдэг гэдэгт би итгэдэг.

Дэвжээнд гарахдаа заавал үнэгэн малгай духдуулж, төрийнхөө далбааны өнгө бүхий хувцас өмсөн “МонголынЦэвээнпүрэв, мэргэжлийн бокс тамирчин дайчин” хэмээн омгорхдог, миний судсаар монгол цус гүйж байгаа хэмээн цээжээ “дэлддэг” нэгэн бол боксчин Ч.Цэвээнпүрэв. Заримд нь дэндүү үндсэрхэг, нөгөөд нь хэтэрхий сагсуу ч юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ л тэр омогших, бардамнах гавьяатай.
Дөч гарсан эр, дөрөө дарсан ат хэмээх эртний үг бий. 42 настай тэрбээр мэргэжлийн бокст 41 тулаан хийхдээ хамгийн сүүлд WBC-гийн мөнгөн бүсний төлөөх тоглолтод ялалт байгуулсан билээ. Цаашид алтан бүс эзэгнэх зорилготой тэрбээр Лондоны олимпод өрсөлдөх дөрвөн дүүгийнхээ цамцны захыг мушгих болсондоо олзуурхаж яваа. Танилтай бол талын чинээ гэгчийн үлгэрээр Цэвээнээ ах мэргэжил нэгтнүүддээ Лондонд бэлтгэл хангах клубүүд болон бас бус асуудлаар туслалцаа үзүүлэх үүрэг аваад байх үеэр нь уулзаж ярилцсан юм.
 
Манай улсад мэргэжлийн бокс 1996 оноос хойш буюу гавьяат тамирчин Д.Лхагвааг тулааны талбарт хүч сорьж эхэлсэн үеэс хөгжлийн үндсээ тавьсан. Гэтэл өнгөрсөн 16 жилийн хугацаанд хуруу дарам тамирчин мэргэжлийн талбарт тулаан хийж байгааг харахад мэргэжлийн спорт манайхны өмнө хаалттай ертөнц юм шиг санагддаг юм. Та энэ бодолтой санал нийлэх үү?
Тийм ээ. Мэргэжлийн бокст хүч сорьсон монголчуудын буухиа мэдээж Д.Лхагваагаас эхэлсэн. Түүнчлэн Д.Оюунболд багш маань энэ спортын клубийг байгуулж, Б.Олзод багш мэргэжлийн боксын холбооны тулгын чулууг тавилцсан түүхтэй. Харамсалтай нь 2012 оныг хүртэлх хөгжлийг нь харахад мэргэжлийн бокс Монголд гавьтай дэлгэрээгүй байгаа нь үнэн. Тиймээс ч бид Мон гол туургатны мэргэжлийн бок сын холбоог бай гуулаад энэ асуудлаар БТСГ-т хандахад нааштай хүлээж авсан. Манай холбооны тэрг үүлэгч гишүүнээр БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо сонгогдон ажил лаж байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн спортыг төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэйг хол богдох байгууллагууданхааралдаа авсанд бид баяртай байгаа. 

Мэргэжлийн бокс бол спортын томоохон төрөл. Гэтэл БТСын тухай хуулинд “Мэргэжлийн тамирчин ашиг хонжоо хөө сөн хүмүүс” гэсэн утгатай тодорхойлолт байдгийг юу гэж ойлгох вэ? Шигшээ багт харьяалалтай , бэлтгэлээс өөр ажил хийдэггүй тамирчид мэргэжлийнх биш гэж үү? 
Эдгээр ялгааг сайн ялгаж салган ойлгох хэрэгтэй. 

Танаас гадна мэргэжилд хүч сорьж байгаа Монголын хэчнээн ширэн бээлийтэн байдаг бол? 15 жилийн тэртээ манай олон тамирчин энэ спортын мөрийг хөөж байсан тухай сонссон юм байна?
АНУ-д, Англид хэд хэдэн боксчин бий. Тэдний ихэнх нь тухайн орондоо иргэншилтэй болчихсон. Харин миний хувьд Монголынхоо паспортоор гоёдог. Харьяалалдаа авах хүсэлтээ илэрхийлсэн хэд хэдэн улс бий. Гэхдээ Монголоо гэсэн үзэл цусанд минь шингэсэн болохоор, эх орныхоо далбааны өнгө бүхий хувцсаар гангарч явдаг учраас өөр гүрний иргэншил авна гэхээр сэтгэлд багтдаггүй юм. Харин эх нутгаа дэлхийд таниулах спортын нэг төрөл мэргэжлийн бокс гэдэгтэй санал нийлнэ. Миний сүүлчийн тулааныг телевизээр шууд дамжуулахад баруун Европод 60 сая хүн үзсэн гэсэн судалгаа бий. Гэтэл Монголд хэдэн хүн үзсэн бол? Энэ спортыг хөгжүүлэх, хойч үеэ бэлтгэх цаг болжээ. 
Та гарын шавиа бэлтгэж эхэлсэн үү?
Мэргэжлийн боксын төрөлд хойч үеэ бэлтгэх тал дээр төлөвлөсөн ажил их. Мэргэжлийн спорт гэж юу болохыг бие сэтгэлээрээ мэдэрсэн болохоор Монгол туургатны дунд тэмцээн зохиож, дэлхийн хэмжээний тамирчин бэлтгэх зорилго өвөрлөн ажиллаж байна. Манай холбоо ОХУ, Халимаг, Их Британи, Европын боксын зарим холбоотой харилцаа тогтоосон. Би багш биш, тэгээд ч гарын шавь гэхээсээ илүү тухайн хүүхдийг зөв хүн болж төлөвших, нийгэмд байр суурь эзлэх тал дээр юуны түрүүнд анхаарах хэрэгтэй гэж боддог. Багшаа гэж дуудсан бүхэнд зөвлөгөө өгч, урам зоригоор дэмжихийг хичээдэг. 

Боксчин хэдэн настайгаасаа мэргэжилд орох нь тохиромжтой вэ? 
Тухайн хүнээс шалтгаална. Бага залуугаасаа энэ төрөлд бүхнээ зориулсан нэгэн байхад 30 настайдаа мэргэжилд орсон хүн ч байна. Саяхан АНУ-ын 55 настай, өнгөт арьст боксчин анхны тулаандаа ялалт байгуулсан тухай мэдээлэл уншсан. Тэр хүн шоронд байхдаа боксыг судалж, мэргэжлийн тамирчны хэмжээнд өөрийгөө бэлтгэсэн нь сонирхолтой.
Цэвээнпүрэв, мэргэжлийн бокс тамирчин 
Лондоны олимп дөхсөн энэ үед уулзаж байгаагийнх “Бээжин-2008”-д Э.Бадар-Ууганыг аваргалахад төрсөн тэр үеийн сэтгэгдлээ хуваалцана уу?
2008 оны олимпийн үеэр Англид байсан болохоор боксын бүх жингийн тоглолтыг үзсэн. Олимпийн аварга цолтон боксын төрөлд мэндлэхэд баярын нулимсаа барьж чадаагүй. Монголчуудын хүртсэн олимпийн медалийн дунд боксын хоёр хүрэл байсан бол алт, мөнгөн медаль нэмэгдэхийг харсан бид бүгдээрээ азтай хүмүүс.
Бадар-Ууган, Сэрдамба нартай хамтран бэлтгэл хийж байсан үеэ дурсахад ч бахдалтай. Лондоны олимпод залуучууд маань өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Аль ч улсын тамирчид олимпийн бэлтгэлээ сайн хангаж байгаа. Их Британийн боксчид гэхэд л Роберт Макракен хэмээх мэргэжлийн боксын дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийдэг. Түүнийг шигшээ багийн дасгалжуулагч болоход сонирхогчийн биш, мэргэжлийн спортын мэргэжилтэн сонголоо гэх мэтээр багагүй эсэргүүцэл гарсан удаатай. Гэхдээ Их Британийн боксчид бэлтгэл сайтай байгаа.

Ингэхэд та жилийн хэдэн өдрийг Их Британид өнгөрүүлдэг вэ?
Британид суурьшин амьдарсан үе бий. Одоо бол ирэн очин байдаг. Тэмцээний үед болон бэлтгэл хийх зорилгоор Англид очдог. Тэндхийн боксын клубүүд, дасгалжуулагчдыг сайн мэднэ. Танилын хүрээ өргөн болохоор боксчдодоо чадах чинээгээрээ тусална. Ер нь нутгаа их санадаг болчихож. Монголдоо хийх ажил их байна, эх нутгийнхаа эзэн нь юм шиг амьдармаар байна. Гадаадад байвал эндэхээс хавьгүй илүү цалин авна гэж залуучуудын ихэнх нь боддог. Гэхдээ хүний дарамтад амьдрах хэцүү биз дээ. Үүнийг би л лав эрх чөлөө гэж хэлэхгүй. Тиймээс эхнэртэйгээ хамт байгуулсан “Эв найрамдлын хүч” гэсэн төрийн бус байгууллагаараа дамжуулан залуучууддаа эх орноо сурталчлан, эрүүл мэндийг сэргийлэх тал дээр ажиллаж байгаа. Бид тодорхой судалгаа хийж, хоёр дахь зөвлөмжөө гаргасан. Манай байгууллага 2012 онд Засгийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан ч энэ хүрээнд үйл ажиллагаа явуулж хараахан эхлээгүй байна. Шинэ юм гэж хуучны мартагдсан зүйлийг хэлнэ гэсэн үг бий. Монгол уламжлалаа сэргээх нь туйлын чухал.
 
Таны сүүлийн тулааныг 60 гаруй сая хүн үзсэн гэж ярилаа. Тэгэхээр их орлого олжээ?
Өндөр борлуулалттай телевизтэй гэрээ хийвэл тулааны ханш өндөр. Сүүлийн тулааныг Английн “Премьер спортс” суваг авсан ч уг телевизийг Sky Sport, ESPN-тэй яаж зүйрлэх вэ?
 
Таны промоутер англи хүн үү?
Тийм ээ. Бид мэргэжлийн боксыг Монголдоо хөгжүүлж, аваргуудыг эх орондоо тордон гаргавал илүү амжилтад хүрнэ. Энэ спортын хөшигний цаана маш нарийн нууц оршдог. Харин би өөрийгөө золиосны тамирчин гэж хэлнэ. Учир нь мэргэжлийн боксыг жинхэнэ утгаар нь мэдрэхэд олон жилийг зарцуулахдаа бүхнийг золиосолж байж, өдий зэрэгт хүрсэн. Англид очсоноор энэ спортыг яс махаараа мэдрэх нэгэн орчин бүрдсэн хэрэг. Кубын боксчид яагаад мундаг байдгийг, ямар учраас Англид бэлтгэл хийдгийг хүртэл эндээс ойлгосон.
Д.Лхагваагийнхаа араас арав гаруй тамирчны хамт БНСУ-д очоод мэргэжлийн боксын зах зухаас мэдэрч билээ. БНСУ-аас ирээд Монголын кикбоксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Алтанпүрэвтэй уулзаж, улмаар Англид очсон явдал миний өмнө томоохон ертөнц нээж өгсөн. Цаашаа Швед, Норвег, Дани хүртэл явж билээ. Энэ бүхэн надад спортын төдийгүй амьдралын туршлага хуримтлуулжээ.

Та WBC-гийн алтан бүсний төлөөх тулаанаа хэзээ хийх вэ?
Боломж гарахгүй л байна. Алтан бүсний төлөө Мексикийн Жони Гонсалестай тоглох юм.

Танд олимпийн наадамд оролцож үзсэн бол гэсэн бодол төрдөг үү?
Үгүй дээ. Би энэ талаар огт боддоггүй. Ер нь “Би тэгсэн бол, тэгэх байсан юм” гэсэн яриа хийсвэр, зохиомол санагддаг. Харин мэргэжлийн бокс Монголд хөгжихгүй байгаад л сэтгэл гонсойдог. Яагаад энэ том спорт Монголыг тойроод байна вэ.
 
Та 42 настай, гэтэл мэргэжлийн дэвжээнд 41 тулаан хийжээ. Дэндүү чамлалттай тоо биш гэж үү?
41 тулааныг олон жилийн завсарлагатай хийсэн. Өөрөөр хэлбэл, 7-8 жил алдсан үзүүлэлт бий. Зарим жилд нь тэмцээн олдохгүй, эсвэл хоёр жилд нэг тулаан хийх жишээтэй. 100 тулаан хийх хугацаа байсан. Хөлөө хугалсан, гэмтэл авсан, солонгосчуудтай таараагүй гэх мэт олон шалтгаан тоочиж болох. Гэхдээ би дээр хэлсэн дээ, тэгэх байсан гэж ярих амархан тухай. Эцсийн дүнд юу хийж бүтээсэн нь л чухал. Би алдартай тамирчин биш, гэхдээ боксчин Цэвээнпүрэв гэхээр цөөн ч гэсэн хүн таних байх. Харь газар хүнд ажил хийж байгаа нэгэнд миний тулаан хүч нэмдэг ч юм бил үү? Өөрийнхөө амьдралын тухай цуврал нэвтрүүлэг, дурсамж ном хийж эхэлсэн. Өөрийгөө сурталчлах биш, хойч үедээ үлгэр дууриалал үзүүлээсэй гэсэндээ энэ бүхнийг хийж байгаа юм. Англид хийсэн сүүлийн тулаанд мөнгөн бүсний аварга болоод зогсож байхдаа Лондоны олимпод оролцох тамирчдын амжилтын буухиа болог гэж бэлгэдсэн шүү.
 
Их Британид олон жил амьдарсан юм чинь англи хэлэнд ус цас байх...
Харилцааны хэлтэй. Төгс бус ч гэсэн бүх талаар өөрийгөө ойлгуулж чадна. Мэдээж хэлний авьяастай хүний дэргэд миний англи хэлний чадвар гэж юу байх вэ?
Цэвээнпүрэв, мэргэжлийн бокс тамирчин 
Танд кинонд тоглох санал ирсэн гэл үү?
“Төмөр лам” хэмээх кинонд монгол залуугийн дүр бүтээх санал ирэхэд нь хүлээж авсан. Мөн саяхан АНУ-ын нэгэн витаминыг сурталчилсан. Энэ бүх мэдээллийг миний цахим хуудаснаас үзэх боломжтой.
 
Та хоёр хүүхэдтэй бил үү?
14 настай охиныг минь Энхдолгор, таван настай хүүг минь Батхаан гэдэг. Хүү минь Их Британид төрсөн, тиймээс баруун Европыг байлдан дагуулсан Батхааны нэрээр нэрлэсэн юм.

Та хэд хүртлээ мэргэжлийн дэвжээнд хүч сорих вэ?
50 хүртлээ тоглох бодолтой. Надад бокс тоглох нэг хувийн авьяас заяасан байж магадгүй. Харин тэр авьяасаа 90 гаруй хувийн хөдөлмөрөөр тордсон гэж боддог. Хөдөлмөрлөж байгаа хүн үр дүнд заавал хүрдэг гэдэгт би итгэдэг. Харин нас гэгч богинохон. Анзааргагүй явахад 20, 30, 40, 50 гарчихсан, дараа нь таяг тулсан явах нь энүүхэнд байх. Тиймээс цаг хугацаатай өрсөлдөн ажиллахыг залуустаа уриалья. Мөн спортын мэдээллийг шуурхай хүргэдэг Монголын спортын цорын ганц сонин “ТЦ”- ийнхаа хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Ярилцсан: Б.ӨЛЗИЙТОГТОХ

0 Сэтгэгдэл:

Post a Comment