2011-03-14

Д.Бум-Очир: Хүнд өөрийн гэсэн хувь тавилан, хүч чадал байдаг. Тэр нь янз бүрийн онгод тэнгэр дээр очсоноос ч илүү байж болно.

Бидний буруу тийшээ явж буй материалист ухааныг зөв тийш нь залж аврахын тулд бөөгийн шашин XXI дүгээр зуунд дэлхий дахинд дахин сэргэж байгаа юм.


Чингис хааны үед төрийн хэрэг шийдвэрлэхэд гол оролцоотой байсан бөөгийн шашин өнөөдөр үнэ цэнээ алдсан юм шиг санагддаг. Гэтэл XXI зууныг бөөгийн зуун хэмээн “нэрийдэх” боллоо.
Энэ асуултанд нэг өгүүлбэрээр хариулах боломжгүй. Магадгүй нэг ярилцлагаар ч хариулж амжихгүй байх. Харин би энэ талаар жаахан ч гэсэн ойлголт өгч хариулахыг хичээе. Сэтгүүлч та бүхэн энэ асуултын хариултыг эрэлхийлж яваа нь зөв.


Бөө мөргөл нь Монголын хувьд үндэсний гамшгийн хэмжээнд хүрсэн гэж боддог юм. Яагаад гамшиг болж байна вэ гэвэл ийм нэр хүндтэй уламжлал маань өнөөдөр газарт унаж үүний уршгаар хүмүүс үхэж, өвдөж, худал хэлж, бие биенээ шулж мөлжих болсон. Ийм байдалд хүрсэн нь энэ цагт амьдарч буй Монголчуудын буруу биш. Харин олон зууны түүхэнд бөө мөргөл төдийгүй Монголын соёл уламжлалаа ойлгож мэддэг, дээдлэн шүтдэг ард түмэн өдрөөс өдөрт цөөрсөөр байгаагийн илрэл. Бөө мөргөл нэр хүндээ алдсан хамгийн том шалтгаан нь бид бөө мөргөлөө ойлгож мэдэхээ байсанд л учир оршиж байна. Хэчнээн агуу зүйл байсан ч бид түүнийг мэдэхгүй л бол үл тоомсорлоно, муухай харьцана. Тиймээс бөө мөргөлийн хэргийг гаргаж, жинхэнэ мөн чанарыг илэрхийлж чадахгүй.


Түүхчид XIII зууныг бөө мөргөлийн оргил үе байсан гэж тодорхойлдог?
Түүхчлээд үзвэл зарим судлаачид бөө мөргөлийн хөгжлийн мандал үе нь XIII зуунд байсан гэж үздэг. Би бол үүнтэй тэр болгон санал нийлдэггүй. Гэхдээ яг манай нийгмийн хүрээнээс харах юм бол зөвтгөж болно. Өөрөөр хэлбэл Монгол хүн бөө мөргөлийг хүлээн авч зөв зүйтэйгээр өөрийнхөө амьдралдаа оруулж ирсэн тэр оргил үе нь XIII зуун мөн байж болно. Харин бөөгийн онгодынх нь хөгжлийн оргил үе байсан эсэх нь тусдаа хариулт.

Түүхэндээ бол мөн үеэс хойш бөө мөргөл тасралтгүй уруудах шатандаа орсон. Учир нь янз бүрийн шашны урсгалууд Монголд дэлгэрсэн нь тодорхой хэмжээгээр үүнд нөлөөлсөн. Улмаар манжийн дарлалд бөө мөргөл төдийгүй бид соёлынхоо өв уламжлалаа тодорхой хэмжээгээр алдсан. Дараа нь Богд хаант засгийн газар үүсч бурханы шашинд шахагдаж байсан бөө мөргөл коммунизмтай нүүр тулж улам л гадуурхагдах болсон. Коммунизм гэлтгүй XX зуун бол өрнө дахины Шинжлэх ухаан гэж нэрлэдэг тэр зүйлийг хамгийн дээд ухамсраа болгон залж бусад зүйлийг огоорон мартсан үе байсан. Ингээд бид хүн төрөлхтний үнэт зүйлүүдээ мартаад Шинжлэх ухаанаар толгой тархиа хийгээд материалист сэтгэлгээгээр хандаж эхэлсэн. Ийнхүү бид бөө мөргөлөө мартсан. Бөө нарыг хэлмэгдүүлж, бөөг үгүйсгэж эхэлсэн. Бөө үгүй болж, бөөг судалдаг хүн ч алга болсон.

Бөө мөргөл нь хэний ч мэдэхгүй сэдэв болон орхигдсон. Харин 1990 оноос бүх зүйл чөлөөтэй болж ирсэн. Тэр үед бид өөрсдийн гэсэн үнэт зүйлүүдээ хайж эхэлсэн. Үүнийгээ дагаад өнөөх хаалттай байсан бөө мөргөл сэргэж эхэлсэн. Мэдээж дөнгөж сэргэж байгаа учир эмх замбараагүй байдал үүссэн. Үүнийг зохицуулах нийгмийн хэм хэмжээ, мэдлэг, ойлголт, засаг захиргаа байхгүй учраас хүн бүр дор дороо бөө мөргөлийн тухай өөрийнхөөрөө ойлгож, тайлбарлаж дуртайгаа хийж дураараа дургих болсон.


Тэгвэл бөөгийн шашны агуу нь юундаа орших вэ. Энэ талаарх таны тайлбарыг сонсъё?
Маш өргөн сэдэв. Шинжлэх ухаан хүчтэй хөгжиж хүн бүр материалист сэтгэлгээтэй болсон цагаас хүн төрөлхтөн өөрийгөө болоод дэлхийг устгаж эхэлсэн. XX дугаар зуунд хүн төрөлхтний сэтгэлгээний ухамсар нь материалын шинжлэх ухаан болж ирсэн. Үүний улмаас хүмүүс өөрийн таван мэдрэхүйд харагдаж мэдрэгдэж байгаа бүхнээ ертөнц хэмээн ойлгож, харин харагдахгүй, мэдрэгдэхгүйгээ оргүй хоосон хэмээн үгүйсгэх болсон. Өөрөөр хэлбэл аливаа бүхний цаад мөн чанарыг олж мэдэлгүйгээр нэг л амьдарна гэх далбаан дор өнгөцхөн амьдрахыг эрмэлзэх болов. Улмаар байгалиа ч хайрлахаа больсон. Мөн бидний энэ амьдрал төгсгөл болсон ч цааш үргэлжилдэг, бидний хийсэн муу үйл дараа төрөлд үйлийн үр болон ирж хариугаа авдаг гэсэн тэр ухамсар үгүй болсон. Бид нэгэнтээ хүн төрөлхтний агуу мөн чанараа алдаж эхэлсэн учраас бөө мөргөл болоод шашныхаа хэр агуу вэ гэдгийг мартаж эхэлсэн. Яагаад агуу вэ гэхээр хүн гэдэг амьтан бол нэг талаас бие махбодь, нөгөө талаас сүнс нийлж байж буй болдог юм байна.

Бөө гэлтгүй шашин нь хүнийг сайн сайхан байлгаж зөв амьдруулж дараа төрөлд нь илүү зөв зохист оруулж илүү гэрэл гэгээтэй амьдралд аваачдагт оршино. Тийм учраас бөө мөргөл болоод бусад шашин нь бидний зөв амьдралын гол утга учир байжээ. Гэтэл бид амьдралынхаа утга учрыг мэдрэхээ больчихсон. Зөвхөн байр машинтай болохын төлөө амьдраад сурчихсан. Бид энэ амьдралд яах гэж төрдөг вэ гэхээр тодорхой хэмжээний үйлийн үрийг гүйцээх гэж төрдөг. Тэрийг гүйцээсний дараа бидний сүнс дараа дараагийн илүү дээд эрэмбийн амьдрал, илүү гэгээрлийн шатанд очихоор зорьдог. Бид түүнийгээ мартсан. Тиймээс бидний буруу тийшээ явж буй материалист ухааныг зөв тийш нь залж аврахын тулд бөөгийн шашин XXI дүгээр зуунд дэлхий дахинд дахин сэргэж байгаа юм.

Материалист сэтгэлгээнд эзэмдүүлсэн биднийг бөө мөргөл хэрхэн аврах бол?
Айл болгон бөөтэй болж байна гэдэг бол айл бүрийн асуудал биш. Удам болгоны тухай асуудал. Нэг удамд хэдэн айл өрх ч байж болно. Хэрвээ удам болгонд бөө төрвөл тухайн онгодын эргэн тойронд байгаа бүхэн тодорхой хэмжээгээр хүн үхмэгц сүнс нь үлддэг юм байна гэх итгэл үнэмшлийг өөрийн эрхгүй авна. Бөөд итгэнэ, ойлгоно, хүндэтгэж эхэлнэ. Би 1995 оноос бөө судалж байна. Тэр үед бөөгийн талаар итгэх хүн ховор байлаа. Одоо энэ итгэлийн талаар Монголд ярих ч шаардлагагүй болчихож. Өнөөдөр бөө мөргөл нь гамшгийн хэмжээнд байгаа мэт боловч үхсэний дараа амьдрал байдаг юм байна, байгальтай зүй бус харьцвал байгаль экологийн тэнцвэр алдагддаг юм байна гэх ухамсар хүмүүст бага багаар сэргэж эхэлж байна. Бидэнд энэ ухамсар бага багаар сэргэснээр ертөнцийн мөхөл хийгээд насыг нэмэх боломжтой болж байгаа юм.

Та нэгэн сонинд бөөгийн шашин нь пирамид хэлбэрээр хөгжиж эхэлж байна гэж ярьсан байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
Өнөөдөр бөөгийн шашин төгс шатандаа хөгжөөгүй байгаа шүү дээ. Харин 1990 оноос хойш хөгжиж эхэлж байгаа талаар би өмнө нь ярьсан. Бөө мөргөл нь миний ойлголтоор пирамид хэлбэрээр хөгждөг. Пирамидыг хамгийн доод сууринаас нь эхэлж барина. Ингэхийн тулд маш олон тооны чулуу хэрэгтэй. Түүнтэй адилтгавал бөө мөргөлийн хөгжлийн суурийг тавихын тулд маш олон бөө төрөх учиртай. Мэдээж тэнд тоо нь олон, чанарын хувьд асуудалтай байж таарна. Харин дээшлэх тусмаа тоо нь цөөрч чанар нь сайжирч эхэлнэ. Тэр бол пирамидын орой юм. Тиймээс өнөөдөр пирамидийн суурийг бүрдүүлэх олон тооны чанаргүй бөө олшрох магадлал их байгаа нь харагдаж байна. Иймийн тулд өнөөдрийн бөө мөргөл агуу биш. Харин пирамид баригдаж дууссаны дараа агуу нь тодорхой болно.

Бөөгийн удамгүй хэрнээ бөө болох тохиолдол цөөнгүй гарсаар байна. Бараг л таван хүн тутмын нэг нь бөө болж байна гэхэд хилсдэхгүй байх. Нэг талаар энэ нь туйлшрал ч юм шиг санагддаг.
Үүний учир нь чи бидний өвөг дээдэс 3000 жилийн өмнө бөөгийн шашинтай байж бөөг шүтэж байсанд оршино. Тийм учраас чи ч би ч удамдаа бөөтэй байсан гэсэн үг. Бүх удам угсаа бөөтэй байх бололцоотой. Хэн ч хэзээ ч бөөгөөр тодорч болзошгүй. Бөө ихээр төрж байгаа нь солиорол биш.


Бөө гэж хэнийг хэлэх вэ? Хүмүүст ойлгомжтой энгийн үгээр тайлбарлавал...
Бөөг Монгол хэлэнд хоёр зүйлийг холбож байдаг элч төлөөлөгч буюу улаач хэмээн тодорхойлдог. Харин тэрхүү улаач нь хүний болоод сүнсний ертөнцийг хооронд нь холбож хэл дамжуулж байдаг л хүн. Адилтгавал бидний гар утас л гэсэн үг. Улаачийн биед буух дээд зэрэглэлийн онгод тэнгэр буюу сүнс нь маш ариун байдаг учраас бөөгийн бие болоод сэтгэл ариун байх ёстой. Хэрвээ ариун байж чадахгүй бол онгод тэнгэр бууж ирэхгүй.

Тэгвэл онгод гэдэг нь?
Бөөгийн сүнс онгод болдог. Тиймээс тухайн бөөгийн өвөг дээдсийн биед нэвтэрч байгаа сүнсийг онгод гэж нэрлэдэг.

Онгод, тэнгэр гэдэг тусдаа ойлголтууд уу?
Тусдаа. Эрэмбээрээ ялгаатай. Онгод гэгээрэх тусмаа тэнгэрт гарна. Тэнгэрт гарахаараа тэдний нас мянга мянган жилээрээ тоологддог.

Онгод биед орох үед улаач нь ухаан алдах тохиолдол гардаг. Энэ нь юутай холбоотой вэ? 
Нэг онгодоос “улаачаа ухаан алдуулахгүйгээр орж гарч болдоггүй юм уу” гэж асуухад “би наадахыг чинь унагаад байгаа юм биш, намайг ойртохоор л өөрөө унаад байна” гэж хариулж байсан. Тэгэхээр тухайн бөөгийн бие цэвэр ариун байх тусмаа төвөггүйхэн онгодоо хүлээн авч чадна гэсэн үг.


Бөөгийн биед зөвхөн өвөг дээдсийн сүнс нь орж ирдэг үү?
Ихэнхдээ овог удмын өвөг дээдсийн сүнснүүд орж ирдэг. Гэвч хүний бус янз бүрийн сүнснүүд буюу альбин тийрэн орж ирэх магадлалтай.


Тэгвэл бөө өөрийн биедээ өвөг дээдсийн болоод өөр бусад сүнс бууж ирсэнийг хэрхэн ялгаж салгах вэ?
Зарим онгод та нар үүнийг мэдэх боломжгүй гэдэг. Миний нэг таньдаг онгод “хэрвээ муу зүгийн сүнс орж ирвэл юм өгөхөд зүүн гараа сарвайдаг” гэж хэлж байсан. Хэрвээ би орж ирвэл баруун гараараа юм авна гэх зэргээр улаач, онгод хоёр бие биедээ “код” үүсгэж болно.


Бөөгийн биед онгод бус муу зүгийн сүнс орчихлоо гэхэд ямар үр дагавар учруулах вэ?
Муу зүгийн сүнснүүд нь бөөгийн хүчийг бага багаар авч хараал зэрэг муу юм хийлгэж эхэлдэг. Миний бодлоор тухайн биеийг маш цэвэр ариун байлгаж чадвал хар зүйл орж ирж чадахгүй. Үүн дээр нэмж хэлэхэд зөвхөн бөө гэлтгүй хүн бүр бие сэтгэлээ ариун байлгах хэрэгтэй. Тэгж чадвал ямар ч муу зүйлд хорлогдож чадахгүй, муу бүхнээ холуур тойрч чадна.

Онгод орох үед тухайн бөөгийн сүнс нь хаачдаг вэ?
Бөөгийн туршлага, чадвараас хамаараад тухайн хүний сүнс биеэс гарах юм уу хажууд нь байдаг. Эсвэл биеийнх нь аль нэг хэсэгт шахагдаад оршиж байх жишээтэй.

Буддын шашинд үйлийн үрээр хүн дахин төрнө гэж номлодог байхад бөө мөргөлд хүн энэ ертөнцөд ганц л удаа амьдардаг хэмээх үзэл байдаг гэж уншсан юм байна. Үүний учрыг тайлбарлавал?
Бөө хүний сүнс онгод болчихдог учраас дахин төрөхгүй байх магадлал өндөр. Гэхдээ энэ нь бөө мөргөлд хүний сүнс эргэж төрдөггүй гэсэн үг биш. Энэ бол зөвхөн бөө гэдэг хүний тухай ярьж байгаа тохиолдолд л хамаарна. Гэтэл сүүлийн үед онгодууд хүн болж төрөх хүсэлт тавих тохиолдол цөөнгүй гарч байгаа. Учир нь хүн болж төрснөөр сүнсний ертөнц дэх эрэмбээ ахиулах боломж өндөрсдөг байна.

Бөө хэрхэн “төрдөг” вэ? Мөн бөөг бэлтгэдэг багш гэсэн нэг ойлголт яваад байдаг. Гэтэл тэр нь бөөг сургах замаар бизнес хийж ашиг олдог гэх...
Бөө бол орчлонд мэндлэхээсээ өмнө сонгогдсон байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүний сүнсийг онгод тэнгэр нь сонгодог. Түүнийг нь бид тэнгэрийн тамгатай төрөх гэдэг. Тухайн хүнд бөө болох шинж тэмдэг нь мэдрэгдээд ирэхийн цагт угаа аваад бөө болно. Ингэхийн тулд чадал, эрдэм мэдлэгтэй бөө удган, зайран дээр очиж шавь орно. Үүнийг л бөө төрүүлэх гэж хэлээд байх шиг байна. Гэтэл сүүлийн үед энэ асуудал замаа алдаж байна. Багш болох гэж байгаа хүн нь шавийнхаа онгодыг танихгүй, албин чөтгөр янз бүрийн буруу зүгийн юм суулгаад энэ чиний онгод гээд явуулчихдаг. Тиймээс үүн дээр багшийн хариуцлага маш чухал.


Бөө болох хүн өөрийгөө тэнгэрийн тамгатай гэдгээ хэрхэн мэдэх вэ?
Мэдээж угаа авах цаг болох үед тухайн хүнд онгод тэнгэрээс янз бүрийн дохио өгдөг. Гэтэл материалист сэтгэлгээгээр тэрхүү дохиог мэдэхгүй шинж тэмдэг илэрч байгааг нь анзаарахгүй яваад байвал онгодууд шийтгэж эхэлдэг. Улмаар тухайн хүний ажил амьдрал нь бүтэхээ больж, өвчин зовлон ороож эхэлдэг. Эсвэл эргэн тойрных нь хүмүүс нас барах юм уу өнөөх хүнд сэтгэл мэдрэлийн өвчин тусах байдлаар илэрнэ. Хий юм сонсч, хардаг болно. Энэ бол солиорол бус билгийн мэлмий нь нээгдэж байгаа л хэрэг. Үүнийг бөөгийн өвчин буюу бөөгийн шинж тэмдэг гэдэг.

Угаа авчихсан хүн бөө болчихлоо. Дараа нь мэдээж ур чадвараа сайжруулахын тулд зэрэг дэвээ ахиулах байх?
Мэдээж зэрэг дэвээ ахиулж байж чадалтай онгод тэнгэрийг өөр дээрээ буулгах бололцоотой болно гэсэн үг. Үүнийг чанар ахиулах гэх мэтээр нэрлэдэг. Буриад бөөгийн зан үйлд бөө нь 13 чанарыг авч байж сая нэг боловсорлоо гэж үздэг.

“Бөө дор хаяж есөн жил суралцаж байж хүнийг үзэх чадвартай болно” гэж нэгэн удган ярьж байхыг сонссон. Гэтэл амьдрал дээр өчигдөрхөн тодорсон 15-хан настай бөө маргааш нь хүн үзээд явж байх жишээтэй.
Бөө мөргөлд маш олон янзын ёс байдаг. Нэгний ёс нөгөөтэй адил байх албагүй. Африк, Өмнөд америк, Англи ч гэсэн бөөтэй. Тиймээс зарим нь есөн жилийн дараа засал хийж болно гэж байхад өөр нэгэн бөө тодорсон өдрөөсөө хүмүүсийг үзээд эхлэх жишээтэй. Үүнд эцсийн хууль байхгүй. Магадгүй онгодын шийдвэртэй шууд хамаатай байж болно.

Бөөгийн шашинд гал тахих, түүнийг тойрч бөөлөх зэрэг зан үйл байдаг. Энэ нь ямар утга учрыг илэрхийлдэг вэ?
Онгод тэнгэрүүд гал юм уу зул дээр бууж ирдэг. Гал өөрөө ариун учраас онгодоо оруулах гэж буй бөө гал руу тэмүүлдэг.

Бөө нар бөөлж байх үедээ архийг маш их хэмжээгээр хэрэглэх тохиолдол гардаг. Тэрхүү зан үйлд архи заавал уух ёстой байдаг уу. Архийг ямар учраас хэрэглэдэг вэ?
Эмнэлгийн спиртийг шарх цэвэрлэх, ариутгах утгаар хэрэглэдэгтэй адилхан бөө нар архийг тэр л зарчмаар хүртдэг. Ингэхдээ биеэ цэвэрлэж байна гэдэг утгаараа бага хэмжээгээр буюу 30-50 грамм хүртэхэд хангалттай. Гэтэл зарим бөө хэдэн шилээр нь уух тохиолдол ажиглагддаг. Миний таамаглалаар хүч чадал муутай, эрэмбэ дор онгодууд архи ууж, есөн шидийн багаж хэрэглэдэг. Харин хүч чадал, чанар чансаа нь дээшлэх тусмаа архигүйгээр өөрийгөө ариусгах чадалтай болдог.

Та нэгэн ярилцлагадаа архи ихээр ууж буй онгодуудыг хүмүүжүүлье гэсэн байдаг. Таны бодлоор тэднийг яаж хүмүүжүүлбэл зохистой вэ?
Архи нэхээд байгаа онгодод архийг нь өгөхгүй байя. Яадаг юм хилэгнэг. Эхэн үедээ уурлана л биз. Тиймээс анхнаас нь онгоддоо хэзээ ч битгий виски барьж сурга. Та нарын өгсөн вискийг ууж амташчихаад дараа нь чамаас нэхээд сурчихдаг байхгүй юу. Харин үхрийн сүүгээр нэрсэн монгол архийг нь өг. Дээр нь тэднийг хүмүүжүүл гэхээр л загнаад, үл хүндэтгээд, хог шаар шиг үзнэ гэсэн үг огтхон биш. Харин ч хүн шиг харьцаж орчин цагт бүх зүйл өөрчлөгдсөнийг ойлгуулах хэрэгтэй. Архи хар энергитэй байдаг учир таны тайлбарлаж хэлсэн үгэнд үнэний хүч үйлчилж тэд ойлгох магадлал ихтэй.


Бөөгөөр засал хийлгэхээр очиход бүтэн хонь, үхрийн мөнгө нэхдэг. Яагаад өргөл барьц өгдөг юм бол. Үнэхээр хүмүүсийн тусын тулд хийж байгаа л юм бол тухайн хүн засал хийлгэснийхээ хариуд сүсгээрээ өргөл барьц өгч болдоггүй юм уу?
Өргөл барьц авна гэдэг үйлийн үрийг тэгшилж байдаг үйл юм. Тухайн хүн төлөөстэй учраас түүнийг төлж байж үйлээ хийлгэх ёстой. Тэгэхгүй бол тэр үйлчлүүлсэн хүн бөөд юм уу бөөгийн онгодод үйлийн үртэй болно. Үхсэн хойноо юм уу хэзээ нэгэн цагт өр төлөөс нэхэгдэнэ. Тийм төлөөстэй болгохгүй тулд хүмүүсээс өргөл барьц авдаг. Хүч султай онгодууд өргөл барьц авалгүйгээр өөрийн хүчнээсээ хүнд туслаад яваад байвал хүчээ алдсаар улам сульдана. Тиймээс өөрийн хүч дээр тэрхүү өргөл барьцыг нэмэрлэж байж тухайн хүний үйлийн үрийг цайруулдаг юм. Харин чадалтай мундаг онгодууд өргөл барьцгүй бусдад засал хийх чадвартай байдаг. Тухайн хүн нэг хонь өргөж байж цайруулах лай ланчиг өмнө нь хийсэн л бол тэр өрөө төлөх л ёстой. Гэлээ ч тухайн хүнд өмнөх насандаа хийсэн төлж барахад хэцүү үйлийн үр байгаа л бол мянган бөө байгаад ч түүнийг нь засч чадахгүй.

Гэхдээ л хүний итгэл сэтгэл, зовлон бэрхшээл дээр дөрөөлөн ашиг олж байгаа бөө нар цөөнгүй бий гэж бодож байна.
Мэдээж өнөөгийн нийгэмд ашгийн төлөө буруу замаар будаа тээж буй бөө зөндөө бий. Тэрийг үгүйсгэхийн аргагүй. Тэднийг өмөөрч чадахгүй. Гэхдээ өргөл барьцгүй засал хийлгээд л байх юм бол тухайн хүний үйлийн үр барагдаж дуусахгүй л гэсэн үг. Тиймээс өргөл барьц ямар нэгэн хэмжээгээр байх нь зүйтэй. Харин барьцын хэм хэмжээг тухайн бөөгийн онгод нь хэлдэг байх ёстой.    

Хүний хувь заяаг урьдчилан таан хэлж, үйлийн үрийг нь нимгэлж өгдөг онгодуудад зарим хүн мэдээж сүсэглэн итгэдэг. Тэд төгс байж чадах уу. Өөрөөр хэлбэл тэдэнд 100 хувь итгэж болох уу?
Онгодууд төгс бус. Мэдэх юм аа мэддэг, мэдэхгүй зүйлээ мэддэггүй. Тиймээс чадах ч зүйл байна. Чадахгүй ч юм байна. Иймийн тулд бид мэдлэг чадвар муутай залуу онгодуудад найдаж хамаг юмаа гаргуунд нь гаргаж болохгүй. Бөө хэлсэн л бол үнэн гэж боддог. Тийм зүйл огтхон ч биш. Миний мэдэх хэдэн бөө “над дээр 10 хүн ирлээ гэж бодоход би найман хүнд нь үнэн хэлээд байх шиг байна” гэж ярьж байсан. Учир нь тэр онгодууд чинь бидэнтэй л адил гэгээрэл рүү л зүтгэж яваа нөхдүүд.

Сүүлийн үед үнэн худал нь мэдэгдэхгүй олон бөө төрж иргэдийг хохироох үзэгдэл цөөнгүй гарах болсон. Үүнд зохицуулалт хийж худал үнэнийг нь тогтоох боломжтой болов уу?
Нэгэнтээ бөө мөргөл, онгод гэдэг маань хий ертөнцийн зүйл учраас бодит ертөнцийн шалгуураар шалгах боломжгүй. Өөрөөр хэлбэл бид мэдэхгүй гэсэн үг. Тухайн бөө үнэн, худал, зөв, буруу юу гэдгийг магадгүй зургаа дахь мэдрэхүй нь хөгжсөн, сүнстэй харьцдаг, эсвэл бөө нар бие биенээ ялгаж мэднэ. Түүнээс энгийн хүн тухайн улаачид онгод нь орсон байгаа эсэхийг, жүжиглэж байгаа үгүйг мэдэж чадахгүй. Харин тухайн бөө учир зүггүй маш их хэмжээний мөнгө нэхээд байдаг бол, архийг маш ихээр хэтрүүлэх хэрэглэдэг бол нэг бол онгод тэнгэр биш, албин тийрэн, эсвэл уруудаж яваа буруу зам руу орсон залуу онгод. Иймэрхүү байдлаар ялгаж салгаж болох юм. Миний дээр ярьсан пирамид баригдаж дуусах үед тэр зохицуулалт хийгдэж эхэлнэ гэж боддог. Онгодуудын хэлж байгаагаар луу жилд тэнгэрүүд бууж энэ эмх замбараагүй байдлыг цэгцэлнэ. Түүнээс бус энэ ертөнцөд хууль гаргаад л хараал хийсэн бөөг шийтгэнэ гэх бол утгагүй. Бид хараал хийснийг нь яаж мэдэх юм? Материалаг ертөнцөөр энэ бүхнийг хэмжих аргагүй болчихоод байна.


Сайн бөө гэж хэнийг хэлэх вэ. Сайн муугийн шалгуурын хэрхэн тогтоох уу?
Хүч чадал ихтэй, дээгүүр эрэмбэний онгод буулгадаг бол сайн бөө гэж тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл сайн муу гэдгийг бөөгөөр нь бус онгодоор нь хэмжих ёстой. Харин тухайн бөө ёс зүйгээ сайн баримтладаг, сэтгэлээ ариун байлгаж чаддаг, үнэнээр явдаг бол сайн гэсэн тодорхойлолтонд онож очно.


Хэрвээ тухай бөө буюу улаач нь сэтгэл нь ариун бус байгаа тохиолдолд онгод нь сэтгэл ханамжгүй байгаагаа түүнд бодитоор илэрхийлэх тохиолдол байдаг уу?
Улаач нь шударга бус байвал хилэгнэсэн онгодууд өөрийнхөө улаачаа “залгих” тохиолдол байна. Тэд миний улаач хийх ёстой зүйлээ хийхгүй байна, мөнгөнд их шунаж байна, худал ярьж байна гэж хэлээд амийг нь авчихдаг. Зарим онгод шударга бус байсан өөрийнхөө ач зээ буюу улаачаа “залгисан” талаар ярих нь бий.

Хүмүүс өөрсдийнхөө хүчинд итгэхгүй хэтэрхий амрыг харснаас өнөөх худал хуурмаг бөө нараа өөгшүүлэх нэг үндэс болоод ч байгаа юм шиг санагддаг. Нөгөө талаас ямрыг нь мэдэхгүй бөө дээр очиж насаараа хохирсон хүн ч байдаг.
Хараал бол захын гар доорх ажил боллоо ш дээ. Гэхдээ би бүх бөөг хараалч гэж хэлж байгаа юм биш. Нэгэнтээ бид бөөгийн сайн мууг мэдэх боломжгүй юм чинь үнэхээр шаардлагагүй бол битгий энд тэндэхийн бөө дээр очиж есөн шидээ дэлгээд бай л гэж хэлнэ. Онгодууд “энэ ертөнцөд хүн өөрийн чадлаараа амьдрах боломж бий” гэдэг. Амьдралд нь үхэж хатах янз бүрийн аюул учраагүй бол өөрөөрөө амьдар. Өөрөөр хэлбэл өөрийнхөө сүнсийг өөрийнхөө бие сэтгэлийг өөрөө ариусга гэж хэлдэг. Гэтэл манайхан жаахан асуудал гарвал ламаас, бөөгөөс асууя гэдэг. Тэр буруу. Хүнд өөрийн гэсэн хувь тавилан, хүч чадал байдаг. Тэр нь янз бүрийн онгод тэнгэр дээр очсоноос ч илүү байж болно.


Тантай санал нэг байна. Бөө дээр очиж хамт амьдарч буй ханиа заяаны хань мөн эсэхийг үзүүлээд хүссэн хариултаа аваагүй сэтгэлдээ гундуу явж байгаа нэг хүнтэй таарч байсан юм. Тэр хайртай хүнээ хажуудаа байлгах гэж засал хийлгэж байснаа надад ярьсан санагдана.
Хүн гэгээрлийн төлөө амьдрах ёстой. Хүнтэй суухын төлөө биш. Өнөөдөр онгодууд ч хоосон чанарын тухай ярьдаг, буддын шашинд ч мөн адил энэ талаар сургадаг. Өнөөдрийн бидэнд байгаа бүхэн хоосон чанартай. Би өнөөдөр сайхан байр машинтай байлаа ч үхэхдээ тэднийг авч явахгүй. Тиймээс хоосон юмны төлөө тийм засал хийлгэж бие сэтгэлээ уяхаа болих хэрэгтэй. Эхнэр нөхөр гэдэг энэ ертөнцийн л амьдрал шүү дээ. Гэр бүл эхнэр нөхрийн заслыг нь хийж байгаа онгодууд бол хүн чанараасаа салаагүй байгаа онгодууд юм. Харин дээд түвшний онгодууд бол эхнэр нөхрийн өмд гутлын хэрүүлийг бус хүн төрөлхтний төлөө төрийн үйл хийж байдаг.

Манай улсад хэчнээн бөө байгааг тогтоох боломж байдаг уу?
Би анх 1995 оноос бөөгийн судалгаа руу орж эхэлсэн. Тэр үед Монголд гарын таван хуруунд багтах маш цөөхөн бөө байдаг байсан. Тэрхүү дархад, буриад удган зайрнаас халх бөө гэж гарах болов уу гэж асууж байлаа. Гэтэл өнөөдөр хөл толгой нь мэдэгдэхгүй халх бөө ихээр буй болсон. Миний бодлоор яг нарийн тоо гаргах боломж байхгүй. Учир нь өөрийгөө нуугаад явж байгаа маш олон бөө байгаа.

Бөөгөөр дамжуулан нас барсан төрөл төрөгсөдтэйгээ уулзах боломжтой юу?
Боломжтой. Миний мэдэх англи бөө нарт энэ үзэгдэл түгээмэл байсан. Тэд үхсэн хүний сүнстэй шууд харьцдаг байв. Харин Монгол бөөгийн шашинд үүнийг сайшаадаггүй. Учир нь бөөгийн биед үхсэн хүний сүнснүүд оруулж ирэх нь буруу. Улаачид муу нөлөө үзүүлдэг юм. Яагаад гэвэл тэр сүнснүүд онгод бус доод эрэмбийн сүнснүүд учраас замыг нь алдуулж буруу зам руу хөтлөх сөрөг талтай байдаг.

Манайд бөө судлалын чиглээр мэргэшсэн эрдэмтдээс нэрлэвэл?
Судлаач гэдэг энд тэнд явж байгаад олоод авчихдаг мэргэжил биш. Миний бодлоор тухайн судалгааны чиглэлээр эрдмийн зэргээ хамгаалаад онол арга зүйгээ судалсан хүнийг хэлдэг. Харамсалтай нь Монголд энэхүү академик замаар бөө судлаач бэлтгэх ажил үндсэндээ байхгүй. Манайд бөө судлалын чиглэлээр дагнан судалгаа хийж буй судлаачид гарын 10 хуруунаас хэтрэхгүй цөөхөн бий. Бямбын Ренчин гуай, С.Бадамхатан, академич Ч.Далай, О.Пүрэв, миний аав С.Дулам гээд ахмад үеийнхнээ нэрлэж болно.


Бидний ярих сэдэв их өргөн юм. Асууж, тодруулах зүйл ч их байна. Энэ сэдвээр цаашдаа үргэлжлүүлэн ярилцана гэдэгт найдаж байна. Ярилцлага өгсөнд танд баярлалаа.

Ярилцсан Г.Одгарав odgarav.g@gogo.mn

0 Сэтгэгдэл:

Post a Comment