Нэг. “Болор цом”-ын наадамд шүлэг яагаад хасагддаг вэ?
Шигшмэл хорьд үлдээд хасагдсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулга енгэнэтэл уйлаад сууж байх юм гэнэ. Яав гэтэл “Би хорин минут уйллаа, одоо гучин минут уйлна” гэж байх юм гэнэ. Өхөөрдмөөр ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Өхөөрдөхийн учир нь “Болор цом”-руу тэмүүлэх залуу яруу найрагчийн омголон хийгээд гэгээн тэмүүлэл, өрөвдөхийн учир нь наадам, тэмцээн хоёрын дунд тэлэгдсэн сэтгэлгээ юм. “Болор цом” бол найргийн наадмын дэвжээ болохоос начны найраа хийдэг наадмын тавын даваа биш. Одоо тэр цолны бохир наймаа бараг үгүй болсон. Тиймээс хасагдсандаа шарлахах бус шүлгэндээ харамсах нь зүй зохистой мэт. Б.Баттулгын тухайтад дунд дүйзэд шөвгөрөөд “Гэнэтийн орчлонд” шүлгээ уншсан бөгөөд тэр нь өмнөх даваанд уншсан “Эх орон” шүлгээ гүйцсэнгүй. Уг нь гоо чиний даашинз дээр хатгасан янзага гэнэт амилах мэт... гэгээн Монгол минь ...ертөнцийн их ариусгал болно гэх сайхан шүлэг байсан ч “цуугчсан бодол” ч гэх шиг хэлбэржиж амжаагүй хэллэг зэрэг нь нялх занг илэрхийлж байх шиг санагдаж байлаа. Тэгээд л боловсорч амжаагүй сайхан санаа, өмнөх даваанаас суларсан ур хийц нь авах ёстой оноог нь доош дарж шүүгчдийн нийлбэр дүнгээр их дүйзээс хасагдсан хэрэг. Ийм байдал ганц Б.Баттулгад ч байсан юм биш. Даваа даваанаас шивхэрч хасагдсан яруу найрагчид өөр өөрийнхөө шүлгийг ийм хоёр шүүлтүүрээр шүүгээд үзэх хэрэгтэй. Шүүгчдийг өнгөрсөн зууны үлэг гүрвэлийн ордныхон гэхчилэн элдвээр гоочилохоос өмнө өөрсдийгөө гоочилж үнэнийг тунгаавал ихэд хол давхихын шинж бүрдэж байгаагийн зам мөр болно.
