2010-12-16

Ч.Ганхуяг:Ажил хийж үзээгүй, эсвэл хийхийг хүсээгүй хүмүүс гарч ирээд миний болон үр хүүхэд, найз нөхдийн маань амьдралыг шийдэх гэж оролдоод эхлэхийг би харлаа


Ц.Оюунгэрэл
-Улс төр таныг оролдоод байхаар нь та улс төрийг сонгоо юу? Таныг харин ч бие даасан банкир гэж боддог байлаа?
-Би ХасБанкны толгой компани болох “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл”-ийн захирлаар 2009 оноос ажиллаж байна. Миний үндсэн ажил энэ. Үүний хажуугаар Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоо, мөн Ерөнхий сайд Батболд эдийн засаг, хөгжлийн асуудлаар орон тооны бус зөвлөхөөрөө намайг томилон ажиллуулж байна.
Улс төрийг яагаад хийх болов гэж надаас маш их хүн асууж байгаа. Банкиа 10 жил хийлээ. Манай банк сайн яваа, ХасБанкийг Монголд төдийгүй гадаадад сайн мэддэг болсон. Гаднаас хамгийн их хөрөнгө оруулалтыг Монголд өнгөрсөн 10 жилийн хугацаанд татаж авчирсан. Зөв Банк өнөөдөр мянга гаруй ажилтан, 200 гаруй мянган харилцагчтай нэр хүнд сайтай явна. Хүний амьдралын хувьд ч гэсэн 10 жил гэдэг бол нэг тодорхой үе мөчлөг болдог төдийгүй хүн өөрийгөө дайчилж ажиллаад, дэвшүүлсэн оргилдоо хүрэхэд хангалттай багагүй хугацаа. Улс төр тэртэй тэргүй бидний амьдралд өдөр тутам орж ирдэг. Гэтэл ажил хийж үзээгүй, эсвэл хийхийг хүсээгүй хүмүүс гарч ирээд миний болон үр хүүхэд, найз нөхдийн маань амьдралыг шийдэх гэж оролдоод эхлэхийг би харлаа. Эсвэл буруу шийдвэр гаргаж Монгол Улсыг хөгжлийн буруу чиглэл рүү түлхээд оруулчих гээд олон эрсдэл үүсдэг. Энэ нь миний бодож байгаагаар шударга биш.

Бас надаас өөрөө бизнесээ хийгээд өөр хүмүүсийг улс төрд гарахад нь дэмжээд, өөрөө цаана нь явж байж болоогүй юм уу гэсэн асуулт их гарч байгаа. Харин би үүнийг шударга биш гэж би бодож байна. Хэрвээ улс төр балиар бохир, гарч ирсэн хүний чанар нь эвдэрдэг, хүмүүс зүгээр байлгахаа больдог, цагдаа шүүхээр шалгуулдаг гээд айгаад өөрөө хойшоо суучихаад өрөөлийг та хий гээд явуулж болохгүй биз дээ. Жон Кеннеди “Манай Эх орон миний төлөө юу хийж өгөх бол гэхээсээ, би Эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж асуудаг болох хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Тэр үгийг бас санах хэрэгтэй. Өнөөдөр зүгээр л өөрийнхөө амьдралыг болгоод яваад байх уу, эсвэл илүү их олон хүмүүст өөрийнхөө мэдлэг боловсролоо зориулж, улсынхаа цаашид баримтлах бодлогыг нь тодорхойлоход хуримтлуулсан туршлага мэдлэгээ зарцуулах, бүр зарим тохиолдолд нэр хүндээ ч үрэн байж зүтгэх үү гэдэг асуултыг өөртөө тавих хэрэгтэй. Манай Монгол Улс бол хүн ам цөөнтэй жижигхэн улс – цөөн хэдэн боломжийн хүмүүс нь хойш суувал ахихгүй.
Зүгээр л хэсэг хүн гарч ирээд хашгираад цалин нэмүүлчихэж чадаж байна. Хэсэг хүмүүс өлсөөд мөнгө тараалгачихаж чадаж байна. Бүх л улс орныхоо хэт алсыг харж гаргасан шийдвэрүүд эсэргүүцэлтэй тулгарч байна. Гэхдээ яг тэр шахаас гаргадаг, нийгмийг бужигнуулдаг хүмүүс нь өнөөгийн хийж байгаа ажлаа мэргэжлээ болгочихоод бидний хувь заяаг дандаа тодорхойлоод байх уу, би өөрөө үүнд нь ямар байдлаар нөлөөлөх вэ гэдэг асуулт гарна. Иймээс нөлөөллөө оруулах нэг хэлбэр нь намд элсэн, улс төрд оролцох явдал мөн гэж би үзсэн.
-Та чинь 2008 оны сонгуулиар нэр дэвших тухай ганц үг ган хийгээгүй байж орон нутгийн сонгуульд шууд үзэхээр шийдчихсэн байсан.
-2008 оны долдугаар сарын 1-нд муухай, булхайтай зүйлийг эсэргүйцээд ард түмний зарим нэг хэсэг нь бухимдлаа илэрхийлэхэд, түүн дээр нь зарим хүмүүс тоглолт хийгээд үзэн ядалтыг нийгэмд бий болгоод хооронд нь хагаралдуулаад явчихсан. Ард түмэн гэвэл хэтэрхий том болчих учраас би зарим нэг хэсэг гэж онцлоод байгаа юм шүү. Ерөөсөө нэг намын байрыг шатааснаараа өнөөдөр нийгэмд ужгираад байгаа том, хүнд асуудлыг шийдэх боломжтой юм шиг, жагсаал, гудамжны тулаанаар үр дүнд хүрчих юм шиг байдлыг долдугаар сарын 1-нд бий болгосон. Үүний үр дүнд хүний амь нас хохирсон, Монголын хамгийн ууган, том намын байрыг шатаасан, асар их олон хүмүүс эд зүйл, сэтгэл санааны хохирлыг амссан. Тэрхүү үйл явдал Монголоо гэсэн хүн бүрт гүн цочроо өгсөн. Тэр цочроо ч надад нөлөөгөө үзүүлсэн. 2008 оны УИХ-ын сонгуульд би нэр дэвшихгүй гээд явж байсан бол тэр үйл явдлын дараа намар нь л би бие дааж нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд орох шийдвэр гаргасан. Бүр сонгуулийн бүртгэл хаагдахаас долоохон хоногийн өмнө орон нутгийн сонгуульд нэр дэвшиж үзье гэсэн шийдээ гаргасан шүү. Зүгээр хараад суугаад байх эрх надад үгүй гэдгийг дотроо нэг сайн ойлгосон.
Юу болоод сонгуулийн дүнг хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй уурлаад долдугаар сарын 1 гэх тэр үйл явдал болчихов гэдгийг би өөрөө ч мэдмээр санагдсан. Орж үзээд болохгүй зүйлүүд тэнд их болдог юм байна гэдгийг ч мэдсэн. Гэхдээ болохгүй болохоор нь намын байрыг шатааснаар, хүмүүсийг буудаж алснаар өөрчилдөг юм уу, эсвэл дотор нь өрөөд өвдчихсөн, ялзарчихсан байгаа хэсэг дээр нь эм тариа нь болоод, зарим ирээдүйд гарах гэж байгаа булай булхайг нь вакцин нь болоод эмчлэх ёстой юу гэдгийг залуу хүмүүс бид бодох хэрэгтэй.
МАХН-ыг сонгох, сонгохгүй гэдэг дээр надад асуудал байгаагүй. Би хэдийгээр намын батлахыг нь аваагүй ч гэсэн энэ улсуудтай хамтарч ажиллаж ирсэн. Үндсэн бодлогыг нь, жанжин шугам нь ч гэсэн зөв гэж боддог. Энэ намтай манай улсын тусгаар тогтнол, иргэдийн эрх чөлөө, ирээдүйн сайн сайхны баталгаа гарцаагүй холбоотой гэж үздэг. Гэхдээ мэдээж хэрэг болохгүй, бүтэхгүй зүйлүүд байдаг. Иймээс болохгүйг нь зайлуулж, болохтой нь хамтраад улс орныхоо төлөө зүтгэхээр шийдсэн. Би банкныхаа захирлын ажлыг өгчихөөд, хамт ажилладаг найз нөхөд, дарга нартайгаа зөвлөлдөж байгаад л намд элссэн дээ.
Нөхөн сонгуулиар залуу шинэ хүн гарч ирэх үү, хуучинтайгаа зууралдах уу гэсэн сонголтын өмнө ирж манай Д.Зоригт сайд нэр дэвшсэн. Яг сонгууль болохоос хоёр хоногийн өмнө би хэсэг нөхдийн хамт очиж намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон хэсэг нөхдөөс намынхаа батлахыг гардаж аваад Зоригтод дэм өгөхөөр ажиллаж эхэлсэн.
-Ардчиллын буяныг хамгийн их хүртсэн хүн гэдэг утгаараа таныг Ардчилсан намыг сонгох байх гэж харж байсан. Намуудаас элсээч гэсэн саналууд хэр их ирсэн. Тухайлбал МАХН таныг гуйж элсүүлсэн үү?
-Улс төрийн намуудаас элсээч гэсэн санал надад ирдэг байсан. Гэхдээ МАХН харин ч надад элсээч гэсэн санал тавьж байгаагүй шүү.
Би ардчиллыг нэг намын өмч гэж үзэхгүй байна л даа. Ганцхан Ардчилсан нам л сэдээд гаргаад ирсэн гэж үзэхгүй байгаа. Харин ийм шинэ нийгмийн тогтолцоо байж болох юм байна гэж тэр үеийн намуудыг үүсгэн байгуулж байсан, МАХН-ыг шинэчилье, Монголоо өөрчлөн байгуульяа гэсэг бүлэг хүмүүс гаргаж ирсэн байх. Тэгээд ч яг өнөөгийн бүтцээрээ ч, бүрэлдэхүүнээрээ ч Ардчилсан нам тэр үед байгаагүй шүү дээ. Яг Ардчилсан намд л элсэе гэж үзсэн ч зарчмын хувьд миний үзэл бодол, зарчим нийлдэггүй зүйлүүд олон байгаа. Гэхдээ ардчилал бол миний, таны бүх монголчуудын өмч шүү гэдгийг байнга санах хэрэгтэй. МАХН ардчилсан хувьсгалыг ялахад үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Ж.Батмөнх гуайн тухай ярьдаг. Ж.Батмөнх гуай ч ганцаараа биш, тэр үед төрийг барьж байсан бүх хүмүүс мэргэн ухаан гаргаад тэр залуучуудад боломжийг нь олгосон. Тэгэхээр нэг хэсэг нь нийлээд нөгөөдүүлийгээ дарж ардчиллыг гаргаж ирсэн гэж ойлгож бодох нь хэт өрөөсгөл явдал болно. Манай хамгийн том эдийн засгийн түнш байсан СЭВ-ийн улс орнууд бүгд ардчиллыг сонгоод явчихсан байсан. Бидний ардчилсан хувьсгал тухайн үеийн л түүхэн үйл явдал. Түүнээс биш би Ардчилсан намын буянаар ийм ажил хийгээд явж байна гэж хүлээж авдаггүй. МАХН бол зүүний баримжаатай төвийг сахисан нам учраас ард иргэдийг илүү тэгш хөгжүүлэх талаас нь харж тэгшхэн боломжоор хангах бодлогыг илүүд үздэг нам учраас миний хувийн үзэл бодол, итгэл үнэмшилд нийцтэй байдаг юм.
Харин ч МАХН-д олон чадалтай залуучууд намайг тосч авсан. Надаас ялгаатай нь тэд даруухан л байдаг юм билээ. Жагсаад, цуглаад, өлсөөд байдаггүй өнөөдөр ажил амьдралаа аваад л явж байдаг залуус тэнд байна.
-Орон нутгийн сонгуульд нэр дэвших үеэр чинь таньтай уулзаж байхад “би хэзээ ч улс төрийн намд элсэхгүй” гэж хэлж байсан санагдаад байна.
-Би “хэзээ ч” гэдэг үгийг хэрэглэдэггүй, тэр үгэнд дургүй. Тухайн үед долдугаар сарын 1-ний үйл явдал дөнгөж болчихсон, хэн нь буруутай, хэн нь буруугүй нь мэдэгдэхгүй байсан. Зарим нь байшин шатаачихсан, нэг хэсэг нь байшингаа шатаалгачихсан, эсвэл нэг, хэсэг нь буудаж, нөгөө хэсэг нь буудуулчихсан байлаа. Үнэхээр сонин үе байсан. Тэр үед аль нэг намыг сонгоод явах бодол огт төрөөгүй. Надад тэр үед сонголт байгаагүй. Зөвхөн сонгуульд ялахын тулд аль нэг намд элсэхгүй л гэж өөрт чинь хэлж байсан. Хоёр өөр ялгаатай үг шүү.
-Бизнесүүд улс төрд орохыг олигархиуд гэх ангилалд оруулдаг болоод байгаа.
-Олигархиуд гэж хамгийн ухаалаг, хамгийн их ажлын байрыг бий болгосон, нийгэмд бүтээж хийсэн хүмүүсээ хэлж байгаа бол тэр хүмүүс удирдах нь зөв. Харин олигархи гэдгийг эрх мэдлийг авчихаад өөрсдийгөө улам баяжуулахын төлөө татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж дээрэмдэж авдаг гэж ойлгож байгаа бол тэр буруу.
-Та олигархи мөн үү?
-Би аль ч талаас нь харсан олигархи биш. Манай Банкинд хөл бөмбөг, сагсны баг байна гэдгээр нь арай тэгж үзэхгүй байх. Гэхдээ би түүнийг иргэд маань илүү эрүүл байгаасай, зөв өрсөлдөж, багаар ажиллаж сураасай гэсэндээ хийдэг. Намайг хэн ч олигархи гэж хэлж байгаагүй юм байна. Чи ингэж дуудсан анхны хүн боллоо. Монголд ганц хоёр олигархи байдаг л байх. Гэхдээ би тэднийг нь танихгүй. Өнөөдөр олигархийн тодорхойлолтыг гаргаж ирэх цаг нь болсон юм шиг байна. Тэгэхгүй бол энэ үгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгоод хэрэглээд байх шиг байна.
-2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хэр базааж байна?
-Бас л сонин бодож амжаагүй асуулт байна. Наадахыг чинь би одоо хэлж мэдэхгүй. Тухайн үед нөхцөл байдал яаж өөрчлөгдөх нь вэ, энэ намд ямар хүмүүс хэрэгтэй болох нь вэ гэдгээс шалтгаална. Мөн миний хувийн амьдрал болон явуулж байгаа ажлаас минь ямар боломж гарч ирэхээс шалтгаална. Дээрээс нь энэ шийдвэрийг би ганцаараа гаргачихгүй. Гэр бүл, ах дүүс, ТУЗ болон намын дарга нартайгаа болон намын нөхөдтэйгээ зөвлөлдөж байж шийдвэрийг гаргана. Яг үнэнийг хэлэхэд мэдэхгүй л гэсэн хариулт өгөх байна.
-Та өнөөгийн төрийг бохир, дунд зэргийн, цэвэр гэж ангилавал аль хэсэгт нь оруулах вэ?
-Яг нийтээр нь нэг үгээр тодорхойлоход хэцүү. Шүүмжлэх юм асар их байна. Намуудтай холбоотой, Хувьсгалт намтай ч холбоотой асуудал их бий. Ард иргэдийн дундаж боловсролын түвшин, мэдээлэл авч байгаа байдал, эдийн засгийн байдал, гаргаж байгаа шийдвэрүүд, популист амлалтууд гээд зөндөө муу зүйлүүд байна.
Бас сайн сайхан эхлэл байна. Батболдын гэх тодотголтой хамтарсан Засгийн газар эдийн засгийн цоо шинэ загварыг гаргаж ирээд ажиллах гэж байна. Үүнийг нь бид Азийн Чоно эдийн засгийн загвар гэж нэрлээд байгаа. Амьд яваа насандаа илүү гэгээлэг нийгмийг бүтээе гэсэн хүсэлтэй чадалтай, боловсролтой ухаалаг залуус нийгэмд байна. Тэр хүмүүс зүгээр л хараад хойшоо суугаад байж болохгүй боллоо. Зүгээр нэг хэсэг хүмүүс гарч ирээд бүгд дарга нар болоод худлаа амлалтууд өгөөд эрх мэдлийг аваад явж байгааг хараад сууж болохгүй болсон. Одоо ороод засаад залруулаад явах цаг болсон гэх уриалгыг өөрийнхөө биеэр би хүмүүст өгч байна гэж ойлгож болно.
-Ер нь Засгийн газраар хэлэлцэж байгаа асуудал, парламентаар хэлэлцэж байгаа хууль тогтоолуудыг хэр анзаарч хардаг вэ?
-Би анзаарч хардаггүй. Зав байхгүй. Тэр миний ажил биш. Хүн болгон өмнөх ажлаа л хийгээд явж байвал нийгэм аятай сайхан урагшлах болно. 76 хүнийг сонгочихоод дөрвөн жил нь болоогүй байхад огцруулна гээд гүйгээд байх нь утгагүй шүү дээ. Эд огцроод дараагийн 76 ирэхэд эргээд л таалагдахгүй шүү дээ. 51 хувиар сонгосон л бол ажлаа хий, ажлаа хийж чадахгүй бол дөрвөн жилийнхээ туршид нэр төрөө алдаад, дараагийн сонгуульд эргэж гарахгүйгээр яв л гэсэн зарчмаар явахаас өөр арга байхгүй. Ардчилсан тогтолцоо гэдэг бол сонголт хийх боломжийг нь олгодог, буруу сонголт хийсэн бол харин “вандан пад” болдог жамтай.
-Банкируудыг Засгийн газар, парламентаар хэлэлцэгдэхээс өмнө санаа оноогоо хөшигний ард засаад оруулчихдаг гэж харддаг?
-Наадах чинь маш том комплимент байна. Үнэхээр өнөө олигархи гэдэг хүн чинь л тйим байдаг байх. Би тийм биш гэдгээ дээр хэлсэн. Би Ерөнхий сайдын орон тооны л бус зөвлөх. Олон зөвлөхүүдийн нэг нь л. Сайдад надтай тэр болгон уулзах зав байдаггүй. Ерөнхий Сайд Батболд маш завгүй, ачаалалтай ажиллаж байна. Засгийн Газрын тэргүүний ажлаас гадна, МАХН-ын даргын ажил маш их цаг зав, анхаарлыг нь авах нь зүйн хэрэг. Хэрэгтэй, чадна гээд өгсөн үүрэг даалгаварыг нь л би биелүүлдэг. Монголын эдийн засгийн форумыг хэсэг нөхөдтэй хамтраад зохион байгуул гэхэд нь зохион байгуулсан. Хөрөнгийн зах зээлийн ажлын хэсэгт ор гэсэн тэнд нь ажиллаж байна.
Түүнээс биш парламентаар орох хууль энэ тэр гэж, бурхан минь, тийм асуудал байхгүй ээ. Би парламентаас гарсан Банк бус санхүүгийн тухай хууль, Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Лизингийн хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Түүнээс өөр юманд орж байгаагүй. Ерөнхийлөгч асан Энхбаярын бизнесийн зөвлөл гээд 50-60 хүнээс бүрддэг ажлын хэсэгт ордог байсан.
-Монголбанкны удирдлагыг халж, томилоход улстөржилт дээд цэгтээ хүрдэг. Тэр байдал та бүхэнд доргилт өгдөг үү?
-Улстөржүүлж байгаа нь маш буруу. Бидэнд доргилт өгдөг. Тэндээс буруу шийдвэр гарвал буруу л тийшээ эргэнэ. Иймээс улстөржилтөөс аль болохоор зайлсхийж сонголтыг хийдэг, томилгооны механизмыг өөрчлөх шаардлагатай байгаа. Монголбанкны ерөнхийлөгчийг хаанаас, хэн дэвшүүлж оруулж ирэх вэ гэдгийг хуулиар нь өөрчлөхөөс өөр аргагүй байгаа шүү. Гэхдээ сонгуулийн хуулиа дагаад олон хуулиудад нэмэлт өөрчлөлт орох байх. Тэр асуудал ч гэсэн шийдэгдэх байх. Хараат бус байлгах ёстой.
-Ерөнхий сайд таныг зөвлөхөөрөө сонгож. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийн өгөх зөвлөгөө монголчуудын хувь заяатай холбоотой. Та энэ ажлыг 100 хувь сайн хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юу?
-Аавын хүүхдүүд хийж ирсэн ажил. Ерөнхий сайд Батболд, миний хүндэлж явдаг ах намайг “банк санхүүгийн салбарт олон жил ажиллаж тодорхой үр дүн гаргасан. Энэ салбарыг дээшлүүлэхэд тусла. Хөрөнгийн биржид ажиллаж байсан туршлагаараа энэ салбарт нэг ажиллаадах” гэсэн. Иймээс би үгүй гэж хэлье гэж бодоо ч үгүй – даргаасаа авсан даалгавар л гэж хүлээж авсан. Хий гэсэн бүхнийг нь өөөрийнхөө хэмжээнд 100 хувь биеэ дайчлаад ажиллана. Чадахгүй бол тэр үед нь чадахгүй нь ээ гээд хэлчих зориг ухаан надад бий.
-Таньд Засгийн газрын үйл ажиллагаанд ингээд л оруулчих юмсан гэсэн концепци байдаг уу?
-Байдаг. Гэхдээ яг одоо хэлнэ гэхэд арай л цаг нь болоогүй байна.
-Жишээлбэл?
-Ямааны мөнгө олгосон. Ноолуур 15 мянган төгрөгөөр зарагдаад энэ хүмүүс шударга бус хөдөлмөрлөж байна, зах зээл гэдэг чинь ямар тэнэг юм бэ гээд 28 тэрбум төгрөг тараасан шиг санаж байна. Тэгвэл өнөөдөр ноолуур 50 мянга гараад явж байхад яагаад гэнэтийн ашгийн татвар авахгүй байгаа юм. Малчид ашиг хийгээд татвар төлөгч миний хүүхдийн мөнгөнөөс тийш нь дахин хувиарлалт хийж болж байж яагаад өнөөдөр мах, ноолуурынх нь үнэ түүхэнд хамгийн өндөр түвшинд оччихоод байхад тэндээс татвар авахгүй байгаа юм гэдгийг ярих л ёстой.
-Энэ бол дараагийн сонгуулиа бодсон улстөрчдийн цэвэр популизм шүү дээ?
-Үнэхээр утгагүй. Өнөөдөр тэр мөнгийг авсан малчид 2-3 жилийн дараа тэр үеийн мөнгө тарааснаар нь үнэлэхгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Улс төрийг бол яг тэр сонгуулийнхаа жилд л хийх хэрэгтэй байх.
-Залуу улстөрчдийг хэн нэгэн лидерээр овоглодог. Таныг хэнийг овоглох ёстой вэ?
-Одоогийн Ерөнхий сайд С.Батболдын хүн л гэж овоглох байх. Тэгж хэлж болно.
Эх сурвалж : http://www.mongoltown.com/bbs/News/9072

1 comment:

  1. Ganhuyagiin ene gargasan jimeer olon chadaltai zaluus uls tord orj ireesei. Amjilt husiye!

    ReplyDelete