2011-02-22

С.Ганбаатар: Онц сурах нүцгэн үнэн бол тэвчээртэй суух юм


Ярилцлага, С.Ганбаатар
Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч, лектор С.Ганбаатар ахтай хэрхэн амжилттай суралцах, мөрөөдлийнхөө эзэн байх талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Таныг долоон их дээд сургууль төгссөн гэж сонссон энэ талаар яриагаа эхлэх үү?
Би долоон их дээд сургууль дамжиж суралцсан. Анхнаасаа яг ямар мэргэжил эзэмших вэ гэдгээ шийдээгүй байсан учраас ямар ч хамаагүй сургуульд орчихсон хэрэг л дээ. Анх Германы инженерийн бэлтгэлд орж байлаа. Үүнээс хойш олон сургууль дамжсан. Өнөөдөр сурч байгаа оюутан та бүхэн Ганбаатар ах шигээ олон сургууль дамжихгүйгээр мэргэжлээ эхнээс нь зөв сонгоорой. Энэ бол цаг хугацаа, энэ бол мөнгө, энэ бол энерги. Мөрөөдлийн чинь тэмүүлэл болсон мэргэжлийг сонговол амжилттай сурна гэдгийг ах нь өөрийн туршлагаас хэлмээр байна.

Хүний мөрөөдөл олон янз хувирдаг. Үүнээс шалтгаалж буруу мэргэжил сонгох явдал гардаг болов уу?
Яг үнэн. Жишээ нь барууны орнуудад ихэвчлэн оюутан байхаасаа өмнө нэг хоёр жил хар бор ажил хийсэн байдаг. Энэ хугацаанд тэд бие хүн болж  төлөвшдөг. Юу мөрөөдөх вэ гэдэг нь тогтдог гэсэн үг л дээ. Өөрийн чинь мөрөөдөл болсон мэргэжил чинь чамд ирээгүй бол сургуульгүй үлдлээ гэж айгаад бас нэр хүндээ бодоод ямар ч хамаагүй сургуульд орж амьдралаа битгий үрээрэй.

Миний нэг найз хоёр жил ажилласныхаа дараа оюутан болсон юм. Тэгээд “Сурах гэдэг ямар гоё юм бэ” гэж байсан?
Маш сайн. Ажил хөдөлмөр хийж байгаад олсон мэргэжил, их дээд сургуулийн үнэ цэнийг мэдрүүлдэг учраас тэр хүмүүс бүр өлссөн юм шиг сурдаг. Мэргэжлийнхээ утга уирыг мэдэрдэг учраас амжилт гаргадаг. Ер нь оюутан байх хугацаандаа ажил хийж үзэхэд гэмгүй шүү. 

Та оюутан байх хугацаандаа санхүүгээ хэрхэн зохицуулдаг байсан бэ?
Ээж минь намайг оюутан байхад өөд болсон. Би чинь долоон хүүхэдтэй айлын том нь. Олон нялх нойтон дүүтэй оюутан байсан учраас маш их наймаа хийдэг байлаа. Наймаа хийх их хэцүү. Тарваганы арьс зөөнө, хилээр нууж гарах гэж байгаад баригдана. Энэ бүхнийг үл тоон амьдралын төлөө зүтгэсэн дээ. Би оюутан байхдаа найз охинтой байж үзээгүй. Олон жаахан дүү нартай учраас найз охинтойгоо кино үзээд, нэг газар суугаад, эсвэл шоудаад явах эрх надад байгаагүй. Өнөөдөр нэг кино үзэхийн тулд дүүдээ гутал авч өгөхөө хойшлуулах болно. Тэгэхлээр хүн оюутан байх үедээ мөнгө хийх хэрэгтэй. Заавал ажиллах хэрэгтэй. Би оюутан байхдаа зарим боломжтой айлын хүүхдүүдийг хараад атаархдаг байсан. Гэхдээ өнөөдөр эргээд харахад би үүгээрээ бахархдаг. Бэрхшээлд битгий няцаарай. Нум хэдий хатуу байх тусам сум төдий чинээ хол явдаг.

Саяхан Залуучуудын холбооноос зохион байгуулсан лекцэнд таны “Бизнесийн нүцгэн үнэн” лекцийг  сонсохоор оюутнууд их ирсэн байсан.
Би тэр лекцийг зохион явуулсанд их баярлаж байгаа. Энэ бол үнэхээр гайхамшигтай лекц. Оюутан залуучууд амжилтын төлөө тийм их хүсэл тэмүүлэлтэй байгаа нь ахынх нь хувьд маш их урам өгсөн. Монголын баялаг бол залуучуудын тэсэж ядсан хүсэл мөрөөдөл, амбиц юм шүү дээ. Амжилтын төлөөх хүсэлдээ үнэнч байгаарай.

Жил бүр 30-аад мянган оюутан их дээд сургууль төгсдөг. Гэтэл үүнээс 15% нь л мэргэжлээрээ ажилладаг гэсэн тоо бий. Энэ тал дээр таны бодол?
Оюутнуудыг хангалттай ажлын байртай болгох тал дээр томоохон бодлого хэрэгжүүлэх ёстой. Гадаад зах зээл, үйлдвэржилтийн зах зээлийг нээж өгөхгүй байгаа нь хамгийн гол алдаа.

Дээрх тоог чанаргүй боловсрол олгож байгаатай холбож тайлбарлах нь их бий?
Ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого дутуу байна шүү дээ. Энэ тал дээр ахад нь бодсон бодлого байдаг. Би их шүүмжлэлтэй ханддаг. Жишээ нь биднийг эхний 1-2 жилд ажлын байранд дадлагажуулах, тийм боломж өгөх хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо хар л даа. Хаана ч очсон 2-3 жил ажилласан байх ёстой гэдэг. Очсон газар бүр өөдөөс ийм шаардлага тавиад байхаар дөнгөж төгсөж байгаа хүүхэд хаана ажиллах юм бэ? Хаана ч ажиллахгүй болчихоод байгаа байхгүй юу. Арын хаалга, танил тал энэ тэрээрээ л ажилд орох байх.

Таныхаар онц сурах нүцгэн үнэн гэж юу вэ?
Онц сурах нүцгэн үнэн бол сууж сурах. Өдөрт дор хаяж 1-2 цаг тэвчээртэй хичээлээ бариад суух. Энэ жорыг хэрэгжүүлээд онц сурахгүй байвал би арыг нь даая. (инээв). Та ухаантай байх хэрэггүй. Танай аав ээж чинь баян чинээлэг байх албагүй. Зөвхөн анхаарлаа төвлөрүүлээд тэвчээртэй сууж сурах хэрэгтэй.

Та их эрч хүчтэй хүн шиг санагддаг. Хэрхэн гайхмаар эрч хүчтэй байх вэ?
Мөрөөдөлтөй бай. “Би амжилтанд хүрнэ” гэж өөтөө итгүүл. Дөрвөн жил, дөрвөн сар, дөрөв хоногийн юм бодоод байх юм бол төдийлөн амжилт гарахгүй л болов уу. Хэдэн арван жилийн төлөвлөгөө гарга. “Би нэг диплом авчих юмсан”  гэж бодох биш харин би том инженер, том улс төрч, том эрдэмтэн болно гэж чин сэтгэлээсээ бодох хэрэгтэй. Дайнд ялах л чухал. Дайнд ялагдаж болохгүй. Баавгай хөөсөн анчин туулайны мөрөөр алхдаггүй юм.

Дэлхийн суут хүмүүс бурханаас “надад бэрхшээл хайрла” гэж хүсдэг гэдэг. Таны хувьд өнөөдөр юу хүсч байна?
Ахад нь бурханаас хүсэх ганцхан л зүйл бий. Монгол орон маш сайхан хөгжөөсэй. Улам илүү тусгаар тогтнолын баталгаатай болоосой. Монгол хүмүүс сайхан оронд амьдраасай гэж хүсдэг. Үүний төлөө амьдралаа зориулж байгаа. Миний амьдрал утга учиртай болно. Энэ том мөрөөдөл биелэхэд надад аз, хийморь хэрэгтэй. Надад дэмжлэг хэрэгтэй.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье
Баярлалаа. Та нартаа ч бас амжилт хүсье.
Эх сурвалж: zaluuchuud.com

0 Сэтгэгдэл:

Post a Comment