2011-07-27

Б.Лхагвасүрэн: Олон нөхөөстэй дээл шиг он жилүүдийг өнгөрүүллээ

Ярилцлага, Лхагвасүрэн
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч  “Болор цом” наадмын гурван удаагийн эзэн, Драмын урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн шагналт, утга зохиолын “Алтан–Өд” наадмын хоёр удаагийн шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Америкийн дэлхийн утга зохиолын их сургуулийн хүндэт доктор эрдэмтэн С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналт  Б.Лхагвасүрэнтэй аавынх нь талаар ярилцлаа. Ухааны их ундарга цалгисан буурал найрагчийн яриаг эрхэм уншигч танаа хүргэж байгаадаа сэтгэл өег байгаагаа дуулгахад нэн таатай.

-Таны аав ямар хүн байсан бэ?
-Миний аав дөрвөлжин бурам шиг сайхан эр хүн байсан. Хүний аливаа дурьдатгал сэтгэл зүрх, оюун тархинаас эхэлдэг. Тиймээс ч би аавынхаа тухай дурьдатгалыг ясан доторхи чөмөгнөөсөө эхэлнэ гэж бодож байна. Миний аав олон таван үггүй эгэл хүн байсан. Над шиг чалчаа юм байгаагүй ээ. Би энэ чалчаа байдлаа цагаатгаж бодохдоо их саглагар модон дор суусан шувуу болгон жиргэж байдгийг санадаг юм. Тэгээд л би ийм чалчаа байдаг биз. Аав маань уран гоё үг унагаж, гуадаж ярьдаггүй, уурнаас хол, зөрүүдэд их ойр хүн байсан даа. Хадар хүдэр татсан түргэн хөдөлгөөнтэй, шазруун шударга нэгэн байлаа.

-Та нэгэн бүтээлдээ “Ангир шар нарны дор аавынхаа хайранд 49 жил өлгийдүүлж өссөн” гэж бичсэн байсан?
-Аав минь ханьгүй, би ээжгүй олон жил хамт амьдарсан. Хоёр биеийнхээ дутууг нөхөж, амьдралын нугачааг давсан. Олон нөхөөстэй дээл шиг он жилүүдийг хэнэггүйхэн эр зангаар л өнгөрүүллээ. Эргээд бодоход,  аавынхаа энэ занд эрэмшээд би хэнэггүй хандаж байсан байна лээ. Аав минь намайг амьд харагдаж бас зовоохгүй байсанд минь сэтгэл нь “цадаад”  юу ч нэхэж шаардаж байгаагүй. Би уг нь багаасаа сайн хүн болж өсөх ёстой  ч тэгж чадаагүй. “Сайн хүний үр сайн хүн байж чаддаггүй юм байна даа”  гэж би одоо хэр нь боддог. Баярлуулж, энхрийлэн ачлахгүй явсандаа өөрийгөө зэмлэж ханахгүй яваа. Уг нь би аавтайгаа бараг зэрэг өтөлсөн юмсан. Тэгсэн мөртлөө ухаан суугаагүй байснаа одоо хүртэл нэхэн санаж, харамсч суудаг.
-“Элэг уйлдаг бас инээдэг эрхтэн” гэдэг.  Бавуугийн ганц хүү аавыгаа элэгний хавдраар насан өөд болоход өөрийгөө их яллаж үлдсэн хэрэг  үү?
-Аавыгаа хэвтэрт байхад нь гурван сар сахисан. Намайг ургуулсан мод унаж, нөмөрлөж байсан уул минь нурж байхыг үзэх тийм том эмгэнэл байдаггүй юм билээ. Аав минь амьдралд хоргодсондоо бус. Тасран алдаж байгаа улаан гол нь  зөвхөн надад л торж байх шиг санагдаж байсан.  Үхэл гээчийг миний аав их амгалан тоссон. Түүнээс зугтах гэж тавьтиргүй зан гаргаагүй. Би гэдэг хүн амьдарч чадсан шигээ үхэж ч чаддаг эр зоригтой, гүдэсхэн аавтай байсан юм билээ. Сүүлчийн удаа над руу харахдаа таньж ядаад ч байх шиг атлаа “Орчлонгийн хамгийн сүүлд харах зүйл минь энэ” гэж турь муутайхан ширтэж байсан. Тэр харцанд өлгийтэй байхаас минь өдий хүрсэн бие тэр чигээрээ эргэж нэг багтсан байх аа.
-Таны аав  ээжийн тань шарил дээр “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар тань бүгд иржээ. Хүү бид хоёр чинь энд... гэж хэлээд хоолой нь зангирч байсан” гэж бичсэнийг тань уншаад зөндөө их уйлсан...
-“Миний аав амьдралыг ямар энгийн, үнэнээр нь ойлгодог юм бэ” гэж би гайхдаг. Аливаа зүйлд их адгуу хүн байсан. Тэр зан чанар нь надад үргэлжлээгүй юм. Би аймхай, залхаг зантай. Үүнийг маань миний хань л цагаатгаж явдаг. Хүмүүн гэгч ер нь алдар хүнд, магтаал сайшаалд хөөрөгдүүлэн нисч явахаас татгалзаж ямагт газрын татах хүчиндээ л ойр байгаасай гэж дандаа бодож явдаг. Баярлах, гомдох, атаархах, үзэн ядалт, муу муухай бүхний дунд нэг л зан чанартай хүн байх ёстой гэж би боддог.
-Аав тань тантай адилхан “нялцгай” хүн байгаагүй гэсэн. Ер нь та яагаад өөрийгөө “нялцгай” гэж хэлсэн юм бэ?
-Яах вэ дээ . Аав ээж, амраг хань, үр хүүхэддээ эрхлээд нялцгай болсон хэрэг. Энэ нялцгай биет амьтан би бээр алдаж онохын дэнсэн дээр яаж ч амьдарсан бай, хамаагүй. Хайраар угтуулж, хайраар үдүүлнэ гэж тэнэглэж боддог юм. Энхрий нялцгай  болно гэдэг чинь өөрөөс эхэлдэг эд биш шүү дээ.
-Аавыгаа өөд болсны дараа “Тэгэх нь яалаа, ингэхгүй яав даа” гэж их харамсч байсан гэсэн. Алдсаныхаа дараа ухаардаг нь амьдралын нэг өнгө юм уу даа?
-Хүн болгонд л тийм зүйл байдаг байх. Ухаарсны дараа гэмшил ирдэг. Энэ асуудал ухаарахын өмнөх гэмшил байдгүйгээс л болдог байх. Их буруу дарааллаас л болдог болов уу.
-Ач хүү нь нь өвөөгийнхөө хөргийг зурсан үед та их баярласан гэсэн?
-Миний хүүгийн зурсан тэр хөрөг бие сэтгэлд минь нэвт шингэсэн дүр байсан болохоор гоодож зурсан бусад хөргөөс ч үнэтэй санагдсан. Ач хүү минь өвөөгөө зурна гэдэг том баяр байлгүй яахав. Гэртээ ороод хаана ч  очоод суусан тэр хөргийн нүд намайг дандаа дагуулж харж байдаг.
-Аавынхаа харцнаас юуг ойлгож үлдсэн бэ?
-“Бие нь хүний дайтай болох яах вэ, хүн шиг хүн яваарай” гэсэн дуугүй үг л олж харсан даа. Тийм харцтай би дахиад учрахгүй биз дээ.
-Яагаад?
-“Хойд насандаа аавыгаа  олж уулзах болов уу” гэж би дандаа боддог.  Аавыгаа тамд очиж ирэхгүй. Яагаад гэвэл, миний аав тамд очих нүгэлгүй амьдарсан. Бурхадын орон буюу диваажинд л байгаа байх. Тэнд очиж уулзъя гэхэд диваажингийн хаалга миний өмнө онгойх ч юм бил үү, үгүй ч юм бил үү.
-“Эцэг гэдэг зүтгэж элэгддэг их үүсгэл” гэж та хэлсэн байна лээ. Яагаад ингэж хэлэв?
-Ижий аав хоёроо элэгдэж мөлийх тутамд би бүтэн болж байсан. Тэд маань амьдралын дутуу, амьтны ааш араншин, хорвоогийн хатууд элэгдээгүй. Намайг л гэсээр яваад элэгдсэн. Би бол үүсгэгчээ үгүйсгэсээр өндийсөн үгүйсгэгч бодьгал юм.
-“Хоёр хүн нэг авсанд багтахгүй” гэж хэлээд та аавыгаа гомдоосондоо их шаналдаг уу?
-Амиханндаа би аавыгаа  тайтгаруулах санаатай  яруу найрагдсан нь тэр. Яруу найраг хааяа алдас байдаг шүү дээ.  Аав минь нэг их гомдоогүй байх.  Харин миний хүү ухаантай хүн болох нь дээ гэж дуншсан байх.
 
-Аав тань бие нь доройтоогүй байхдаа таны хүүгээс уртын дуу тавиад өгөөч гэж гуйсан гэдэг юм билээ?
-Би дэргэд нь байгаагүй л дээ. Аав минь дуунд дуртай байсан. Миний аавын амьдралд уйлах өдрөөс дуулах өдөр нь олон байсан байх аа. Орчлонгоос  хүн явахдаа хоргодох юмны нэг нь дуу байдаг юм байна гэж би ухаарсан. Хүн ер нь дуун дунд амьдарч дуусдаг. Бүүвэйн дуунаас эхлээд уртын дуу хүртэл амьдардаг гэж боддог.
-Таны гарыг атгаж байхад мэдрэгдэж байсан тэр зүрхний цохилтыг  төсөөлөн хэлээч?
-Би тэр цохилтоос амьдын хэмнэлийг л сонсч байсан. Энэ хэмнэл битгий  тасраасай гэж бодож байлаа. Тэр цохилт их яаруу байсан. Ааваасаа хагацахын зовлон над руу ирэх гэж яараад байгаа юм шиг тийм хурдан байсан. Нар жаргахын өмнө төө хэрийн зайнд гэгээ асгаж, тэр цохилтын хэмнэлээр доошлоод байгаа ч юм шиг санагдсан. Тэгээд л миний эцэг нар жаргасан даа.
-Ер нь хүмүүс эцгийгээ бага, эхийгээ их ярьдаг юм шиг санагддаг. Танд тэгж бодогддог уу?
-Хүний эцэг эх гэдэг намайг их, бага ярилаа гэж зарга мэдүүлдэггүй их хайр болохоороо тэгдэг байх л даа. Хэн боловч ижий аавтайгаа урт удаан жил хамт байгаасай гэж би залбирдаг.
-Та аавдаа зориулж олон сайхан шүлэг бичсэн шүү дээ. Ер нь хэчнээн бүтээл зориулсан бол?
-Зөндөө шүлэг бичсэн дээ. “Хэчнээн шүлэг бичсэн ч миний аавын дэргэд биш шүү дээ” гэж хааяа уцаар төрдөг. Бичиж дурсаад хариулчих тийм  жаахан ачлал бол аав ээж хоёр биш. Би ямагт аав ээжээсээ бага байж орчлонг туулна.
 
-Таны 25, 49-ний жил их хатуу орж дээ?
-Жил орох гэдгийг номын мэргэд төрсөн он цагийн ааш араншин, агаар ус яг л тэр хэвээрээ давтагдана гэж хэлдэг юм билээ. Би хагацал, баяр давхацсан жил төрсөн байсан юм байлгүй дээ. Миний 25, 49 насны жил гунигийн үүл зангирч бороошсон жил байсан даа. Тэр жилүүдэд би хүүхдийнхээ алга, ургасан өвс хоёр дээр нулимсаа дусаахгүй юмсан гэж их бодсон. Гэтэл нууж унагасан нулимс юун дээр ч хамаагүй дусдаг юм билээ.
 
-Байгаль үг хэлэхгүй ч өөрийнхөө зовлон жаргалыг мэдэрдэг зүрхийг бүтээдэг шүү дээ. Түүнтэй адил аав тань одоо таны яриаг уншихгүй ч гэлээ, сүнс нь сонсч байгаа байх даа?
-Хүний харааны хурд муу болохоор харж чаддаггүй л болохоос биш, бид эртний их сүнснүүдтэй  хамт байгаа гэж боддог. Магадгүй, аавын минь сүнс намайг тойрон эргэж байгаа байх. Амьдад нь баярлуулж чадаагүй ч сүнснийх нь өмнө алдасгүй байхсан даа би.
-Та тамхи их татах юм аа. Аав тань бүр тэтгэврийн мөнгөөрөө хүртэл  тамхи авч өгч байсан гэсэн?
-Тэр юу ч биш ээ. Намайг зургаан настай байхад ижийгээр минь тамхины сав оёулаад “Уран” Чоймбол гэдэг хүнээр мод толгой бэлтгүүлж өгсөн юм.  Хүмүүс гайхаад асуухаар нь “Хүүхэд их хэвлүүхэн, хөөрхөн харагддаг юм”  гэж хэлж байсан гэнэ лээ.
-Тэгээд зургаан настайгаасаа эхэлж тамхи татсан юм уу?
-Тэгтлээ их сүйд болж татаагүй ээ /инээв/. Хүүхэд учраас хэсэг сонирхож  тоглоод л хаячихсан байх. 26-тай байхад ижий минь нас барснаас хойш тамхинд орсон шүү дээ. Хүний амьдралд тохиолдсон явдлууд их товчхон юм билээ. Нэг янжуур асаагаад дуустал нь татахад л бодож амждаг. Тамхи зугаатай эд шүү.  Миний бодлоор, тамхи бол завсарлага. Үхтэлээ татна даа.
-Хүний эцэг эх хүүхдээ хурдан өсөөсэй гэж боддог. Энэт ч утгаараа, их сургаалиа хайрладаг байсан байх?
-Тийм гэнэ лээ. Аав маань нэг өдөр намайг мөлхөж байхыг хараад ижийд хандан  “Иш, би хүүгээ том болчихоод даалууны мөрийд унасан морио өгч,  эмээлээ үүрээд ирж явахыг нь харах юмсан” гэж суусан гэдэг. Эмээ тэндээс нь “Хош гэж, тийм хүн болохдоо яадаг юм бэ” гэж хэлсэн гэсэн. Тэгтэл аав “Хүн л болж байвал ямар ч байсан яадаг юм” гэсэн тухай ижий маань ярьдагсан. Мөн их хайр шүү. 

Тэх хөх мөнхийн уул, миний хүүгийн уул

Ачит эцэг Бавуудаа

Тэлмэн зэрэглээн дунд
Эмнэг адуу шиг цовхчих
Тэр хөх мөнхийн уул
Миний хүүгийн уул

Ургах нарыг
Духдаж дүнхийн
Унах нарыг
Үүрч ханхайлна
Нар нь шингэдэггүй
Навч нь ганддаггүй
Хөх мөнхийн уул.
Хүүгээ сайн явааг дуулаад
Дэргэдүүр нь дуулж өнгөрсөн
Дуулж байна лээ.

Миний хүүгийн хөх мөнхийн уул.
Хөгшнөө нутаглуулчихаад
Дэргэдүүр нь уйлж өнгөрсөн
Уйлж байна лээ.
Миний хүүгийн хөх мөнхийн уул.
Алдрайхан ганц үр
Насны алганд заяахад
Адуунаасаа чиний морь гэж
Унага ногтолж өгье! гэтэл
Багадаж санагдахаар нь
Хөхөмдөг униарт талын хаяанаас
Дөл шиг цоролзох
Хөх мөнхийн уулыг чиний уул гэж
Хүүдээ алга дэлгэн зааж өгөөд
Бах нэгэн ханаж билээ.

Тэлмэн зэрэглээн дунд
Эмнэг адуу шиг цовхчих
Тэр хөх мөнхийн уул
Миний хүүгийн уул.

Ярилцсан: Б.Анхцэцэг
Эх сурвалж: Inet.mn Фото мэдээллийн портал

1 comment:

  1. Хэлий гэвч үг багадаж байна даа. Үнэхээр энэ Лхагвасүрэн гэгч гайхамшигтай хүнийг Монгол хүн болгон төрүүлсөн Бурханд талархаж сууна. Ааваа гээд дурсагдах, ачийг нь хариулж чадаагүй гээд гунигтайхан санаа алдах ямар агуу байдгийг би мэдэхгүй ч таны хэлсэн үг бүр зүрхэнд минь хүрэх шиг болдог. Буурал гэдэг үгийг унших, харах бүрдээ буцаад нэг л өдөр дэлхий уруугаа явна даа энэ гайхалтай хүн гэж бодогдож, харамлаж бас хайрлаж сууна. Та урт наслаж Монголынхоо залуучуудад хүн гээчийн үлгэр дуурайлал үргэлж болох болтугай.

    ReplyDelete